Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 166/2022/0072/Э |
Дугаар | 2022/ШЦТ/96 |
Огноо | 2022-03-02 |
Зүйл хэсэг | 12.6.1., |
Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0072/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүгдэгч З.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д- овогт З-гийн Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д- овогт З-гийн Ц- /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос З.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Ц- нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ... нутаг дэвсгэрт байрлах “R-” зочид буудалд Б.Н-ыг биеэ үнэлэхэд нь зуучилсан болох нь:
Гэрч Б.Н-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би одоогоос 2 жилийн өмнө Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “О” зочид буудалд рецепшн хийдэг байсан юм. Тухайн үедээ З- гэдэг махлаг биетэй эгчтэй танилцаж байсан тэрнээс хойш З- эгчтэй ямар нэгэн холбоогүй Дарханд ирэлгүй байж байгаад 2021 оны 12 дугаар сард ирээд өнөөдрийг хүртэл хуучин хорооллын 23 дугаар байранд найз Ш-гийн гэрт байрлаж байгаа юм. Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ны шилжих шөнө 03 цагийн орчимд би З- эгчийн дугаар руу залгаад эгчээ надад мөнгө хэрэгтэй байна, ажил байна уу гэж асуухад ажил байна, чи хаана байна гэж хэлэхээр нь би M гээд 24 цагийн дэлгүүрийн гадна М-гийн машинд байна гэж хэлэхэд З- эгч намайг өөрийн улаан өнгийн Тоёота приүс-30 маркийн машинтай ганцаараа ирж аваад “R-” рүү хүргэж өгсөн. Харин “R-” зочид буудлын гадна ирэхэд З- эгч нэг эрэгтэй хүнтэй холбогдсон, тэгээд би тэр эрэгтэй хүнтэй хамт 109 тоот өрөө рүү ороод тэр залуугаас 1 цагийн мөнгө гэж хэлээд 120,000 төгрөг аваад хоёулаа хувцсаа тайлаад орондоо ороод хэвтэж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. Би тухайн эрэгтэй хүнийг танихгүй. Надад мөнгөний хэрэг гараад сүүлийн 1 сарын хугацаанд Дарханд байх цаг хугацаандаа 7-8 удаа амар хялбар аргаар мөнгө олсон. Харин ганцхан өнөөдөр мөнгөний хэрэг гараад З- эгчээр холбуулж байгаад нэг эрэгтэй хүнтэй цагийн 120,000 төгрөг гэж тохироод зочид буудал орсон, тэр мөнгөнөөсөө би өөрөө 70,000 төгрөгийг нь аваад харин З- эгч болохоор 50,000 төгрөгийг нь авна гэж ярилцаж тохирсон байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 26/,
Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчим ажлын газрын Р, Э, А нарын хамт Ш гэдэг газрын караокед орж, хүн тус бүр 7 шил сэнгүр нэртэй пиво ууж, хэсэг дуулж байгаад 23 цаг 50 минутын орчим бөөнөөрөө гарсан. Би нэг найзтайгаа таксинд суугаад “R-” зочид буудал руу очиж амрахаар өрөө авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа үйлчилгээний төв орж, найзыгаа буулгаад өөрөө нөгөө такситайгаа буудал орж амрах гээд явж байх замдаа таксины жолоочоос ганц нэг хүүхэн зардаг хүн байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд буудлын гадна очиход таксины жолооч хүүхэн энэ дугаар дээр байж магадгүй гээд нэг дугаар өгөхөөр нь би өөрийнхөө гар утсан дээр залгаж үзсэн чинь “пиво зарна” гээд миний утсан дээр хадгалсан дугаар байсан. Тухайн хүнийг би зүс мэднэ, З- гэж дууддаг. Би З- эгчийн гар утас руу залгаад хүүхэн байна уу гэсэн чинь яг одоогоор надад байхгүй байна гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа З- эгч өөрөө над руу залгаад надтай хамт явж байгаа нэг хүүхэн байна, чи өөрөө уулзаад үзэхгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би “R-” буудалд байна, хүрээд ир гэхэд удалгүй ирчихлээ гэж залгасан. Тэгэхээр гарч очоод приүс-30 маркийн машинтай ирсэн байхаар нь арын суудал дээр суусан чинь нэг хүүхэн байсан. З- эгч надад байгаа нь л энэ хүүхэн байна гэхээр нь би хамаагүй болно гэж хэлээд нөгөө хүүхнээс хамт орох уу гэсэн чинь тэр хүүхэн дуугарахгүй байхаар нь дургүй байгаа юм байна гэж бодоод түрүүлээд буусан. Тухайн хүүхэн бууж ирээд утсаар яриад байсан. Надад цагийн 120,000 төгрөг, хоногийн 250,000 төгрөг гэж хэлсэн. Тэгвэл би цагаар авъя гээд бэлэн 120,000 төгрөг тоолоод өгсөн чинь тэр эмэгтэй би гялс ажлаа хийчхээд явмаар байна гэхээр нь хоёулаа жаахан юм ярьж сууя гээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-31/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “R-” зочид буудалд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17/,
Гэрч Д.Т-ийн эзэмшлийн 99062501 дугаарын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хавтаст хэргийн 22-23/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч З.Ц- нь Б.Н-ыг биеэ үнэлэхэд нь Д.Т-ид зуучилж, Б.Н-аас тодорхой хэмжээний хөлс авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З.Ц-г бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч З.Ц- бага насны хүүхэдтэйгээ амьдардаг болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Шүүгдэгч нь цаашид ахин ийм хэрэг хийхгүй зөв шударгаар амьдарч чадна гэж амлалт өгсөн, бага насны хүүхэдтэй, энэ гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохиролгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн зүйлийн ангийн 3.1 дэх хэсэгт зааснаар тодорхой газарт очих хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч З.Ц-г тодорхой газар очихыг хязгаарлах нь цаашид дээрх болон бусад гэмт хэрэгт холбогдохгүй байхад үр нөлөөтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан зөрчлийн хэрэгт арга хэмжээ авагдаж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлгээр шүүгдэгч нь шөнийн цагаар архи пиво согтууруулах ундаа хууль бусаар зардаг болох нь тогтоогдож байх тул түүнд шөнийн цагаар архи согтууруулах ундааны зүйл зардаг гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, Төмөр замын бууудлын орчим, 5 дугаар баг, Арбатын гудамж орчим, 10 дугаар баг, 380 байр “R-” зочид буудлын орчим, 13 дугаар баг “W” зочид буудлын орчим, 16 дугаар баг, Үйлчилгээний төвийн орчмоор шөнийн 00 цагаас хойш зорчихгүй байх хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулж, тэнссэн, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д- овогт З-гийн Ц-г бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, З.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч З.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, Төмөр замын бууудлын орчим, 5 дугаар баг, Арбатын гудамж орчим, 10 дугаар баг, 380 байр “R-” зочид буудлын орчим, 13 дугаар баг “W” зочид буудлын орчим, 16 дугаар баг, Үйлчилгээний төв орчмоор шөнийн 00 цагаас хойш зорчихгүй байх хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД