Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2018/00910

 

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2018/00910

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 44 гудамж 04 тоотод оршин суух Б овгийн Б-н Д-н /регистрийн дугаар ** / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн **  тоотод оршин суух М овгийн Ж-н Н-д /регистрийн дугаар ** / холбогдох 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д , нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 06 сарын 07-нд эцэг тогтоолгох шинжилгээ өгсөн, шинжилгээний төлбөр болох 200 000 төгрөгийг миний бие Б овогтой Д  төлсөн бөгөөд 2018 оны 06 сарын 29-ний өдрийн 6640 дугаартай Шинжилгээний дүгнэлтээр Ж.Н нь хүү Д.Э-н биологийн эцэг байх магадлалыг тооцоолж 99,99 хувь магадлалтай байна гэж тогтоосон. Ийм учир Ж.Н-с шинжилгээний төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж овогтой Н нь Их залуу багийн ** тоотод төрсөн ахындаа хамтран амьдардаг ба тогтмол ажил байхгүй, орлого байхгүй, энэ байдлыг минь харгалзан үзэж Б овогтой Д ы 2018 оны 06 сарын 07-нд эцэг тогтоолгох шинжилгээний төлбөр болох 200 000 төгрөгийг өгч чадахгүй болохыг харгалзан үзэж шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Д  нь хариуцагч Ж.Нэргүйгээс 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Д  Ж.Нэргүйд холбогдуулан хүү Д.Эрхэмбаярт хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 784 дүгээр шийдвэрээр Ж.Н-г хүү Д.Э-н эцэг мөн болохыг тогтоож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, 784 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна.

Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүү Д.Э-н эцэг мөн эсэхэд маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад хариуцагч Ж.Н-г хүү Д.Э-н биологийн эцэг байх магадлал 99,99% гэсэн дүгнэлт гарсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, хүсэлт, 6640 дүгээр шинжээчийн дүгнэлт, 784 дүгээр шийдвэрээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь дээрхи шинжилгээ хийлгэсэн төлбөр 200 000 төгрөг төлсөн нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн кассын орлогын баримтаар тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэгч Б.Д ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үндэслэл нь хариуцагч хүү Д.Э-н эцэг мөн эсэхэд маргаж, шинжээч томилуулах хүсэлтийг өөрөө гаргасан, түүнчлэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардлыг хариуцагч хариуцах үндэстэй.

Иймд нэхэмжлэгч Б.Д ы шинжилгээний зардалд төлсөн 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 23 350 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 6 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д хариуцагч Ж.Н-с 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 23 350 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас 6 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА