Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2018/00827

 

 

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2018/00827

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1976 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, Хөвсгөл аймаг Мөрөн сум Их-Уул баг Цагаан бургастад оршин суух, Ч овгийн Д-н Д гийн /регистрийн дугаар ** / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг **  тоотод оршин суух Д овогт П-н Г-д /регистрийн дугаар ** / холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Д  миний ээж Нямсүрэн, П.Г-ийн ээж Ч нар эгч дүүс буюу П.Г- бид нар эгч дүүсийн хүүхдүүд юм. П.Г- нь надаас эхлээд 2012 оны 06 сард 3 000 000 төгрөгийг эхнэр ломбард ажиллуулж байгаа түүний эх үүсвэрт ашиглаад хүүтэй буцааж өгнө гэж, дараа нь 2015 оны 03 дугаар сарын 28-нд 14 000 000 төгрөгийг зээлдэн авсан. Бид ойрын төрөл садан хүмүүс тул итгээд гэрээ хийж, баримт үйлдээгүй мөнгийг өгсөн. Энэ мөнгөөр ХОВО гэдэг хүнд даацын машин авч говьд уул уурхайн компанид өндөр ашигтай ажиллаад сарын 5 хувийн хүүтэй буцааж өгнө гэж тохирсон. Үүнээс хойш хүү гэж нийт 3 удаа 400 000 төгрөгийг буюу нийтдээ 2 100 000 төгрөг төлсөн. Би хот хүрээ явж П.Г-ийн араас хөөцөлдөж чадахгүй орон нутагтаа ирэхэд нь уулздаг, таны мөнгийг удахгүй өгнө гээд элдэв учир шалтгаан тоочиж явсаар өдий хүрч байна. Нэг ХОВО машин авч ашиглаж байгаа ашгаасаа удахгүй таны мөнгийг өгнө гэж  амласан ч бас л биелээгүй. П.Г- миний мөнгийг төлөх бүрэн боломжтой хүн юм. Тэрээр надад хэлэхдээ машин угаалгын газар ашиггүй байна, би одоо газраа зарахаар хөөцөлдөж байна. Газар зарагдвал таны мөнгө юу ч биш гэж хэлж байсан ч тэр нь биелээгүй. Хамгийн сүүлд 2017 оны 12 сарын 2-нд эрэл сурал болж байж биечлэн уулзаж ярилцсан. Тэгэхэд мөн л таны мөнгийг удахгүй өгнө битгий санаа зав гэж хэлж байсан ба энэ байдлыг дуу дүрсээр бичлэг хийж баталгаажуулж авсан байгаа. Одоо дуулахад Орхон аймагт Бүрэнбүст гэдэг газар малчинтай 30 гаран үхэр, 10 гаран адуутай, малладаг айлтай гэх сураг байна. Иймд би П.Г-аас өгсөн 17 000 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн зардлаа төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. Шүүх үнэн бодит байдал, шударга ёсонд нийцүүлэн нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Г- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Д гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би ах Д гээс 2011 онд анх 7 000 000 төгрөг, 2012 онд 3 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг тус тус авч ний 14 000 000 сая төгрөг л авсан. Харин үүнээс хойш нэг ч төгрөг аваагүй. Тэрээр нэхэмжлэлдээ 2015 онд 14 000 000 төгрөг авсан гэж , мөн хүү тохирсон, мөн намайг 400 000 төгрөгөөр 3 удаа төлсөн гэж худлаа зүйл бичжээ. Гэтэл би 2014, 2015 оноос хойш огт мөнгө аваагүй харин 2011 оноос хойш увуулж цувуулж буцааж мөнгө төлсөөр нийт 6 000 000 төгрөг төлсөн. Би уг нь ахтайгаа тохиролцчихсон гэж л бодож байсан юм. Хуулиараа бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа ...би нэхэмжлэл гаргахдаа 3 удаа 400 000 төгрөгөөр нийт 1 200 000 төгрөг авсан гэхийг тооны орон сольж 2 100 000 төгрөг гэж буруу бичсэн байгааг тайлбараараа залруулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Д , хариуцагч П.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүхэд ...би П.Г-т 2012 оны 06 сард 3 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 28-нд 14 000 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөг өгсөн.Иймд П.Г-аас зээлдүүлсэн 17 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч шүүхэд ...би Д.Д  ахаас 2011 онд 7 000 000 төгрөг, 2012 онд 3 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөг зээлж авсан.2015 онд мөнгө зээлж аваагүй гэсэн тайлбар татгалзлыг тус тус гаргасан.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Д.Д  хариуцагч П.Г-т нийт 17 000 000 төгрөг зээлдүүлсэн гэсэн тайлбартайгаа холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүний 17 000 000 төгрөг нэхэмжлэгчид зээлдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч нэхэмжлэгчээс 14 000 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа тул дээрхи 14 000 000 төгрөгнөөс нэхэмжлэгч зээл, хүү тохиролцсон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул тэрээр хүү авах эрхгүй гэж үзэж нэхэмжлэгчийн хариуцагчаас авсан гэж зөвшөөрч байгаа 1 200 000 төгрөгийг хасч 12 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 200 000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч шүүхэд ...би Д.Д  ахад 6 000 000 төгрөг буцааж төлсөн гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тэрээр тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа 1 200 000 төгрөгийг зээлийн үүргээс хасч тооцлоо.

Хариуцагч шүүхэд ...нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгчийн ...П.Г- 400 000 төгрөгөөр 3 удаа нийт 1 200 000 төгрөг өгсөн. Хариуцагч 2015 онд хүү төлж байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Тиймээс үүрэг хүлээсэн этгээд буюу П.Г- Д.Д д 2015 онд мөнгө буцаан төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн өөрийн шаардлагаа үндэслэж шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн флаш дискнд агуулагдсан дүрс, дууны бичлэг нь хэн, хэний хооронд, юу яригдаж байгаа нь тодорхойгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт биш байх тул, хариуцагчийн тэмдэглэлийн дэвтрийн хуулбар нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагчийн эд хөрөнгө битүүмжилсэн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1651 дүгээр захирамж энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байна.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 219 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч П.Г-аас 12 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 219 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан хариуцагчийн хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1651 дүгээр шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасныг баримтлан хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн флаш дискийг хэрэгт хавсаргасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаарэнэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА