Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/296

 

 

2022        09       26                                          2022/ШЦТ/296

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000309 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фермер аж ахуйч мэргэжилтэй, “*******” ХХК-д өрөмчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Бугуйд овогт ******* *******.  /*******/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 2-6 тоотод иргэн ******* нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн талын үелэх сэртэнгийн угаар болон ооч хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна...” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчим Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 2-6 тоотод өөрийн хуурай дүү Шинээгийн гэрт хуурай дүү Банзаа, Шинээгийн хоёр найзын хамтаар 1 шил 0.75 литрийн Хараа архи хувааж уусан. Тухайн өдөр Банзаа хүүтэй болсон учраас уг баярыг хуваалцаж бид нар архи уусан. Өдөр 13 цагийн орчим бид нар архиа ууж дууссан. Тэр үед гаднаас Тулгаа гэх залуу нэг өндөр туранхай бор залуугийн хамт орж ирсэн. Сүүлд орж ирсэн туранхай бор залуу Тулгаатай муудалцаад эхэлсэн. Би байшингаас гарах гээд үүдэнд зогсож байсан бөгөөд та нар больцгоо айлын гэрт битгий зодолдож маргалдаад бай гэж хэлээд тэр хоёрын голоор ороод зогстол туранхай бор залуу үгийн зөрөөгүй миний эрүүнд зангидсан гараараа цохисон. Миний эрүү маш их янгинан өвдөн би ухаан алдаад газар унасан. Түүний дараа нь Хан-Уулын 2-5 тоот эгчийнхээ гэрт сэрсэн. Би юу болсон талаар өөрийн үеэл дүү , нараас асуухад таныг хажуу талын айлд хүнд зодуулаад ухаангүй хэвтэж байхад чинь бид хоёр гэрт оруулж ирсэн гэж хэлсэн. Ухаан орсны дараа ам гавал руугаа янгинаж өвдөөд, доод эрүүнд юм шажигнаж дуугараад байсан. 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эрүүний өвчин зүгээр болохгүй өвдөөд байсан учраас эмнэлэгт үзүүлж, рентген зураг авхуулах үед эмч нар миний эрүүг хугарсан байна гэж хэлээд намайг яаралтай Улаанбаатар хот руу яв гэж хэлсэн. ...Намайг зодсон залууг би танихгүй. 25 орчим насны туранхай бор залуу байсан. Түүний нэрийг нь ******* гэдэг болохыг би бүүр сүүлд нь хүмүүсээс сураглаж мэдсэн. Би уг нь хэрүүл маргааныг нь болиулах гэтэл тэр залуу буруу ойлгоод намайг зодсон байх. ...Би 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод очиж Улсын 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт, эрүүгээ хадуулах хагалгаа хийлгэсэн. Дорнод аймгаас Улаанбаатар хот руу явах зардал, тэнд очоод хагалгаа хийлгүүлсэн, эм, тариа, витамин авсан, хоол унд идсэн, буудалд байрласан мөн хувийн эмнэлгүүдэд зураг авахуулж, шинжилгээ хийлгэсэн бүх зардлууд нийлээд 1,800,000 төгрөг болсон. Дээрх 1,800,000 төгрөгийг ******* надад төлсөн бөгөөд цаашдын эмчилгээндээ зарцуулаарай гээд 2 сая төгрөг өгөхөөр тохирсон ба 1,500,000 төгрөгийг өгсөн. Дараа нь надад үлдэгдэл 500,000 төгрөг өгнө гэсэн. Би *******гаас нийт 3,300,000 төгрөг авсан. ******* надад хангалттай хэмжээний хохирлын төлбөр, эмчилгээндээ зарцуулах мөнгө өгсөн учраас би түүнд ямар нэгэн гомдол санал байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 15/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн орчим найз Шинээгийн гэрт түүний найзууд болон хуурай ах нарынх нь хамтаар архи уусан. Тэр үед гаднаас манай хуурай ах *******, Пүрэвдорж хоёр  орж ирээд юм ярьж эхэлсэн. Тэгснээ ******* ах намайг хараад хөөш чи энд юу хийж байгаа юм, гэртээ харихгүй үхсэндээ энд золбинтоод байгаа юм гэж хэлээд миний шилэн хүзүүнээс базсан. Тухайн үед би халамцуу байсан учраас уурлаад чамд ямар хамаатай юм гэж хэлэхэд ******* ах чи юу гээд байгаа юм гэж хэлээд миний хацар руу 1 удаа алгадсан. Тэр үед Шинээгийн хуурай ах болох Наранбаяр ах босож ирээд чи муу айлд орж ирчихээд яагаад зодоон хийгээд байгаа юм гээд ******* ахыг загнасан. Тухайн үед ******* ах чамд хамаагүй гээд Наранбаяр ахтай хэрэлдсэн. Тэгээд ******* ах Шинээгийн гэрээс гарсан бөгөөд араас нь Наранбаяр ах гарсан. Би тэр хоёрыг болиулах гээд Шинээгийн гэрээс гарах үед байшингийн үүдэнд ******* ах Наранбаяр ахын нүүрэнд нь зангидсан гараараа цохисон. Тухайн үед Наранбаяр ах шууд газар унаад өгсөн ба Пүрэвдорж ах ******* ахыг чи яаж байгаа юм гэж хэлээд хашаанаас авч гарсан. Удалгүй баруун талын хашаанаас Наранбаяр ахын дүү нар нь гэх хоёр залуу орж ирээд Наранбаяр ахыг босгоод гэртээ авч орсон. Маргааш өдөр нь нэг танихгүй дугаараас Наранбаяр ахын дүү нь гэх нэг хүн яриад танай ах чинь манай ахын эрүүг нь хугалсан байна, хэн гэдэг ямар хүн бэ гээд надаас нэр, утсыг нь асуусан юм. Тэгж л би Наранбаяр ахын эрүү нь хугарсан болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн орчим би өөрийн төрсөн ах Пүрэвдорж, ажлын газрын хуурай ах Баттулга нарын хамтаар Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 2-6 тоот руу Баттулга ахын найзуудтай нь уулзахаар очсон. Бид нарыг очих үед тухайн айлд баахан танихгүй хүмүүс архи уугаад сууж байсан. Тэдэн дунд манай хамаатны дүү архи уучихсан согтуу сууж байсан. Түвшинбаяр сүүлийн үед архи ууж гадуур тэнээд хөдөө гэртээ очихгүй, аав ээж нь түүнийг хайгаад байсныг би мэдэж байсан учраас Түшинбаярт уурлаад чи ахынхаа өөдөөс юу гээд байгаа юм гэж хэлээд түүний хацарт нь 1 удаа алгадсан. Тэр үед цуг архи ууж байсан хүмүүс бөөндөө дайраад чи манай гэрт орж ирээд манай найзыг зоддог хэн бэ гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэд нар бөөнөөрөө дайраад, юмны учир ойлгохгүй байсан учраас би байшингаас гарсан. Тэр үед байшин дотроос нэг согтуу ах гарч ирээд агсан тавиад над руу дайраад байхаар нь би тэр ахын эрүүнд нь 1 удаа зангидсан баруун гараараа цохисон. Тэр ах цохиулаад газар унасан. Өөр нэг хүн гарч ирээд модоор миний цээж болон нуруу руу цохисон. Манай ах Пүрэвдорж машинаас бууж ирээд намайг салгаж авсан. Тэгээд би ахтайгаа явсан юм. ...Надад цохиулсан Наранбаяр гэх хүнийг би танихгүй бөгөөд сүүлд нэрийг нь мэдэж авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 498 тоот дүгнэлтэд:

1. ******* биед доод эрүүний зүүн талын үелэх сэртэнгийн угаар болон ооч хэсгийн хугарал, дух, зүүн чихний дэлбээний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон доод эрүүний зүүн талын үелэх сэртэнгийн угаар болон ооч хэсгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.6-д зааснаар дух, зүүн чихний дэлбээний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 22-23/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-46/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-55/

- Шүүгдэгч *******, хохирогч Ө.Наранбаяр нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 62-63/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 2-6 тоотод иргэн ******* нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн талын үелэх сэртэнгийн угаар болон ооч хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Ө.Наранбаяр, гэрч Д.Түвшинтуяа нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 498 тоот  “... ******* биед доод эрүүний зүүн талын үелэх сэртэнгийн угаар болон ооч хэсгийн хугарал, дух, зүүн чихний дэлбээний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон доод эрүүний зүүн талын үелэх сэртэнгийн угаар болон ооч хэсгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.6-д зааснаар дух, зүүн чихний дэлбээний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан Бугуйд овогт ******* *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “эмчилгээний зардлаа авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Г.НАМУУНТУЯА