Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/01950

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:“КСЭҮХ” ХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “АПЛ” ХХК -д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги хохиролд 476.881.597 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “КСЭҮХ” ХК нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “АПЛ” ХХК-тай 1101 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Олимпийн гудамжид баригдаж буй “Олимп Резиденс”  нэртэй оффис  үйлчилгээ, орон сууцны цогцолборт орон сууц захиалан бариулах зорилгоор тус барилгын 11 дүгээр давхрын 1101 тоотод байрлах 205 мкв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолыг бариулахаар тохиролцож дээрх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр буюу гэрээний үнийн 40 хувь болох 223.008 ам долларыг 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, гэрээний  үнийн 20 хувь болох 111.504 ам долларыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “АПЛ” ХХК-ийн дансанд шилжүүлж гэрээний 2.3.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлсэн. Гэрээнд зааснаар үлдэх 40 хувь буюу 223.008 ам долларыг орон сууцны түдхүүр гардуулах үед өгөхөөр тохиролцсон.

“АПЛ” ХХК нь хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацааг 2015 оны 2 дугаар улирал буюу 2015 оны  6 дугаар сарын  30-ны өдөр байхаар тохиролцсон хэдий ч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй. Барилгын гүйцэтгэлийн 15/181 дугаар албан тоот хүргүүлэх тухай  албан бичгээр тус барилгыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа, түүнчлэн барилгыг төлөвлөсөн хугацаанд нь оруулж чадаагүй гэрээний үүргийг хүлээх болно хэмээн мэдэгдсэн. Гэтэл “АПЛ” ХХК нь гэрээ болон албан бичигт заасан хугацаанд барилга ашиглалтанд оруулаагүй. Барилга хугацаандаа ашиглалтанд ороогүйн улмаас гуравдагч этгээдээс орон сууц хөлслөх зэргээр 79.015.960 төгрөгийн бодит хохирол учраад байна.

Иймд “АПЛ” ХХК-аас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж  өгнө үү. Байрыг хүлээлгэн өгсөн тохиолдолд нэхэмжлэгч гэрээний дагуу үлдэх төлбөрийг төлөхөд татгалзахгүй.  Алдангийг гэрээний 6.2, Иргэний  хуулийн 232 дугаар  зүйлийн  232-д зааснаар  2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл төлсөн 60 хувийн төлбөр болох 334.512 ам доллараас тооцон 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Монголбанкны ханшаар хөрвүүлж 401.765.637 төгрөг, мөн гэрээнээс учирсан хохиролд 75.115.9.60 төгрөг, нийт 476.881.597 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Талууд 2014 онд гэрээ байгуулж, 334.512 ам доллар хүлээн авсан нь үнэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн үлдэх 40 хувийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа тул гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг шаардах эрхгүй. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ гэрчилгээ гаргахыг даалгах гэж шаардсан. Манайх гэрчилгээ гаргах эрхтэй этгээд биш тул энэ шаардлага үндэслэлгүй. Төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд шаардагдах бичиг баримтыг өгөхөд татгалзах зүйлгүй.

Гэрээний 6.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй бол алданги төлөхөөр тусгасан. Бидний зүгээс бусад захиалагч нар төлбөрөө төлөхгүй удаашруулсан, туслан гүйцэтгэгч нараас шалтгаалан барилга ашиглалтад оруулах хугацааг хойшилж байгааг нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдэж байсан. Мөн гэрээний 1.2-т төлөвлөгөөт хугацаа, түлхүүр гардуулах өдөр, эцсийн хяналтын өдөр гэх зэргээр хугацааг өөрөөр тохиролцсон. Гэрээний дагуу хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаа 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж, харин түлхүүр гардуулах өдөр гэж захиалагч төлбөрийг төлж үлдэгдэлгүй болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор обьектыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг барилгыг 2018 оны 2 дугаар сард улсын комисс хүлээн авсан ч нэхэмжлэгчид одоогоор хүлээлгэн өгөөгүй байгаа. Учир нь нэхэмжлэгч өөрөө 2017 оны 8 дугаар сарын 25-нд хивсний сонголтоо хийж, обой, цаас загвараа сонгосон. Иргэний хуульд  алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан. Нэхэмжлэгч өөрийн төлсөн мөнгөн дүнгээс алданги тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хэрэв гүйцэтгээгүй дүн гэвэл одоогоор хүлээлгэж өгөхөд гүйцэтгэл 1 хувь дутуу байгаа.

Нэхэмжлэгч талаас баримтаар ирүүлсэн хохирол нотлосон гэх баримтууд өөр компанийн бусдад төлсөн төлбөр тооцооны баримтууд байх тул энэ гэрээнээс учирсан хохирол бодит хохирол биш, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай зүгээс алданги 2 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцон нэхэмжлэгчийн төлбөл зохих үлдэгдэл төлбөрөөс хасч тооцоход татгалзахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “КСЭҮХ” ХК нь “АПЛ” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги 401.765.637 төгрөг хохиролд 75.115.960 төгрөг, нийт 476.881.597 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэг талаас “КСЭҮХ” ХК, нөгөө талаас “АПЛ” ХХК нар 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, “Олимпик Резиденс” оффис, үйлчилгээ, орон сууцны барилгын 11 давхар 1101 тоот 205 мкв бүхий орон  сууц, автозогсоолын хамт 2015 оны 2 дугаар улиралд буюу 2015 оны 6 дугаар сарын 30-ны дотор барьж дуусган хүлээлгэн өгөхөөр, Худалдан авагч нь нийт үнэ 557.520,12 ам долларыг хуваарийн дагуу төлж дуусгахаар тус тус харилцан тохиролцож 1101 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулжээ. /хх 19-27/

Талууд хэн алин нь гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна. 

Нэхэмжлэгч урьдчилгаа 334.512 ам доллар төлсөн, барилгыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр улсын комисс хүлээн авсан, нэхэмжлэгчид орон сууц, автозогсоолыг хүлээлгэн өгөөгүй байгаа гэдэгт талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-д “захиалагч төлбөрийг 100 хувь төлснөөр өмчлөх эрх үүсэхээр”, 2.3.1-д “сүүлчийн үлдэгдэл төлбөр буюу 223.008 ам долларыг түлхүүр гардуулах өдөр болон түүнээс өмнө төлөхөөр тус тус тохиролцсон, нэхэмжлэгч үлдэгдэл 223.008 ам долларыг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч худалдан авсан зүйлийн “үнийг төлөх” өөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах баримт бичгийг хариуцагчаас шаардах эрх түүнд үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч үнийг бүрэн төлсний эцэст гүйцэтгэгч тал өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах бичиг баримтыг өгөөгүй тохиолдолд дээрх шаардлагаа жич гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-д “барилгыг ашиглалтад оруулах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд захиалагчид төлөхөөр” тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байх нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантай, хариуцагч байгууллагаас хамааралгүйгээр хугацаа хожимдсон, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байх боловч гэрээний 6.6, 5.1-д заасан хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал үүссэн, барилгыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн явдал өөрөөс хамааралгүй болохоо баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн “төлөвлөгөөт хугацаа”, “хүлээлгэн өгөх хугацаа”, “хяналтын хугацаа” гэж өөр өөр хугацааг тохиролцсон, хүлээлгэн өгөх эцсийн хугацаа 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр биш гэж маргаж байх боловч гэрээний 6.6-д “бусад захиалагчдаас хамаарч барилгыг хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаас үзвэл гэрээний 1.2-т тусгагдсан “эцсийн хяналтын өдөр”, “түлхүүр гардуулах өдөр” зэрэг нь хүлээлгэн өгөх “төлөвлөгөөт хугацаа” буюу 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтахаар байна. Иймд хариуцагчийн дээрх тайлбар мөн үндэслэлгүй.

Барилга хугацаандаа ашиглалтад ороогүйгээс нэхэмжлэгч алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг өөрийн төлсөн үнийн дүнгээс тооцож нэхэмжилснийг шүүх буруутгах боломжгүй. 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “төгрөгийг ам долларт хөрвүүлэн тооцохдоо гэрээ байгуулсан өдрийн ханшаар ам долларыг 1818,32 төгрөг байхаар” мөн гэрээний 2.3.2-т төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхээр тус тус тохиролцсон тул шүүх нэхэмжлэгчийн төлсөн 334.512 ам долларыг гэрээний дагуу тооцвол 608.249.860 төгрөгт ногдох алданги 304.124.930 төгрөг байна. /нэг хоногт 3.041.250 төгрөг* 2015.07.01 - 2018.05.08 хүртэл, ИХ232.4 & 304.124.930/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан тул алдангийг 70 хувиар бууруулж тооцон, 91.237.479 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн зөрчсөн тохиолдолд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан боловч баримтаар ирүүлсэн орон сууц хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ, дээрх гэрээний дагуу шилжүүлсэн бусдад шилжүүлсэн төлбөрүүд нь нэхэмжлэгч “КСЭҮХ” ХК-ийнх биш, өөр хуулийн этгээдийнх байх тул талуудын хооронд байгуулсан гэрээнээс учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй. /хх 36-90/ Иймд нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 91.237.479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “АПЛ” ХХК-иас 91.237.479 /ерэн нэгэн сая хоёр зуун гучин долоон мянга дөрвөн зуун далан есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “КСЭҮХ” ХК-д олгож, нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах болон үлдэх 385.644.118 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.542.357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 614.137 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ