Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/1348/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1408 |
Огноо | 2022-10-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1408
2022 10 03 2022/ШЦТ/1408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч С.Н,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Б.Оюунцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2206 03377 2504 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Н, 1989 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан, бизнесийн удирдлага мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны оройн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жоби 12 дугаар байрны дэргэд хохирогч У.Мыг өөрийн нөхөр болох М.Нтай хардаж, үснээс зулгаах, гараараа цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь дух, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалганд цус хуралт, баруун тохой, дээд уруулын дотор салстад зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Дээрх шүүгдэгч С.Н нь хохирогч У.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Нөхөртэйгөө утсаар ярихад гэртээ ирэх болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ орох гээд явж байсан чинь байрны гадна нөхрийн машин байсан. Нөхрийн машины хажууд очоод хартал нэг эмэгтэй хүнтэй хамт машиндаа нүцгэн байсан. Би тийм юм хараад тэвчиж чадаагүй. Миний дөрвөн хүүхдийг доромжилсон, ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Хохирол төлбөрт 500.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,
- Хохирогч У.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 06 цагт Сэлэнгэ аймгаас вагоноор ганцаараа Улаанбаатар хотод ирсэн. ...орой харанхуй болсон үед манай танил найз М.Н над руу 881239993 гэсэн дугаарын утсаар зөндөө залгасан байхаар нь би сүүлд нь утсаа аваад ярьсан чинь М.Н намайг гэртээ хүрээд ирээч гэж хэлэхээр нь заа гээд би Бэлхээс Баянзүрх дүүрэг Американ дэнжийн урд талын 5 давхар байрны гадаа такси бариад ирсэн. Тэгээд М.Нын утас руу залгасан чинь машинд гадаа сууж байна гээд машинаа зааж өгсөн. ...М.Н машиндаа нэг залуутай хамт согтууруулах ундаа уугаад сууж байсан. Би 3 лааз пиво, 1 шилтэй дарс аваад очсон. Бид гурав машинд нь суугаад пиво дарснаасаа ууцгаасан. Бид гурав юм яриад сууж байсан чинь М.Нын эхнэр Сүхбатын С.Н нь. ...ирээд арын сандал дээр сууж байсан намайг С.Н нь шууд тал талаас цохиод С.Н намайг үснээс зулгаагаад машинаас буулгаад тэр хамт явсан хоёр эмэгтэйн хамт миний өмсөж явсан жинсэн өмд, подволка, турсик, левчик зэрэг бүх хувцсыг тайлаад ураад намайг нүцгэлж байгаад зодсон. ...миний хоёр нүд хөхөрч хавдсан, хамраас тухайн үед их хэмжээний цус гарсан, уруулын дээд хэсэгт хөхөрч хавдсан, духны зүүн талын хэсэгт хавдаж зулгарсан, намайг чирснээс болж баруун, зүүн гарын тохой болон бусад газарт хөхөрч зулгарсан, баруун хөлийн шилбэ зулгарсан. Толгой их өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 13 дахь тал/,
- Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С.Н бид хоёр 23 цагийн орчим манай байрны гадаа уулзсан. ...С.Н бид хоёр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар байрны гадаа ирсэн. Байрны гадаа М.Нын машины хажууд өөрийнхөө машиныг тавьчхаад С.Н буусан. Тэгээд С.Н машиных нь хаалгыг онгойлго гээд нүдэж байгаад хаалгаа онгойлгохоор нь М.Ныг барьж аваад хэд хэд цохисон. Тухайн үед намайг харахад М.Нын машины ард М.Н дээгүүрээ нүцгэн доогуураа өмдтэй байсан, харин тэр эмэгтэйг С.Н харчхаад энэ эмэгтэй юм уу гээд уйлаад байсан. Тэгээд нөгөө эмэгтэйг С.Н татаж буулгах гэж нэлээн үзсэн, нөгөө эмэгтэй хөлөөрөө жийчхээд буухгүй байсан, тэр үед Нандин Эрдэнэ тэр эмэгтэйг хэд хэд цохисон байж магадгүй. ...тэр эмэгтэй Нандин-Эрдэнийг ядуу гуйлгачин, архичин аавтай та нар манай хашаанд амьдардаг байсан биз дээ, хэзээ ийм болчихсон юм бэ гээд шарыг нь малтаад байсан. С.Н тэр эмэгтэйтэй үсдэлцээд нөгөө эмэгтэй бас Нандин-Эрдэнийг үсдээд цохилцоод байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Би У.Мын биед халдсан зүйл байхгүй, С.Н тэр хоёрыг салгасан. Машин дотор байхад нь ганц хоёр удаа хөлөөрөө жийсэн, машинаас гарахгүй болохоор нь татаж чангаасан. Машинаас буулгаж ирээд үсдэлцээд цохилцоод байх шиг байсан, яг яаж цохисныг нь би анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 8974 дугаартай: “...Дүгнэлт:
1. У.Мын биед дух, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалганд цус хуралт, баруун тохой, дээд уруулын дотор салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дахь тал/,
- Шүүгдэгч С.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...У.М нь үснээс зулгааж, нүүрэн тус газар цохиж байсан санаж байна. Миний нөхөр М.Нтай цуг машин дотор согтуу нүцгэн байсан тул уурандаа биед нь халдсан. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дэх тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч С.Нд 2022 оны 6 дугаар сарын 22-ны оройн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жоби 12 дугаар байрны дэргэд хохирогч У.Мыг өөрийн нөхөр болох М.Нтай хардаж, үснээс зулгаах, гараараа цохих зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь дух, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалганд цус хуралт, баруун тохой, дээд уруулын дотор салстад зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан, шүүх шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл болно.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас шүүгдэгч С.Н нь хохирогч У.Мд сайн дураараа хохирол төлбөрт 500.000 төгрөг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас С.Нандин-Эрдэнийг чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР