Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 699

 

 

 

 

 

 

 

2019         7               09                                             2019/ДШМ/699

 

Ц.Б, Ц.У нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Р.Очирсүрэн,

            шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Ганбат,

            шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/471 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч С.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Б, Ц.У нарт холбогдох 1808032500159 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Цэцгээгийн Б, 1999 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорины 1 дүгээр гудамж,  тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын  байр,  тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:У/;

 

2. Батхаан овгийн Цэцэгсүрэнгийн У, 1999 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн дугаар хороо, Хархорины  дүгээр гудамж,  тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 955 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:/;

 

Ц.Б, Ц.У нар бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мустанг” баарны гадна 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн О.Гийн мөнгөн гинж, монетон гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авахаар довтолж бусдад 351.800 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Б, Ц.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Батхаан овгийн Цэцэгсүрэнгийн У, Боржигон овгийн Цэцгээгийн Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Бг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Уад энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 955 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Уын биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У, Ц.Б тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У, Ц.Б тус бүрийн урьдчилан хоригдсон 7 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У, Ц.Б нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.У, Ц.Б нарын эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.У гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн гэмт хэргийг ойлгож, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд хэргээ үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хүүхэд маань 1 нас 6 сартай, би өрх толгойлсон эцэг юм. Би дахин буруу зүйл хийж, алдаж эндэхгүй үнэнч шударгаар хөдөлмөрлөж сайн, сайхан амьдарч чадна.

Иймд миний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Уын өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ц.У хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээж байна гэж дүгнэсэн атлаа уг хэргийн холбогдогч нар болох Ц.У, Ц.Б нар нь гэм буруугаа хүлээгээгүй маргасан гэж дүгнэж, шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Ц.У нь ой 6 сартай хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг бөгөөд хүүхдээ 6 сартайгаас нь хойш өөрөө асарч байгаа бөгөөд шүүхэд энэ талаар нотлох баримтаа гэм буруугийн хурлын дараа гаргаж өгсөн боловч шүүхээс нотлох баримтаар аваагүй тул давж заалдах шатны хурал дээр хувийн байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгнө. Учруулсан хохирлоо төлсөн хор уршгийг арилгасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо төлсөн тул ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байгаа тул тус заалтыг хэрэглэн шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хоёрны нэгээс багагүй ял болгон хөнгөрүүлж өгнө үү..” гэв.

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч С.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал Ц.Бгийн гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий энгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж дүгнэн ял шийтгэлийг хөнгөрүүлэхгүйгээр шийдвэрлэсэн.

Гэвч шүүгдэгч Ц.Б нь “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг хийхгүй, ..хохирогчоос уучлалт гуйсан ...талаар мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Хохирогч О.Г ...хохирлоо авсан. Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ойлгож гэмшиж байгаа тул дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж найдаж ялыг нь хөнгөрүүлж өгнө үү, гомдолгүй гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрх зүйн боловсрол байхгүй, нас бага, гэнэн томоогүй байдлаас болж энэ гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж харамсаж байгаа, урд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт шийтгэгдэж байгаагүй байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ адилхан саналтай байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв

 

Шүүгдэгч Ц.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлгчтэйгээ адилхан саналтай байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргасан байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсны дараа шүүгдэгч нар зүйл ангийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн байдаг. Иймд хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан үзсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Ц.Б, Ц.У нар бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мустанг” баарны гадна 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн О.Гийн мөнгөн гинж, монетон гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авахаар довтолж бусдад 351.800 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч О.Гийн “...нөгөө залуу миний хүзүүнд давхарлаж зүүсэн байсан нилээд өргөн мөнгөн гинж, нарийхан монетон гинж хоёрыг таслаад авах гэхэд нь би 2 гинжээ өрсөж аваад баруун гартаа атгаад суучихсан. Тэр үед нөгөө залуу намайг “гинжээ өг” гээд ахин дахин шаардаад миний 2 гар луу цохиж өшиглөөд байхаар нь хүзүүний гинжээ “май ав” гэхэд тэр залуу гарын алгаа тоссон. Би алган дээр нь 2 гинжээ тавихад намайг цохихоо болиод яваад өгсөн. ...Цагдаагийн машин ирэхэд тэр залуус зугтаагаад нэг цагдаа нь нөгөө 2 дээрэмчинг хөөгөөд барьж авсан...” /хх 8-9, 25-26/,

 

гэрч Д.Жаргалнэмэхийн “...бид хоёр “Мустанг” баарны үүдэнд явж очиход үл таних 20 орчим насны залуу гарч ирээд бид хоёрыг оруулахгүй ах Ганхуягийг бариад авсан. Намхан залуу нь цээж нүцгэн гарч ирснээ ахыг нүүрэн тус газар нь цохиод, өндөр залуу нь ахыг хөлөөлөө хавсарч унагаасан. ...Цагдаа ирэхийг хүлээж зогсож байгаад нөгөө 2 залуу ахыг орхиод явахаар нь би очиход ахын хүзүүнд байсан монетон гинж, зузаан мөнгөн гинжийг тэр залуус аваад явсан байсан...” /хх 11-12/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 83-85, 93-96/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 61-62/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8501 дүгээр дүгнэлт /хх 18/,

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 68-71/ зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.

 

Гэмт хэрэг хэзээ, хаана гарсан, гэмт хэргийг хэн үйлдсэн, тэдний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдсон байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүх Ц.Б, Ц.У нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б, Ц.У нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, тэдний оролцоо, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд хорих ялыг ялгамжтай оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч С.Ганбат нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэл болгон хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан сонгож хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

 

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

 

Шүүгдэгч Ц.Б, Ц.У нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу өмгөөлөгч А.Буяндэлгэрээс шүүгдэгч Ц.Уын хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “...ам бүл 2, хүүтэйгээ оршин суудаг болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолтыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Шүүгдэгч Ц.У хүүхэдтэй хэдий боловч түүний мөрдөн шалгах ажиллагааны явц, шүүхийн шатанд “...ам бүл 7, эцэг, эх, ах, дүү, эхнэр, хүүхдийн хамт...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх 29/ зэргээс үзэхэд түүнийг ганц бие эцэг гэж үзэх боломжгүй байна.  

 

Түүнчлэн анхан шатны шүүх Ц.Уад дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 955 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцэж байгаа болно.

 

Иймд, шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч С.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: