Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 112/ШШ2021/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Б.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* О.Ат холбогдох аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Э.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Э миний бие 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатын Б/51 дугаар захирамжийн дагуу Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажилласан. Гэтэл орон нутагт Ардчилсан нам гарсантай холбоотойгоор улс төрийн шалтгаанаар ******* болсон О.А ын орлогч Ч нь 2020 оны 12 дугаар сарын сүүлээр намайг дуудаж ажлаа өг, ялсан нам өөрийнхөө хүмүүсийг ажиллуулдаг мэднэ биз дээ гэж байсан. Тэгээд Говь-Алтай аймгийн ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Э намайг ажлаас чөлөөлөх тухай Б/01 дугаар захирамжийг гаргасан. Тус захирамжинд Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг удирдлага болгон ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний хувьд тухайн хуулийн зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар бүхий ажлаас чөлөөлөх тухай захирамжийг үйлдэж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул тус захирамжийг хүчингүй болгож, Ундарга-Алтай орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү. Намайг ажлаас халахдаа Алтай хотыг найдвартай цэвэр усаар хангаагүй удаа дараа хангалтгүй явуулсан гэх үндэслэл нь тодорхой бус, миний ойлголтоор бол 2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнийн 00:29 минутад Индэрт багийн 2-25 тоотод оршин суугч иргэн Г.У  99664510 дугаарын утаснаас ус гудамж руу алдаж байна гэж мэдээллэсний дагуу ашиглалтын инженер Л.Б, Д.Б нар 00:40 минутад газар дээр нь очиж үзлэг шалгалтыг хийх явцад 2006 онд Азийн хөгжлийн банкны МОН18-47 төслөөр хийгдсэн 2-р өргөлтийн насос станцаас даралтат усан сан руу цэвэр ус дамжуулах ф200мм-ийн голчтой, 4 м гүн дахь РVС хуванцар хоолойн цэвэр усны төв шугамд гэмтэл гарсан учир зайлшгүй Алтай хотын усан хангамжийг хэсэгчлэн хязгаарлалт хийж гэмтлийг засварлах шаардлага гарсан болохоор Алтай хотын 20 орчим уурын зуух буюу орон сууцны хэрэглэгч, ус түгээх цэгүүдийг усан хангамжаар таслахгүйгээр зохицуулалт хийн өгч даралтат усан сангийн усыг хааж, насос станцаас Алтай хот руу усыг шахан тус шугаманд нөлөөлөх 2 хаалтыг хааж усны нэвчилтийг 03:30 минутанд түр зогсоон эрсдэлийг бууруулан маргааш өглөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 7:00-10:00 хооронд Усан тээврийн 3 автомашинаар зөөврийн 8 худагт 40 мЗ усны дүүргэлт, Алтай хотын гэр хорооллын 22 худгийн усны хэмжээ 40-60 мЗ хэвийн түвшинд нь байлгаж ус нөөцлөлт нь гэр хорооллын хэрэглэгчдэд хангалттай хүрэлцэхүйцээр нөөцлөх ажлыг эхлүүлэн гэмтлийг гаргаж ирэхэд тус шугам ф200мм-ийн голчтой, 4 м гүн дахь 15 жил болж байгаа РVС хуванцар хоолойн нь залгаа гагнаас нь цуурч гэмтсэн байсан. Тухайн ф200мм-ийн голчтой РVС хуванцар хоолойн шугам нь стандартын дагуу бол 40-50 жилийн насжилттай өртөг өндөр бүхий байдаг болохоор үзлэг шалгалт хийх боломжгүй, хөлдөлт өгөхөөс доошхи газрын гүнд байрлуулан цэвэр ус дамжуулах зориулалтай байдаг ба гэмтэх нөхцөл нь бол аливаа нэгэн хүний буруутай үйлдэл, ашиглалт засварын төлөвлөгөөнөөс үүдэн гарсан гэмтэл биш хүйтэн ус олон жил дамжуулахдаа РVС хуванцар хоолой хатуурснаар гэмтэх шалтгаан үүсдэг мөн газрын доорхи чичирхийлэлд овоолго шорооны суултаар хагарч, гагнаас бүхий хэсгээрээ цуурах зэргээс үүссэн үзлэг шалгалт хийх боломжгүй, стандарт бүхий тогтоосон хугацаатай, гэмтэл гарахаас урьдчилан тооцож төлөвлөх арга байхгүй механик гэмтэл гарсаныг, ажлын бригадыг маш шуурхайгаар гарган хамгийн бага хугацаа буюу 10 цаг, нөөц сэлбэг, техник хэрэгсэл, ажиллах хүчний нөөцийг ашиглан засварлаж энэ хооронд цаг тутамд засварын талаар undarga-altai govi-altai фэйсбүүк хуудсаар 6 удаа, орон нутгийн Алтайн мэдээ агентлаг, Монцэма агентлаг, Миний нутаг телевиз, Миний Алтай мэдээ агентлаг зэрэг эрх бүхий ТВ, цахимаар мэдээлэл хүргэж хэвийн ажиллагаанд оруулсан байхад хэвийн ажиллагааг удаа дараа хангалтгүй явуулсан гэх нь хариуцлага хүлээх шалтгаан болохгүй бөгөөд тухайн гэмтэл нь хэн нэгэн этгээдийн хариуцлагагүй байдлаас болж үүссэн зүйл биш.

Мөн ажлаас чөлөөлсөн Захирамжид орон тооны бүтцээс илүү ажилтан ажиллуулсан гэх ба Ундарга-Алтай ААТҮГ-ын бүтэц орон тоог Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Захиргаа удирдлагын алба-8, Үйлдвэрлэлийн алба-28, Борлуулалтын алба-11, нийт 47 хүний бүрэлдэхүүнтэй байхаар батлагдсан байдаг. 2019 оны Аудитын дүгнэлтээр манай байгууллага нь 1 слесарийн илүү орон тоотой гэсэн байсныг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж бүтэц орон тоог 47 хүнтэйгээр ажиллуулж байсан бөгөөд орон тооны бүтцээс илүү хүн ажиллуулж байгаагүй. Ундарга-Алтай ААТҮГ-ын орон сууцны байцаагч нарын цалинг нь оруулсан орлогоос 17 хувиар бодож олгох тушаалын дагуу 12 дугаар сарын цалинг нь бодож олгуулсан, ямар нэгэн хууль болон тогтоол, тушаалын хэрэгжилтийг зөрчсөн зүйл байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн зорилгоор аль нэг нам нь ялдаг. Тэгэхээр нөгөө намын харьяалал бүхий хүнийг ажилд томилох зорилгоор хүмүүсийг ажлаас халдаг. Төрийн алба тогтвортой байх ёстой. Гэтэл энэ хүний цаана 4 хүн амьжиргаагаа авч явж байгаа. Тэгээд хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа талаар боддоггүй. Өөрсдийнх нь хэлж байгаагаар тухайн тушаал нь хуульд нийцсэн, бодитой байх зарчимд нийцэж гарсан гэж тайлбарлаж байгаа. Энэ хүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн захирамжийн хууль зүйн үндэслэл дээр маргаж байгаа. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай Б.Эыг ажлаас чөлөөлөх тухай захирамж байгаа. Хэлэлцүүлгийн хувьд ярьсан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтууд мөн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчийн зүгээс тушаалын хууль зүйн үндэслэлээ тайлбарласан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад үзэхээр тушаалд дурдаад байгаа 1 дүгээр үндэслэл нь Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Э нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Алтай хотыг найдвартай цэвэр усаар хангах, цэвэр усан хангамж ариутгал татуургын ажлыг сайжруулах ашиглалтын хэвийн ажиллагааг удаа дараа хангалтгүй явуулсан гэж байгаа. Удаа дараа хангалтгүй явуулсан гэдгийг юугаар нотолсон юм бэ гэхээр гомдол мэдээллийн дуудлагын бүртгэлийн дэвтрээр нотолж байна гэж нотлох баримтаар гаргаж өгч байна. Ямар нэгэн иргэн хүн, байгууллагаас ирж байгаа нойлын ус бөглөрсөн гэдэг дуудлага нь Б.Этой хамааралтай юм уу? энэ зөрчлийг тогтоосон нотлох баримт мөн юм уу гэдэг асуудал байна. Дараагийн дугаарт тогтоосон орон тооны хязгаараас илүү ажилтан ажиллуулсан гэж байна. Б.Э даргын хувьд ажиллаж байх хугацаандаа хэн нэгнийг ажилд авч орон тооны бүтцийг илүү ажиллуулсан зүйл байхгүй. Харин иргэдийн Хурлын тогтоолоор тогтоосон 47 хүнд тохируулж ажилласан. Мөн дутуу цалин хөлс олгосон гэж байна. Ямар цалин хөлсийг яаж дутуу олгосон юм бэ? 4 ажилтан гэж яриад байгаа. Гэтэл ямар 4 хүний цалин хөлсийг хэдэн төгрөгөөр дутуу бодож олгосон юм, манай Тамгын газар гомдол ирсэн гэдэг байдлаар хариуцагч тал хэлж байсан. Хэзээ яаж гомдол мэдээлэл ирсэн юм. Гэтэл ямар ч нотлох баримт байхгүй. Үүнээс харахад хүний хөдөлмөрлөх эрхэд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр халдсан захирамжаараа нөхөж гүйцэтгэх гээд захирамж гаргасны дараа ажиллагаа хийж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайн яриад байгаа гэрээнд заасан ноцтой зөрчилд орно гэж хэлэлцэж байж сонсох ажиллагаа хийгээд ажлаас чөлөөлөх байсан байх. Гэтэл улс төрийн шалтгаанаар боломжтой ямар зүйл байна тэрийг бүгдийг бичиж байгаад ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтад зааснаар ноцтой зөрчил байсан гэж үзэж байгаа бол хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна гэсэн. Гэтэл гэрээний үүрэг гэдэг нь ерөнхий агуулга байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг. Гэтэл энэ зөрчлийг гэрээндээ тухайлан зааж өгөөгүй. Тухайн зөрчлүүдийг ямар байдлаар яаж нотолж байгаагаа шүүх хуралдаанд нотлох баримтаар тогтоож чадсангүй. Иймд хөдөлмөрлөх эрхэд хууль зүйн үндэслэлгүйгээр халдсан тул Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ундарга-Алтай орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал нь Орон нутгийн өмчийн тухай хууль болон аймгийн Орон нутгийн өмчийн газар, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай гэрээгээр ажлын байр албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчилд хариуцлага тооцох талаар харилцан тохиролцон тогтоож гэрээг байгуулсан. Гэрээний 1.1, 3 дахь хэсгийн 3.1, 5 дахь хэсгийн 5.4, 7 дахь хэсгийн 7.1, 8 дахь хэсгийн 8.4-ийн а дахь заалтаар гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох тохиолдол бүрийг нэрлэн заасан. Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлыг ажлаас чөлөөлөх тухай захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэн шаардлагыг хангуулж, хууль болон аймгийн Орон нутгийн өмчийн газар, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын хооронд байгуулсан гэрээ аймгийн *******д хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээг баримталж гаргасан. Иймд аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан, хууль тогтоомжид нийцсэн шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимдаа нийцэж байгаа эсэх талаар тайлбар өгсөн нь зүйтэй байх гэж бодож байна. Аймгийн Засаг даргын захирамжийн тухайд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.17 дугаар зүйл Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4 дэх хэсэг аймгийн орон нутгийн өмчийн газар, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай гэрээний 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсгийн 3.1, 5 дахь хэсгийн 5.4, 7 дахь хэсгийн 7.1, 8 дахь хэсгийн 8.4.а заалтуудыг тус тус үндэслэсэн. Эдгээр хуулийн заалтуудыг үндэслэл бүхий байх, зорилгодоо нийцсэн байх гэж үзэж байна. Нотлох баримтын тухайд энэ маргаантай холбоотой үйл баримт гуравдагч этгээд буюу Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт байгаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Алтай хотыг найдвартай цэвэр усаар хангах, цэвэр усны хангамж ариутгал халдваргүйтгэлийг сайжруулах, хэвийн ажиллагааг удаа дараа алдагдуулж явуулсан гэдэг нь тухайн ажиллаж байх хугацаанд Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой хэвийн үйл ажиллагаа доголдсон өргөдөл гомдол, дуудлага хэр гарсан гэдэг асуудал тавигдаж байгаа. Энэ талаар баримтыг гаргаж өгсөн байсан. Байгууллагын тогтоосон хязгаараас илүү ажилтан ажиллуулсан гэдэг дээр тухайн ажиллаж байсан цаг хугацаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц орон тоог баталж өгсөн байдаг. Үүн дээр 47 орон тоотойгоор явдаг. Нийгмийн даатгал болон хэрэгт авагдсан бусад хүснэгтүүдээр 48, 49 гэсэн байдлаар яваад байгаа юм. Тэгэхээр 1 орон тоо илүү харагдаж байгаа. Албан хаагчийн цалинг дутуу тооцож олгосон гэдэг нь хэрэгт авагдсан холбогдох алба хаагчдын өргөдөл гомдлоор тогтоогдож байгаа. Энэ байдлууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу орон нутгийн өмчийн газар, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хооронд явуулсан 2020 оны 01 дугаартай гэрээний 3.1, 5.4 дэх заалтуудаар тодорхой харагдана. Энэ заалтууд нь 7.1, 8.4.а гэдэг заалтуудаар хариуцлага тооцох үндэслэл болжээ. Энэ үндэслэлтэй холбоотой нотлох баримтууд хариуцагчийн тухайн процесс ажиллагааны үйл явдалтай холбоотой сонсох ажиллагааны тэмдэглэл юм уу ийм ажиллагаанууд хийгдсэн. Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай холбогдсон баримтууд хэрэгт авагдсан байгаа. Ажиллаж байх хугацааны дуудлага өгсөн баримтууд дуудлага бүрээс, дуудлага бүрээр гэдэг нь гэрээний 3.1-т Алтай хотыг цэвэр усаар хангах ажлыг тасралтгүй найдвартай удирдан зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төлөөлөх бүрэн эрх нь захиралд олгогдсон. Эсрэгээр хариуцлагыг мөн хүлээнэ. Дуудлагын бүртгэлээр харагдаж байгаа. Энэ дуудлагыг хэн хариуцах вэ гэхээр тухайн байгууллагыг бүрэн төлөөлж байгаа удирдлага хариуцна гэж үзэж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-т ******* эрх хэмжээний хүрээнд нийцүүлэн захирамж гаргана гэсэн заалт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан. Үүн дээр ажил олгогч санаачилсан гэдэг агуулга байна. 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл байдаг. Эдгээр хуулийн үндэслэлийг үндэслэж орон нутгийн өмчийн газар, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хооронд байгуулсан гэрээ байдаг. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа нь 2020 оноос эхэлж байгаа. Б.Э нь 2020 оны 09 дүгээр сард ажилдаа томилогдсон. Энэ хугацаанд Алтай хотыг найдвартай цэвэр усаар хангах, цэвэр усны ариутгал татуургын хэвийн үйл ажиллагааг хангалтгүй явуулсан гэдэг нь хэрэгт авагдсан дуудлагын бүртгэлээр харагдана. Тухайн доголдол гарахгүй явах үйл ажиллагааг найдвартай гэж хэлнэ. Найдвартай биш дуудлага гараад тэрийг засаад яваад байгаа нь тодорхой цаг хугацааны тухайд хангалтгүй явуулсан гэдэг нь харагдаж байгаа. Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал нь төрийн албан хаагч. Төрийн албан хаагчийн нийтлэг харилцаатай холбоотой асуудлыг зохицуулахад Хөдөлмөрийн тухай хууль түүнтэй холбоотой харилцаагаар зохицуулна. Энэ гэрээний 8.4.а-д ******* болон орон нутгийн өмчийн газар нь дараах тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж ажлаас чөлөөлөх эрхтэй гэсэн. Үүнд 6 үндэслэл заасан байгаа. 8.4.а-д захирал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гэдэг агуулга харагдаж байна. Сахилгын ноцтой зөрчил гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулсан нийтлэг зохицуулалт. Тэр зохицуулалтыг тухай бүр нарийвчлан хөдөлмөрийн харилцаанд тусгах боломжгүй. Хоорондоо гэрээ байгуулсан. Гэрээ нь нийтлэг зохицуулалтаар буюу талуудын эрх үүргийг зохицуулсан байдлаар гардаг. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хугацаанаас өмнө цуцална гэдэг агуулга тусгагдсан байгаа. Гэрээг тогтоосон хугацаанд дүгнэдэг. Орон нутгийн өмчийн газар дүгнээгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж аймгийн Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б.Эыг 3 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Б.Эын тайлбар хавтаст хэрэгт байдаг. Үүн дээр ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэрээнд заасан орон тооны хязгаараас илүү хүн ажиллуулсан, ажилтан алба хаагчийн цалинг дутуу тооцож олгосон, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Сонсох ажиллагааны тэмдэглэл дээр өөрөө гарын үсэг зурсан. Өөрийнх нь тайлбараас харахад манайх 1 орон тоо илүү явсныг би ажилд ороод чөлөөлсөн 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаад явсан гэж байгаа боловч хавтаст хэргээс харахад ямар хүнийг ажлаас халсан талаар тушаал байхгүй. Тушаал байхгүй учир бусад хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үзэхээр цалин авч байсан цалингийн цэс дээрээс харахад 10 сар хүртэл 48 хүн цалин аваад явж байсан. Үүнээс харахад байгууллагын тогтоосон орон тооны хязгаараас илүү хүн ажиллуулаад явж байсан нь харагдаж байгаа. Ажилтан албан хаагчийн цалинг дутуу бодож олгосон нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан өргөдлүүдээс харагдаж байгаа. Тооцоот үйлдвэрийн газар нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Алтай хотыг найдвартай цэвэр усаар хангах, ариутгал халдваргүйжилтийг сайжруулах хэвийн явуулах ажиллагааг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа. Үүн дээр *******, орон нутгийн өмчийн газартай гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. Энэ гэрээг одоо болтол хүргүүлээгүй. Ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан гэдэг нь Б.Э даргын бичгээр ирүүлсэн тайлбар дээрээс тодорхой харагдах байх. Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь аймгийн орон нутгийн өмчийн газартай гурвалсан гэрээ байгуулж ажилласан байгаа. Үүнийг шууд хөдөлмөрийн гэрээ гэж дүгнэх боломж харагдахгүй байгаа. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон нөхцөлөөс илүү боломжоор хангах гэж байгуулсан гэрээ юм болов уу гэж үзэж байна. Байгууллагаа төлөөлөн хамтын гэрээ байгуулсан гэж харж болохоор байгаа юм. Шүүхийн хэлэлцүүлэгт та ажилд ороод хүн ажлаас чөлөөлсөн үү гэхэд хүн чөлөөлөөгүй гэж хариулсан. Тэгэхээр өөрийн бичиж өгсөн тайлбараас зөрүүтэй зүйл харагдаж байна. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн аудитын дүгнэлтээр ажиллах орон тооноос илүү нэг хүнийг ажиллуулж явсан гэдэг нь энэ хүнийг ажлаас чөлөөлөх Засаг даргын захирамж гарсан. Орон тооны хязгаараас илүү ажилтан ажиллуулсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Ажилтан алба хаагчийн цалинг дутуу тооцож олгож, хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж байгаа. Үүн дээр өргөдөл гаргасан 5 байцаагчийн асуудал яригдаад байдаг. Алтангэрэл гэдэг хүн байцаалт өгсөн. Энэ бүгдээс харахад 12 дугаар сарын цалинг өгөөгүй нь харагдаж байгаа. Тэгэхээр энэ зөрчил засагдаагүй явсан. Ажил үүргээ хангалтгүй хийсэн гэдэг дээр Б.Эын өөрийн тайлбар байгаа. Мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн дуудлага хүлээн авах бүртгэлийн дэвтрээс харахад өөрийн албан үүргээ ямар байдлаар хэрэгжүүлж байсан нь харагдаж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтээ дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.17, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, аймгийн Орон нутгийн өмчийн газар, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №1 дугаартай гэрээний 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсгийн 3.1, 5 дахь хэсгийн 5.4, 7 дахь хэсгийн 7.1, 8 дахь хэсгийн 8.4 а/ дахь заалтыг тус тус үндэслэн Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Э нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Алтай хотыг найдвартай цэвэр усаар хангах, цэвэр усан хангамж, ариутгах татуургын ашиглалтыг сайжруулах хэвийн ажиллагааг удаа дараа хангалтгүй явуулсан, байгууллагын тогтоосон орон тооны хязгаараас илүү ажилтан ажиллуулсан, ажилтан албан хаагчдын цалинг дутуу тооцон олгож хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Б.Э нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/51 дугаар захирамжаар Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар томилогдож, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэг талаас аймгийн Засаг даргыг төлөөлж Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г, нөгөө талаас Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Э нар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу гэрээг байгуулж, Аймгийн Орон нутгийн өмчийн газар, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хооронд байгуулсан гэрээг аймгийн ******* баталсан байсан.

Аймгийн Орон нутгийн өмчийн газар, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хооронд байгуулсан гэрээний 1-т нийтлэг үндэслэл 1.1-т Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулах, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход гэрээний зорилго оршино, 3-т Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын хүлээх үүрэг 3.1 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд Алтай хотын ард иргэдийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах ажлыг тасралтгүй найдвартай хангах, үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, аж ахуйн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, тухайн жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг биелүүлэх, үйлдвэрийн хөдөлмөр хамгаалал, осол аюулгүй, ажиллагааг хангаж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэх, ажиллагсдын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллана гэж гэрээнд тусгагдсан байна.

1.Хариуцагч болон гуравдагч этгээдээс Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020 оны 9-12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сарын дуудлага мэдээлэл хүлээн авах бүртгэх дэвтэрийг гаргаж өгсөн. Дээрхи дуудлага мэдээллийн бүртгэлийн дэвтэрт Ундарга-Алтай ААТҮГазарт иргэдээс өдөр бүр цэвэр усны шугам бөглөрсөн, хаалт солиулах, бохир усны шугам бөглөрсөн, ус алдсан, угаалтуур бөглөрсөн, тоолуур тавиулах, шугам солих зэрэг дуудлага мэдээлэл ирсэнийг бүртгэж тухай бүрт нь засварласан талаарх тэмдэглэл хийсэн бүртгэл байх бөгөөд энэ нь Ундарга-Алтай ААТҮГ-ын өдөр тутам хийгддэг ажил байхад Б.Эыг гэрээний 3.1-т заасан үүргээ биелүүлээгүй, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Алтай хотыг найдвартай цэвэр усаар хангах, цэвэр усан хангамж, ариутгах татуургын ашиглалтыг сайжруулах хэвийн ажиллагааг удаа дараа хангалтгүй явуулсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э ...2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнийн 00:29 минутад ...ус гудамж руу алдаж байна гэж мэдээллэсний дагуу ашиглалтын инженер Л.Б, Д.Б нар газар дээр нь очиж үзлэг шалгалтыг хийх явцад ...4 метр гүн дахь PVC хуванцар хоолойн цэвэр усны төв шугамд гэмтэл гарсан учир зайлшгүй Алтай хотын усан хангамжийг хэсэгчлэн хязгаарлалт хийж гэмтлийг засварлах шаардлага гарсан болохоор Алтай хотын 20 орчим уурын зуух буюу орон сууцны хэрэглэгч, ус түгээх цэгүүдийг усан хангамжаар таслахгүйгээр зохицуулалт хийн даралтат усан сангийн усыг хааж, насос станцаас Алтай хот руу усыг шахан тус шугаманд нөлөөлөх 2 хаалтыг хааж усны нэвчилтийг 03:30 минутад түр зогсоон эрсдлийг бууруулан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 7:00-10:00 цагийн хооронд усан тээврийн 3 автомашинаар зөөврийн 8 худагт 40м3 усны дүүргэлт, Алтай хотын гэр хорооллын 22 худгийн усны хэмжээ 40-60м3 хэвийн түвшинд нь байлгаж ус нөөцлөлт нь гэр хорооллын хэрэглэгчдэд хангалттай хүрэлцэхүйцээр нөөцлөх ажлыг эхлүүлэн гэмтлийг гаргаж ирэхэд тус шугам ф200мм-ийн голчтой, 4 метрийн гүн дахь 15 жил болж байгаа PVC хуванцар хоолой нь залгаа гагнаас цуурч гэмтсэн ...хөлдөлт өгөхөөс доошхи газрын гүнд байрлуулан цэвэр ус дамжуулах зориулалтай ...гагнаас бүхий хэсгээрээ цуурах зэргээс үүссэн үзлэг шалгалт хийх боломжгүй, ...гэмтэл гарахаас урьдчилан тооцож төлөвлөх арга байхгүй механик гэтэл гарсаныг ажлын бригадыг маш шуурхайгаар хамгийн бага хугацаа буюу 10 цаг нөөц сэлбэг, техник хэрэгсэл, ажиллах хүчний нөөцийг ашиглан засварлаж энэ хооронд цаг тутамд засварын талаар Ундарга-Алтай, Говь-Алтай фэйс хуудсаар 6 удаа, орон нутгийн ...телевиз, цахимаар мэдээлэл хүргэж хэвийн ажиллагаанд оруулсан... гэсэн тайлбар, гэрч Ундарга-Алтай ААТҮГ-ын ашиглалтын инженер Д.Б ...2021 он гарснаас хойш 01 дүгээр сарын 21-ний шөнө тухайн гэмтэл анх удаа гарсан. Баянхайрхан багт байрлах өрхийн эмнэлгийн гудманд ус урсаж гэмтэл гарсан гэсэн дуудлага ирсэн ...усыг нь хааж янзлах гэхээр халаалтанд доголдол гарах байсан учир өглөө усны нөөцөө бүрдүүлж, 10 цагт усыг хааж, тухайн гэмтлийг янзалсан. 10 цагт ус хааж байгаа учир орой 5, 6 цагийн үед аймгийн доод хэсгээр ус тасарсан байх ...анх тухайн шугамыг хийхдээ 2 шугам гагнаж хийсэн гагнаас нь салсан байсан учир дахин гагнаад орой 22 цагийн үед янзалж дуусаад усаа өгсөн. Тухайн завсарын ажил нь өрхийн эмнэлгийн хашаанд байсан учир өрхийн эмнэлгийн хашааг буулгаж, хөлдүү газрыг ухаж янзалж байгаа учир ажлын явц удаан байсан ...урьдчилан мэдэх боломж байхгүй, ус нь дээшээ шүүрч гарч ирээд дуудлага ирсэн учир мэдсэн ...гэмтлийн тухайд 4.5 метр гүнд байсан... гэсэн гэрчийн мэдүүлгээс үзэхэд цэвэр ус дамжуулах шугам нь газрын хөдлөлтийн хэсгээс доош 4 метрийн гүнд байрлах ба цэвэр усны шугамд гэмтэл гарахыг шалгаж тогтоох, урьдчилан тооцож мэдэх боломжгүй бөгөөд тухайн гэмтлийг хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх боломжгүй юм.

2. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын хооронд байгуулсан гэрээний 5.4-т Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас тогтоосон орон тооны хязгаар, цалингийн жишигт тохируулан захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтан, ажилтныг томилох, чөлөөлөх, тэдгээртэй гэрээ байгуулан ажиллана гэж заасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаар тогтоолоор Ундарга-Алтай ААТҮГ-ын бүтэц орон тоог захиргаа удирдлагын алба 8, үйлдвэрлэлийн алба 28, борлуулалтын алба 11 нийт 47 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан орон тооноос 1 слесарийн орон тоог илүү ажиллуулсан талаар зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэний дагуу 2020 оны 4 дүгээр сард тухайн слесарийг ажлаас чөлөөлсөн талаар гэрч Ундарга-Алтай ААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Г.Д-ын мэдүүлэг, нэхэмжлэгч Б.Э 2020 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр ажилд томилогдсоноос хойш шинээр хүн ажилд аваагүй, тэтгэвэрт гарах хугацаа хүрэхгүй байсан Г гэдэг хүнийг өмнөх даргаар ажиллаж байсан С.Б 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл түр хугацаагаар гэрээ байгуулан ажиллуулж байсныг гэрээний хугацаа дуусч 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас нь чөлөөлсөнөөр бүтэц орон тоо 47 хүний тоотойгоор явсан гэсэн тайлбараар Б.Э тогтоосон орон тооны хязгаараас илүү ажилтан ажиллуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Ундарга-Алтай ААТҮГ-ын захиргаанд орон сууцны байцаагчаар ажилладаг Д.Э, Ч.М, Г.Г, Д.М, Д.Б нар ... Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг хадгалах, цалин хөлсөнд өөрчлөлт оруулахгүй байх журмыг зөрчин байцаагч нарын цалинг 12 сарын борлуулалтын орлогоос 100 хувь цалинжуулах ёстой байтал 1-11 сарын борлуулалтын орлогын үлдэгдэлээс цалинжуулсан ... гэх агуулга бүхий он сар тодорхойгүй хүсэлтийг гаргасан. Ундарга-Алтай ААТҮГ-ын захирлын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар орон сууцны байцаагч нарын цалинг орлогын 17 хувиар бодож цалинжуулахаар тогтоосон байх бөгөөд цалингийн тооцооны хүснэгтээр 2020 оны 11 дүгээр сард Ч.М 786455 төгрөг, Д.Б 888096 төгрөг, Д.Э 902970 төгрөг, Г.Г 822508 төгрөг, Д.М 873169 төгрөгний цалин авсан, 12 дугаар сард 2020 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх оруулсан орлогыг хүн тус бүрээр нь түүж нэгтгэн Ч.М 941992 төгрөг, Д.Б 848846 төгрөг, Д.Э 815244 төгрөг, Г.Г  1021408 төгрөг, Д.М 893835 төгрөгний цалин олгосон байгаа баримт, гэрч Ундарга-Алтай ААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Г.Д ...орон сууцны байцаагчаар ажилладаг Д.Э, Ч.М, Г.Г, Д.М, Д.Б нар нь тогтмол цалин байхгүй. Оруулсан орлогынхоо 17 хувиар цалинжиж байхаар өмнөх дарга С.Б захирлын тушаалаар баталсан. Сар бүрд оруулсан орлогынх нь харилцах дансны хуулгыг түүж орлогыг нь тогтоож үүнээс 17 хувийг ерөнхий нягтлан миний бие боддог. Оруулсан орлогоос нь хамаарч сар бүр цалин нь хэлбэлзэлтэй байдаг. 2020 оны 12 дугаар сарын цалинг 11 сарын цалин тавьсанаас хойш он, сар, өдрөөр нь түүж харилцах дансанд оруулсан орлогоос нь цалинжуулсан байгаа. Нотлох баримтаар хүн тус бүрээр нь түүсэн борлуулалтын орлогыг шүүхийн шаардсанаар гаргаж өглөө... гэсэн мэдүүлэг зэргээс Б.Э нь Ундарга-Алтай ААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа ажилтан албан хаагчдын цалинг ямар хэлбэрээр яаж дутуу тооцон олгосон эсэх асуудал нь тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зааснаар Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Э гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Алтай хотыг найдвартай цэвэр усаар хангах, цэвэр усан хангамж, ариутгах татуургын ашиглалтыг сайжруулах хэвийн ажиллагааг удаа дараа хангалтгүй явуулсан, байгууллагын тогтоосон орон тооны хязгаараас илүү ажилтан ажиллуулсан, ажилтан албан хаагчдын цалинг дутуу тооцон олгосон гэх зөрчил нь тогтоогдохгүй байх тул гэрээний 8.4 дэх хэсгийн а/ захирал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж ажлаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Эыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Аймгийн ******* маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал бий болсныг бодитоор тогтоогоогүйн улмаас маргаан бүхий Б/01 дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, хуулийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн төдийгүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасныг зөрчсөн байна.

Шүүх аймгийн Засаг даргын Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 22-ноос 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 63 хоногийн олговор 2.977,788 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүхээс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга, Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын хооронд байгуулсан гэрээ болон хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.1-д захиргааны байгууллага гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг ойлгохоор, 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.1-т Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно, 5.1.1-т төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл тухайн маргаж буй захиргааны шийдвэр нь захиргааны актын шинжийг агуулсан байх буюу нэхэмжлэгчид шууд хамааралтай байхаас гадна тус шийдвэрийг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд гаргасан байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Эыг урьд эрхэлж байсан Ундарга-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 63 хоногийн олговор 2.977,788 /хоёр сая есөн зуун далан долоон мянга долоон зуун наян найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Э.ЗОЛБАДРАХ