Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/283

 

 

 

 

 

 

 

2022      09        19                                          2022/ШЦТ/283                              

 

                                        

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******д холбогдох 2221000000310 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг Өвөр-Эрээн гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* ******* /РД: ЖО90040176/

                                                    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Bongo Frontier маркийн 27-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, YD-85.95 маркийн бензин моторт хөрөөг ашиглан ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн сумын 6 дугаар баг Бага цагаан цоорхой гэх газраас 14 ширхэг түлээний бөөрөнхий нарс мод хууль бусаар тайрч бэлтгэн, тээвэрлэж ойн санд 467,362 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй...” гэв.   

            Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... сумын 6 дугаар багийн иргэн ******* нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 467,362 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. ...*******ы мод бэлтгэсэн сумын 6 дугаар баг Бага цагаан цоорхой гэх газар нь сумын төвөөс 50 км зайд байрладаг, ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд орно. ...Бага цагаан цоорхой гэх газар нь тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

           

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш 13 цагийн орчимд гэрээсээ ганцаараа ...Bongo Frontier маркийн 27-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад хашааны модонд явлаа, унасан шар үзүүр түүж ирнэ гээд явсан. Тэгээд ...19 цагийн орчимд гэртээ орж ирэхдээ 14 ширхэг модны шар үзүүр авчирч байгаад ирэх замдаа цагдаад баригдчихлаа гээд орж ирсэн. ...Манайх 2022 онд ойн ангиас ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

           

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд сумын төвөөс хойш 20 км зайд байдаг Өвөр эрээн гэх газар руу цагдаа Х.Чулуун-Эрдэний хамт хаяг шалгахаар явсан. Ингээд айлын гадаа зогсож байхад хойд талаас Bongo Frontier маркийн 27-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирэхээр нь зогсоож шалгасан. ...Иргэн ******* кабиндаа ганцаараа ямар ч мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 14 ширхэг түлээний бөөрөнхий шар үзүүрэн мод тээвэрлэн явж байхаар нь журамласан… гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

 

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тусдаа хашаа байшинтай болох санаатай нутгийн танил ах болох Зоригоо гэх хүнээс 3 сая төгрөгөөр худалдан авсан Bongo Frontier маркийн 27-87 дор улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим гэрээсээ ганцаараа гараад сумын 6 дугаар баг Их цагаан цоорхой гэх нэртэй ой мод бүхий газарт очсон. Тэнд би 14 цагийн орчим очоод хуучин тайрагдан унасан модны шар үзүүрүүдээс хашаа хийх боломжтойгоор тайрч бэлтгэсэн. Тэгээд нийт 14 ширхэг бөөрөнхий нарийн мод тайрч аваад өөрийн машиндаа ачаад тухайн газраас 18 цагийн орчимд гэр рүүгээ явах замдаа цагдаад баригдаж журамлагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/

 

Дорнод аймгийн суман дахь Сум дундын ойн ангийн инженер А.Оюунтөгсийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2022/07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

            1. 14 ширхэг нойтон түлээний нарс мод байна.

            2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургаж байсан ургах чадвартай мод байна.

            3. 2022 онд ******* нь Сум дундын Ойн ангиас хэрэглээ, түлээний мод бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байна.

4. 2022 онд сумын 6-р баг Бага цоорхой гэх газарт мод бэлтгэхээр иргэдэд зөвшөөрөл олгогдоогүй газар болно.

5. Ойгоос мод бэлтгэх эхлэлийн акт үйлдэгдээгүй, мод бэлтгэлийн технологийн карт үйлдэгдээгүй болно.

6. Уг газар нь Ашиглалтын бүсэд багтаж байгаа 2-р мужлалд орж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.

7. Уг моднууд нь түлээний стандартаар бэлтгэгдсэн, түлээний мод болон богино банз гаргаж ашиглахад тохиромжтой мод байна.

8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор:

Бэлтгэсэн мод нь нойтон гах чадвартай түлээний мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,4 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсэний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадвартай нойтон-нарс төрлийн мод хэсэгт орох 14 ш нарс модон дээр нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 460456 төгрөг болно. Түлээний модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь: 14 ширхэг нойтон нарс мод: 0,725м3x1,4x460456=467362,84 төгрөг болно. /хх-ийн 54-55/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 08-14/

- Эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-16/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22, 28/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 23/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21, 24-27/

- Гэрч Ч.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 38-39/

- Вендо ХХК-ийн автомашин техникийн үнэлгээ, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-69, 71-80/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/

- Шүүгдэгч *******ы хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 90-93/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд тэрээр “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд Т.Алтантулгын эзэмшлийн Bongo Frontier маркийн 27-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, YD-85.95 маркийн бензин моторт хөрөө зэргийг ашиглан ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн сумын 6 дугаар баг Бага цагаан цоорхой гэх газраас 14 ширхэг түлээний бөөрөнхий нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэн, тээвэрлэж ойн санд 467,362.84 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Ганболор, гэрч Б.Чулуунханд, Ж.Батбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ы ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн 14 ширхэг бөөрөнхий нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь:  0,725м3x1,4x460456=467,362.84 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******ы ойн санд учруулсан хохирлыг 1,402,088.52 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 467,362.84 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/  төгрөг гэж тогтоож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч ******* нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Bongo Frontier маркийн 27-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Ч.Ганзориг гэх хүнээс худалдан авсан гэж мэдүүлж байгаа боловч уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь  Т.Алтантулга болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-ийн 23/ тогтоогдож байх бөгөөд *******ы эзэмшлийнх гэдгийг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй байх тул уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иймд шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Bongo Frontier маркийн 27-87 ДОР улсын дугаартай тээврийн  хэрэгслийн үнэ 4,725,000 төгрөгийг гаргуулах, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 14 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 128,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин моторт хөрөө зэргийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 1,402,088.52 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 14 ширхэг нойтон нарс мод  нь Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Bongo Frontier маркийн 27-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******д тус тус хадгалагдаж байгаа болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 128,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг  дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохирол 1,402,088.52 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга наян найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Bongo Frontier маркийн 27-87 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн үнэ 4,725,000 төгрөг,  мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 467,362.84 төгрөгийн үнэлгээ бүхий 14 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 128,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан 1,402,088.52 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Bongo Frontier маркийн 27-87 ДОР улсын дугаартай  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 14 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хэвээр үлдээсүгэй.  

7. Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох  14 ширхэг нойтон нарс мод нь Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөтэй, улаан таг, хар бариултай YD-85.95 маркийн бензин моторт хөрөө зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА