Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/309

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0290/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Ц-гийн Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000317 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,  2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, халх, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, онцгой байдал- гамшгаас хамгаалах албаны мэргэжилтэй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Ц-гийн Э- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э- нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э- нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19:50 минутын орчим хохирогч Ж.М- Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар багт байрлах “М-” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлээд гарахдаа орхиж гарсан айфоне-12 маркийн, 1,700,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Ц.Э-гийн мөрдөн ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би олсон гар утсаа 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хадгалж байгаад Улаанбаатар хотын Теди төв дээр очиход засвартай байсан болохоор Монтел төв дээр очоод гар утасны худалдаа эрхэлдэг хүмүүсээс дэлгэцний код гаргах боломж байна уу гэж асуухад ямар ч боломжгүй, наад утсаа дэлгэцний үнээр зарахгүй юу гэж хэлсэн. Би буцаад Теди төвийн ойролцоо хоол идэх гээд явж байхад А- гэх залуу ирээд ах нь наад утсыг чинь 600,000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 500,000 төгрөгийг нь өөрийнхөө ХХХ дугаарын дансанд аваад 100,000 төгрөгийг нь бэлнээр авсан. Би А- гэх хүнд олсон гар утсаа зарахдаа манай ахын гар утас гэж хэлээд зарсан, ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч А.А-гээс айфоне-12 маркийн улаан өнгөтэй гар утсыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8/,

 

Хохирогч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2022 оны 6 дугаар сарын 29-ний орой 19:50 минутад Дархан сумын 5 дугаар багт байрлах “М-” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлэхээр багын найз болох Б.М-ийн хамт орж худалдан авалт хийчхээд гэртээ орсон. Гэртээ ороод утсаа үзэх гэтэл байхгүй байсан. Би дүү болох Нандинцэцэгийг утсаа хайлгахаар дэлгүүр явуулсан, харин би өөрөө М-ийн машин руу утсаа хайхаар явсан. Машин болон дэлгүүрт миний утас байгаагүй. Тэгээд эхнэр *****, үеэл дүү Г.Ч-ын хамт “М-” гэх дэлгүүрт очиж 2022 оны 06 дугаар сарын 29-ний камерын бичлэгийг шүүж үзэхэд дэлгүүрийн худалдагч “М- 2 өдөр камераа ажиллуулаагүй” гэж хэлсэн. Хажуу талд байрлах “М-” нэртэй дэлгүүрт орж тухайн өдөртөө камерын бичлэг шүүж үзэхэд тодорхой дүрс харагдахгүй байсан. Камер шүүж байхад эргүүлийн цагдаа нар таарч цагдаад хандах тухай хэлсэн. Тэгээд цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13/,

 

Иргэний нэхэмжлэгч А.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Теди төвийн гадаа 20-25 орчим насны эмэгтэй хүнээс улаан өнгийн айфоне маркийн гар утсыг 600,000 төгрөгөөр худалдан аваад тухайн гар утсаа цагдаагийн байгууллагад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Ц.Э-гоос хохирлын 600,000 төгрөгийг хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, ..Би өөрийнхөө Х-банкны ХХХ тоот данснаас интернэт банкаар гар утас зарсан Ц-гийн Э- гэх хүний ХХХ  дугаарын дансанд 500000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утга дээр нь Iphone-12 ХХХ гэж бичсэн. Бэлнээр 100,000 төгрөг өгч худалдан авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 22/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “I phone-12 маркийн 64 GB багтаамжтай гар утасны бодит үнэ 1,700,000 төгрөг байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-36/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд Ц.Э-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн тал дээр маргахгүй байх бөгөөд шүүгдэгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6, 7 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Ж.М- нь алдсан гар утсаа хүлээн авсан /хавтаст хэргийн 7/ байх бөгөөд “шүүгдэгч Ц.Э-д ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, иргэний нэхэмжлэгч А.А- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Э-гоос утсыг худалдан авахдаа өгсөн 600,000 төгрөгөө хүлээн авсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлын нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүгдэгч Ц.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн /хавтаст хэргийн 49/, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй /хавтаст хэргийн 50/, эмээгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлууд тогтоогдож байна.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, олсон гар утасныхаа эзнийг олохоор оролдлого хийж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, холбогдсон хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, онцгой байдал гамшгаас хамгаалах албаны мэргэжлээр цаашид ажиллах чин хүсэлтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Ц-гийн Э-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД