| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2018/0457/И |
| Дугаар | 142/ШШ2018/00605 |
| Огноо | 2018-06-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2018/00605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг ГОК гарденд оршин суух И овогт *******-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Цалингийн зөрүү 5 007 002 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг Захиргааны хэргийн гурван шатны шүүх Орхон аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон. Аймгийн Засаг дарга гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Би 2013-2016 он хүртэл Орхон аймгийн Боловсрол Соёл урлагын газрын даргаар ажиллаж үндсэн цалин 1 192 612 төгрөгийг авч байсан. 2016 оны 10 сараас Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах менежерээр ажиллаж байгаа, 734 053 төгрөгийн цалинтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор миний ажиллаж байгаа ажлын местэнд 10 хувийн нэмэгдэл олгодог тэр нь 73 405 төгрөг ингээд нийт 807 458 төгрөгийн цалинг би авдаг. Би өмнөх ажилдаа ажиллаж байхдаа 1 192 612 төгрөгийн цалинтай байсан үүнээс одоогийн авч байгаа цалин 807 458 төгрөгийг хасахаар 385 154 төгрөгийн цалингийн зөрүү гардаг. Ажлаас халагдаснаас хойш би Захиргааны хэргийн шүүхээр нэхэмжлээд 2016 оны 10 сараас 2017 оны 03 сарын 15 хүртэлхи цалингаа бодуулан авсан. Одоо 2017 оны 03 дугаар сарын 15-наас 2018 оны 04 дүгээр сарын 15 хүртэл нийт 13 сарын цалинг нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа цалин 5 007 002 төгрөг болж байна. Намайг эгүүлэн ажилд авах тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл аваагүй. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 592 564 төгрөг тэтгэмжийн мөнгө миний дансанд орсон. Ажлаас халсаны 3 сарын тэтгэмж гэж орсон. Энэ мөнгийг цалингийн зөрүүд шилжүүлэн олгоход тагалзах зүйл байхгүй. Үлдэгдэл 2 414 438 төгрөгийг шийдэж өгөхөөр бол татгалзах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цалингийн зөрүү нэхэмжилсэн байна. Энэ хэрэгт байгаа цалингийн зөрүү гэж нэхэмжилсэн нь хаанаас тооцоолсон нь тодорхойгүй байна. Өмнө өгсөн ажлаас халагдсаны тэтгэлэг 2 592 564 төгрөгийг ******* авсан тул үүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******-д д холбогдуулан цалингийн зөрүү 5 007 002 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
******* нь Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай Орхон аймгийн Засаг даргын захирамжаар ажлаасаа чөлөөлөгдөж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 08 дугаартай шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0363 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаартай тогтоолуудаар Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоожээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба, ******* ийг өмнө нь ажиллаж байсан Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд ажиллуулаагүй байна.
Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа 1 192 612 төгрөгийн үндсэн цалинтай байсан /хх17-29 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 08 дугаартай шийдвэр, хх48 Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын цалингийн тодорхойлолт/, одоогийн эрхэлж буй ажил албан тушаал болох Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн сургалтын ахлах менежерийн албан тушаалын үндсэн цалин 734 053 төгрөг, үүн дээр Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаар тогтоолын дагуу 10 хувийн нэмэгдэл авдаг байх ба нийт 807 458 төгрөгийн цалин авч байгаа болох нь хэргийн 53 дугаар хуудаст авагдсан цалингийн тодорхойлолт, Засгийн газрын 90 дугаартай тогтоол, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.
Иймд ******* эд өмнө ажиллаж байсан ажил албан тушаал болон одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулан олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр: ...ажлаас халагдсаны тэтгэмж гэж миний дансанд 2 592 564 төгрөг орж ирсэн, энэ нь надад олгогдох ёсгүй мөнгө байсан. Энэ мөнгө нь одоо ч миний дансанд байгаа. Иймд 2 592 564 төгрөгийг миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр бууруулсан гэж үзсэн болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн ажлаас халагдсаны тэтгэмж 2 592 564 төгрөгийг хасаж тооцуулаад үлдэх хэсгийг гаргуулахад татгалзахгүй гэсэн.
Иймд хариуцагч *******-д ас ******* эд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 414 438 төгрөг гаргуулан олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамаар 53 581 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******-д ас ******* эд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 414 438 төгрөг гаргуулан олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 53 581 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА