Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 175

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж /¹0747/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орлой овогт Бат-Оршихийн Доржрагчаад холбогдох 201625030613 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Уул баян суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 , эхнэр, 3 хүүхэд, өвөг эцэг нарын хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан өлгийн 29 дүгээр гудамжны 427 тоотод оршин суух , улсаас авсан гавъяа шагналгүй, 2016 оны 03 сарын 14 -ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 08 сарын 12 -ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Орлой овогт Бат-Оршихийн Доржрагчаа /РД-ЛК89020719/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Б.Доржрагчаа нь давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Сондор" үнэт эдлэлийн дэлгүүрт иргэн Г.Эрдэнэчимэгээс монетон хос ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйлийг авч "дансны дугаараа өгчих мөнгийг нь дансаар шилжүүлье" гэж хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Доржрагчаа мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сондор" үнэт эдлэлийн дэлгүүрт лангуугаа нээгээд удаагүй байхад гаднаас 30-35 орчим насны залуу орж ирээд "турк бөгж байна уу" гэж асуухаар нь байхгүй гэж хэлэхэд гараад явсан. Удаагүй буцаж орж ирээд бөгжнүүдийг чинь үзье гээд тавиуртай бөгж аваад үзэж байгаад монетон бөгж сонгоод энийг авъя гэхээр нь хайрцганд хийж өгөх гэхэд манай дүү хурим хийх гэж байгаа юм та гайгүй граммтай ээмэг, бөгж, гинжний хослол үзүүлээч гэхээр нь хослолуудаа үзүүлэхэд нэг хос монетон ээмэг, бөгж, гинж аваад нийт 1.350.000 төгрөг болсон. Би бараандаа баталгааны бичиг бичээд савалж өгөхөд намайгдансны дугаараа өгчих дансаар шилжүүлье гэхээр нь “Хаан” банкны данс өгөхдөө тодотгож “Хаан” банкны данс шүү гэж хэлэхэд нэг дугаар руу залгаад -ээжээ авсан эд зүйл 1.350.000 төгрөг болсон байна, дансны дугаар тэмдэглэж аваад мөнгийг нь шилжүүлчих гээд яриад хэсэг хүлээгээд мөнгө шилжиж ирэхгүй болохоор нь ямар банкнаас шилжүүлсэн юм бэ гэж асуухад Төрийн банкнаас шилжүүлж байгаа гэж байсан. Тэгээд хүлээгээд мөнгө нь шилжиж орохгүй болохоор нь бараагаа маргааш ирээд ав гэж хэлэхэд би хөдөө явах гэж байгаа юмаа гэсэн. Тэр үед манай нөхөр гаднаас ороод ирэхээр нь учрыг хэлэхэд ойрхон Төрийн банк байгаа хамт очоод шүүлгээд ирье гээд тэр залууг дагуулаад гарсан. Банкин дээр очоод асуухад хүний дансны мэдээллийг шүүж өгөх боломжгүй данс руу шилжүүлсэн бол маргааш өглөө 11:00 цаг гэхэд орчихно гэж хэлсэн гээд манай нөхөр тэр залууг дагуулаад орж ирсэн. Тэгэхээр нь яг данс руу шилжүүлсэн биз гэж асуухад найдвартай хийсэн гэхээр нь итгээд бараагаа өгөөд явуулчихсан. Тэгээд намайг гадуур явж байхад 86860139 дугаараас хэд хэдэн удаа залгасан байсан. Над руу -эгчээ би хөдөө рүү гараад явж байна, маргааш өглөө мөнгө авангуутлаа над руу залгаарай гээд мессеж бичсэн байхаар нь бүр итгэлтэй хүлээгээд миний данс руу мөнгө нь орж ирэхгүй болохоор нь 86860139, 88832608 дугаар руу залгахаар холбогдох боломжгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. 30-35 орчим насны хар өнгийн курткатай, хар өнгийн саравчтай малгайтай, махлагдуу биетэй, 165-168 см орчим нуруутай, дугуй бор царайтай залуу байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18х/,

 

Гэрч Д.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Доржрагчаа нь 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр намайг дагуулаад Чингэлтэй дүүргийн Занабазарын урд талын Төрийн банк руу дагуулж ороод Б.Доржрагчаа гэх хүний дансны мэдээллийг шүүлгэж үзэх гэсэн чинь тэр хүний данс биш ээжийнх нь данс болсон. Банкнаас өөрийнх нь данс биш учраас дансны мэдээллийг авах боломжгүй гэсэн. Тэгээд тэр залуу бид хоёр буцаад дэлгүүр дээрээ ирсэн. Нөгөө залуу нь хөдөө рүү яаралтай явахгүй бол болохгүй байна гэхээр нь хөдөөний хүн худлаа хэлэхгүй байлгүй гэж бодоод манай эхнэр Эрдэнэчимэг нөгөө хүнд өгөөд явуулсан байсан. Маргааш нь мобайл банкаар мөнгө нь орж ирэхгүй байхаар нь Доржрагчаа гэх хүний утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд тэр залууг залилан мэхэлсэн гэдгийг нь мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Б.Доржрагчаа бид хоёр банк руу явж байхад дүүдээ авч өгч байгаа гээд эрэгтэй хүний бөгж, эмэгтэй хүний бөгж ээмэг, гинж, кулон зэргийг аваад явсан гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46х/,

Яллагдагч Б.Доржрагчаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гараад 10 цагт Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр байцаагчтайгаа уулзчихаад мөнгө төгрөггүй байсан болохоор Тэдигийн цаад талын Сондор үнэт эдлэлийн дэлгүүрт ороод 40 нэлээд гарсан насны эгчтэй уулзаад хөдөөнөөс яваа юмаа бөгж, ээмэг, гинж авах гэсэн юмаа гээд мөнгийг нь мобайлаар шилжүүлэхээр болж тохиролцоод 1 хос ээмэг, 1 гинж, эрэгтэй, эмэгтэй бөгж авсан бүгд монетон эдлэл байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 81х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Доржрагчаа нь урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №271 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 cap баривчлах ял шийтгүүлэхийн өмнө давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сондор" үнэт эдлэлийн дэлгүүрт иргэн Г.Эрдэнэчимэгээс монетон хос ээмэг, бөгж, гинж зэрэг 1.200.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг "дансны дугаараа өгчих мөнгийг нь дансаар шилжүүлье" гэж хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн51-52х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18х/, гэрч Д.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 46х/, “Зам явах хуудас” /хх-ийн 57-62х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 81х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Б.Доржрагчааг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Эрдэнэчимэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд шүүгдэгчээс нийт 1.350.000 төгрөг хүлээн авсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар /хх-ийн 103х/ тогтоогдож байх тул Б.Доржрагчааг энэ гэмт хэргийг үйлдсэн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Б.Доржрагчаад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан, хувийн байдлыг харгалзан үзэж, мөн урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №271 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 cap баривчлах ял шийтгүүлэхийн өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан журмаар түүнд ял шийтгэл оногдуулж, түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ сар баривчлах ялаа бүрэн эдэлсэнийг, ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, ял эдэлсэнд тооцох нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Орлой овогт Бат-Оршихийн Доржрагчааг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Б.Доржрагчаад эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Доржрагчааг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд байлгаж баривчлах ялыг эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доржрагчааг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №271 шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 cap баривчлах ялд энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сар баривчлах ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор биеэр эдэлсэн 5 /тав/ сарыг  оруулан тоолж, түүнийг ял эдэлсэнд тооцсугай.

 

5. Б.Доржрагчаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Доржрагчаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ