| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0658/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/644 |
| Огноо | 2022-09-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/644
2022 09 29 2022/ШЦТ/644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн О-т холбогдох эрүүгийн 22030 0319 0370 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ж.Энхжаргал /тээвэр/, шүүгдэгч Л.О, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р нарыг оролцуулан нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 2, эхийн хамт амьдрах, тоотод оршин суух, урьд:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Л-ийн О /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.О нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний шөнө 05 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрний баруун тал, Туул голын эрэгт Hyundai Sonata-6 маркийн 31-44 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Туул голын эрэг рүү онхолдож, зорчигч Л.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Л.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг, мөн хэргийн хохирогч Л.Д, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг төлөөлж төрийн нэрийн өмнөөс төлөөлөн оролцох прокурор Н.Уранбайгаль “хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Л.О-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон осол хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би осол болох үед “МИАТ” ТӨХК-д ажилд ороод 12-13 хонож байсан. Надад тээврийн хэрэгслийг авч явах эрх олгоогүй, тухайн өдөр ажлаас тарах үед оройтсон учир унаад явсан ба жижүүр над руу залгасан. Намайг ажилд орохдоо эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан.
Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Одоо тогтмол ажилтай болоод хохирлоо ойрын хугацаанд төлж барагдуулна. Цаашид аливаа зүйлд бодлоготой хандана, дахин ийм зүйл гаргахгүй.
Тухайн өдөр орой 20 цагаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би хохирогчид “өглөө явъя” гэж хэлсэн боловч “өлсөөд байна, CU-д оръё” гээд явсан юм.“ гэсэн мэдүүлэг,
2. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Шүүгдэгч Л.О нь “МИАТ” ТӨХК-д 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажилд орсон ба осол болох үед туршилтын хугацаанд ажиллаж байсан. Баазын диспетчерээс Л.Оийг “ажлын цаг дууссан байна, машинаа байгууллагын авто паркад тавь” гэж мэдэгдсэн боловч тавиагүй байсан. Ослын улмаас манай байгууллагын өмч болох Л.О-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд 4.060.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Өнөөдрийн байдлаар тухайн хохирол нөхөн төлөгдөөгүй байна.
“МИАТ” ТӨХК-ийн зүгээс тээврийн хэрэгслийг засварлаад өгвөл гомдол санал байхгүй гэж мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ шүүгдэгч аваагүй. Шүүгдэгчийн зүгээс хохирлыг барагдуулбал ямар нэгэн санал гомдол байхгүй.“ гэсэн мэдүүлэг,
Хоёр: Эрүүгийн 22030 0319 0370 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 06-07, 08-13 дахь тал),
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 2.40% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт (хэргийн 14 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Д-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад орой 16-17 цагийн үед санагдаж байна, манай танил Төгсөө гэрийн гадаа машинтай ирсэн. Тэгээд “хамт Биокомбинат ороод ирэх үү” гэхээр нь хамт явсан. Биокомбинат ороод хойд талд нь байх голын эрэг рүү явсан ба замдаа дэлгүүрээс пиво авсан. Төгсөө утсаар яриад машин бариулах хүн дуудаад байсан ба удалгүй осол гаргасан, нэг танихгүй залуу хар өнгийн 31-44 УНЗ улсын дугаартай хар өнгийн Соната-6 машинтай, хоёр найзынхаа хамт ирсэн.
Ингээд бид голын эрэг дээр сууцгаасан ба бүгдээрээ нөгөө пивоноос уусан. Би Төгсөөд “та нар бүгдээрээ уучихлаа, намайг хэн хүргэж өгөх юм бэ” гэхэд “за за, хүргэж өгнө” гэж хэлсэн. Миний хувьд бага зэрэг уусан ба болсон бүх зүйлийг санаж байгаа. Тэгээд удаагүй Төгсөө шууд яваад өгсөн ба би танихгүй 3 залуутай үлдсэн.
Шөнө 03 цагийн орчимд осол гаргасан залуу өөрөө машинаа унаад, нөгөө хоёрыг замдаа буулгаад Нисэх рүү хөдөлсөн. Анх сууж байхад танихгүй залуу “би МИАТ ТӨХК-д ажилладаг” гэж хэлж байсан юм. Тэгээд замдаа би “өлсөөд байна” гэхэд “CU ороод ирэх үү” гээд миний картыг аваад буусан ба ирэхдээ 2 ширхэг том савтай пиво бариад ирсэн. Ингээд Нисэхийн гэр хорооллын гудмаар ороод явсан ба би тэр залууд “би чиний машиныг унаад үзэх үү” гээд 200-300 метр газар барьж явсан. Би механик машин барьж чадахгүй учраас угзчуулаад явж чадахгүй байсан учир “машинаа өөрөө барь” гээд өгөхөд “ингэж машин барьдаг юм” гээд аймар хурдан ширүүн давхиад байсан.
Би тэр залууд голын эрэг дээр байдаг өндөрлөг газрыг зааж өгөхөд ямар ч байсан олоод очсон. Тэнд зогсоод авсан юмаа идээд, пивоноос хамт уугаад суусан. Тэгээд 10-20 минут болсон байх, би “гэртээ харимаар байна” гэхэд нөгөө залуу машинаа асаагаад, аймар хүчтэй хаазаа гишгэхээр нь би “биш шүү дээ” гээд орилсон. Тэгээд өөр зүйл санахгүй байна.
Нэг сэрэхэд миний хамаг бие цус болчихсон, голын ус машинд ороод, машин хажуу тийш харсан байдалтай байсан. Тэгээд би орилсон чинь нөгөө залуу сэрээд хоёулаа машинаас гарсан. Би “миний бие аймар өвдөж байна, цагдаа, эмч дуудаач” гэхэд “хоёулаа зугтаачих уу” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ, заавал эмнэлэг, цагдаа дууд” гэж хэлж байж дуудуулсан. Удалгүй цагдаа, эмч нар ирэхэд намайг “манай эгч” гээд худлаа яриад байсан. Ингээд бид хоёрыг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан ба би тэр өдрөө эмнэлэгт хэвтээд, тэр залуутай дахин уулзаагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),
4. Хохирогч Л.Д-гийн ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт (хэргийн 25-33 дахь тал),
5. Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн талаарх мэдээллийг хүргүүлсэн Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 04/3618 дугаартай албан бичиг, хавсралт (хэргийн 34-35 дахь тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Уранбайгалын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...2022 оны 6 дугаар сарын 09-ний шөнө 05 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрний баруун тал, Туул голын эрэгт Л.О нь Hyundai Sonata-6 маркийн 31-44 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Туул голын эрэг рүү онхолдож, зорчигч Л.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д- нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.295.500 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 04/3618 дугаартай албан бичгээр тогтоогдсон.
Иймд дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.О-ээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 39 дахь тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгч Э.Р-ын өгсөн:
“...Би “МИАТ” ТӨХК-д хуулийн мэргэжилтэн ажилтай. 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллагын баазын дарга над руу залгаж, “Л.О байгууллагын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг унаж яваад осол гаргасан байна гэж хэлсэн”.
Л.О нь ээлжийн ажилтан байгаа юм. Жижүүрийн машин барьж хуваарийн дагуу явдаг. Тухайн өдөр Л.О ажлын цагаар ажиллаж байгаад орой бааз дээр машин тавих цаг болоход хот руу бичиг хүргэж өгөх гээд явж байна, удахгүй очно гэж хэлсэн байсан. Тэгээд ирэхгүй болохоор нь жижүүр хэд залгахад огт утсаа авахгүй байсан гэсэн.
Hyundai Sonata 6 маркийн 31-44 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь МИАТ ТӨХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгууллагын машин юм. Ослын улмаас учирсан эвдрэл гэмтэлд үнэлгээ хийлгэхэд 4.060.000 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон. Хохирол барагдуулсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.
...Иргэний хуулийн дагуу бусдад учирсан хохирлыг тухайн автомашины эзэмшигч этгээд барагдуулах үүрэгтэйг ойлгож байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 44, 47 дахь тал),
8. ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8470 дугаартай:
1. Л.Д-гийн биед зүүн 6-р хавирга дан, зүүн 7-р хавирганы давхар, зүүн 8-р хавирганы дан хугарал, баруун зовхи, баруун нүдний алим, баруун гуя, хоёр шилбэ, зүүн өвдөг, баруун хөлийн эрхий хуруу өлмийд цус хуралт, баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Зүүн 6-р хавирга дан, зүүн 7-р хавирганы давхар, зүүн 8-р хавирганы дан хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, баруун зовхи, баруун нүдний алим, баруун гуя, хоёр шилбэ, зүүн өвдөг, баруун хөлийн эрхий хуруу өлмийд цус хуралт, баруун хацар, эрүүнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 67-68 дахь тал),
9. Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний 1451 дугаартай:
Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч Л.Оийн жолоодон явсан, иргэний нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-ийн эзэмшлийн “Hyundai Sonata-6 маркийн 31-44 УНЗ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардлын дүнгээр 3.443.000 төгрөг, шууд бус зардлын дүнгээр 625.000 төгрөг, нийт үнэлгээг 4.068.000 /дөрвөн сая жаран найман мянга/ төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 77-78 дахь тал),
10. Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 750 дугаартай тоот:
1. Hyundai Sonata-6 маркийн 31-44 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний замын дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Зорчигч Л.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны төлөөлөгч, оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн дүгнэлт (хэргийн 84-85 дахь тал),
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.О-ийн гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би осол гарсанд маш их харамсаж байна. Мөн өөрийн бурууг ойлгож гэмшиж байгаа, хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулна. Хуульд заасан бага шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 58, 99-100 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 103 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт (хэргийн 106-111 дэх тал), Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 112 дахь тал), “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ажлын газрын тодорхойлолт (хэргийн 120 дахь тал), Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 121 дэх тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 125 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон мөрдөгчийн магадлагаа, хохирлын үнэлгээ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч, үнэлгээчид гаргасан байх шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байхаас гадна болсон үйл явдлын талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нар тодорхой мэдүүлжээ.
Иймд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.О-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 09-ний шөнө 05 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрний баруун тал, Туул голын эрэгт Hyundai Sonata-6 маркийн 31-44 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Туул голын эрэг рүү онхолдсон зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн Л.Д-ийн биед “...зүүн 6-р хавирга дан, зүүн 7-р хавирганы давхар, зүүн 8-р хавирганы дан хугарал, баруун зовхи, баруун нүдний алим, баруун гуя, хоёр шилбэ, зүүн өвдөг, баруун хөлийн эрхий хуруу өлмийд цус хуралт, баруун хацар, эрүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл, мөн “МИАТ” ТӨХК-ийн эзэмшлийн Hyundai Sonata-6 маркийн 31-44 УНЗ улсын дугаартай автомашинд шууд болон шууд бус зардлын дүнгээр нийт 4.060.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 09-ний шөнө 05 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрний баруун тал, Туул голын эрэгт Hyundai Sonata-6 маркийн 31-44 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Туул голын эрэг рүү онхолдсон зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас зорчигч Л.Д-ийн биед “...зүүн 6-р хавирга дан, зүүн 7-р хавирганы давхар, зүүн 8-р хавирганы дан хугарал, баруун зовхи, баруун нүдний алим, баруун гуя, хоёр шилбэ, зүүн өвдөг, баруун хөлийн эрхий хуруу өлмийд цус хуралт, баруун хацар, эрүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зохицуулсан.
Тухайн осол хэрэг гарах үед шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгерь багаж үлээлгэн шалгахад 2.40% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт (хэргийн 14 дэх), хохирогч Л.Д-ийн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Мөн дээрх зам тээврийн осол хэргийн улмаас Л.О-ийн жолоодон явсан “МИАТ” ТӨХК-ийн эзэмшлийн Hyundai Sonata-6 маркийн 31-44 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бус зардлын дүнгээр нийт 4.060.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул “МИАТ” ТӨХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож (хэргийн 42 дахь тал) эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтад нийцсэн байна.
Хэргийн шүүгдэгч Л.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Л.О-ийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Л.Д-ийн эрүүл мэндэд нь учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн хохиролд, осолд холбогдох үед шүүгдэгчийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох юм.
Түүнчлэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн эмчилгээний зардлын 5.295.000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч Л.Оийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-ийн эд хөрөнгөд нь /Hyundai Sonata-6 маркийн 31-44 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ 4.060.000 төгрөгийн хохирол учирсан, хэргийн хохирогч Л.Д нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж, түний эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.295.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь нотлогдож тогтоогдсон.
Тухайн хэргийн хохирогч Л.Д-аас эмчилгээний зардлын 164.648 төгрөгийн үнийн дүн бүхий зардлын баримт хэрэгт хавсаргуулахаар өгсөн ба хэргийн 132 дугаар талд бичгээр гаргасан хохирогчийн хүсэлтэд “...Би 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Соната-6 машинд сууж яваад онхолдож гэмтсэн. Улмаар эмчилгээ хийлгээд миний бие одоогоор зүгээр болсон учир тус жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй.” гэсэн нь хэргийн хохирогчийн хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болох юм.
Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй хэдий ч тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Л.О нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тухайн осол хэргийг гаргаагүй, ажлын цаг дууссан байхад “МИАТ” ТӨХК-ийн тээврийн хэрэгслийг байгууллагын автопаркт байрлуулах үүргээ биелүүлээгүй, ажлын бус цагаар, согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах зэрэг Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон хэм хэмжээг зөрчиж, онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь жолоочийн шууд буруутай үйлдэл тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Л.О хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хэргийн хохирогч Л.Д-ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 5.295.000 төгрөгийг тус санд буцаан төлүүлэх талаар прокурорын гаргасан иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Л.О-ээс нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт тооцон “МИАТ” ХХК-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын 4.068.000 /дөрвөн сая жаран найман мянга/ төгрөг, хохирогч Л.Д-ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 5.295.000 /таван сая хоёр зуун ерөн таван мянга/ төгрөг, нийт 9.363.000 /есөн сая гурван зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК болон Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэргийн шүүгдэгч Л.О нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж эсэхийг шалгах хуудас баримт, шүүхийн шийтгэх тогтоол баримтууд тус тус (хэргийн 103, 106-111 дэх тал) хэрэгт авагдсан ба эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. /ЭХЕА-ийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх, шүүгдэгч Л.О-ийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх, шүүгдэгч Л.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /жил/ хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Л.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Д “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Л-ийн О-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт Л.О-ээс 9.363.500 /есөн сая гурван зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж,
- 4.068.000 /дөрвөн сая жаран найман мянга/ төгрөгийг “МИАТ” ТӨХК-д,
- 5.295.500 /таван сая хоёр зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус нөхөн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт Л.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Д “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД