Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/02132

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ч. Б -ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: “АХ” ГХОХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.750.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа:  Ч.Б миний бие 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “АХ” ГХОХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Дампын оператороор анх ажилд орсон. 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж сарын цалинг 1.500.000 төгрөг болгосон. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “АХ” ГХОХХК-ийн зүгээс сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй. Харин “АХ” ГХОХХК-д холбогдуулан дутуу олгосон ээлжийн амралтын мөнгөө гаргуулахаар шүүхэд хандаж, улмаар эвлэрсэн. Үүний дараа “АХ” ГХОХХК-ийн зүгээс 2018 оны 5 дугаар сарын 25-ны үед дахин ажилдаа буцаж орооч гэж хэлсэн. Би уг хүсэлтийг хүлээн авч 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дампын оператороор хөдөлмөрийн гэрээ дахин байгуулж уурхай руу ажилдаа явсан. Ингээд намайг шууд үндсэн ажилтнаар авсан. Би уурхайд 28 хоног ажиллаад 14 хоногийн амралтаар ирээд буцах гэтэл “ажилд авч болохгүй хүнийг ажилд авсан байна, өмнө нь манай компанитай шүүхдэж байсан хүн байна тийм учраас халлаа” гэж хэлээд хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсанд гомдолтой байна. Гэтэл дахин нэг үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б-685/18 гүйцэтгэх захирлын тушаалаар хугацаа болоогүй байхад гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр халсан тул тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Дампын отераторын ажилд эгүүлэн томилж өгнө үү. Ажилгүй байсан 2018 оны 8 дугаар сарын 01-нээс хойшхи шүүх хуралдаан хүртэлх хугацааны олговорт 3.750.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч урьд манай байгууллагад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад ажлын байранд архи ууж ноцтой зөрчил гаргасан тул 2018 оны 1 дүгээр сард хөдөлмөрийн гэрээг цуцалж, харилцааг дуусгавар болгосон нь үнэн. Үүний дараа 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Ч.Б дахин ажилд орох хүсэлт өгснөөр түүнтэй 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг гурван сарын хугацаатай туршилтын хугацаагаар байгуулж Дампын операторчноор ажиллаж эхэлсэн. Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.2-т туршилтын хугацаагаар ажиллуулж болохоор заасан.

Компанийн удирдлагын зүгээс Ч.Быг ажилдаа хандах хандлага тааруу учраас туршилтын хугацааг дуустал ажиллуулах шаардлагагүй гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 231, 37 дугаар зүйл, Байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийг баримтлан хугацаанаас өмнө 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар дуусгавар болгосон. Гэрээний 5-д туршилтын хугацааг дуустал ажиллуулах шаардлагагүй гэж шууд удирдах албан тушаалтан дүгнэсэн тохиолдолд хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор заасан тул  Ч.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.Б нь “АХ” ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.750.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэг талаас “АХ” ГХОХХК, нөгөө талаас Ч.Б нар харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 231 дүгээр зүйлийн 231.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Бг тус компанийн уулын ашиглалтын хэлтэст Дампын операторийн ажилд 3 сар туршилтын хугацаатай ажиллуулахаар, уг хугацааг дуусгавар болгох тухай санал гаргаагүй тохиолдолд гэрээг хугацаагүй байгуулсан тооцохоор 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээг тус тус байгуулжээ. /хх 23-31/

Зохигчид гэрээг хугацаатай байгуулсан гэдэгт маргаагүй байна. Түүнчлэн урьд “АХ” ГХОХХК-ийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч тус байгууллагад ажиллаж байсан, 2018 оны 1 дүгээр сард “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр захиргаа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байсан, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаж байгаагүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Тус байгууллагын захирлын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б-685/18 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 43 дугаар 43.2, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийг баримтлан “туршилтын хугацаанд тэнцээгүй” үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээг дуусгавар болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” тохиолдолд гэрээ дуусгавар болохоор заасан хэдий ч хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээг 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан, дээрх хугацаа тушаал гарах өдөр дуусгавар болоогүй байсан байна.

Түүнчлэн тушаалын бичвэрт “туршилтын хугацаанд тэнцээгүй” гэсэн байх боловч тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлаагүй, энэ тухай тусгагдаагүйгээс гадна хэрэв ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй бол энэ талаар тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс зэрэг эрх бүхий этгээдийн албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгохоор хуулиар зохицуулсныг дурдах нь зүйтэй.

Иймд тус байгууллагын Б-685/18 дугаар тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажлын 57 хоногт, нэг өдрийн дундаж цалин хөлс 69.767 төгрөгөөр тооцвол 3.976.719 төгрөг байх боловч нэхэмжлэгч олговорт 3.750.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэв.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул  хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Быг “АХ” ГХОХХК-ийн Дампын операторийн ажилд эгүүлэн тогтоож, “АХ” ГХОХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “АХ” ГХОХХК-д даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 74.950 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ