Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 191

 

 

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Д.Оюунгэрэл,

Шүүгдэгч Б.Дашдагва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дашдагвад холбогдох эрүүгийн 201625031686 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржгон овогт Буянтогтохын Дашдагва: Монгол улсын иргэн, 1973 оны 06 сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн Дэлгэрхаан 2-р баг Дуут-Хуримт 3 гудамж 7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, /РД:НЛ73060172/

 

Шүүгдэгч Б.Дашдагва /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 08 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 67-913 тоотод оршин суух иргэн Е.Уранчимэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, TCL маркийн 42 инчийн лед зурагтыг хулгайлан авч 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Дашдагваас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би Ё.Уранчимэгтэй тэдний гэрт нь буюу Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 67-913 тоотод 2016 оны 06 сар хүртэл 1 жил орчим хугацаанд хамтран амьдарсан юм. Тэгээд 2016 оны 06 сарын 20-ны үеэр хэрэлдэж маргалдаад таарч тохирохоо болиод салаад тусдаа амьдрах болсон. Тэгээд 2016 оны 08 сарын 13-ны өдрийн 16 цагийн үед би архи уусан согтуу байсан болохоор Уранчимэгтэй уулзах санаатай гэрт нь очтол гэрт нь хүн байхгүй түгжээтэй байсан.. би гишгүүрийг нь сөхөөд хартал түлхүүр нь байхаар нь би тэр түлхүүрийг нь аваад цоожийг нь онгойлгож гэрт нь орсон. ..тэгээд гэрийн хойморт байсан хавтгай дэлгэцтэй 42 инчийн зурагтыг нь хулгайлж аваад гарсан. ..би зурагт хулгайлахдаа ганцаараа явж байсан бөгөөд намайг тэдний зурагтыг хулгайлсан гэдгийг өөр хүн мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх 26/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Е.Уранчимэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 08 сарын 13-ны өдөр манай эмнэлгийн баяр болоод би гэртээ байгаагүй бөгөөд Баян-Уулын амралтанд ажлын хамт олноороо явж нэг хоночихоод 2016 оны 08 сарын 14-ний өдөр гэртээ иртэл манай гэрт хулгайч ороод зурагтыг аваад явчихсан байсан. Би амралтанд явсан байсан, мөн хүү Цагаанбаяр хөдөө явсан байсан болохоор манай охин Оргил, хүргэн Дашдэмбэрэл нар манайд хулгайч орсныг мэдээд цагдаагийн байгууллагад өгч үзлэг шалгалт хийлгүүлсэн байсан. Хулгайч манай гэрийн гишгүүр доор хийсэн байсан түлхүүрийг олж аваад түлхүүр тааруулж орсон байсан. ..Манайхыг гишгүүр доор түлхүүрээ нуудаг гэдгийг Дашдагваас өөр гадны хүн мэдэхгүй. ..Уг зурагтыг Дашдагва манайд амьдарч байх үед худалдаж авсан нь үнэн боловч үүнд Дашдагва ямар нэгэн мөнгө төгрөг өгч нэмэрлээгүй. Цагаан сар болох гэж байсан болохоор манай хүү өөрийн мөнгөөр надад авч өгсөн зурагт байгаа юм гэсэн мэдүүлэг /хх 11-14/

 

Шүүгдэгч Б.Дашдагвын иргэний үнэмлэхний хуулбар /хх 36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 35/, хэрэг учралын газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх 7/, эд зүйлийн үнэлгээ /хх 9/,  шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оын 08 сарын 17-ны өдрийн ¹06/441 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19/, хохирогч Е.Уранчимэгт хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх 38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Дашдагва нь 2016 оны 08 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 67-913 тоотод оршин суух хохирогч Е.Уранчимэгийн эзгүйд, гэрт нь нэвтрэн орж TCL маркийн 42 инчийн лед зурагтыг хулгайлан авч 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотох баримтуудаар тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Дашдагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Буянтогтохын Дашдагвыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашдагвыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашдагвад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Дашдагва нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашдагвад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дашдагвад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

           8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР