Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

 

 

 

 

                                     

      2022        09            28                                        2022/ШЦТ/178

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Хохирогч Ц.Г,

         Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /цахимаар/,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эад холбогдох эрүүгийн 2219000000218 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.Э

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Элгэний худаг гэх  газарт хохирогч Ц.Гтай “хонь услуулахгүй туулаа” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодож түүний биед тархи доргилт, зүүн гуя, өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 07 сарын 23-ны өглөө 05 цаг өнгөрөөгөөд манай хонь бэлчиж, худаг руу явахад Эын хонь баруун талаасаа худаг дээр очсон. 12 цаг хүртэл манай хүргэн зуны халуунд худаг дээр хонь хориод зогсож байсан. Би 12 цаг болоод худаг дээр очиход Эын хонь ихэнх нь ус уугаад гарсан байсан. Цөөхөн мал үлдсэн байхаар нь олон цаг олон мал усаллаа. Би хонио усалмаар байна гэж хэлээд үлдсэн хонийг нь хөөж гаргаж, өөрийнхөө хонийг оруулсан. Мотороо харамлаж, чи өөрийнхөө мотороор хонио усал, би мотороороо хонио услуулахгүй гэхээр нь би манайх урьд нь худаг дээр 2, 3 мотор авч ирж тавьж байсан. Би мотороо харамлаж үзээгүй, надад мотор байхгүй, байсан мотороо худаг дээр малаа усалж байгаад дуусгасан болохоор би өнөөдөр мотороор чинь хонио усална гэж хэлсэн. Тэгэхэд би мотороо авч явна, өгөхгүй гэхээр нь би хорьсон. Маргаан эхлээд намайг янхан, гичий, чи нөхрөө шоронгийн хадаас болгосон гэж элдвээр дайрч доромжилсон. Зүгээр нэг худгийн мотороос болж намайг чирч гаргаж зодсон. Бид хоёр томор булаацалдаж байхад мотор нь худаг руу унасан. Э намайг шидсэн гэж байна, би энэ хүнээс булааж авч шидэх үү, надад тийм тамир байхгүй. Тухайн үед би чамаар мотороо төлүүлнэ гэж намайг зодсон, би төлж өгөхгүй гэж хэлсэн. Адилхан мотороо усан дээр дундаа хэрэглэж байгаад эвдрэхээр нь төлүүлдэг бол би бас моторуудаа төлүүлнэ гэж хэлсэн. Нэг айлын мотор эвдэрсэн бол нөгөө айл нь усанд дээр мотор авч ирж тавьдаг. Би тухайн үед Эын мотор гэж мэдээгүй, Э мотор тавьж байгаагүй. Манай хойд саахалт айл, баруун хойд саахалт айл, манайх гэсэн 3 айл мотор ээлжилж авч тавьсан байсан. Үүнээс болж хэл амаар доромжлуулж, зодуулж, сэтгэл санаа болон бие махбодоороо хохирсон. Хохирол төлбөрийг тухайн үед шүүх эмнэлгээр явж тогтоолгож, дараа нь Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын үндэсний төв” дээр очиж зураг авхуулсан. MRI зураг авхуул гэсэн боловч би 4 хүүхэдтэй учраас өөртөө зарцуулах цаг, зав байхгүй, хөрөнгө мөнгө байхгүй учраас өнөөдрийг хүргэсэн. Би гэм буруугаа мэдэж байгаа, ирээд уулзах байх гэж бодсон боловч уулзаж, яриагүй. Одоо эмнэлгээр явах асуудал зөндөө байна. Яах учраа мэдэхгүй байна, үр хүүхдээ өнчин болгочихгүй юм сан гэж бодож байна. 292,000 төгрөгийн хохирлын баримт өгсөн байгаа ...” гэв.

          Хохирогч Ц.Гы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э гэх хүн манайхаас 5-6 км зайтай. Мал нэг худгаас усалдаг. 2022 оны 07 дугаар сарын 23-ний өглөө манай мал Эын мал худаг дээр зэрэг очоод би хүргэн Нямхандаар малаа авхуулсан ба өдрийн 12 цаг болж байхад танайх өглөөнөөс хойш малаа гаргахгүй юм, би малаа усалмаар байна гэхэд манайх олон малтай өдөржин усалсан ч яадаг юм гэхээр нь би үлдсэн малыг нь хөөгөөд малаа услах гэтэл худгийн мотороо хураагаад авсан. Би Эын мотор гэж мэдээгүй. Э мотороо авах гээд байхаар нь би хонио усалчхаад өгье гэсэн чинь миний хоолой хэсгээс гараараа багалзуурдаад, толгойны зүүн чихний ар хэсэгт гараараа 2-3 удаа цохиод хэл амаар доромжлоод, янхан минь гээд доромжлоод газраас чулуу аваад чамайг алсан ч яах уу гээд байсан ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

         Насанд хүрээгүй гэрч А.Жавзанпагмын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай хонь ус уух гээд орж ирэхэд Эын хонь ороод ирэхээр нь би Эын хонийг туугаад ирэхэд Э манай ээжийн толгой руу нь 2-3 удаа гараараа цохисон, мөн чулуу аваад ээжийг цохих гэж байхад би гүйж ирэхэд Э ээжийг цохихоо больсон. Тэгээд би хонь туух гээд яваад өгсөн ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

          Гэрч Ц.Мөнгөнчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хонио услах гээд худаг дээр очиход эгч Г, Э нар хоорондоо муудалцаад хэрэлдэж байсан. Э манай хонийг услуулахгүй мотороо аваад явчихсан ба өөр хүний мотор авч ирж хонио усалсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Айраг сумын 1 дүгээр баг, Элгэний худаг дээр хонь малаа усалж байхад Г ирээд манай хонийг худаг дээрээс хөөж гаргаад өөрийн хонио тууж оруулахад нь би Гэрлээд хандан манай хонь усалж дуусаагүй байхад хонь хөөлөө гэхэд өдөр болгон ус уудаг хонийг хөөхөд яадаг юм гээд уурлахад нь би чамд мотороо өгч хонь услуулахгүй гэсэн чинь Гэрлээ манай мотороор усална гээд бид хоёр хоорондоо маргалдаад, хэрэлдээд худаг дотор би мотороо авна гээд Гэрлээ мотороос барьчхаад булаацалдаад мотороо худагт хийсэн. Тэгээд намайг малаа удаан усаллаа гэж хараалын үг хэлж загнаад байхаар нь би өөдөөс нь хэрэлдээд, Гэрлээ миний цамцнаас зуураад байхаар нь би Гэрлээгийн толгой хэсэг рүү нь  гараараа түлхсэн. Тэгээд би гэр лүүгээ явсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 23, 41-42 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02/0349 дугаартай “Ц.Гы биед тархи доргилт, зүүн гуя, өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

          Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-12 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүх хуралдаанд хохирогч болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, “Элгэний худаг” гэх газар 4-5 айл худгаа тойрон нутаглаж мал нь нэг худгаас усалдаг, хэн нэг айл нь худгийн мотороо авчирч худгийн байшинд тавиад малаа ээлжлэн уг мотороор усалдаг саахалт айлууд айлууд байна.

    Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Элгэний худаг” дээр Н.Э нь өглөөнөөс эхлэн хонио услаад өдрийн 12 цаг болоход хохирогч Ц.Г нь хонио гаргасангүй, удлаа гэж хонийг нь худгаас тууж гаргаснаас болж мотороо өгөхгүй гэж булаацалдан маргалдаж, улмаар хохирогчийг хэл амаар доромжлон хэрэлдэх явцдаа хохирогчийн эрх чөлөөнд халдан зодож түүний биед тархи доргилт, зүүн гуя, өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Н.Эын үйлдлийн улмаас хохирогч Ц.Гы эрүүл мэндэд  тархи доргилт, зүүн гуя, өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02/0349 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж тодлгойн тус газарт гараараа зохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүх хуралдаанд хохирогч Ц.Г 299,240 төгрөг нэхэмжилж байгаа талаар нотлох баримтыг гаргаж өгсөн болно. Эдгээр нотлох баримтаас Улаанбаатар явж толгойн компьютер томограф хийлгэсний 140,000 төгрөг, ирж очсон замын зардал 17,100 төгрөг, эмний үнэ 58,540 төгрөг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулсны 8,000 төгрөг, бүгд 223,640 төгрөгийг шүүгдэгч Н.Э хариуцах үндэстэй бөгөөд шүүгдэгч төлөхөө илэрхийлж маргаагүй болно. Харин 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр машиндаа 30 литр шатахуун хийсэн 75,600 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй болох нь хохирогч Ц.Гы шүүх хуралдаанд өгсөн “...аймгийн төв дээр байдаг хүүхдүүдээ эргэх, өөртөө дусал хийлгэх зорилгоор аймагт ирсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Н.Эад ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Н.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 223,640 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Гд олгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА