Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0485

 

Ү.Гын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ү.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “...Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 113/2024/0014/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ү.Г нь “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна.       

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дугаар зүйл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 58 дугаар зүйлийн 58.5, 58.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ү.Гын Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Хариуцагч талын гаргасан хариу тайлбар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 32 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх цуглуулах үүрэгтэй боловч хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх чухал ач холбогдолтой нотлох баримтууд болох газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгэх иргэн Ү.Гын хүсэлт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А/319 захирамжаар Сэргэлэн сумын 1 дүгээр баг 4 дүгээр зөрлөгийн орчимд олгогдсон газрын гэрээ гэрчилгээг дүгнэх хүсэлт болон газрын төлбөрийн талаарх нотлох баримтыг гаргуулахыг хүссэн хүсэлтүүд иргэн. Ү.Гын газар эзэмших гэрээ гэрчилгээн дэх эзэмшигчийн хаягын өөрчлөлт, регистерийн дугаарт өөрчлөлт хийлгэх хүсэлтүүд зэрэг 2017 оноос 2023 онд манай илгээж байсан албан хүсэлтүүдийг нотлох баримтаар зориуд шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хариуцагчийн хариу тайлбарыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг цахимаар зарлан явуулсан боловч техникийн нөхцөл шаардлага хангагдаагүй, хариуцагч ямар хариу тайлбар татгалзал нотлох баримт гаргасан нь тодорхойгүй, үүнийг цахимаар ирүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас эрс татгалзаж хавтаст хэрэгтэй танилцах боломжгүй шахам хээр хөдөө газар хэргийн газрын үзлэг хийж байх үед хавтаст хэргийг танилцуулсан гарын үсэг зуруулж шүүх хурлыг зарлан хуралдуулснаас нэхэмжлэгчийн мэтгэлзэх бололцоо хаагдсан. Шүүх 5 жилийн хугацаанд бидний удаа дараагийн хүсэлт шаардлагыг хангаагүй Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга, Газрын даамлын үйл ажиллагааг хамгаалсан шинжтэй шүүхийн шийдвэр гаргасан.

3.2. Анхан шатны шүүх хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтыг тухай бүрд нь бидэнд танилцуулах бололцоо хангасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 32-р зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлсэн бол Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга, Газрын даамал ачаалал ихтэй гээд газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д “...анх удаа иргэн аж ахуйн байгууллагын эзэмшил ашиглалтанд олгож байгаа болон бусад газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг улсын буюу орон нутгийн төсвөөс сахүүжүүлнэ ...” гэсэн заалтаар хянан баталгаа хийлгэсэн зардлаа гаргуулах хүсэлт гаргасан боловч газар эзэмших гэрээг дүгнүүлэх талаарх хүсэлтүүдийг хавтаст хэрэгт хариуцагч ирүүлсэнгүй.

3.3. .... Захиргааны ерөнхий хуулийн 13-28 дугаар зүйлүүдэд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг тодорхойлж сонсох ажиллагааг хийгээгүй ялгаварлан гадуурхаж ижил нөхцөл, цаг хугацаа, байрлал адил нэг өдөр захирамжаар  газар эзэмших гэрээ хийж гэрчилгээ авсан газар эмэмших гэрчилгээг нэгийн хүчингүй болгож нөгөөг нь хэвээр үлдээснийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа болно.

3.4. Түүнчлэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн нэхэмжлэгчийн иргэний цахим үнэмлэх дээр бичигдсэн хаяг нь “Улаанбаатар, Баянзүрх, 7-р хороо,15-р хороолол, 30 байр 61 тоот”  гэж бичигдсэн боловч “Шилжин ирсэн тухай тодорхойлолт” гэсэн хаягийн тодорхойлолтод Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Юнеско гудамж, 26д байр 3 тоот гэсэн хаягт 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн  бүртгэлтэй баримтаас үзвэл нэхэмжлэгч  иргэн өөрөө хаяг солигдсон атал 2 сарын дараа дээрх газар эзэмших гэрээ байгуулахдаа хаягаа буруу бичиж баталгаажуулсан болох нь нотлогдож байх бөгөөд үүнээс хойш хаягийн мэдээллээ газар эзэмшүүлэгчид мэдэгдэж, залруулаагүй байна. Үүнээс нэхэмжлэгч нь хариуцагчийн акт гаргахдаа өөрт нь тухайлан хаягаар нь сонсох ажиллагааг ажиллагааг хийгээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй, улмаар хаягийн мэдээлээ өгөх үүргээ гүйцэтгээгүй буюу хаяг нь тодорхойгүй этгээдэд хариуцагч захиргааны байгууллагаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүргүүлэх үйлдэл хийснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д ... газар эзэмшигчид хүлээлгэсэн үүрэгт хаягийн мэдээллээ төрийн байгуулагад гаргаж өгөх, тодруулах үүрэг хүлээгээгүй байх ба харин Монгол улсын иргэний бүртгэлийн тухай хуулийн 19-р зүйл 19.1, 19.2, 19.4 дэх заалтуудад иргэний шилжилт хөдөлгөөн хийгдэх хаяг, регистер зэрэг мэдээллүүд төрийн байгуулагад хадгалагдаж, мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн байгууллага өөрт байгаа мэдээллийг иргэн хуулийн этгээдээс шаардахгүй байхаар зохицуулсан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын кадастрын зураг болон Монгол улсын иргэний цахим үнэмлэх дээр бичигдсэн регистрийн дугаар нь ХК69021816 гэж бичигдсэн байх ба маргаан бүхий актад бичихдээ Үнэнчийн Ганбаяр гэж бичсэний ард регистрийн дугаарыг ХК69021813 гэж бичсэн нь хамгийн сүүлийн тоон бичилтээр "6" гэсэн нь "3" гэж буруу бичигдсэн байх боловч энэхүү бичиглэлийн зөрүү алдаанаас болж маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. Улсын бүртгэлийн лавлагаанаас харахад Үнэнчийн Ганбаяр гэх нэр бүхий 12 хүн байх ба өөр түгээмэл нэр овогтой хүмүүсийн давхцал 3000-10000 байна. Шүүх захиргааны байгууллага албан тушаалтны утга агуулгын илэрхий алдаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан алдааг гаргаагүй гэж хамгаалсан шинжтэй үндэслэл гаргасан нь ойлгомжгүй.

3.5. Үүнээс үзэхэд иргэний эрх ашиг хөндсөн захиргааны акт гаргахдаа болон зарлан мэдээллэхдээ илт хууль зөрчиж Захиргааны еронхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан заалтыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхолыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захирггааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

2.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

2.3. Нэхэмжлэгч Ү.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Б.Н нар нь “...Төрийн байгууллагын залгамж чанар, уялдаагүй гаргасан шийдвэрүүдээс тус бүсэд баригдах 5 дугаар Дулааны Цахилгаан станц барих асуудал, нефть боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох хугацаа хойшлогдсоноос болж үйлдвэрээ нүүлгэж чадаагүй. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Зууны мэдээ сонины 145 дугаарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаар захирамжийг илт хууль бус захирамж” гэж тайлбарлан маргажээ.

2.4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус актын шинжийг агуулахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

2.5. Учир нь нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаатай гэх бөгөөд “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “...утга агуулгын илэрхий алдаатай...” гэж актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтаны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг ойлгоно.

2.6. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаварын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцогдохоор байх бөгөөд хариуцагчаас гаргасан 2023 оны А/1317 дугаар захирамж нь энэ шинжийг агуулаагүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1317 дугаар актаар зохицуулсан асуудал нь тодорхой буюу газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзол шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дарааллан ашиглаагүй гэж үзэж, нэхэмжлэгч Ү.Гын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/319 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэх илт хууль бус актын алдаанд хамаарахгүй юм.

2.8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасанд агуулгын тайлбар хийхэд, захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгох бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд заагаагүй үндэслэлээр газар эзэмшүүлсэн гэж үзэхгүй.

2.9. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ү.Г Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөгт байрлах 2.5 га газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшиж, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 000703010 дугаартай гэрчилгээ олгож, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 04167-2017/44956 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг тус сумын газрын даамал Б.У, нэхэмжлэгч Ү.Г нарын хооронд байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, уг гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас: гэх хэсэгт “Үнэнч овогтой Ганбаяр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж”, регистрийн дугаар ХК69021816 гэж бичээд, Банк, дансны дугаар, харилцах утас, И-мэйл хаяг гэсэн хэсгийн нь бөглөөгүй орхигдуулсан байна.

2.10. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн 142 тоот тодорхойлолтод “ХК 69021816 регистрийн дугаартай Үнэнч овогтой Ганбаяр нь тус хороонд амьдардаггүй бүртгэлтэй” болохыг тодорхойлон ирүүлсэн албан бичиг болон нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн нэхэмжлэгчийн иргэний цахим үнэмлэх дээр бичигдсэн хаяг нь “Улаанбаатар, Баянзүрх, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байр 61 тоот” гэж бичигдсэн “Шилжин ирсэн тухай тодорхойлолт” гэсэн хаягийн тодорхойлолтонд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнеско гудамж, 26-д байр, 3 тоот гэсэн хаягт 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлтэй байгаагаас үзвэл нэхэмжлэгч  оршин суугаа хаягаа газар эзэмших гэрээнд өөрөө буруу бичсэн болохоос Төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдлээс болж газар эзэмших гэрээнд нэхэмжлэгчийн гэрийн хаягийг буруу бичсэн гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүхийн “…Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, Ү.Г болон Төв аймгийн Сэргэлэн сумын газрын даамалтай байгуулсан “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 2017 оны 11 дүгээр сарын 03 тоот гэрээний газар эзэмшигчийн үүрэгийн 4.14-т “газар эзэмшүүлэх” гэрээг дүгнүүлэх үүрэгтэй байх гэж зааж өгсөн бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгч Ү.Гын алдаатай бичсэн гэрийн хаяг засагдаагүй байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.11.  Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга маргаан бүхий актыг гаргахаас өмнө газар эзэмшигчид сонсох болон мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан болох нь  хэрэгт авагдсан баримт болох 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 145 /7130/ дугаартай  Зууны мэдээ сонинд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” заалтыг зөрчсөн дараах иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 “сонсох ажиллагааг явуулах, хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-т заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”-гэж заасны дагуу  нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгох талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдэгдсэн байна.

2.12. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол гэж тус тус заасан.

2.13. Анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ү.Г нь Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөгт байрлах 2.5 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр авснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 5 жилийн хугацаанд огт ашиглаагүй, газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх” үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүй байж хянан баталгааг хийлгэсэн зардлаа улсын болон орон нутгийн төсвөөс гаргуулна гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

2.14. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ