Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00024

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03279 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.С-ийн нэхэмжлэлтэй

 

Засгийн газрын нөөц сангаас гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд Цагдаагийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.С-ийг 2015 оны 7 дугаар сард бусдад зодуулж, биедээ хүндэвтэр гэмтэл авсан гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогчоор тогтоогдон мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад уг үйл явдал болсон өдөр түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн хэмээн үзэж, 2015 оны 12 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа 500 000 төгрөгийг хохирогчийнх нь хувьд, 2 000 000 төгрөгийг сэжигтнийх нь хувьд өмгөөлийн үйлчилгээнд авахаар тохирч, төлбөрийг хүлээн авсан. С.С-т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нь 1 жил 8 сарын хугацаанд шалгуулахдаа сэтгэл санаа, эд материалын хувьд хохирол амссан. Иймд хууль зүйн туслалцааны хөлс 2 000 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгч Б.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3 дахь хэсэгт тухайн жилийн тесөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурьдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна гэж заасан. Тус хуульд гэм хорын хохирлыг төлөх талаар тусгайлан хуульчлаагүй. Иймд Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ нь дээрх хууль тогтоомжид нийцэхгүйн зэрэгцээ Засгийн газрын бүрэн эрхэд халдсан үйлдэл болохыг анхаарна уу гэжээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С- нь  гэмт хэрэгт сэжигтнээр шалгагдах явцдаа сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчөөр Ш.Сарангэрэлийг оролцуулсан байна. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар заавал өмгөөлөгч авах хэрэг биш юм. Эвдэрч гэмтсэн эд хөрөнгийг 127 000 төгрөгөөр үнэлсэн ба түүний үйлдлийг шалгах явцад эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээгүй, харин гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д тус тус зааснаар Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.С-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар С.С-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Цагдаагийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг сангийн хөрөнгөөс гэм хорын хохирлыг төлөх талаар хуульчлан заагаагүй. Мөн Засгийн газрын бүрэн эрхэд халдсан шийдвэр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

 

Нэхэмжлэгч С.С- нь хууль бусаар яллагдагчаар татагдаж зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн тул төрөөс гэм хорын хохиролд 2 000 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шаарджээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 44 дүгээр бүлэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн сэргээлгэх эрхийг зохицуулахдаа уг хуулийн 397 дугаар зүйлийн 397.1 дэх хэсэгт хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх тухай заасан байсан. Гэвч нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ гаргаж, шүүхээс иргэний хэрэг үүсгэх үед дээрх хууль хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгахад онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх тухай өмнөх хуультай адил агуулга бүхий заалт байхгүй болсон. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133, 135 дугаар зүйлүүдэд дээрх гэм хорын хохирлыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заагаагүй байна. Түүнчлэн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгддэг хэргийн онцлог нь нэг талын хүсэлтэд үндэслэгддэгээс гадна эрхийн маргаангүй байдаг учраас хариуцагч гэх оролцогч байдаггүй. Гэтэл хэрэгт оролцогч нар хариуцагч мөн эсэх талаар маргаж байснаас гадна хохирлыг хаанаас гаргуулах талаар ч маргаантай байна.  

 

Нэхэмжлэгч нь гэмт хэрэгт үндэслэлгүйгээр сэжигтэн, яллагдагчаар татагдсанаас  эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өөрт нь хохирол учирсан гэж үзэж төрөөс арилгуулахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлыг  шаардаж байгаа тохиолдолд төрийг төлөөлөн хэн хариуцагч байх ёстойг шүүх нэхэмжлэлийн үндэслэлээс тодорхойлох шаардлагатай байжээ.

 

Гэтэл Монгол Улсын Засгийн газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах талаар хэргийн оролцогчоос хүсэлт гаргаагүй байхад 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2017/12368 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж, түүнд холбогдуулан нэхэмжлэлийг  шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Хэрэв Хууль зүй дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газар нь Монгол Улсын засгийн газрыг буюу төлөөлөн оролцож байгаа бол хариуцагчаар оролцох ёстой юм.   

 

Өөрөөр хэлбэл, онцгой ажиллагааны журмаар бус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмаар буюу ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай байхад эрх зүйн байдал нь тодорхой бус этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу болжээ.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцохоор заасан. Гэтэл Баянзүрх дүүргийн прокурор нь ямар төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа  нь тодорхойгүй, шүүх өөрийн санаачилгаар татан оролцуулснаас гадна Прокурорт нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар прокурор нь мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлэх бөгөөд түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар, нотлох баримт гаргах мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03279 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээд нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                       Ш.ОЮУНХАНД