Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/259

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал, 

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Г.************************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч ************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************холбогдох эрүүгийн 2238001410556 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************************нь 2022 оны 02 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий Г.************************г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь уруулд шарх, гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ************************нь 2022 оны 02 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий хүн эхнэр Г.************************г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь уруулд шарх, гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238001410556 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...************************ бид хоёр маргалдаж би нэг удаа гар хүрсэн. Энэ үйлдэлдээ харамсаж байна...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-10-р хуудас),

Хохирогч Г.************************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 02 сарын дундуур намайг машинаар хашаанд шахаж зогсож байгаад намайг заамдаж бариад намайг өргөөд газар шидчихсэн...Одоо надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч ************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүүлийн үед надад Батмөнх хардаад дарамтлаад зодоод байна гэж хэлдэг болсон. Нэг удаа хөл нь хөхөрсөн байхыг ч би харсан. ************************ нуугаад хэлдэггүй юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

Гэрч Н.Буян-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай сувилагч ************************ нь ажил дээрээ байх хугацаанд нөхөр Батмөнх нь зоддог, харддаг талаар ярьдаг. Тэрнээс би өөрийн нүдээр хараагүй. Харин нэг удаа нөхөртөө зодууллаа гээд уруул нь язарсан байхад нь би урууланд нь оёдол тавьж өгч байсан. Тухайн үед ************************ ярихдаа “манай нөхөр намайг машинаас буулгаж замын хажууруу чирч оруулж байгаад цохьлоо” гэж ярьж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас),

Гэрч ************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************************гийн нөхөр нь ажлаа хийж байхад нь ************************ руу байнга утсаар залгадаг. Утсаар залгаад хэл амаар доромжилж, дарамтлаад байдаг. Манай тасаг жижүүрээс буугаад мэдээгээ танилцуулах, дутуу зүйлсээ хийх ажил гардаг. Тэр үед нь ************************гийн нөхөр байнга залгаад яагаад ирэхгүй байгаа юм, хэнтэйгээ юугаа хийгээд яваад байгаа юм гээд дарамтлаад, хэл амаар доромжилж байгаа нь мэдэгддэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),

Гэрч ************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....************************ нь нөхрөөсөө айж сандарсан тайван биш байдалтай байдаг. Нөхөр нь ч гэсэн ************************д их ширүүн ханддаг. ************************ ажил дээр ирэхдээ нөхөр зодлоо, хардлаа гэх зүйлсийг байнга ярьдаг, өөрөө ч их айсан сандарсан байдалтай байдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай:

  1. Г.************************гийн биед уруулд шарх, гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
  3.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Дээрх гэмтлүүдийг хэзээ үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Учир нь тухайн үеийнх гэх зурагт он сар байхгүй байна.
  5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 54-р хуудас),

     Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтэд:

     1. 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай дүгнэлтэд залруулах зүйл байхгүй...гэх дүгнэлт (хх-ийн 68-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 480 дугаартай дүгнэлтэд:

1. Хүний биед шинжилгээ хийсэн акт №175 үндэслэлтэй байна. Г.************************д учирсан гэмтлийг тогтоож, гэмтэл үүсгэгч хүчин зүйл, гэмтлийн зэргийг зөв тогтоож, гэмтэл үүсгэгч хүчин зүйл, гэмтлийн зэргийг зөв тогтоосон байна. Тухайн үед гэмтэл үүссэн хугацааг тогтоох боломжгүй.

2. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ №214, нь хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн акт №175-ийн дүгнэлттэй ижил, тохирч байна.

     3. Г.************************гийн биед уруулд шарх, гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдоно. Гэрэл зураг дээрх гэмтлийн шинж байдлыг шинжлэхэд нэг хоногийн дотор зураг авсан байна...гэх дүгнэлт  (хх-ийн 46-47-р хуудас),

    Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 95-97-р хуудас),

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 90-94-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238001410556 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************************нь 2022 оны 02 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий хүн эхнэр Г.************************г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь уруулд шарх, гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Г.************************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-10-р хуудас),

Гэрч ************************(хх-ийн 27-28-р хуудас), гэрч Н.Буян-Өлзийгийн (хх-ийн 31-р хуудас), гэрч ************************(хх-ийн 33-34-р хуудас), гэрч ************************хх-ийн 36-37-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай дүгнэлт (хх-ийн 54-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтэд (хх-ийн 68-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 480 дугаартай дүгнэлт (хх-ийн 46-47-р хуудас),

 Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 95-97-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ************************нь хохирогч Г.************************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 92-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ************************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ************************ нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238001410556 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ************************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************************ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2238001410556 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР