Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/286

 

 

2022        09        21                                         2022/ШЦТ/286

                                   

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Иргэдийн төлөөлөгч Б.Намжилдулам

Улсын яллагч Б.Сарантуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд

Шинжээч Б.Өнөрборгил

Гэрч ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000114 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт  Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг ******* гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: ЖЕ89020770/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг ******* гэх газарт байх өөрийн гэртээ 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйл дээр маргалдан зодолдож улмаар ******* хүзүүн тус газар 3, нуруун тус газарт 9 нийт 12 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр буюу биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчилган зовоож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна...” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай гэр бүлийн хувьд маш их гомдолтой байна. Миний дүүгийн хүзүүнд нь 3 удаа, нуруунд нь 9 удаа нийт 12 удаа хутгалж  амь насыг нь онц харгис хэрцгийгээр хохироож, хээр хөдөө чирч аваачиж хаясан. ******* цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах гэж оролдсон. Бид 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой дүүгээ хайж утас руу нь залгасан. Мөн 2022 оны 03 дугаар сарын 17-ны орой хайж гэрт нь очсон.  Хэрэв бид  дүүгээ олоогүй байсан бол өнөөдөр ямар байдалтай байхыг хэлж мэдэхгүй байна. ар гэрийнхэн хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа бидэнтэй холбогдоогүй, уучлалт гуйгаагүй. Ах нь гэрт дүүгээ асууж удаа дараа сураглаж очсон байдаг. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр очих үед гэрийнх нь өрх бүтээлгээтэй байсан. Одоо эргээд санахад хаалгаар нь шагайхад гэрт нь хүнгүй, муухай үнэр үнэртэж байсан гэдэг. Тэр дусал цус биш, манай дүү гэрт нь цусаа юүлээд нас барсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой ар гэрийнхэн нь ирэхэд гэрээс нь эвгүй цусны үнэр гарсан байж таарна. Энэ гэмт хэргийг гэрийнхэн мэдэж байсан гэж бодож байна...” гэв.

 

Шинжээч эмч Б.Өнөрборгил шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Амь хохирогчийн толгойд үүссэн гэмтлийн  талаар мөрдөн шалгах ажиллагаанд нэмэлт тайлбар өгсөн байгаа. Гэхдээ өнөөдөр өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож байгаа учир нэмэлт тайлбар өгье. Гавал тархины хүнд гэмтлийн үед тухайн тархины эдийн хатуу хальсанд дээр болон доор хэсэгт цусан хураа  үүсдэг. Гавал тархины гэмтлүүдийн үед дээрх цусан хураа болон цус хуралт үүсдэг. Энэ хүний хувьд уг гэмтэл яагаад үүсээгүй вэ гэвэл амь хохирогчид цус алдалт хурц явагдсан. Үүний араас үүссэн гэмтэл учир тархины эдэд цус алдалтын болон цусан хураа үүсээгүй байсан...” гэв.

 

Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шөнө Г.Батсуурийг ирэх үед би унтаж байсан болохоор хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. ******* хаалга тогшоод нэг хүнтэй яриад байсан. Би хаалга тавьж өгөөгүй учир хэнтэй явж байсан гэдгийг нь хараагүй. ******* нь томоотой, зөөлөн хүн, хааяа архи уудаг. Г.Батсуурийг хүнтэй маргаж муудаж байсныг хараагүй, бид маргалдаж байсан удаа байхгүй...” гэв.

 

Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний дүү ******* хүн алах хүн биш. Би дүүгээ хүний амь насыг хохироосон гэдэгт итгэхгүй байна. ...Тухайн үед бид нар ямаа санахаар хөдөө гэртээ ирсэн. Биднийг гэрт ирэх үед дүү маань байхгүй, Гурванзагал сум руу эхнэр хүүхдээ авч ирэхээр явсан байсан. Бид байхгүй талаар мэдээгүй. Маргааш нь биднийг ямаагаа самнаж байхад орой Барсбаатар гэж хүн утсаар яриад манай дүү танайд очсон гэсэн, гэртээ ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгээсээ талийгаачийг асуухад манай дүү надад хэлэхдээ бид 2 архи ууж хоноод өглөө сэрэхэд гэрт байхгүй байхаар нь гадуур хашаан дотор хайж байгаад эргээд гэртээ ороод унтсан гэж хэлсэн...” гэв. 

 

Иргэдийн төлөөлөгч Б.Намжилдулам шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн өдөр эдгээр залуус архи уугаагүй байсан бол энэ хэрэг гарахгүй байх байсан. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэв.

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 18 цагийн орчим манай дүү миний улаан өнгийн мотоциклийг унаад ахаа би Гомбын гэр рүү яваад ирье, хуучин мотоциклийг нь худалдаж авах гэсэн юм, өөрийн гэсэн унаатай болмоор байна гэж хэлсэн. ...Тэр орой ирээгүй бөгөөд би түүнийг Гомботой наймаа яриад гэрт нь хоносон юм байх гэж бодоод тоолгүй унтсан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим  би Гомбо руу утсаар яриад дүүгээ сураглахад танай дүү өчигдөр орой манай гэрт ирээд цэргийн он жав Батсуурийн гэр рүү явлаа гээд гарсан гэж хэлсэн. Тэр орой манай дүү гэртээ ирээгүй бөгөөд надтай устаар холбоо бариагүй. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчим тэнгэр онгойхоор нь хүний машин гуйгаад Батсуурийн хөдөө гэр рүү нь очсон. Тэдний гэрт 15 цагт очиход гэр нь эзгүй, хаалга нь цоожгүй, гадаа нь мотоцикл байгаагүй. Тэндээсээ хөдлөөд Дашбалбар сумын төвд ирээд найз Р.Оюунболдтой утсаар яриад ******* болон дүү нарыг харсан уу, танай сумаар ирсэн сурагтай байна гэхэд Оюунболд надад ******* эхнэр хүүхдээ авчрахаар Гурванзагал сум руу явсан сураг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би г Батсуурийн малыг хараад хөдөө гэрт нь үлдсэн юм байна даа малд явсан хойгуур нь зөрөөд ирчихэж, Батсуурийг ирэхээр нь харих юм байна гэж бодоод  буцсан. 2022 оны 03 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим би Батсуурийн дугаарыг олоод түүнтэй холбогдоод яасан бэ гэж асуухад ******* манай гэрт байхгүй, гараад явсан, гэртээ очоогүй юм уу, мотоцикл нь энд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи хүн мотоциклгүй явган гараад алга болж байхад надад болон цагдаад хэлдэггүй юм уу гэж загнасан. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би найзтайгаа хамт  Батсуурийн гэрт нь очоод юу болсон талаар асуухад 2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хамт архи ууж байгаад 04 цагт унтацгаасан. Өглөө босоход гэрт байгаагүй, мотоцикл, гадуур хувцас нь байсан. Түүнийг гэртээ харьсан юм байх гэж бодсон гэж хэлсэн. ...Би найз Төмөргарьдын хамтаар дүүгээ Батсуурийн гэрийн ойр орчмоор хайсан. Тухайн үед дүүгээ осгоод хөлдөөд үхсэн байж магадгүй гэж бодоод хайж байсан юм. Тэгээд Батсуурийн гэрийн баруун урд талын өндөр дээр гараад харахад уг толгодын хойд энгэрт нэвсийсэн хар юм харагдахаар нь ойртож очиход манай дүү гийн цогцос байсан. Би машинаасаа буугаад дүүгийнхээ хөл дор очоод уйлсан. Тэр үед манай найз Төмөргарьд надад хандаж  чи битгий ойрт, дүүдээ хүрч болохгүй, дүүгийн чинь хоёр хөл нь уяагаар тушаатай байна, наадах чинь хүн амины хэрэг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим би ямаагаа самнахаар ээж, эхнэр, хүүхдийн хамтаар хөдөө гэртээ ирсэн. Бид нарыг ирэхэд ******* гэртээ байгаагүй. Орой 19 цагийн орчим ******* эхнэр, хүүхдийн хамтаар Гурванзагал сумаас ирсэн. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Барсбаатар манай дүү ******* руу утсаар залгаад өөрийнхөө дүүг асуугаад гэртээ ирэхгүй байна гэж хэлсэн. Би Батсууриас юу болсон талаар асуухад цэргийн найз 13-ны орой ирээд надаас авдарны архи нэхээд байсан. Би түүнтэй хамт сумын төв орж архи аваад гэртээ ирж уусан. Өглөө сэрэхэд байхгүй байсан гэж хэлсэн. Би эргэн тойрныхоо газруудаар г хайж яваад саахалт айлын Ганболдтой таарахад тэр надад танай дүү чинь гэртээ нэг согтуу хүнтэй чанга чанга хэрэлдээд түжигнээд байхаар нь би гэр рүү нь оролгүй явсан гэж хэлсэн.  Би энэ талаар дүү Батсууриас асуухад мэдэхгүй гэсэн. 3 дугаар сарын 18-ны өдөр Барсбаатар ирээд манай баруун урд 1 км орчим зайтай газраас дүү гийнхаа  цогцсыг олж, удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/

 

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим би айлд хоноод гэр рүүгээ харих замдаа Батсуурийн гэрээр нь дайрсан юм. Тухайн үед би Батсуурийн гэрийн гадаа мотоциклтойгоо зогсоод гэр рүү нь орох гэхэд гэр дотор ******* нэг хүнтэй чанга дуугаар хэрэлдээд байсан. Тэгээд би согтуу хүмүүсийн  маргаан дундуур ороод яахав гэж бодоод шууд хөдлөөд явсан. ...тэндээс хөдлөөд хүргэн дүү Батбаярын гэрт нь очоод түүнд ******* гэртээ нэг хүнтэй чанга дуугаар хэрэлдээд байхаар нь оролгүй хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэр үед Батбаяр надад Батсуурийн гэрт нь түүний цэргийн он жав найз нь ирсэн гэнэ лээ. Түүнтэй муудаа юм байгаа биз гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчим ******* манай гэрт улаан өнгийн мотоциклтой ирээд малаа асуугаад гарсан. Тэгэхдээ цэргийн найзаа алга болсон талаар надад ямар нэгэн юм хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65/

 

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчим ******* манайд улаан өнгийн мотоциклтой ирээд  би эхнэр хүүхдээ Гурванзагал сумаас  авчрах гэсэн чинь гадаа хүйтэн байна, хоёулаа чиний машинтай яваад ирье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч эхнэр хүүхдийг нь аваад орой 19 цагийн орчим Батсуурийн гэрт ирсэн. Тэр үед сумын төвөөс Батсуурийн ээж, ах, бэр эгч нар нь ирчихсэн галыг нь түлээд байж байсан. ******* миний машинд сууж манайд ирээд унаж ирсэн улаан өнгийн мотоциклоо авч явсан. Тэгээд буцаж ирээд өөрийнхөө хул өнгийн мотоциклийг бензин хийгээд авч явсан. Батсуурийн хул өнгийн  мотоцикл нь 03 дугаар сарын 12-ноос 15-ны хооронд манай гадаа бензингүй зогсож байсан. 15-нд Батсуурийг манайд ирэх үед энэ хэний мотоцикль юм бэ гэхэд манай цэргийн он жав гийнх гэж хэлсэн. яасан юм бэ гэхэд гэртээ харьсан юм байлгүй дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/

 

             Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 02-03 цагийн орчим би гэртээ эхнэр, хүүхдүүдтэйгээ унтаж байтал  хаалга тогших чимээ гарсан. Би орноосоо босолгүй хэн бэ гэж асуухад ******* байна аа, хаалгаа гэж хэлсэн. Би тухайн үед нойрмоглоод хаалгаа тавиагүй юм. Тэр үед ******* өөр хэн нэгэн хүнтэй дүнгэр дүнгэр гээд юм ярилцаад байсан. Би хальт сэрээд унтаад өгсөн учир тэднийг согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Удалгүй мотоциклийн дуу гараад ******* нөгөө хүнтэйгээ яваад өгөх шиг болсон. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагаас цас орсон бөгөөд орой 18 цагаас салхи ширүүсч шуурч эхэлсэн. Тухайн үед манай адуу олдохгүй байсан учраас 20 цагийн орчим *******ай утсаар ярьж адуугаа асуухдаа чи өчигдөр манай гадаа хэнтэй цуг ирсэн бэ гэж асуухад би цэргийн найз тай очсон юм гэж хэлж байсан. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчим би хониныхоо бэлчээр дээр *******ай таарсан. Тухайн үед ******* морьтой явж байсан бөгөөд надад 3 дугаар сарын 14-ний өглөөнөөс хойш алга болчихлоо, мотоцикл нь манай гадаа байна, алга болоод 3 хонож байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74/

 

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим намайг гэртээ байж байхад ******* нэг найзтайгаа орж ирээд ахаа дугуйны нөхөөс байна уу, миний мотоциклийн дугуй хагарчихлаа, нөхөх гэсэн юм гээд надаас нөхөөс авсан. ...ойролцоогоор 30 орчим минут болоод найз гэх залуу нь мотоциклоо жолоодоод явсан. *******ай явж байсан залууг би танихгүй, 25-28 орчим насны тарган туранхайгаараа *******ай адилхан залуу байсан. Бараан өнгийн куртиктэй явж байсан. Тухайн үед тэр 2 архи уугаагүй эрүүл, хоорондоо маргалдаж, муудсан зүй болоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/

 

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 23 цаг 40 минутын орчим намайг ээлжинд гарч байхад улаан өнгийн мотоциклтой 2 залуу ирж бензин авсан. Уг мотоциклийг ******* жолоодоод явж байсан. Түүний ар талд хар куртиктэй, шаргал өмдтэй, танихгүй залуу сууж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80/

 

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ******* манайд ирээгүй. Тухайн шөнө манайд гаднаас Ганболд ах хүргэн Тулгаатайгаа хамт ирээд ямаа самнаад хоносон. Маргааш нь буюу 3 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Ганболд ах манайхаас гараад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/

 

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө гийн ах Барсбаатар манай гэрт ирээд өөрийнхөө алга болсон дүүгээ хайж байгаад цогцсыг нь манай баруун урд талаас олсон. Тэр үед би хүү Батсууриас юу болоод байгаа талаар асуухад 13-ны орой манай гэрт ирээд надаас авдарны архиа гарга, он жаваасаа архи харамлалаа гээд  архи нэхээд байсан. Тэгээд бид 2 сумын төр рүү явж  архи аваад гэртээ ирж цуг уугаад түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна гэж хэлсэн. ...уг мяндсан ногтыг миний талийгаач нөхөр Гантөмөр амьд сэрүүн байхдаа өөрийн гараар сүлжиж хийж байсан. Хүү ******* маань архи дарс уугаад байдаггүй, хүний үгэнд оромтгой гэнэн итгэмтгий зантай, ажилд сайн хар буруу санаагүй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89/

 

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчим ******* над руу утсаар залгаад одоо чамайг авахаар Эркагийн машинтай очлоо гэж хэлсэн. ...2022 оны 03 дугаар сарын 17-ны орой гийн ах Барсбаатар манай нөхөр рүү утсаар залгаад дүүгээ асуусан. Тухайн үед би нөхрөөсөө манайд ирсэн юм уу гэж асуухад  нөхөр маань юм ярихгүй байсан бөгөөд гийн мотоцикл, куртик нь   манайд байгаа, би хайгаад олохгүй байна гэсэн зүйл хэлсэн. Өөр тодорхой зүйл ярихгүй байсан. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Барсбаатар алга болсон дүүгээ хайж байгаад цогцсыг нь манай баруун урдаас олсон. Тэр үед хадам ах Баттулга нөхрийг маань байцаагаад юу болсон талаараа хэл гэхэд нөхөр маань  2022 оны 03 дугаар сарын 13-ны орой манай гэрт цэргийн он жав ирээд надаас архи нэхээд авдарны архиа гарга гээд байсан. Тухайн үед архи байхгүй байсан учраас бид 2 сумын төр рүү явж  архи аваад гэртээ ирж цуг уугаад согтсон, түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчим Барсбаатар манайд ирээд манай дүү Дашбалбар сум руу найз Батсуурийнхаа гэр рүү яваад ирэхгүй 5 хонож байна, мотоцикл, хувцас нь уг айлд нь байгаа юм байна, очиж хайхгүй бол болохгүй байна, хоёулаа Батсуурийн гэр рүү явж хайя гэж хэлсэн. Ингээд Барсбаатар бид 2 09 цаг өнгөрч байхад Батсуурийн гэрт очиж тэдний ойр орчмоор г хайсан. ...Бид 2 машинаасаа буугаад Барсбаатар дүүгийнхээ цогцсыг таниад хөлнийх нь хажууд очоод уйлсан. Тэр үед би талийгаачийн хоёр хөлийг уягаар баглаж хүлсэн байгааг олж хараад Барсбаатарт цогцост хүрч болохгүй наадах чинь хүн амины хэрэг байна гэж хэлээд Барсбаатарыг аваад тэндээс хөдлөөд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99/

 

            Шинжээч эмч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гавал ясны шугаман хугарал болон цөмөрсөн хугарлын үед  тархины хатуу хальсан дээр, доор цусан хураа, тархины эдийн няцралын үед судас гэмтэж эдийн няцрал үүссэнээс тухайн орчимд  цус хуримтлагдах буюу цус хуралт үүсдэг. Баруун зулайн ар дээд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхан доор цус хуралт үүссэн байгаа нь орчмын эдийн хялгасан судасны гэмтлээс үүсэж байгаа өөрчлөлт бөгөөд дээрх гавал тархины гэмтлийг учруулахад  үйлчилсэн хүчин зүйлийн байрлалыг харуулж байгаа гэмтэл юм. Баруун хөмсгөнд язарсан шарх, баруун ухархайн дээд ханын хугарал гэмтлүүд үүссэн нь орчмын эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсээгүй байгаа зэрэг нь амь хохирогч хурц цус алдалтын улмаас захын судаснуудад эрс цус багадалт үүссэн учраас цус хуралт, цусан хураа, зөөлөн эдийн няцрал зэрэг үүсээгүй байгаа нь нас барснаас хойш үүссэн болохыг харуулж байгаа юм. Хурц ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтлийн үед зовиур /зовлон шаналал/ ихтэй байхыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172/

 

             Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 19 цаг 40 минутын үед манай гэрт цэргийн найз У. ирсэн юм. Тэгээд би тай хамт сумын төв рүү мотоциклтой явж 2 шил 0.75 литрийн архи авчирсан. Бид 2 авчирсан архиа өглөө болтол ууж нилээн согтсон. Согтоод хоорондоо маргалдаж, хутга бариад  намайг хатгах гээд чичсэн. Тэгэхээр нь би хутганых нь ирэн дээрээс баруун гараараа барьж аваад түүнийг хойш нь түлхэж унагаасан. Тэгээд би түүний дээр гараад хутгалж эхэлсэн, хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна. Хутгалсны дараа гийн бие сул, ухаангүй болчихсон байсан. Би түүнийг гэрээс чирч гаргаад гэрийн довжооны урд талын шороон дээр  гаргаад дахин нэмж хутгалсан. Тэгээд амбаараас мяндсан ногт аваад гийн хоёр хөлийг нь холбож уяад мотоциклийнх нь суудлын ар талын төмөрнөөс уяж чирээд хашааныхаа зүүн урдуур гарч баруун урд зүг рүү чиглээд хөдөлсөн. Мотоциклтой хэр хол явсан гэдгээ мэдэхгүй байна, явж байгаад зогсоод уяаг нь тайлж г тэнд нь хаяад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 08-09/

            “...бид уусан архиндаа нилээн согтсон байсан бөгөөд надад чи муу цэрэгт байхдаа хүний өгсөн хувцас аятайхан өмсөж чаддаггүй арчаагүй галч  байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би цуг алба хаасан он жав байж одоо юу хуцаад байгаа юм гэж хэлэхэд чамайг алнаа гээд намайг заамдаад авахаар нь би ч гэсэн зөрүүлж түүнийг заамдаж аваад хэсэг хормын дараа  барьц тавигдаж салцгаасан. Тэр үед хутга барьчихсан над руу дайрч миний доогуур намайг хатгах гээд чичсэн. Би хутганы ирэн дээрээс баруун гараараа барьж аваад түүнийг хойш нь түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 04-05/

 

 Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээний 30 тоот дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1.Цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх /нурууны баруун талд дасны шугамаар 5-6, 7-8, 11-11-р хавирганы завсраар, 12 хавирганы доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт, баруун уушгины доод дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх. Элэгний 7-р сегтентэд  хатгагдаж зүсэгдсэн шарх/ Гавлын суурь, дух, баруун зулайн ар дээд хэсэг, дагз, баруун чамархайн ясны хугарал. Баруун зулайн ар дээд, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулайн ар дээд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхан дор цус хуралт.

2.Дотор эрхтний цусны эргэлтийн хямрал, цус багадалт

3.Дунд зэргийн согтолт, дух зүүн шанаа, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, баруун сарвуу, баруун даланд зулгаралт, зүүн сарвуунд шарх, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун ухархайн дээд хана, баруун хоншоор ясны хугарал. Хүзүүний урд дээд, зүүн дээд, баруун дээд хэсэг, нурууны баруун талд далны шугамаар 5, 6, 10-р хавирганы түвшинд, нурууны голын шугамаар Th12-р нугалмын түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний дээд хэсгийн хөндлөн дарагдлын ором.

Дүгнэлт:

1.Амь хохирогч ******* цогцост цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, /цээжний хөндийн цус хуралдалт, баруун уушгины доод дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны баруун талд далны шугамаар 5-6, 7-8, 10-11-р хавирганы завсраар, 12 хавирганы доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 7-р сегтентэд хатгагдаж зүсэгдсэн шарх/ Хүзүүний урд дээд, зүүн дээд, баруун дээд хэсэг, нурууны баруун талд далны шугамаар 5, 6, 10-р хавирганы түвшинд, нурууны голын шугамаар Th12-р нугалмын түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх. Гавлын суурь, духны ясны шугаман хугарал, баруун зулайн ар дээд хэсэг, дагз, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал. Баруун зулайн ар дээд, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулайн ар дээд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхан дор цус хуралт. Дух, зүүн шанаа, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, баруун сарвуу, баруун даланд зулгаралт, зүүн сарвуунд шарх, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун ухархайн дээд хана, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал. Хүзүүний дээд хэсгийн хөндлөн дарагдлын ором гэмтлүүд тогтоогдлоо.

2. Цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, /цээжний хөндийн цус хуралдалт, баруун уушгины доод дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны баруун талд далны шугамаар 5-6, 7-8, 10-11-р хавирганы завсраар, 12 хавирганы доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 7-р сегтентэд хатгагдаж зүсэгдсэн шарх/ Хүзүүний урд дээд, зүүн дээд, баруун дээд хэсэг, нурууны баруун талд далны шугамаар 5, 6, 10-р хавирганы түвшинд, нурууны голын шугамаар Th12-р нугалмын түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хүзүүний дээд хэсгийн хөндлөн дарагдлын ором гэмтэл хагас зөөлөн зүйлийн үйлчлэлээр, зүүн сарвуунд шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр,  бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3.Цээж, хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх /цээжний хөндийн цус хуралдалт, баруун уушгины доод дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны баруун талд далны шугамаар 5-6, 7-8, 10-11-р  хавирганы завсраар, 12 хавирганы доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 7-р сегтентэд хатгагдаж зүсэгдсэн шарх/ гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гавлын суурь, дух ясны шугаман хугарал, баруун зулайн ар дээд хэсэг, дагз, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал. Баруун зулайн ар дээд, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулайн ар дээд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхан доор цус хуралт гэмтэл нь 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хоншоор ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүүний урд дээд, дүүн дээд, баруун дээд хэсэг, нурууны баруун талд далны шугамаар 5, 6, 10-р хавирганы түвшинд  нурууны голын шугамаар Th12-р нугалмын түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн сарвуунд шарх, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун ухархайн дээд ханын хугарал гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн шанаа, хармын нуруу, зүүн чихний дэлбэн, баруун сарвуу, баруун даланд зулгаралт, хүзүүний дээд хэсгийн хөндлөн дарагдлын ором гэмтлүүд нь бүрдэл  хэсгээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Гавлын суурь, дух ясны шугаман хугарал, баруун зулай ар дээд хэсэг, дагз, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал. Баруун зулайн ар дээд, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулайн ар дээд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхан доор цус хуралт, баруун хөмсгөнд  язарсан шарх, баруун ухархайн дээд ханын хугарал гэмтлүүд нь нас барсны дараа үүсгэгдсэн байх боломжтой байна.

5.Амь хохирогч нь цээж, хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нас бараад 72-с дээш цаг болсон байх боломжтой байна.

6.7 Цусанд 1,6%, ходоодонд 2% спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ. Цус нь B/III/ -р бүлгийн харьяалалтай байна гэжээ. / 1-р хх-ийн 114-119/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1373 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн ноосон цамц, саарал өнгийн фудволк, шар өнгийн мөрөвчтэй өмд, саарал алаг өнгийн хос оймснуудад гэмтэл үүссэн байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.

2. Ягаан өнгийн ноосон цамцанд 60мм, 30мм, 21мм, 25мм, 15мм, 20мм, 21мм, 24мм, 22мм,  саарал өнгийн фудволканд 75мм, 35мм, 20мм, 30мм, 35мм, 15мм, 20мм, 25мм, 17мм, шар өнгийн мөрөвчтэй өмдөнд 30мм, 100мм, 20мм, 20мм, үүссэн гэмтлүүд хутгаар үүсгэгдсэн байна.

Ягаан өнгийн ноосон цамцанд 15x10мм, 20x10мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гогдолт, саарал алаг өнгийн хос оймсонд 60мм, 65мм, эдэлгээний явцад үүссэн хуучин урагдалтууд байна.

3. Зүсэгдэлтүүд хувцасны хаана үүссэн болохыг үзлэг ба шинжилгээний явцаас харна уу гэжээ. /1-р хх-ийн 156-167/

 

Дорнод аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 396 тоот дүгнэлтэнд:

1. биед баруун гарын алга, зүүн гарын 3, 4-р хуруунд шарх, баруун чамархай, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Баруун гарын алганд шарх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Баруун шуунд зулгаралт, баруун гарын алганд  шарх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ******* гарын 3, 4-р хуруунд шарх, баруун чамархайд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

4. Баруун гарын алганд шарх, зүүн гарын 3, 4-р хураанд шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /1-р хх-ийн 174-175/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2130 тоот дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 128-140/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1380 тоот дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 145-153/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12/

        - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-25/

        - Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-34/

        - У. гэгчийн өмсөж явсан хувцсыг хураан авсан үзлэгийн гэрэл зураг /1-р хх-ийн 35-38/

        - Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 39-42/

        - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 46-48/

        - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 102-109/

        - Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зураг /1-р хх-ийн 110-113/

         - Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21 тоот дүгнэлт /1-р хх-ийн 180/

         - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 11/

         - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 10, 13-16/

         - Хохиролтой холбоотой баримтууд /2-р хх-ийн 27-54/ болон шүүхийн хэлэлцүүлэгч гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэгт /задгай/ тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.

 

Эд  мөрийн баримтаар:  Улаан хүрэн өнгийн дээл, саарал өнгийн ноосон цамц,  хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн ноосон цамц, саарал өнгийн оруулгатай, шар мөрөвчтэй өмд, саарал өнгийн мяндсан ногт, хар өнгийн бариултай хутга 2 ширхэг, шар ягаан бариултай хайч 1 ширхэг,  бариулгүй хутга 1 ширхэг,  ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.  

 

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг ******* гэх газарт байх өөрийн гэртээ согтуурсан үедээ үл ялих зүйл дээр маргалдан зодолдож, улмаар ******* хүзүүн тус газар 3, нуруун тус газарт 9 нийт 12 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:  

шүүгдэгч “...2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 19 цаг 40 минутын үед манай гэрт цэргийн найз У. ирсэн юм. Тэгээд би тай хамт сумын төв рүү мотоциклтой явж 2 шил 0.75 литрийн архи авчирсан. Бид 2 авчирсан архиа өглөө болтол ууж нилээн согтсон. Согтоод хоорондоо маргалдаж, хутга бариад  намайг хатгах гээд чичсэн. Тэгэхээр нь би хутганых нь ирэн дээрээс баруун гараараа барьж аваад түүнийг хойш нь түлхэж унагаасан. Тэгээд би түүний дээр гараад хутгалж эхэлсэн, хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна. Хутгалсны дараа гийн бие сул, ухаангүй болчихсон байсан. Би түүнийг гэрээс чирч гаргаад гэрийн довжооны урд талын шороон дээр  гаргаад дахин нэмж хутгалсан. Тэгээд амбаараас мяндсан ногт аваад гийн хоёр хөлийг нь холбож уяад мотоциклийнх нь суудлын ар талын төмөрнөөс уяж чирээд хашааныхаа зүүн урдуур гарч баруун урд зүг рүү чиглээд хөдөлсөн. Мотоциклтой хэр хол явсан гэдгээ мэдэхгүй байна, явж байгаад зогсоод уяаг нь тайлж г тэнд нь хаяад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг,

гэрч “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би найзтайгаа хамт машинтай нь Батсуурийн хөдөө гэрт нь очсон. Би Батсууриас болсон явдлын талаар асуухад 2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хамт архи ууж байгаад 04 цагт унтацгаасан. Өглөө босоход манайд байгаагүй, мотоцикл, гадуур хувцас нь гэрт байсан. Түүнийг гэртээ харьсан юм байх гэж бодсон гэж хэлсэн. Би тухайн үед дүүгээ осгож хөлдөөд үхсэн байж магадгүй гэж бодоод хайж байсан юм. Тэгээд Батсуурийн гэрийн баруун урд талын өндөр дээр гараад харахад уг толгодын хойд энгэрт нэвсийсэн хар юм харагдсан. Машинтайгаа ойртож очоод харахад манай дүү гийн цогцос байсан. Тэр үед манай найз Төмөргарьд надад хандаж  чи битгий ойрт, дүүдээ хүрч болохгүй, дүүгийн чинь хоёр хөл нь уяагаар тушаатай байна, наадах чинь хүн амины хэрэг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Ганболд, А.Эрболд, , Д.Галсанжамц, С.Долгор, Д.Отгонзул Н.Төмөргарьд нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2130 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн  1373, 1380 тоот шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 396 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Тус хэрэгт амь хохирогч ******* нуруун тус газарт нь 9 удаа, хүзүүн тус газарт нь 3 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр санаатай алсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээний 30 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээч Б.Өнөрборгилын “...хурц ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтлийн үед зовиур /зовлон шаналал/ ихтэй байхыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч нь хохирогчийг хутгалж алсныхаа дараа хөлнөөс нь уяагаар уяж мотоциклоор чирч гэрээсээ хол хээр аваачиж хаясан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон, түүнд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Батсуурийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Б.Намжилдуламын “...Тухайн өдөр эдгээр залуус архи уугаагүй байсан бол энэ хэрэг гарахгүй байх байсан. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэх дүгнэлт  нь үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан  шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 15  жилийн  хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын “...Өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Хохирогч эхлээд хутга барьж ******* руу дайрсан болох нь түүний баруун гар нь хутганд зүсэгдсэн гэмтлээр тогтоогдож байна. ******* учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хутгатай хүн өөр рүү нь дайрах үед сэтгэл санаа нь цочирч ийм гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Ийм учраас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу сэтгэл санаа цочрон давчдаж хүнийг алсан зүйл ангиар зүйлчилж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.

 

Хэргийн үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд хохирогч У. нь шүүгдэгч Г.Батсууртай цэрэгт байхдаа өгсөн хувцас аятайхан өмсдөггүй, арчаагүй галч  байсан гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар бие биенээ заамдаж, шүүгдэгч нь хохирогчийн хүзүү, нуруу хэсэгт нь хутгалж амь насанд аюултай гэмтлийг учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байх бөгөөд амь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч, шүүгдэгч нар хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, ******* нь хохирогчийг олон удаа хутгалж, хохирогч цээж хэвлийн хөндийн хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас амь хохирсон байх бөгөөд үйлдлийг хохирогчийн амь насыг хохирооход шууд чиглэсэн санаатай үйлдэл гэж үзнэ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардал болон хохиролд нийт 27,336,309 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдож буй 17,383,624 /2-р хх-ийн 33-54/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Үүнээс шүүгдэгчийн ар гэрээс төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Батсууриас 16,383,624 төгрөгийг гаргуулж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ид олгуулахаар шийдвэрлэв. Нийт нэхэмжилсэн 27,336,309 төгрөгөөс өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 2,878,979 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон 186 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн дээл,  саарал өнгийн ноосон цамц,  хөх өнгийн жинсэн өмд,  ягаан өнгийн ноосон цамц,  саарал өнгийн оруулгатай, шар мөрөвчтэй өмд,  саарал өнгийн мяндсан ногт, хар өнгийн бариултай хутга 2 ширхэг, шар ягаан бариултай хайч 1 ширхэг,  бариулгүй хутга 1 ширхэг,  ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* Батсуурийг 15 /арван тав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон 186 /нэг зуун наян зургаа/  хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.Батсууриас 16,383,624 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ид олгож, хохирлоос өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 2,878,979 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн дээл,  саарал өнгийн ноосон цамц,  хөх өнгийн жинсэн өмд,  ягаан өнгийн ноосон цамц,  саарал өнгийн оруулгатай, шар мөрөвчтэй өмд,  саарал өнгийн мяндсан ногт, хар өнгийн бариултай хутга 2 ширхэг, шар ягаан бариултай хайч 1 ширхэг,  бариулгүй хутга 1 ширхэг,  ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэг зэргийг устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.НАМУУНТУЯА

                     ШҮҮГЧИД                        Л.БАТЖАРГАЛ

             П.ПАГМА