Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 112/ШШ2021/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Т.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Ж.А, Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Я.Г нарт холбогдох Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 02 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, хурлын дэгийн дагуу 2 дахь санал хураалтаар олонхийн санал авсан Т.Д намайг Халиун сумын Сүүж багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Ж.А, Я.Г /онлайнаар/, гуравдагч этгээд Н.Д, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, гэрч Т.О, Б.Ө, Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гарасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болж, Сүүж багийн Засаг даргын сонгуулийг явуулахдаа 5 хүн сонгуульд оролцож байгаа тул 5 хүний дунд сонгууль явуулаад хамгийн олон санал авсан 2 хүнийг дахин сонгууль явуулахаар хурлын дэгийг баталсан. Багийн Засаг даргын сонгуульд Д.Э, Д.Э, Л.Б, Н.Д, Т.Д нар оролцож эхний санал хураалтаар хамгийн олон санал авсан МАН-аас нэр дэвшигч Т.Д, АН-аас нэр дэвшигч Н.Д нарыг оролцуулан хурлын дэгийн дагуу 2 дахь санал хураалтыг зохион байгуулсан. Тус санал хураалтаар Т.Д 106 санал, Н.Д 106 санал тэнцсэнээр танилцуулсан бөгөөд тухайн саналын хуудсанд дахин хяналтын тооллого хийж ажиглагчдын хамтарсан тооллогоор Т.Дгийн саналын хуудас Н.Д-ын саналын хуудсанд орж тоологдсон байсныг илрүүлж Т.Д нь 107 санал, Н.Д нь 105 санал авсаныг тооллогын комисс зарласан байдаг. Гэтэл багийн Засаг даргын сонгуулийн тооллогын комисст оролцсон ЗДТГ ажилтан Э.Н, Соёл мэдээллийн төвийн эрхлэгч Ц.Н, Соёл мэдээллийн төвийн ажилтан Д.Н нар нь бүгд АН-аас нэр дэвшигч Н.Д дарга болгохын тулд хуралдааны дэг зөрчиж, бид алдаа гаргачихлаа уучлаарай дахин сонгууль явуулна гэж багийн иргэдийг турхирч, дахин хууль бус санал хураалт явуулсан. Ингэж хууль бусаар санал хураалт явуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох үндсэн эрхтэй гэсэн заалтыг зөрчиж, төлөөлөгчдийн саналаа чөлөөтэй илэрхийлэх төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцох сонгох эрх нөгөө талаас багийн Засаг даргад нэр дэвшигч миний Засаг даргаар сонгогдох эрхэд халдсан. Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Ардчилсан ёс, шудрага ёс ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, ... хууль дээдлэх зарчим баримтална гэснийг тус тус зөрчиж хууль бус дахин сонгуулийг явуулж сумд төр барьж байгаа АН-ыг дэмжиж хурлыг зохион байгуулсан. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэсэн заалт, хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар Баг хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэснийг тус тус зөрчсөн. Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналыг МАН-аас нэр дэвшигч Т.Д авсан гэж тооллогын комиссоос танилцуулсан нь хууль ёсны бөгөөд шудрага ёсны зарим, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцэж байх тул Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн багийн Засаг даргад Н.Д нэр дэвшүүлэхээр сумын Засаг даргад уламжилсан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурлын дэгийн дагуу 2 дахь санал хураалтаар олонхийн санал авсан Т.Д намайг Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д хэрэг хянан шийдвэрлэх явцад Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар Н.Д багийн Засаг даргаар томилох тухай захирамжийг гаргасан байна. Иймд Халиун сумын Засаг дарга нь хууль бус актад үндэслэн дээрхи захирамжийг гаргасан байх тул Халиун сумын Засаг даргын Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Т.Дгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн Сүүж багийн иргэдийн нийтийн хурлын дарга болон Засаг даргыг сонгох хурал 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болсон. Хурлын дэгийн дагуу 5 нэр дэвшигчээс олонхийн санал авсан 50+1 гэсэн зарчмын дагуу 2 нэр дэвшигчийг дахин санал авахаар баталсан байдаг. 2 дахь санал хураалтаас тооллогын комисс 106, 106 санал авч тэнцсэн байна гэж танилцуулсан. Гэтэл хяналтын тооллого хийхэд Т.Д 107, Н.Д нь 105 хүний санал авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтаар тодорхой тогтоогдож байна. Гэтэл дахин хууль бусаар 3 дахь удаагийн санал хураалт явуулсан нь хавтаст хэргийн материалаас харагддаг. 3 дахь удаагийн хууль бус сонгууль зарлаж тухайн сонгуулийн дүнд үндэслэж Н.Д Засаг даргаар томилсон асуудал байгаа. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно гэж заасан үндсэн эрхэд халдсан гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Засаг даргаас хурлыг зарлуулан, ажлын хэсэг томилсон. Мөн хурал дээр ажлын хэсэг буюу тооллогын комисс томилох ёстой байсан. Гэтэл энэ асуудлыг хийгээгүй. Хурлын дэг баталсан гэж байгаа боловч баталсан дэгийн дагуу хурал нь явагдаагүй. Хурлын дэг дээр 2 удаагийн санал хураалт явагдана гээд 50+1 гэсэн зарчим үйлчилнэ гэж заасан. Гэтэл 2 дахь удаагийн санал хураалтаар миний үйлчлүүлэгч 107 саналтай буюу илүү санал авсан нь тогтоогдож байгаа. Гэрч нарын мэдүүлгээр ямар учраас 3 дахь удаагийн санал хураалт зарласан бэ гэдэг нь ажлын хэсэг нэрээ цэвэрлэх зорилгоор гэдэг асуудал гарч ирсэн. Ажлын хэсэгт ажилласан хүн нь ашиг сонирхол бүхий нөхцөл байдал харагдаж байгаа. Тухайн сумд Ардчилсан нам гарсан байдаг. Үүнтэй холбоотой сумын Засаг дарга болон иргэдийн нийтийн хурлын дарга нь иргэний хувьд оролцож байгаа гэсэн боловч би багийн Засаг даргыг томилох эсэхийг шийдвэрлэнэ гээд хэлж байгаа нөхцөл байдлаас харахад тухайн үйл ажиллагаанд шууд бусаар нөлөөлж байгаа нь харагдаж байгаа. Ажлын хэсгийн хүмүүс нь эдгээр хүмүүсийн томилсон хүн байдаг. Тэгээд сонгуулийг хурлын дэгийн дагуу явуулсан гэж байгаа боловч хурлын дэгд нэрээ цэвэрлэх зорилгоор эсвэл бусад нөхцөл байдлаар маргаан үүсвэл 3 удаа санал хураалт явуулна гэж батлаагүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 хэсэгт Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална гэж заасан. Гэтэл тогтоол бодит байдал дээр гараагүй. Ямар ч байсан хурлын дэг баталсан нь гэрчийн мэдүүлгээр харагдаж байгаа. Баталсан дэг нь төрийн үйл ажиллагаанд баримтлах Үндсэн хуульд заасан хууль дээдлэх, шударга ёсны байх, ардчилсан ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Мөн хурлын тэмдэглэлд нэр дэвшиж байгаа 2 нэр дэвшигч дахин санал хураалт явуулахыг зөвшөөрсөн эсэх тодорхойгүй. Харин зөвшөөрөөгүй асуудал яригдаж байгаа. Мөн ард иргэдийн санал аваагүй. Авсан гэж байгаа боловч яаж авсан, яаж баримтжуулсан, хэдэн хувийн ирцтэй байсан, хэдэн хувиар Н.Д томилсон эсэх нь ойлгомжгүй байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж байгаа. Хурлын тогтоолыг санал хураалтад оролцсон олонхийн саналаар батлах боловч батлуулаагүй. Сүүлд намайг ирж дуудахаар нь би ирж гарын үсэг зурсан гэж хариуцагч өөрөө хэлж байгаа. Үүнийг мөн гэрч нар ч мэдүүлж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дэх хэсэгт Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан. Гэтэл багийн иргэдийн нийтийн хурлын дарга нь тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчиж 2 дахь удаагийн санал хураалтаар 50 буюу түүнээс дээш хувийн санал авсан Т.Д-гийн нэрийг явуулахгүйгээр ашиг сонирхол бүхий Ардчилсан намын гишүүн гэх өөрийн ашиг сонирхолтой нэг Н.Д-ын нэрийг явуулсан нь хуульд нийцээгүй үндэслэл бүхий сонгууль болоогүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай харагдаж байгаа. Сүүж багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үндэслэл болгосон байгаа нь тухайн Сүүж багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол нь хуульд нийцээгүй байх учир үүнтэй холбоотой Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Улс төржсөн, Ардчилсан нам нь Халиун сумд гарсан гэх үндэслэлээр тухайн багийн Засаг даргыг Ардчилсан намын хүн болгох зорилгоор ажиллагаа хийлгүүлсэн бодит нөхцөл байдал хангалттай тогтоогдож байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Я.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурал 2021 оны 02 дугаар сарын 01-нд болсон. Миний бие нэр дэвшиж байсан учир хурал нээгээд сонгогчдын суудалд шилжсэн. Багийн Засаг даргад нэр дэвшихээр Д.Э, Д.Э, Л.Б, Н.Д, Т.Д нарын 5 хүн нэр дэвшиж эхний санал хураалтаар Н.Д, Т.Д нар олонхийн санал авсан. 2 дахь санал хураалт явагдсан 212 хүн санал хураалтанд оролцож 2 нэр дэвшигч 106 106 хүний санал авлаа гэж ажлын хэсэг зарласан. Хяналтын тооллого явуулна гэж дахин тооллого явуулахад Т.Д нэр дэвшигчийн санал руу орсон байна гэсэн үүний учир санал хураалт дахин дахихгүй гэдэг маргаан үүссэн, маргалдаж байх явцад МАН-ын дарга Б.Ө ажлын хэсэгт хандаж та нар луйвар хийлээ гэсэн хариуд нь Ц.Н бид санаатай луйвар хийгээгүй алдаа гарсан байна. Намын чинь дарга ингэж байвал шударгаар дахин санал хураалт явуулна бид төрийн албан хаагчид нэрээ цэвэрлэж авна гэсэн ингээд маргалдсаны эцэст дахин санал хураалт явуулахаар олонхоор зөвшөөрч дахин санал хураалт явсан. Энэ удаагийн санал хураалтаар нэр дэвшигч Н.Д 123 санал, Т.Д 92 санал авсан учир нэр дэвшигч Н.Д баталсан.

Хариуцагч Халиун сумын Засаг дарга Ж.А шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Багийн дарга сонгох санал хураалтанд 5 иргэн нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд эдгээр нэр дэвшигчдээс Н.Д 90 санал, Т.Д 60 санал авсан бөгөөд хурлын дэг ёсоор 50+1 хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан дээрх 2 нэр дэвшигч дээр санал хураалт явуулахад тэнцсэн тул дахин санал хураалт явуулах шаардлага гарсан. Дээрх нэр дэвшигчдийн тэнцсэн саналын хуудсыг ажиглагч нар хяналтын тооллогоор баталгаажуулах санал гарган тооллогын комисс зөвшөөрч хийсэн. Тухайн үед сумын МАН-ын дарга Б.Ө орж ирээд та нар будилаан хутгасан гэх зэргээр олон зүйлд иргэдийг турхирсан тул тооллогын комисс дахин санал хураалт явуулах талаар иргэдээс санал авахад 100 хувь дэмжиж дахин санал хураалт явуулж Н.Д ялалт байгуулсан. Би Сүүж багийн иргэн. Багийн иргэний хувьд би саналаа өгсөн. Хүмүүс цугларсан байсан тул цаг үеийн тухай ярьсан. Түүнээс хуралд оролцож, санал хураалт явуулж байгаа хүмүүст нөлөөлөх зүйл хийгээгүй. Хурал дээр үг хэлэхдээ энэ хүнийг дэмжээрэй гэж улс төржсөн, хэн нэгэнд нь давуу байдал үүсгэх хандлагыг гаргаагүй. Цаг үеийн асуудал буюу өвөлжилт хүндэрч байна. Ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар тайлбарласан. Түүнээс хэн нэгэнд давуу байдал гаргах, улс төржсөн үйлдэл гаргаагүй. Өөр сумын багийн хурлыг ажиглаж байхад энэ хүнтэй хамтарч ажиллана гэх байдал гарч байдаг. Гэхдээ миний тухайд тийм зүйл гараагүй гэдгийг 2 нэр дэвшигч хоёулаа мэдэж байгаа байх. Миний захирамж хурлын тогтоолын дагуу гарсан учраас хууль ёсны захирамж. Хурлын тогтоол хүчингүй болсон үед дагаж хүчингүй болно гэв.

Гуравдагч этгээд Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хуралд 5 хүн өрсөлдсөн. Бид 2 үлдсэн 2 дахь саналаар тэнцлээ гээд дахин хяналтын тооллого явуулсан. Нэр дэвшигч Т.Дгийн эгч Т.О тоолсон, нэг саналын зөрүү гарлаа гээд маргаан болсон. Энэ үед МАН-ын дарга Б.Ө согтуу орж ирээд дахин сонгууль явуул гэж маргасан. Багийн иргэд энэ маргааныг дахин сонгууль явуулсан дээр гэж үзсэн. Бас тооллогын комисс шийдвэр гаргасан. Ингээд дахин санал хураалт 100 хувийн ирцтэй болж, миний бие Н.Д 123, Т.Д 92 хүний санал авсан гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цар тахалтай байхын зэрэгцээ улс орон сонгуулиар өвчилж байхад дахиад процессын алдаа хайгаад сонгууль явуулахад иргэдийн нийтийн эрх ашиг хохирч байна гэж хэлэх хэрэгтэй. Мөн хавтас хэргийн 48 дугаар талд авагдсан гол агууламж бүхий 105, 107 гэсэн санал хураалтаас болж маргаан үүсэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2 дахь санал хураалт хүчинтэй, 3 дахь санал хураалт хүчингүй гэж байна. Гэвч энэ нь утга агуулгаар процессын алдаа зөрчсөн байгаа. Тэгэхээр процесс зөрчсөн алдааг бүхэлд нь хүчингүй болгох тохиолдолд иргэдийн нийтийн эрх ашиг зөрчигдөж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 70.5.3 дахь хэсэгт заасан нөхцөлийг хэрэгжүүлэх гэж тэмдэглэл үйлдэж, гишүүдээр гарын үсэг зуруулах гэж будилаан хутгасан. Өөрөөр хэлбэл энэ заалтад нийцүүлэхийн тулд үйл явдал болсны дараа буюу 02 дугаар сарын 02-ны өдөр ямар ч үйл явдал болоогүй байхад шүүхэд нотлох баримт гаргаж өгөх гэж байна гээд багийн нийтийн эрх ашигт нөлөөлөхүйц баримт гаргаж өгч шүүхэд эрх, ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь 4 жилд 1 удаа болж байгаа. Тэгэхээр багийн Засаг даргын сонгууль нь хуульд нийцсэн эсэхийг шүүгч хянах байх. Дахин сонгуулиар миний үйлчлүүлэгч 123 буюу 56.9 хувийн саналаар илт давуугаар ялалт байгуулсан. Энэ ялалт байгуулсныг гэрч Д.Н, С.Н, Ц.Н нар бүгдээрээ тэмдэглэлд бэхжүүлж тодорхой хэмжээний нотлох баримт өгсөн байгаа. Тогтоол хуулийн дагуу гарсан. Үүнд үндэслэн Засаг даргын захирамж үндэслэлтэй гарсан. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн эрх ашиг давхар хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Үйл явдал нэгэнт болж 02 дугаар сарын 02-ны өдрийн нотлох баримтыг барьж дайрч байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх үзлэг хийж хэн ялалт байгуулсан талаарх нотлох баримт хэргийн материалд байгаа. Тиймээс 3 дахь удаагийн санал хураалт хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гэрч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт: Т.Д нь Монгол Ардын намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байсан гэдэг үүднээс дэмжлэг үзүүлж, хамтын үйл ажиллагаа явсан. Би санал өгөх үйл ажиллагаанд оролцоогүй. Санал тэнцсэн гэхээр нь хяналтын тооллого хий гэдэг үүднээс Т.Оээр хяналтын тоолго хийлгэсэн. Хяналтын тоолго хийхэд Т.Дгийн санал Н.Д нэр дэвшигчийн санал дээр тоологдож санал тэнцсэн байдаг. Үүнийг хяналтын тоолгоор илрүүлж Т.Дгийн санал дээр 1 санал нэмэгдсэнээр Т.Дгийн санал 2 саналаар илүү гарсан. Ард иргэдийн саналыг ингэж луйвардаж болохгүй гэдэг өгүүлбэр хэлсэн. Тэгэхээр Ц.Н үйл ажиллагаа явуулж бид нэрээ цэвэрлэнэ гэдэг зүйл ярьж дахин сонгууль явуулна гэсэн. Мөн сумын Засаг дарга Ж.А, иргэдийн нийтийн хурлын дарга нар дахин сонгууль хийнэ гэсэн зүйл ярьсан. Дахин сонгууль явуулна гэсэн зүйл би хэлээгүй. Т.Дг Засаг даргаар батлуул гэсэн агуулга хэлсэн. Учир нь дэмжиж оролцож байгаа хүн дахин сонгууль явуул гэх нь зохимжгүй асуудал. Ажлын хэсгийн ахлагч Ц.Н дахин санал хураалт явуулна. Бид нэрээ цэвэрлэж авна гэдэг байдлаар дахин санал хураалт явуулсан гэв.

Гэрч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт: Эхний санал хураалтаар санал тэнцсэн. Зааланд сууж байгаа нийт сонгогчдоос санал асуугаад сонгогчдын 100 хувийн саналаар дахин санал хураалт авахаар болж 2 дахь санал хураалтаар Н.Д давуу санал авсан. Маргааш өглөө нь Т.Д би шүүхэд өргөдөл гаргах гэж байна. Саналын хуудсыг чинь дахиж тоолъё гэсэн. Тэгээд саналыг хуудсыг дахиж тоолуулсан. Би ойлгохдоо баталгаа болгох гэж байна гэж ойлгосон. Б.Өын дайрснаас болж дахин санал хураалт явуулах нөхцөл бүрдсэн. Учир нь тооллогын комиссыг та нар булхай хэрэглэлээ. Иргэдийн саналыг үндэслэх нөхцөл бүрдсэн. Тэгээд иргэдээс асуухад иргэд 100 хувь дахин сонгууль явуулъя гэж хэлсэн учраас дахин санал асуулга явуулсан. Шударга байлгахын тулд Т.Дгийн саналын хуудсыг Н.Д-ын ажиглагч, Н.Д-ын саналын хуудсыг Т.Дгийн ажиглагчаар тоолуулсан. Тэгээд та хоёр зэрэг тоолж эхэлнэ шүү гээд тэмдэглэл хөтлөх цаас авчрах гээд явах хооронд Т.О тооллого эхлүүлсэн байсан. Энд би хардаж байгаа. Учир нь 3 хүн тойруулаад тоолсон байхад анзаарах ёстой байсан гэв.

Гэрч Т.О шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт: 212 хүний санал хураалт болсон. Тэгээд 106, 106 хүний санал авсан байна гэж Ц.Н танилцуулсан. Дараа нь дахин санал хураалт явуулна гэж байсан. Тэгээд би саналын хуудсаа тоолъё гэхэд тэг тэг гээд би Н.Дорждагвын ажиглагчийг дагуулж ирээд хяналтын тооллого хийсэн. Хажууд С.Н, Ц.Н нар байсан. Тэгээд тоолж байхад 12 билүү, 13 дахь хуудас дээр Т.Д гэсэн саналын хуудас гарч ирсэн. Тэгээд Т.Дгийн саналын хуудас гараад ирлээ гээд бусдыг тоолоход 105 болсон. Хүмүүс дахин санал хураалт явуулна гэж маргалдсан. Тэгээд би С.Н-т чи хууль, эрх зүй хариуцсан хүн байна. 2 хүний илүү санал авсан байхад дахин санал хураалт явуулна гэж байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Н бид нэрээ цэвэрлэнэ гээд дахин санал хураалт явуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурал 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болж, Я.Г 54.3 хувь буюу 113 хүний саналаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон байна. Дараа нь багийн Засаг даргад Д.Э, Д.Э, Л.Б, Н.Д, Т.Д нар нэр дэвшиж багийн нийт 222 иргэн оролцсоноос Д.Э 25 санал буюу 11.2 хувь, Т.Д 64 санал буюу 28.8 хувь, Д.Э 32 санал буюу 14.4 хувь, Н.Д 90 санал буюу 40.5 хувь, Л.Б 9 санал буюу 4 хувийн саналыг авч, 2 хүчингүй санал гарсанаар нэр дэвшигч нарын хэн нь ч олонхийн санал аваагүй тул хамгийн олон хүний санал авсан Т.Д, Н.Д нарыг оролцуулан дахин санал хураалт явуулсан байна. Дахин санал хураалтаар Т.Д 106 хүний санал, Н.Д 106 хүний санал авч тэнцсэн байгааг тооллогын комиссын гишүүд танилцуулахад Т.Дгийн хөндлөнгийн ажиглагч болох Т.О хоёр нэр дэвшигчийн нэрний эхний үсэг адилхан Д үсэгээр эхэлсэн учир буруу тоолсон байх магадлалтай тул хяналтын тооллого хийх хүсэлт гаргаснаар хяналтын тооллого хийхэд Т.Д 107 хүний санал, Н.Д 105 санал авсан байна.

Нэр дэвшигч нарыг тэнцсэн талаар тооллогын комисс танилцуулсан байхад хяналтын тооллогоор Т.Д нь илүү санал авсан байх тул иргэдийн дунд маргаан үүсч, тооллогын комиссын гишүүд шударга ажилласан, нэр төрөө цэвэрлэнэ гэх байдлаар дахин сонгууль явуулах талаар санал гаргаж иргэдээс санал асууж дахин сонгууль явуулсан байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл, гэрч Т.Дгийн ажиглагч Т.О ...Т.Дгийн 1 саналын хуудас Н.Д-ын саналд орсоныг танилцуулсан. Гэтэл Б.Ө та нар ингэж луйвар хийж болохгүй гэдгийг хэлсэн ... зарим хүмүүс дахин санал хураалт явуулна, зарим хүмүүс нь дахин санал хураахгүй гэж орилсон. Тэгсэн тооллогын комисс Ц.Н дахин санал хураалт явуулахаар боллоо. Бид нар нэрээ цэвэрлэнэ гэсэн, гэрч тооллогын комиссын гишүүн Д.Н ...Н.Д- ын саналын хуудаснаас Т.Дгийн 1 саналын хуудас гарч ирсэн. Тэгээд 2 саналаар илүү болсон. Гэтэл Б.Ө согтуу орж ирж тооллогын комиссыг хэл амаар доромжилж булхай хийлээ гэсэн. Тэгтэл дахин санал хураая гэж ард иргэдээс санал гаргасан. Тооллогын комисс нэр төрөө цэвэрлэнэ гэж дахин санал хураалт явуулсан... гэрч тооллогын комиссын гишүүн Э.Н ...тооллогын комисс саналын хуудсыг Т.Оээр тоолуулсан. Т.Дгийн 1 саналын хуудас Н.Д-ын саналын хуудсанд орсон байсныг гаргаж ирж иргэдэд мэдээлсэн ...Б.Ө согтуу орж ирж та нар сонгуулийг будилаатуулсан гэх байдлаар дайрч иргэдийн дунд үймээн үүсгэсэн. Тооллогын комисс Ц.Н бид ямар нэгэн байдлаар сонгууль будилаантуулаагүй харин ч үнэнч шударгаар ажиллаж байхад бидний нэр хүндэд хадлаа бид нэр төрөө сэргээж дахин сонгууль явуулна гэж хэлээд тэнд байсан цугласан Сүүж багийн иргэдээс дахин сонгууль явуулах эсэх талаар санал асуухад иргэдийн олонхи нь дахин сонгууль явуулъя гэж гар өргөсний дагуу дахин сонгууль явуулж Н.Д илт ялалт байгуулсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, сонгох ажиллагаа нь иргэдийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэдээс багийн Засаг даргад нэр дэвшихэд хууль заасан шаардлага хангасан иргэнийг эсхүл иргэн өөрийгөө нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд тухайн Хурлын хуралдаан оролцсон иргэдийн олонхийн саналыг авсан байна. Харин улс төрийн дэмжлэг үзүүлэх байдлаар намаас нэр дэвшүүлж багийн Засаг даргаар сонгох асуудлыг хуулиар зохицуулаагүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж зааснаар Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон 212 иргэнээс 107 буюу 50-иас дээш хувийн саналыг Т.Д авсан байхад дахин санал хураалт явуулж байгаа нь хууль бус байна.

Тодруулбал: Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож, багийн Засаг даргаа сонгох санал өгсөн 107 иргэн, багийн Засаг даргад нэр дэвшигч Т.Дгийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн төдийгүй нэгэнт олонхийн санал авсан, саналын дүн тодорхой болсон байхад маргаан үүсгэсэн, хэн нэгэн этгээд нэр төрөө цэвэрлэх зэрэг шалтгаанаар санал хураалтад оролцсон иргэдийн саналыг тоолох, дүнг танилцуулах үүрэгтэй оролцох тооллогын комисс нь дахин санал хураалт явуулах талаар санал гаргаж, иргэдээс асуух байдлаар дахин санал хураалтыг зохион байгуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, ...сум, дүүргийн Засаг даргад уламжлах гэж зааснаар Халиун сумын Сүүж 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Т.Дг Халиун сумын Сүүж багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэлээ.

Шүүх Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тогтоолыг үндэслэн Н.Д багийн Засаг даргаар томилох тухай Халиун сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох... гэж заасны дагуу хүчингүй болох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тогтоол, Халиун сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Т.Дг Халиун сумын Сүүж багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг Сүүж багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Э.ЗОЛБАДРАХ