Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2018/00846

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1950 онд төрсөн, 68 настай, эрэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ** тоотод оршин суух, М  овгийн Б-н Б-н /регистрийн дугаар **/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ** тоотод оршин суух Д овогт П-н Г /регистрийн дугаар ** /,

Хариуцагч: 1980 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ** тоотод оршин суух Б овгийн Г-н О /регистрийн дугаар / нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б , хариуцагч П.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 12 сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ломбард ажиллуулж байсан, нэг гэр бүл П.Г  П.О нарт 5 хувийн хүүтэй мөнгийг чинь өсгөж өгье гэсэн хүсэлт тохиролцооны дагуу 9 000 000 төгрөгийг өгсөн билээ. Ингээд 2012 оны 12 сарын дундаас 2013 оны 7 дугаар сар хүртэл хагас дутуу өгч /хүүг/ байгаад 2013 намраас ломбард нь татан буугдсан. Би гэр бүлийн хамт дээрх 2 нөхөрт мөнгөө авъя гэхэд хүмүүсийн гар дээр байгаа аваад хүүтэй нь өгье, санаа зоволтгүй гэж хэлээд өгөлгүй 4 жил хагас жилийн хугацаа өнгөрч байна. Дээрх нөхөд надад хэлэлгүйгээр уг мөнгийг дураараа ашиглаж орон сууц бусад эд хөрөнгөндөө шууд хэрэглэсэн нь харагддаг. Би өдий хүртэл мөнгөө авах гэж нэхээд өгсөнгүй. Би залилуулжээ гэсэн ойлголт авлаа. Дээрх хоёр нөхөр биднээс зугтсаар Эрдэнэт хот руу нүүж холбоо тасарч хаяг, оршин суугаа газар нь тодорхой бус болж залилан мэхэлж яваа нь тодорхой болсон. Анх авсан 9 000 000 төгрөгийг П.Г , Г.О нарын амласан 5 хувийн хүүгээр бодвол 2014 онд 1-12 сар 5 400 000 төгрөг, , 2015 онд 5 400 000 төгрөг, 2016 онд 5 400 000 төгрөг, 2017 онд 5 400 000 төгрөг, 2018 онд 1-3 сар 1 350 000 төгрөг, хүү 2 295 000 . Үндсэн мөнгө 9 000 000 төгрөг дээр 22 950 000 төгрөг нэмбэл 32 000 000 төгрөг болж байна. Иймд 12 000 000 төгрөгөөр бодож хураамжийг төлөв гэжээ.

Хариуцагч П.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Б гээс огт мөнгө аваагүй. Харин өөрсдөө 2012 оны 12 сард манай эхнэрт 9 000 000 төгрөгийг өсгөөд өгөөч гэж эхнэрийг маань дахин дахин гуйж байж өгсөн гэсэн. Тэгээд түрээснээс чинь хүртэл хуваалцана гэж байсан. Түрээснээс ч хуваалцаагүй. Энэ тухай манай эхнэр надад хэлж л байсан. Чи яах гэж хүний мөнгийг өсгөж өгдөг юм бэ юу гэсэн үг вэ гээд хоорондоо маргаж байсан. Гэвч ах дүү улсууд одоо яаая гэх вэ гээд л тэгсгээд өнгөрсөн. Тэгээд уг мөнгийг нь зээлэнд гаргахыг нь гаргаад буцааж өгөхийг нь буцааж дансаар болон бэлнээр өгч байсан л гэсэн. Би сайн мэдэхгүй. Харин Ломбарданд 2013 онд хулгай ороод бүх юм аа / барьцаа хөрөнгө болон бусад зүйл/ алдсан. Ингээд ломбардаа ажиллуулах боломжгүй болж эхнэртээ татан буулга гээд татан буулгасан. Би энэ мөнгийг Б гээс аваагүй Б тэй ямар нэгэн яриа хэлцэл хийгээгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тэгээд ч энэ хүмүүс тухайн үед ломбарданд хулгай орсныг мэдэж байсан. Тэгээд одоо яана гэх вэ гэхэв адилхан юу үгүй болсон улс гэсэн гэж эхнэр маань хэлсэн. Тэгээд хүмүүст төлөх алдсан хөрөнгөнүүдийн өрийг би төлж барагдуулсан. Цагдаагийн байгууллагад баримт нь байгаа. Энэ өрөө төлөөд бид хохироод л үлдсэн. Бид бүгд л адилхан эд зүйлээ хулгайд алдаад юу ч үгүй болсон. Тухайн үед ойлголцож салчихаад одоо харин гэнэт мөнгөө нэхэж байгаад гайхаж байна. Хуулиараа бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2018 оны 03 сарын 27-нд танайд байцаагдаж байгаа Пиодер овогтой Г ийн талаар хүүтэй 9 000 000 төгрөгийг залилуулсан тухай өргөдөл гаргасан билээ. Анх 9 000 000 төгрөгийг Г ийг эхнэр Г-н О гардан хүлээж авсныг 3 сарын 27-ны өргөдөлд хариуцагчаар нь Г.О-ын нэрийг оруулалгүй орхиж баримт бичгээ дутуу бүрдүүлж өгчээ. Энэ асуудлаар 8 сарын 14-нд болох шүүх хурлын өмнө Г.О-ыг хариуцагчаар татаж нэмэлт оруулж өгнө үү. Г.О нь дээрх мөнгийг ломбардандаа 5 хувийн хүүтэй өсгөж өгнө гэж амлаад авсан, бичиг баримтанд гарын үсэг зурж өгснийг дурьдаж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд дээрх мөнгө хүүтэйгээ 32 000 000 төгрөг болсон байгаа. Ингээд 2018 оны 03 сарын 27-ны өдөр төлсөн хураамжийн дагуу 12 000 000 төгрөг нэхэмжилсэн байсныг, өнөөдөр тэмдэгтийн хураамж 206 950 төгрөгийг нэмж тушааснаар бүгд 24 000 000 төгрөгийг дээрхи хоёр нөхрөөс гаргуулахаар нэхэмжилж байна. Дээрхи хоёр амалсан ёсоор бол 32 000 000 төгрөг болж байгаа боловч би хүүг 3 хувь болгон бууруулж зөөлөн сэтгэл гаргаж өргөдлийг гаргав гэжээ.

Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Гүррагчаа овогтой О нь Б гээс 9 000 000 төгрөг авсан нь үнэн болно. Одоогийн байдлаар энэ 9 000 000 төгрөгийг боломж нөхцөлөөрөө цувуулж өгөх боломжийг олгож өгнө үү. ....9 сая төгрөгнөөс илүү мөнгө олох амьдралын боломж хүнд нөхцөд байгаа тул та бүхэн үнэн бодитоор харгалзан үзэж шийдвэрийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч П.Г , Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүхэд ...би П.Г  Г.О нарт 9 000 000 төгрөгийг өгсөн. ...зээлсэн мөнгөө 3 хувийн хүүгээр бодож үндсэн мөнгөний хамт 24 000 000 төгрөгийг П.Г  Г.О нараас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргасан.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

Б.Б  Г.О-д 9 000 000 төгрөг зээлдүүлэхдээ Би 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.О-д 8 000 000 төгрөг 5 хувийн хүүтэй өгсөн юм.Дээр нь нэмж 1 000 000 төгрөг, бүгд 9 000 000 төгрөг болсон гэсэн баримт бичгээр хийсэн нь зохигчдын тайлбар, тэдний гарын үсэг бүхий бичгийн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Б  Г.О-д 9 000 000 төгрөг зээлдүүлэхдээ зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй учраас түүний шаардсанаар Г.О 9 000 000 төгрөгийг буцааж төлөх бөгөөд ийнхүү Б.Б г шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч 9 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн, гэхдээ хүүгээ бууруулан тооцож 3 хувиар бодож 2012 оноос хойшхи хугацааны хүү тооцоод 24 000 000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байгаа ч талууд гэрээндээ зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй учраас нэхэмжлэгчийн хүүд тооцож нэхэмжилж байгаа 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч П.Г , Г.О нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Б.Б  П.Г  нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээний буюу үүргийн харилцаа үүсээгүй.

Гэхдээ зээлдэгч П.Г , Г.О нар гэр бүл бөгөөд П.Г  шүүх хуралдаанд 9 000 000 төгрөгийг төлнө гэсэн тайлбар гаргаж байх тул хариуцагч П.Г , Г.О нараас тус бүрээс нь 4 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож шийдвэрлэв.

Хариуцагч шүүх хуралдаанд ...Б.Б  ахад зээлсэн 9 000 000 төгрөгийн хүүд тооцож 3 сая гаруй төгрөг өгсөн.Үүнийг зээлээс хасахгүй.Өгсөн мөнгөнөөсөө гадна 9 000 000 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргасан.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...хариуцагч нараас 2 400 000 төгрөг бэлэн авсан гэж тайлбарласан.

Зохигчид нэхэмжлэгчид буцааж өгсөн үнийн дүн дээр маргаж байгаа боловч хэн аль нь тайлбартайгаа холбоотой баримтыг ирүүлээгүйгээс гадна хариуцагч нэхэмжлэгчид буцаан өгсөн мөнгийг зээлээс хасахгүй гэсэн тайлбар гаргаж байгаа учраас нэхэмжлэгч хэдэн төгрөг буцаан авсан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болж байна.

Хариуцагч П.Г  шүүхэд ...зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байсан боловч хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчид 9 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан учраас хариуцагч нарт зээлийн гэрээний үүрэг хүлээлгэх үндэстэй гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн өөрийн шаардлагаа үндэслэж шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн СД-нд агуулагдсан дууны бичлэг нь хэн, хэний хооронд, юу яригдаж байгаа нь тодорхойгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт биш, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 158 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Хариуцагч Г.О-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Г.О-ыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч П.Г аас 4 500 000 төгрөг, Д.О-аас 4 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 413 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 158 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасныг баримтлан хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД-г хэрэгт хавсаргасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаарэнэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА