Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1376

 

 

 

 

 

 

   2022         09         26                                  2022/ШЦТ/1376

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч М.М,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Өлзийжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2206 02830 2746 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.М, 1981 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хохирогч Г.Гтэй шивээс хийлгэсэн байна гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, баруун нүдний дээд доод зовхи баруун нүдний алим баруун дал, гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Гийн бие махбодод хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч М.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

            - Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 09-ний орой гэр лүүгээ явж байтал нөхөр хүүхдүүдийн хамт байсан ба намайг шивээс хийлгэсэн байна гэж уурлаад бид хоорондоо маргалдаж, улмаар манай нөхөр миний нүүрэн тус хэсэгт нэг удаа цохиж, хөлөөрөө гуя хэсэгт өшиглөсөн учир би уурлаж цагдаа дуудсан. ...өмнөх өдөр нь гэр бүлийн маргаантай байсан, урьд өмнө нь цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дэх тал/,

            - Шүүгдэгч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...манай эхнэр уурлаад байхаар нь би түүний биед халдаж нүүрэн хэсэгт нь нэг удаа нударч шивээс хийлгэсэн гуя хэсэгт нь алгадаж гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дахь тал/,

            - Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 9 дэх тал/,

            - “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай” прокурорын зөвшөөрөл /хх-ийн 11 дэх тал/,

                 - Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8453 дугаартай: “...Дүгнэлт

                 1. Г.Гийн биед баруун нүдний дээд доод зовхи баруун нүдний алим баруун дал, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

                 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

                 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13 дахь тал/,

            - Шүүгдэгч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч М.Мийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хохирогч Г.Гтэй шивээс хийлгэсэн байна гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, баруун нүдний дээд доод зовхи баруун нүдний алим баруун дал, гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч М.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Г нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч Г.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. М.Мийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Мид 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар М.М нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Г нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР