Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         09           27                                        2022/ШЦТ/176

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

        

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Хохирогч Д.Доржготов,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

        Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балбар овогт Доржготовын Бд холбогдох эрүүгийн 2219000000201 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Д.Б

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг гудамжны 619 тоотод байрлах хохирогч Д.Доржготовын эзэмшлийн байшингийн цонхийг хагалж гэмтээн хууль бусаар нэвтрэн орж, 800,000 төгрөгийн үнэ бүхий Samsung маркийн 49 инчийн LCD зурагтыг авч бусдад 950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тухайн өдөр би өглөө гэрээс гарахад манай том эгч байсан. Гарч явж архи уучихаад буцаад гэртээ ирэхэд манай эгч ажилдаа явсан, гэр цоожтой байсан. Тэгээд цонхоо нээх гэж байгаад хагалсан, манай гэр дотроосоо ручкаараа онгойдог, гэртээ орж зарагтаа аваад гарч явж байгаад зурагтаа даахгүй байхаар нь хажуу айлдаа түр энийг орхичихъё би такси аваад ирье гэж хэлээд явсан, буцаад ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Тэгээд баригдаад явсан ...” гэсэн мэдүүлэг,

          Хохирогч Д.Доржготовын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би эхнэртэйгээ амралтад явсан байсан. Энэ хүүхэд хөдөө ажилтай байсан. Том охиндоо гэрээ харж байгаарай гэж орхиод явсан. Цонх онгойлгосон байна гэж утсаар ярихаар нь цагдаа дууд гэсэн. Хүүгээ ирснийг нь мэдээгүй, дараа нь мэдээд хүүгээсээ яагаад авсан юм гэхэд та хоёр эзгүй байсан, цалин буугаагүй мөнгөний хэрэг гараад та хоёрыг ирэхээс нь өмнө ломбардад тавиад цалингаа буухаар нь эргүүлж аваад тавьчихъя гэж хэлсэн. Мөнгөний хэрэг гараад цонхоо онгойлгох гэж байгаад хагалж зурагтаа авч гарсан юм билээ. Манай хажуу талын айл машинтай, машиныг нь гуйх гээд очсон юм шиг байсан, тэгээд тэр айлд зурагтаа үлдээгээд явсан байсан ...” гэсэн мэдүүлэг,

          Хохирогч Д.Доржготовын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Нарангэрэлийн хамт Улаанбаатар хот руу сувиллын газарт амрахаар явсан, тэр хооронд манай том охин Солонго манай гэрийг харж үлдсэн байсан. Эхнэр бид хоёр сувилалд амарч байгаад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирэхэд манай охин Солонго бид хоёрт гэрт хулгай орсон гэж хэлсэн... Би гэрийнхээ түлхүүрийг том охин Д.Солонгод үлдээсэн байсан. Манай хүү Бд гэрийн түлхүүр байхгүй, ... гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 88 дугаар хуудас/,

           Гэрч Д.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн төрсөн аав, ээж болох Доржготов, Нарангэрэл нарын Сайншанд сум 1-р баг Данзанваанчигийн 619 тоот хаягт байж байгаад өглөө 08 цагийн орчимд ажилдаа явсан. Би тэгээд 10 цагийн орчимд буцаж гэртээ очиж хүүхдийнхээ цамцыг авах гэж очсон. Би ажил дээрээ байж байгаад цайны цагаар буюу 12 цаг гэртээ очиход байшингийн үүдний өрөөний цонх хагарсан, гэрийн хаалгыг дотроос нь онгойлгоод хаалга хагас хаагдсан байдалтай байсан. Би гэрийг үзэхэд том өрөөнд байсан 49 инчийн LCD зурагт хулгайд алдагдсан байдалтай байсан бөгөөд би цагдаад тэр даруй дуудлага өгсөн... Манай ээж, аав 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сувилалд явцгаасан байгаа юм. Би эмээ Сугарыг харж асраад гэрт нь байж байгаа юм... Уг зурагт нь манай аав, ээжийн зурагт юм... Улаанбаатар хотоос 1.500.000 төгрөгөөр авч байсан. Хэдэн онд авч байсан талаар мэдэхгүй байна... 32x125 см харьцаатай вакум цонх байсан. Өөр учирсан хохирол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

           Гэрч Н.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн гэр болох Данзанваанчигийн 10-8 тоот хаягт гэртээ байж байх үед миний зүс таних Баясаа гэх залуу гаднаас орж ирээд уулзъя гэж орсон. Би гараад уулзтал танай гэрт түр зуур зурагт тавьчихъя гэж хэлээд үлдээгээд явсан. Манай хашааны үүдэн дээр зурагт тавьчихсан байсан бөгөөд уг зурагтыг аваад би гэртээ оруулж тавьсан. Тэгээд байж байтал манай гэрт цагдаа нар орж ирээд хулгайн хэрэг дээр ажиллаж байна гэж хэлээд манай гэрээс Баясаагийн үлдээсэн зурагтыг хурааж авсан. Би Баясаа гэх хүнтэй архи уудаг байх үедээ нөхөрлөдөг байсан Тэр утгаараа танина... Ганцаараа явж байсан... тухайн зурагтыг хаанаас авсан болохоо хэлээгүй. Би жоохон байлгаж байгаад ирээд авна гэж хэлээд явсан... Уг хэргийн талаар надаас өөр мэдэх хүн байхгүй... Архи уучихсан согтуу байдалтай байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг орчим өөрийн амьдардаг Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн 10-16 тоот гэрээсээ гараад бага эгчээсээ 10,000 төгрөг аваад дэлгүүр орж 1 шил 0,75 граммын архи авч, Батбаяр гэх танилтайгаа хувааж уусан. Архи дууссаны дараа 15 цаг орчим гэртээ буцаж очтол гэрийн хаалга цоожтой байсан. Тэгээд байшингийн жижиг өрөөний цонхыг түлхэж онгойлгоод орох гэтэл хагарчихсан. Гэр рүү хагарсан цонхоор ороод том өрөөнд байсан Самсунг загварын 49 инчийн хар өнгийн зурагтыг авч гараад хажуу айлд түр үлдээгээд такси аваад буцаад ирэхэд цагдаа ирсэн байсан ...” гэсэн мэдүүлэг  /хавтаст хэргийн 26-27, 44 дүгээр хуудас/,

           “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-922/4032 дугаартай “... Самсунг маркийн 49 инчийн ЛСД дэлгэцтэй зурагтын үнэ 800,000 төгрөг... 32*125 см хэмжээтэй вакум цонхны үнэ 150,000 төгрөг ... Нийт үнэ, төгрөг 950,000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас/,

           Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

           Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг болно.

        Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.  

       Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг гудамжны 10-16 тоотод байрлах өөрийн байшингийн цонхийг хагалж нэвтрэн орж, 800.000 төгрөгийн үнэ бүхий Samsung маркийн 49 инчийн LCD зурагтыг авч ломбардад тавьж мөнгө авч архи уух зорилгоор уг зурагтыг хажуу айлдаа тавьсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Доржготов мэдүүлэхдээ “... би эхнэрийнхээ хамт 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр сувилалд явсан юм. Бид хоёрыг сувилалд явахад  Б гэртээ байгаагүй, хөдөө ажлаар явсан байсан учраас гэрийнхээ түлхүүрийг том охин  Солонгод орхиод явсан юм. Б хөдөөнөөс ирээд эгчээсээ түлхүүр аваад гэртээ орох эрхтэй. Учир нь манайх 3 өрөө байшинд амьдардаг, хүү Б нь эхнэр хүүхдийнхээ хамт нэг өрөөнд нь амьдардаг. Манай гэрт байгаа эд хөрөнгө нь бид бүгдийн дундаа өмчилдөг эд хөрөнгө юм, гал тогоо, хоол унд бүгд хамт байдаг. Манай гэр 2 түлхүүртэй, би Бд гэрийн түлхүүр өгдөггүй, энэ хаячихаад ирнэ гэж бодоод өгдөггүй, тэгээд ч бид гэртээ байнга байдаг болохоор энэнд түлхүүр өгөх хэрэг байхгүй. Б нь хүү талаасаа хамгийн бага нь болохоор бид хоёроос хойш энэ гэр орон, эд хогшил бүгд Бгийнх юм. Хөдөөнөөс ирээд архи уух гээд л зурагтаа ломбардад тавиад биднийг ирэхээс өмнө цалин нь буучих учраас буцаагаад авчихна гэж бодсон юм билээ. Миний хүү өөрийнхөө зурагтыг авсан учраас ялыг хөнгөлж өгнө үү” гэв.

          Хохирогчийн мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үзвэл, Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэрийнхээ хаягийг “Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг 10-16 тоот” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 41 дүгээрт 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудсаар Д.Бг Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг 10-16 тоот хаягаар дуудан ирүүлсэн, хавтаст хэргийн 44 дүгээр талд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д.Бгаас яллагдагчаар өгсөн “Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг 10-16 тоотод оршин суудаг” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 47 дугаарт авагдсан Д.Бгийн хувийн мэдээллийн хайлтаар “Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг 10-16 тоотод оршин суудаг” гэсэн, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэргийн 62 дугаарт авагдсан Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар Д.Б нь Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг 10-16 тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон, хавтаст хэргийн 66, 70 дугаарт авагдсан хуулийн хүчин төгөлдөр болсон 2008 оны 89 дүгээр, 2013 оны 20 дугаар шийтгэх тогтоолоор Д.Б нь ял шийтгүүлсэн ба Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг 10-16 тоотод оршин суудаг гэж бичигдсэнээс үзвэл шүүгдэгч Д.Б эцэг, эхийн хамт нэг гэрт олон жил хамт амьдарч байгаа зэргээр шүүгдэгч нь өөрийнхөө эд хөрөнгийг авсан нь тогтоогдож байх тул өөрийнхөө өмчийг авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй байна.

          Дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн, өрсөлдөхүйц эсхүл өөрийнх нь өмч биш гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

          Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол ...” гэж заасан нь өөрийнхөө эд хөрөнгийг авсан нь гэмт хэрэг болохгүй, харин бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсаныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

          Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт: “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилжээ.

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Доржготов, гэрч Д.Солонго, Н.Батбаатар нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдсан талаар мэдүүлээгүй, Samsung маркийн 49 инчийн LCD зурагтыг бусдын өмч гэдгийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг.

         Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд  нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон. Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн оршин суудаг хаяг гэж мэдүүлж байгаа боловч бусдын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж, цонхийг хагалж, гэмтээж 150,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” мөн “...хулгайд алдагдсан зурагт нь Бгийн өмчлөлийн, захиран зарцуулах өмч биш болох нь тогтоогдсон. Үүнийг гэрч Д.Солонго, Н.Батбаатар нар давхар мэдүүлсэн...” гэсэн нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар Бгийн өмч биш гэж үзэж байгаа, гэрч нарын ямар мэдүүлгээр давхар нотлогдоод байгаа нь ойлгомжгүй, гэрч нар нь уг эд хөрөнгийг Бгийн өмч эсэх талаар болон захиран зарцуулах эрхтэй эсэх талаар мэдүүлээгүй тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар  няцаагдаж байна гэж үзлээ.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “... хохирогч Доржготов шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож манай гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө нь бүгдийнх нь өмч хөрөнгө, захиран зарцуулах эрхтэй гэж мэдүүлж байна. Б нь гэрт байгаа эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж хохирогч мэдүүлж байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтаар болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нэг гэр бүлийн гишүүн болох нь тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэснийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүлээн авах үндэстэй гэж үзэв.

         Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Д.Бд холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчлэн ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж үзэв.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

           2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

     3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай

           4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА