| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1370/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1410 |
| Огноо | 2022-10-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1410
2022 10 03 2022/ШЦТ/1410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч А.Ц, Ү.Н нар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч М.Отгонжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2006 00934 1777 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ү.Н, 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Мультмедиа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 673 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, /Регистрийн дугаар: ***/,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.Ц, 1998 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, *** задгайд оршин суух хаягтай, урьд Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж байсан, /Регистрийн дугаар: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ц, Ү.Н нар бүлэглэж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Үнэгүй.мн зарын сайтад Аман хуур хотхонд 1 өрөө байр 600.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэсэн зар оруулж, улмаар 2020 оны 02 дугаар 02-ны өдөр иргэн Н.Бд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 94 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн байр гэж худал хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, байрны түрээсийн төлбөрийг 3 сараар тооцож 1.800.000 төгрөг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Дээрх шүүгдэгч А.Ц, Ү.Н нар нь бүлэглэж хохирогч Н.Бд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 94 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн байр гэж худал хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, байрны түрээсийн төлбөрийг 3 сараар тооцож 1.800.000 төгрөг бэлнээр авч залилсан үйл баримт нь:
- Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
- Шүүгдэгч Ү.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрт холбогдох хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 26 дахь тал/,
- Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд үнэгүй.мн зарын сайтад Аман хуур хотхонд нэг өрөө байр 600.000 төгрөгөөр түрээсэлнэ төлбөрийн нөхцөл нь 2+1 сарын барьцаа дэлгэрэнгүй мэдээллийг утсаар авна уу гээд 95554666 гэсэн дугаар үлдээсэн байхаар нь залгаад үзэхэд эмэгтэй хүн утсаа авсан ба би тавилгатай байр хайж байна гэхэд тэр хүн манайд модон диван ор, гал тогооны шүүгээ, шилэн ширээ, модон шүүгээтэй байр гэхээр нь тус байрыг очиж үзэхэд түрээслэхээр тохиролцож гэрээ хэлцлээ яах бэ гэхэд өнөөдөр бүтэн сайн өдөр тул маргааш нэг дэх өдөр гэрээгээ хийе гэж тохирсон ба тухайн байрны гал тогооны өрөөний угаалтуур нь байхгүй байна энэ байхгүй байна гэхэд тэр хүмүүс засуулж өгөхөөр болсон ба угаалтуурын тосгуур авчхаад эргээд ирэхдээ мөнгө хүлээж авсан бичиг үйлдээд ир гэсэн ба надтай фейсбүүкээр найз болсон. Надтай фейсбүүкээр найз болохдоо чатаар байрныхаа ордерын зургаа явуулсан ба би мөнгөө шилжүүлчих үү гэхэд бэлнээр өгчих гэсэн тул би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их орд худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө 1.800.000 төгрөг аваад тухайн хүмүүст мөнгийг өгөөд байрны түлхүүрийг авсан. Тухайн үед тэр хүмүүс Монел явна гэж ярьж байсан. Тэгээд би байрандаа нүүж ирээд юмаа оруулж байхад СӨХ-ийн ажилтан гээд нэг ах ирээд энэ байранд орж байгаа эзэн нь хэн бэ гэхээр нь би байна гэхэд “энэ байрны жинхэнэ эзэн ярья гэнээ энэ байрыг түрээсэлдэг дахиж хүнд түрээслэхгүй зарах гэж байгаа” гэхээр нь би гайхаад тэр эзэн гэх хүнтэй утсаар ярихад “Яагаад энэ байранд орж байгаа юм бэ? Эзэн нь гэж ямар хүн оруулсан юм бэ? Энэ байрыг 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсэлсэн байгаа. Би байраа 370.000 төгрөгөөр түрээсэлдэг ба 150.000 төгрөгийн барьцаа аваад суулгаж байгаа, 3 дугаар сарын 01-ний өдөр тэр хүмүүс гарах ёстой” гэсэн бөгөөд намайг тэр хүмүүстэйгээ учраа олоод маргааш өглөө байр суллаарай гэсэн тул би анх утсаар ярьсан байр түрээсэлсэн хүнтэй ярихад “одоо очиж байна” гэхээр нь би хүлээгээд байсан боловч ирэхгүй байсан. Би хүлээж байгаад дахин залгаад үзэхэд хоёр утсаа хоёуланг нь салгасан байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон. ...тэр хүн надад өөрийгөө Ү.Н гэж танилцуулсан ба эхнэр нь гэх хүн өөрийгөө Эрдэнэцэцэг гэж танилцуулж байсан. Гэхдээ Эрдэнэцэцэгийн нэр А.Ц юм байна лээ. би тэдгээр хүмүүсийн бичиг баримтыг хараагүй ба ганцхан байрны ордерыг харж байсан. Тэр хүмүүс надад гал тогооны угаалтуурыг янзалж өгөхдөө бичиг баримттайгаа ирээд гэрээ хийнэ гэсэн тул би тэр хүмүүст итгэсэн. Эрдэнэцэцэг нь 95554666 гэсэн дугаартай, харин Ү.Н нь 90082518 гэсэн дугаартай...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,
- Шүүгдэгч А.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би өөрийн найз залуу Ү.Нын хамт тусдаа гарах гээд 2020 оны 01 дүгээр сард Амар хуур хотхоны 34-94 тоотыг 3 сарын хугацаатай 1 сарын 500.000 төгрөгөөр түрээслэхээр болоод тэр байранд нэг сар гаран хугацаатай амьдарч байгаад дараагийн сарын түрээсийн мөнгөө өгөх боломжгүй болсон тул өөр хүнд давхар түрээслээд би өөрөө гэртээ аав ээжийндээ амьдрахаар болоод зар тавьсан зарын дагуу нэг эмэгтэй ганцаараа ирээд 3 сарын түрээсийн мөнгө гээд бэлнээр 1.800.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөнөөс нь байрны жинхэнэ эзэнд шилжүүлээгүй үрээд дуусгасан. ...би тус байрыг цааш нь өөр хүнд түрээсэлж болохгүй гэдгээ мэдэж байсан. Би Ү.Н гэх залуутай 2019 оны 9 дүгээр сараас анх танилцаад тэгээд 1 сар гаруй хугацаанд хамтран амьдарсан. Гэр бүлийн баталгаа байхгүй. Үржин овогтой Ү.Н гэдэг. Би Ү.Наас жирэмсэн болсон гэдгээ 2020 оны 8 дугаар сард хэлсэн бөгөөд тэрнээс хойш холбоогүй болсон одоо ямар дугаартай хаана амьдарч байгааг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дэх тал/,
- Шүүгдэгч А.Цийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 56 дахь тал/,
- Шүүгдэгч У.Ү.Нын үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 74 дэх тал/,
- Шүүгдэгч А.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2020 онд Ү.Н гэх хүнтэй хамт амьдарч байсан бөгөөд Аман хуур хотхоны байрыг бид өөрсдөө түрээсэлдэг байсан ба өөр хүнд түрээслэхээр болж, Н.Б гэх хүнээс 1.800.000 төгрөг гэрээ хийхгүй авч, бид өөрсдийн хэрэглээндээ зарцуулсан. Тухайн үед бид хоорондоо ярилцаад мөнгөний хэрэг гарч уг гэмт хэргийг үйлдсэн. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дэх тал/,
- Шүүгдэгч Ү.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2020 онд А.Ц гэх хүнтэй хамт амьдарч байсан бөгөөд Аман хуур хотхоны байрыг бид өөрсдөө түрээсэлдэг байсан ба өөр хүнд түрээслэхээр болж, Н.Б гэх хүнээс 1.800.000 төгрөг гэрээ хийхгүй авч, бид өөрсдийн хэрэглээндээ зарцуулсан. Тухайн үед бид хоорондоо ярилцаад мөнгөний хэрэг гарч уг гэмт хэргийг үйлдсэн. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дэх тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч А.Ц, Ү.Н нарыг бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Үнэгүй.мн зарын сайтад Аман хуур хотхонд 1 өрөө байр 600.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэсэн зар оруулж, улмаар 2020 оны 02 дугаар 02-ны өдөр иргэн Н.Бд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 94 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн байр гэж худал хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, байрны түрээсийн төлбөрийг 3 сараар тооцож 1.800.000 төгрөг бэлнээр авч залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарсан, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ү.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж ялыг ялгамжтайгаар оногдуулсан болно.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Н.Бд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Ү.Н нь хохирогч Н.Бд 900.000 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч А.Ц нь хохирол төлбөр төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ү.Ныг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Цийг хохирогчид 900.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж шийдвэрлэв, шүүгдэгч нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц, Ү.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүгдэгч А.Цийн цалин, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А.Ц, Ү.Н нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Цийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Ныг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ц нь 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ү.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ү.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Ц, Ү.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ү.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Цээс 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Н.Бд олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Ц, Ү.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР