Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0486

 

 

 

“Д Ж Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-21220000071 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 329 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч П.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0347/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д Ж Т Э” ХХК нь “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-21220000071 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 329 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан Ти Жи Ти энд Эм ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарт холбогдох Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-212200000071 дугаартай актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... Татварын улсын байцаагч нарын үйлдсэн “нөхөн ногдуулалтын акт” нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Татварын ерөнхий хуулийн 5.1.2-д “тодорхой байх”, 5.1.3-д “шударга байх” зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэнэ.

3.2. Нөхөн татвар ногдуулах уу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварьн ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын 2.2.6-д зааснаар уул уурхайн бүгээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх сстой байтал шууд журмын 2.2.6-д уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь шийдвэр нь үндэслэлтэй болж чадсангүй.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэж болох ба манай тохиолдолд бидний зүгээс АМНАТ-ийг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсныг ойлгох хэрэгтэй.

3.4. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” гэж заасны дагуу манай компанийн үйлдсэн татварын тайланг маш өндөр дүнтэй хаана байдаг нь эргэлзээтэй зарлаж буй үнэ нь бодит үнэн биш бирж гэх байгууллагын үнэнд таарахгүй байна гэж удаа дараа буцаагаад байхаар бидний зүгээс дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу татварын тайлангаа татварын албанд цаасаар үйлдэн шуудангаар хүргүүлдэг байсан.

3.5. Гэтэл Татварын алба биднийг огт тайлан гаргадаггүй, хүргүүлээгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол шуудангын баталгаагаар хүргэгдсэн татварын тайлан алга болох ёсгүй шүүх энэ байдлыг дүгнэж үзэх боломжтой байсан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Д Ж Т Э” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн НА-21220000071 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 3,137,041,861.31 төгрөгийн нөхөн татвар, 1,057,452,546.2 төгрөгийн торгууль, 556,129,969.64 төгрөгийн алданги, нийт 4,750,624,377.15 төгрөгийг төлүүлэхээр нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг актыг хүчингүй болгох үндэслэлээ “2018-2021 онуудад жонш экспортод гаргасан, АМНАТ-ын төлбөр төлөөгүй гэдэгтэй маргаагүй харин биржийн болон зах зээлийн үнэ зөрүүтэй, биржийн үнээр төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.

2.1. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч Р.Б, П.Д нар нь “Д Ж Т Э” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж дээрх нөхөн ногдуулалтын актыг тогтоосон байна.

2.2. Анхан шатны шүүх “...Хяналт шалгалтын хугацаанд хамаарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хууль, түүнд орсон нэмэлт өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг тодорхойлсон бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгчээс 2018 онд 15,856,81, 2019 онд 10,649.7, 2020 онд 7,980.75, 2021 онд 8,171.8, нийт 42,659.06 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортолсон хэдий ч 2018, 2019 онуудад тайлан ирүүлээгүй, 2020, 2021 онуудад “Х” тайлан ирүүлсэн байх тул түүнийг Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ” гээд 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна ... Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын хүснэгтийн 5 дугаарт хайлуур жонш Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ гэж нэрлэсэн, Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтаар Уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулахыг Сангийн сайд, Уул уурхайн сайд нарт үүрэг болгосны дагуу экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг сар бүр гаргасан болох нь Сангийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2434 дүгээр албан бичиг, түүний хавсралтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Нэхэмжлэгч “Д Ж Т Э” ХХК-ийн гаргасан “Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “тодорхой байх”, 5.1.3-д “шударга байх” зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн нөхөн татвар ногдуулах, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын 2.2.6-д “уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай 47 дугаар зүйлийн 47.14-д заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6-д уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-д заасныг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлтэй болж чадаагүй гэх гомдлын тухайд:

3.1. Ашигт малтмалын тухай хууль /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2-д “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална”, 47.3-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал, эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт... алданги тооцох бөгөөд”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж тус тус заажээ.

3.2. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт албан татвар ногдох бөгөөд хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод  гаргахдаа олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан төсөвт төлөхөөр зохицуулсан байна.

 3.3. Нэхэмжлэгч “Д Ж Т Э” ХХК нь 2018-2019 онд Ашигт малтмалын нөөц ашигласны тайлан гаргаагүй, 2020-2021 онд үйл ажиллагаа явуулаагүй, “Х” тайлан гаргаж ирүүлсэн бөгөөд тус компани нь 2018 онд 15,856.81 тонн, 2019 онд 10,649,7 тонн, 2020 онд 7,980.75 тонн, 2021 онд 8,171,80 тонн, нийт 42,659,06 тонн хайлуур жоншийг экспортод гаргаж борлуулсан боловч АМНАТ тайлагнаж төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” гэж заасны дагуу манай компанийн үйлдсэн татварын тайланг маш өндөр дүнтэй хаана байдаг нь эргэлзээтэй, зарлаж буй үнэ нь бодит үнэн биш, бирж гэх байгууллагын үнэнд таарахгүй байна гэж удаа дараа буцаагаад байхаар бидний зүгээс дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу татварын тайлангаа татварын албанд цаасаар үйлдэн шуудангаар хүргүүлдэг байсан” гэх гомдлын тухайд:

4.1. Татварын ерөнхий хууль /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.4-д “Татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана”, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 28.10-д “Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” гэж заасны дагуу татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүрэгтэй байна.

4.2. Гэтэл татвар төлөгч “Д Ж Т Э” ХХК нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг 2018, 2019 онуудад ирүүлээгүй, 2020, 2021 онуудад үйл ажиллагаа явуулаагүй “Х”-ээр тэмдэглэн ирүүлсэн тайланг татварын албанаас үнэн зөвөөр тайлагнаагүй тохиолдолд хяналт шалгалтад хамруулах үндэслэл болно гэдгийг тайлбарлан хүргүүлсэн ч нэхэмжлэгч компани нь тайлангаа засаж татварын албанд хүргүүлээгүй байна.

4.3. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 5.1.1-д зайлшгүй байх, 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-д “шударга байх”, 5.1.4-т “үр ашигтай байх”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх” гэж тус тус заасан.

4.4. Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д нарын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн НА-212200000071 дугаар нөхөн ногдуулалтын акт нь хуульд нийцсэн, холбогдох журмыг зөрчөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ