Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00112

 

А.А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн 102/ШШ2017/02974 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.А-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Ө-д холбогдох

 

Түрээсийн гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд 1 030 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч А.А-ы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсувдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2017.07.28-ны өдөр Д.Ө-тай хүнсний дэлгүүр ажиллуулах ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, 2 сарын түрээсийн төлбөрт 700 000 төгрөгийг урьдчилан төлсөн. Дэлгүүрийг өмнө нь түрээслэж байсан Ж.Баасанхүү нь 2017.08.05-ны өдөр гэрээгээ дуусгаж дэлгүүрийн байрыг хүлээлгэж өгнө гэсэн тул бид гэрээний хугацааг 2017.08.10-ны өдрөөс эхлэхээр тохиролцсон. 2017.08.05-ны өдөр Ж.Баасанхүүгээс  лангууг нь 500 000 төгрөгөөр худалдан авч, дэлгүүрийн байрыг хүлээж авсан. Гэтэл 2017.08.07-ны өдөр Х.Чоймпог гэдэг хүн ирээд “..,энэ байрны эзэн нь би байна, ордер, бүх бичиг баримт нь байгаа, би 2017.8.04-ний өдөр ирж Ж.Баасанхүү, Д.Ө- нарт цаашид энэ ажлын байрыг өрөө тус бүрийг түрээслэхгүйгээр нийтэд нь нэг хүнд түрээслэхээр болсон гэдгээ хэлсэн, та нар одоо гар, Д.Ө-тай хийсэн гэрээ чинь надад хамаагүй, байрыг суллаж өг” гэж шаардсан. Бид Ж.Баасанхүүтэй утсаар ярихад Х.Чоймпогтой уулзаагүй, тэр өвгөн ямар ч хамаагүй, Д.Ө- түрээслэдэг байсан гэж хэлээд утсаа таслаад алга болсон. Д.Ө-д төлсөн 700 000 төгрөгөө авъя гэж шаардахад одоо олоод ирье гэж хэлж гараад ирээгүй. Тэр байрны эзэн Х.Чоймпогт 2017.08.12-ны өдөр түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн. Иймд  700 000 төгрөг, ажлын байрны түрээсийн гэрээний улмаас үүссэн тээврийн зардал 180 000 төгрөг, Д.Ө-ыг хүлээж сул зогссон 5 өдрийн ажлын хөлсний зардал 150 000 төгрөг, нийт 1 030 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.А-тай хийсэн түрээсийн гэрээнд дэлгүүрийн зориулалтаар 1 жилийн хугацаатай байрны 1 өрөөг ашиглахаар тохиролцсон юм. А.А-ы хэлээд байгаа Х.Чоймпог нь уг байрны эзэн мөн гэдэг нь үнэн. Гэхдээ тэрээр 2016 оны зун Өлзийсахайнд  27 дугаар байранд байх 2 тусдаа тоотуудын түрээслэгч олж зохих түрээсийг  явуулж байхыг амаар зөвшөөрсөн байсан юм. А.А- шөнө 12 цаг өнгөрч байхад эхнэртэйгээ ирж, орон сууцны маань хаалгыг чулуугаар цохиж ямар ч сэвгүй байсан бүргэд хаалгыг ашиглах эцэсгүй болгосон. Иймд 700 000 төгрөгөөс түрээсээр ашигласан хоногт ногдох 80 000 төгрөг, хаалганы үнэ 420 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ө- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Миний бие А.А-тай 2017 оны 8 дугаар сарын 10-нд хүнсний дэлгүүр түрээслүүлэх гэрээ байгуулан 2 сарын төлбөр болох 700 000 төгрөг авсан бөгөөд, А.А- нь гэнэт ажлаа хийлгүй мөнгөө буцаахаар болсон. Иймд түрээсийн гэрээний дагуу 7 хоногийн мөнгө болох 80 000 төгрөг суутгаж,  хаалганы төлбөрт 420 000 төгрөгийг суутгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.А-ы сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Д.Ө-ыг хайж, гэрт нь очиж хаалгыг 2-3 удаа цохьсон боловч хуучны хаалга байсан, харанхуйд ямар байсныг нь хараагүй. Тэгээд асаалттай гэрлээ унтрааж, хаалгаа тайлахгүй, нохойгоо өмнөөс хуцуулж айлгаж, залилан хийж сурсан нь илт байсан бөгөөд цоож, нугас нь эвдэрч, хаалга хөшигдөж, ашиглах боломжгүй болгоогүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ө-аас 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 330 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А-аас түрээсийн төлбөрт 80 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Ө-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар А.А-аас хаалганы төлбөрт 420 000 төгрөг гаргуулах тухай Д.Ө-ы сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 31 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 11 100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч Д.Ө-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Ө- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А.А- гэрээнээс дур мэдэн татгалзаж, мөнгөө нэхсэн нь буруу. А.А- нь манай хаалгыг том чулуугаар цохиж эвдсэн. Иймд гэрээний үүрэгт 80 000 төгрөг, хаалга эвдсэн болон шүүхийн зардалд 420 000 төгрөг, нийт 500 000 төгрөгийг А.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Д.Ө-д холбогдуулан түрээсийн гэрээгээр шилжүүлсэн 700 000 төгрөг, гэрээ цулагдсанаас учирсан хохиролд тээврийн зардал 180 000 төгрөг, сул зогсолтын зардал 150 000 төгрөг, нийт 1 030 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 7 хоногийн түрээсийн төлбөр 80 000 төгрөг, хаалга эвдэж эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 420 000 төгрөг, нийт 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан эд хөрөнгөд гэм хор учруулсан тухай маргаан байх бөгөөд уг маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй тул уг хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх ёстой юм.

 

Гэм хорыг арилгуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүх дангаар хэлэлцсэнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгох мөн хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл тухайн хэрэгт тогтоогдохгүй байна. Зүй нь тухайн сөрөг гэх нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан хэлэлцэх боломжгүй гэж анхан шатны шүүх үзэж, шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан тохиолдолд уг захирамжид талууд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох эрхтэй боловч хэргийг хэлэлцэх, хэлэлцэхгүй орхих эрхийг хуулиар олгоогүй.

 

Гэтэл анхан шатны шүүх гэрээний бус үүргийн хүрээнд хамаарах гэм хорыг нөхөн төлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн 102/ШШ2017/02974 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ө-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Ш.ОЮУНХАНД