Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/282

 

 

 

 

 

 

 

 

 

2022      09        19                                          2022/ШЦТ/282

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000305 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 43-75 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /*******/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны такси зогсоол дээр иргэн ******* үл ялих зүйлээс болж маргалдан улмаар зодож ******* биед тархи доргилт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зовхинд цус хуралт, амны баруун булангийн өнгөц язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна...” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 08 сарын 10-ны шөнө 02 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны такси зогсоолд очиж машинтайгаа зогсох гээд хөл бөмбөгийн талбайн зүүн талаар урдаасаа ирээд зогсоол руу орох  гэтэл Баганаа гэх таксинд явдаг залуугийн приус-20 маркийн 92-11 ДОР улсын дугаартай машин уулзвар хаагаад зогсчихсон байхаар нь би ард нь очоод сигнал дараад холдчих уу, би зогсоолд оръё гээд ...машинтайгаа ухраад Баганаагийн машины буруу талаар нь тойрч зогсоол руу орох гэж байхад ....хаалга онгойлгоод Баганаа миний баруун нүд рүү цохихоор нь нүдээ дарахад дахиад намайг шанаадсан. Тэгэхээр нь би нүүрээ цохиулахгүй гээд жолоогоо дэрлээд доошоо тонгойход миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...Намайг цохихдоо наад муу чинь сүүлийн үед давраад байгаа юм, алчихъя гээд дайраад байсан. Би Баганаад наад согтуу хүнээ аваад яваач гэж хэлсний төлөө намайг зодсон. ...Надад *******д гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11/

 

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байх үед Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын хороололд байх Цогт нэртэй буудалд хөдөөнөөс ирсэн найз Бондооктой өрөө авч ороод 4 том савтай Сэнгүүр нэртэй пиво ууж суухад хажуу талын өрөөнд зүс таних залуучууд архи уугаад сууцгааж байсан. Бондоок бид 2 тэд нарын өрөөнд орж хамт ууцгаасан. Тэр өрөөнд байсан зүс таних залууд өмнө нь замд машин нь эвдэрчихээд байхад нь би тусалж байсан юм. Тэгээд тэр залуу намайг өрөөндөө дуудаж цуг сууж ууж байсан архи, пивоноосоо уулгасан ба тэд нартай нийлж ууж сууж байгаад дахиад пиво авахаар найзын хамт буудлаас гарсан. Тухайн үед би өөрийнхөө приус-20 маркийн 92-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад буудалд орохдоо гадаа нь машинаа орхисон байсан учир дүү Гарьдыг дуудаж машинаа бариулаад Хэрлэн сумын 6-р баг 24 дүгээр байрны урд талын такси зогсоол дээр очсон. Тэнд яах гэж очсоноо мэдэхгүй байна. Би тэр үед нэлээн согтчихсон байсан.  Ямар ч байсан таксинд явдаг Алтанхуяг гэх ах хүүтэй муудалцаж нүүрэн тус газарт нь цохисноо санаж байгаа. Яг хэдэн удаа цохисон гэдгээ бол хэлж мэдэхгүй байна. Тэгэхэд манай дүү Гарьд намайг аваад буцаад буудалд хүргэж өгсөн байсан. Би зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 523 тоот дүгнэлтэд:

1. ******* биед тархи доргилт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зовхинд зулгаралт, амны баруун булангийн өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17-18/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/

- Шүүгдэгч н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-28/

- Шүүгдэгч *******, хохирогч Г.Алтанхуяг нарын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 33-34/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны урд талын такси зогсоол дээр ******* үл ялих зүйлээс болж маргалдан улмаар зодож ******* биед тархи доргилт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зовхинд цус хуралт, амны баруун булангийн өнгөц язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 523 тоот  “...******* биед тархи доргилт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зовхинд зулгаралт, амны баруун булангийн өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд 300,000 төгрөг төлсөн. Хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Алтанбаганыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтанабагана нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА