Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2336

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: МУЭИС-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ПИ ХХК

 

Хариуцагч: УБДС  ТӨХК тус тус  холбогдох

 

УБДС ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №2012/03 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, дулааны шугам сүлжээгээр зохих журмын дагуу хангахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч УБДС  ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагч ПИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “МУЭИС  анх буюу 2004-2015 онуудад Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн бүрэлдэхүүн сургууль байсан бөгөөд 2016 оноос БСШУ Сайдын тушаалаар даасан их сургууль болсон юм.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хичээлийн байр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах А, Б гэсэн хоёр блокоос бүтдэг ба Эрдмийн Их Сургууль бие даан байгуулагдах үед Б блокийн байр нь тус сургуулийн хөрөнгө болж балансад бүртгэгдсэн байдаг болно.

Ингээд тус сургуулийн Б блокийн байрыг 2016 онд барьж дуусгаад ашиглалтанд оруулах үед дулааны холболтын шугамыг тухайн нутаг дэвсгэрт ганцхан байрлаж байгаа Дулаан хангамжийн Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугамаас холбуулахгүй гэх маргаан үүссэн юм.

Тодруулбал, маргаан бүхий дулааны шугам нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар хотын төв цэгт байрлах бөгөөд дулаан хангамжийн Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугамаас өөр дулааны шугам байхгүй юм. Тиймээс ч сургуулийн барилгын дулааны шугамын техникийн нөхцлийг төрийн эрх бүхий байгууллагууд уг шугамаас татаж авахаар зөвшөөрөл олгож барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Ер нь энэхүү дулааны шугам нь хотын төв цэгт байрладаг тул ойролцоох бүхий л хэрэглэгчдийг дулаанаар хангах үүрэг бүхий дэд станц болдог.

Гэтэл барилга угсралтын ажил эхлэхээс өмнө болон дууссаны дараа барилгын шугам сүлжээний холболтын ажлын үед Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон 2012 оны 41/2012 тоот техникийн нөхцөл, 2014 оны 17/2014 тоот техникийн нөхцөл, 2016 оны №21/2016 тоот техникийн нөхцөл, түүнчлэн УБДС ТӨХК-аас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/1565 албан тоот, УБДС ТӨХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18/1640 албан тоотоор тус тус холболт хийхийг зөвшөөрсөн байдаг боловч гагцхүү Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугамын өмчлөгч гэх ПИ ХХК нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж, нийтийн хэрэгцээ шаардлага бүхий дулааны шугамыг хувийн өмч тул хэн ч халдаж чадахгүй гэх байдлаар асуудалд хандаж, хэрэглэгчдэд тэгш бус хандаж, компанийн балансад 685.747.210 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөөр бүртгэгдсэн гэх зэргээр үндэслэлгүй зүйлсээр дулаан хэрэглэгчийн дулааны шугамын хэвийг үйл ажиллагаа явуулахад удаа дараагийн хууль бус үйлдлээрээ саад болж байна.

Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах” үүрэг, 30.1.11-д “өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх ... үүрэгтэй” гэсэн зохицуулалтыг зөрчиж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

            Улмаар Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугамын өмчлөгч гэх баримтыг авч үзвэл 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр УБДС ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд байгуулагдсан №2012/03 дугаар Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах гэрээгээр худалдан авч өмчлөгч болсон гэх тайлбарын хэлдэг.

Гэтэл Unit-385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 шугам, дулааны цогц тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэн хотын төвд нийтийн зориулалтаар ашиглахаар шинээр бий болгосон байтал ПИ ХХК нь төрийн байгууллагатай хуйвалдан хууль бусаар төр буюу нийтийн зориулалттай өмчийг худалдан авах нэрийдлээр хувийн компанийн мэдэлд авчээ.

            Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийг үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэсэн хэсгийг, мөн Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна” гэсэн хэсгийг тус тус илт зөрчиж байна.

            Ийнхүү дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас зөвхөн манай компанийн төдийгүй маргаан бүхий дулааны шугамд хамаарах нийт дулаан хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл тоомсорлож хуульд зааснаар зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий этгээд л зохих журмын дагуу дулаан түгээх дамжуулах үйл ажиллагаа эрхлэх боломжтой байхад, ямар ч тусгай зөвшөөрөлгүй ПИ ХХК хэрэглэгчдийг хясан боогдуулах замаар ашиг олж буй нь шударга бус бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах” эрхийг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасантай нийцэхгүй байна.

            Нэгтгэн дүгнэвэл дулааны төв шугамыг төрийн өмчөөс хувийн компанийн өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор дээр нэг бүрчлэн дурдсан Эрчим хүчний тухай хуульд заасан эрхүүд болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл бүрдэнэ.

            Тодруулбал, УБДС ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан №2012/03 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосноор ПИ ХХК нь халаалтын цогц төхөөрөмжийг хууль бусаар авсан ч нотлогдох бөгөөд уг хэлцлээр шилжүүлэн авсан төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг УБДС ТӨХК-д буцааж өгөх үүрэг үүснэ.

            Улмаар нэхэмжлэгч компанийн дулаанаар хангагдах эрх сэргээн тогтож, дулааны шугам сүлжээнд холбуулах эрх хувийн компанийн ашиг сонирхол бүхий үндэслэлгүй шийдвэрээс хамаарахгүй болж, төрийн эрх бүхий байгууллагаас олгосон 2012 оны 41/2012 тоот техникийн нөхцөл, 2014 оны 17/2014 тоот техникийн нөхцөл, 2016 оны  №21/2016 тоот техникийн нөхцөлийн дагуу дулаанаар хангагдах боломжтой болно.

            Иймд 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр УБДС ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд байгуулагдсан №2012/03 дугаар гэрээ нь холбогдох хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, зохих журмын дагуу дулааны шугам сүлжээгээр хангахыг даалгаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой хэд хэдэн зүйл харагдлаа. Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолоор н.Бямба-Очирт үүрэг болгосон, зөвшөөрсөн зүйл нь дор дурдсан байдлаар Нийслэлийн өмчид шилжүүлэх, төрийн болон төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх нөхцөл байдлуудыг тодорхой харуулсан байна. Н.Б ТК 415 гэх шугамыг Нийслэлийн өмчид шилжүүлэхийг зөвшөөрсөн. Харин “ПИ” ХХК -тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, шилжүүл гэх зөвшөөрөл олгоогүй байна. Энэ нь холбогдох баримтаас харагдаж байна.

Хоёрт хариуцагч УБДС  ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа Unit 385, ТК 415 тоног төхөөрөмжийг бусад хэрэглэгчид санал болгоход татгалзсан “ПИ” ХХК-д санал болгоход зөвшөөрсөн тул шилжүүлсэн гэх тайлбарыг ярьсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох ёстой байдаг. Гэтэл бусад байгууллагад албан бичиг хүргүүлсэн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн “ПИ” ХХК-д 3 удаа албан бичиг хүргүүлсэн гэх тайлбарыг хэлсэн боловч тухайн баримтууд авагдаагүй байна. Үнэхээр албан бичиг хүргүүлж, зөвшилцсөний үндсэн дээр шилжүүлсэн үү, бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж дур мэдэн шугамыг шилжүүлсэн үү гэх зүйл харагдаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.1-т зааснаар Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж байгаа. ТК 415-ыг шилжүүлэхдээ ямар нэгэн дуудлага худалдаагаар бус санал тавьсны үндсэн дээр шилжүүлсэн нь тус хуулийн заалтыг зөрчсөн нь харагдаж байна. Тиймээс энэ нь Иргэний хуулийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл байна. Хоёрт Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 14.4-т Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэж заасан. Гэтэл тус шугамыг хувийн хэвшилд шилжүүлснээр тус хуулийн зүйл заалт зөрчигдөж байна гэж үзэж байна.

УБДС  ТӨХК болон “ПИ” ХХК-ийг гэрээ байгуулсантай холбоотой хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдсоноор “ПИ” ХХК нь УБДС  ТӨХК-аас учирсан хохирлоо шаардах эрх үүсэх байх. Тухайн үед УБДС  ТӨХК хууль бусаар “ПИ” ХХК-д тус шугамыг худалдан борлуулж, шилжүүлээгүй байсан бол өнөөдөр “ПИ” ХХК 750 сая төгрөгийн зардал гарсан гэж ярихгүй байх байсан” гэв.

 

Хариуцагч УБДС  ТӨХК-ийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  “Анх 1959 онд оросын технологиор баригдсан шугам, тоног төхөөрөмж хуучирч, муудаж Улаанбаатар хотын барилга, орон сууцанд ажиллаж амьдардаг ард иргэдийг тав тухтай өвөлжүүлэхэд маш хүндрэлтэй болсон тул зайлшгүй сольж шинэчлэх шаардлага тулгарсан юм.

Ийм учраас Монгол улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкны зээлээр амжилттай хэрэгжүүлсэн хамгийн том төслийн нэг “Дулааны үр ашгийн төсөл” юм.

Уг төслийг 1998 - 2007 оны хооронд хэрэгжүүлсэн бөгөөд нийслэл хотын дулаан хангамжийн системд технологийн шинэчлэл хийснээр дулааны шугам сүлжээг гидравликийн хувьд тусгаарлаж, хувьсах зарцуулалтын горимд шилжүүлсэн учраас хүйтний улиралтай нийслэл хотод шинээр барилга байгууламж, орон сууцны хорооллуудыг нэмж баригдах нөхцөл боломжийг бүрдүүлсэн билээ.

Энэхүү “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг Дани улсаас нэвтрүүлж, шинээр Халаалтын цогц төхөөрөмжийг анх удаа Монгол улсад дулааны эрчим хүч хэрэглэгчдэд тавьж эхэлжээ.

Шинэ Халаалтын цогц төхөөрөмжид тодорхой хэмжээний зай талбай болон байнга хяналт тавих мэргэжлийн хүн шаардлагатай байсан учраас “Дулааны үр ашгийн төсөл”-өөс Улаанбаатар хотын хэмжээнд дулааны эрчим хүчээр хангагддаг барилга байгууламж иргэд, хуулийн этгээдүүдэд акт үйлдэн хүлээлгэж өгөх ажлыг албан ёсоор эхэлжээ.

Мөн “Дулааны үр ашгийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зарим газар дулаан дамжуулах төвийг шинээр барих зайлшгүй шаардлага тулгарсан тул Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 291 дугаарын болон 12 дугаар сарын 24-ний өдрийн 557 дугаарын барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамж тус тус гарч Орон сууц нийтийн аж ахуйн газрын захиалгаар цахилгаан болон дулааны дэд өртөөнд өргөтгөл шинэчлэл хийсэн байна.

Ингээд Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баталсан 128 дугаартай Сангийн яам, УБДС  Төрийн өмчит хувьцаат компанийн хооронд 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 1548-MON(SF) тоот дамжуулан зээлдүүлэх гэрээний хавсралтад өөрчлөлт оруулах гэрээний дагуу Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 тоот тогтоолд төрийн өмчийн бус хуулийн этгээдэд 5,346,138,477 /таван тэрбум гурван зуун дөчин зургаан сая нэг зуун гучин найман мянга дөрвөн зуун далан долоон/ төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг шилжүүлж, холбогдох зээлийн төлбөрийг худалдан авсан этгээдээс гаргуулан авахыг заажээ.

Ингээд дулааны эрчим хүч хэрэглэх гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн нийт 312 газарт Халаалтын цогц төхөөрөмжийг /XЦТ/ хүлээлгэж өгөх, үндсэн төлбөр болон зээл, зээлийн хүүг Сангийн яаманд төлүүлэх ажлыг манай компани хариуцан гүйцэтгэсэн болно.

Дээрх төслөөр суурилагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдагдсан 415-ын салааны хуучин уурын зууханд тавигдсан Халаалтын цогц төхөөрөмж /ХЦТ/ нь 2012 онд хариуцах эзэнгүй тоногдсон байдалтай цаашид ажиллуулахад хүндрэлтэй байсан тул тухай үед уг төхөөрөмжөөс төвлөрсөн дулаанд холбогдсон Сентоза фоод ХХК, Улсын төв архив, Ус сувгийн ариутгах станц, Хурай ХХК, Кредит банк, Пума ХХК, Хүмүүнлэгийн их сургууль, Тунгалаг Эрдэнэ ХХК-иудад манай компанийн дэд захирлаар ажиллаж байсан Р.Х өөрийн биеэр очиж уулзаж 85,000,000 төгрөгийн үнэтэй ХЦТ-ийг худалдан авч, зээлийн хүүг төлж, барилгадаа зай гаргаж байрлуулахыг санал болгосон боловч бүгд татгалзсан хариу өгсөн байдаг.

Гэвч дараа нь ПИ ХХК-иас хэрвээ ХЦТ-ийг худалдан авбал шинээр барих 15 давхар зочид буудлын барилгадаа техникийн нөхцөлийг танай байгууллагаас олго гэсэн хариу шаардлагыг тус компанид тавьсан байдаг.

Бид хүсэлтийг даруй зөвшөөрч 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2012/03 тоот дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах гэрээг ПИ ХХК-тай байгуулан ХЦТ-ийн үндсэн төлбөр болон зээл, зээлийн хүү нийт 62,912,297 төгрөгийг Сангийн яам руу тушаалгасан болно.

Нэхэмжлэгч МУЭИС яг энэ үед буюу 2012 онд албан ёсоор бие даасан сургууль болоогүй байсан бөгөөд нэхэмжлэлдээ ХУИС-ийн харьяанд байсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.

Иймд нэхэмжлэгч МУЭИС ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагч ПИ ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Азийн Хөгжлийн банк, КОЙКО олон улсын байгууллагын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын хэмжээнд 80 гаран ширхэг Дулаан дахин дамжуулах төвийг барьсан байдаг бөгөөд Монгол улсын засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоол шийдвэрээр ДДД төвүүдийг тухайн ашигладаг аж ахуйн нэгж байгууллагад худалдан борлуулж олсон орлогоор зээлээ төлсөн байдаг.

Пума-Империал ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр УБДС ТӨХК-тай байгуулсан “Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах” №2012/03 гэрээгээр СБД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн Unit-385 төв болон 4 дүгээр магистралийн ТК 415 шугамыг 85,5 сая төгрөгөөр худалдан авч үнийг нь Сангийн яамны дансанд бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон юм.

Дулаан хангамжийн Unit-385 төвийг П ХХК болон ПИ ХХК шинэчлэн өргөтгөснөөр тухайн байрлалд дулааны эрчим хүчний шинэ боломж бий болсон юм. Энэ техникийн өргөтгөлийн хүрээнд шинээр баригдах барилгын дулаан, халуун усны техникийн нөхцөлийг холбогдох газарт хүсэлтээ тавьсан. Ингээд Эрчим хүчний газраас “П” ХХК-д №41/2012 тоот дулааны Техникийн нөхцөлийг 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон. (Техникийн нөхцлийг 2014 онд нэг удаа сунгасан. Техникийн нөхцөлийн 6.1-д заасны дагуу 4-р магистралын 100мм-ийн ТК 415-ын салаа шугамыг 159 мм болгон өргөтгөн шинээр хийсэн)

2013 оны 3 дугаар сард “Гандирс-Од” ХХК-иар гадна дулааны ажлын зураг хийлгүүлж мөн оны 5 дугаар сарын 20-ны өдөр УБДС ТӨХК-иар хянуулж батлуулсан.

Мөн “П” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Нишин илч” ХХК-тай 13/0328 дугаартай “Халаатын цогц төхөөрөмж угсрах ажлын гэрээ”-г байгуулж, 340 сая төгрөгийн өртгөөр “Кибер” захын байранд тоногдож хуучирсан дулаан хангамжийн Unit-385 төвийг “ПИ” зочид буудлын зоорийн давхарт нүүлгэн шилжүүлж, шаардлагатай тоног төхөөрмжийг шинээр худалдан авч шинэчлэн өргөтгөсөн.

Дулаан хангамжийн Unit-385 төв болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор цахилгаан эрчим хүчийг сэлгэн залгах шинэ шугамыг өөрийн барьсан дэд өртөөнд холбосон ба өнөөдрийн байдлаар засвар, арчилгаа үйлчилгээний зардалд нийт 700 гаруй сая төгрөгийн зардал гарсан байдаг.

“П” ХХК Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай 20/2 хаягт орших 4667 мкв талбай бүхий сургалт, үйлчилгээний зориулалттай 17 давхар барилгыг 2012 оны 7 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сард барьж дуусгасан ашиглалтад оруулсан. (Тухайн барилга Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн эзэмшил газар дээр баригдсан бөгөөд 1-10 дугаар давхрын зарим хэсгийг уг сургууль эзэмшдэг)

Шинээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн бүртгэлийн газар Улсын бүртгэлийн Ү-2203035255 дугаарт бүртгэж, 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр иргэн Н.Нацагдоржийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Дээрх дулаан хангамжийн төв болон шугамд өргөтгөл шинэчлэлийн ажлыг иргэн Н.Нацагдорж “П” ХХК-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ба 685,7 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр блансаас хасч ПИ ХХК-ийн үндсэн хөрөнгөнд шилжүүлсэн.

Гэтэл Эрдмийн их сургууль 2016 оны 11 дүгээр сард манай өмчлөлийн ТК 415 шугам болон дулаан хангамжийн төвөөс барилга руу орсон манай 2 дугаар хэлхээний шугамыг тасалж огтолж дулаанаа хангасан. Ингэснээр манай барилгын дулаан доголдож гэрээнд заасан тоо хэмжээ, чанараар дулааны эрчим хүч нийлүүлээгүй.

Өөрөөр хэлбэл УБДС ТӨХК Эрдмийн их сургуулийг дулааны эрчим хүчээр хангах нэрийдлээр бусдын өмч эд хөрөнгөнд халдаж Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалсан иргэн, хуулийн этгээд өмч хөрөнгөтэй байх түүнийгээ эзэмших захиран зарцуулах үндсэн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл шаардлага гаргасан.

Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01 өдрийн 001/XT2018/00672 дугаар тогтоолоор “Пума ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны TK 415 шугмын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон “УБДС ” ТӨХК-ийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг хариуцагч “УБДС ” ТӨХК-д даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх 2 дугаар хэлхээ шугам нь “ХУИС (1-10 давхрыг) болон иргэн Н.Нацагдорж (11-17 давхрыг) тус тус хамтран эзэмшдэг бөгөөд МУЭИС хууль бус ажиллагаанаас болж тухайн барилгын 12 оос дээш давхар 2 жилийн турш хөлдөлтийн байдалтай үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.

“Пума-Империал” ХХК болон “УБДС” ТӨХК-ийн хооронд байгуулсан “Дулаан хангамжийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах” №2012/03 гэрээ нэхэмжлэгчийн ямар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж буй нь маш тодорхойгүй бөгөөд МУЭИС нь нэхэмжлэгч биш гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч МУЭИС  нь хариуцагч УБДС  ТӨХК, хариуцагч ПИ ХХК-д тус тус холбогдуулан УБДС ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №2012/03 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, дулааны шугам сүлжээгээр зохих журмын дагуу хангахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ПИ ХХК нь Дулаан хангамжийн Unit 385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 дугаар шугамыг 85.500.000 төгрөгөөр худалдан авч, үнийг Сангийн яамны дансанд төвлөрүүлсэн бөгөөд Unit 385 төвийн найдвартай ажиллагааг хангах үүднээс халаалтын цогц төхөөрөмжийг зөөвөрлөх, өөрийн барьсан дэд өртөөнд холбох, завсар арчилгаа үйлчилгээний зардалд нийт 700 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа. УБДС ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №2012/03 дугаар гэрээ нь хууль зөрчөөгүй гэж, хариуцагч УБДС  ТӨХК нь Дулааны үр ашгийг сайжруулах төслийн зээлийг төлүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооны 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолд төрийн өмчийн бус хуулийн этгээдэд 5.346.138.477 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг шилжүүлж, холбогдох зээлийн төлбөрийг худалдан авсан этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 415 дугаар салааны хуучин уурын зууханд тавигдсан халаалтын цогт төхөөрөмжийг худалдан авах аж ахуйн нэгж байгаагүй тул ПИ ХХК-д худалдсан нь хууль зөрчөөгүй, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тус тус маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч МУЭИС  нь ХУИС-ийн барилгыг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2017/20 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тус сургуулийн барилгыг байнгын ашиглалтад авсан бөгөөд Эрчим хүчний газар 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Пума” ХХК-ийн нэр дээр 41/2012 тоот техникийн нөхцөлийг олгож, 2014 онд нэг удаа сунгасан байна. Энэхүү техникийн нөхцөлд хэрэглэгчээр “П” ХХК, Хүмүүнлэгийн их сургуулийн өргөтгөлийн барилга гэж заажээ.

 

Эрдмийн их сургуулийн барилга нь анх баригдахдаа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл, барилгын А болон Б хэсэг гэж баригдсан бөгөөд Эрдмийн Их сургуулийн барилга нь хоёр тусдаа барилга болохын хувьд Эрдмийн их сургуулийг дулаанаар хангах боломжтой шугам нь ПИ ХХК-ийн ТК 415 шугам болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эрдмийн их сургууль нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхтэй нь хөндөгдөж байна.

 

УБДС ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №2012/03 тоот “Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах” гэрээ нь уг шугамыг ПИ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн хэлцэл байх тул уг хүчин төгөлдөр бус хэлцийн үр дагавар нь нэхэмжлэгч дулаанаар хангагдах нөхцөл үүсч болох тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар нэхэмжлэгч МУЭИС нь шаардах эрхтэй гэж үзэв.

 

УБДС  ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №2012/03 тоот “Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах” гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу УБДС ТӨХК нь халаалтын цогц төхөөрөмж буюу Unit 385 төв болон 4 дүгээр магистралын ТК 415 дугаар шугамыг дагалдах хэрэгслийн хамт шилжүүлэх, ПИ ХХК нь түүний үнэ 62.912.297 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээнд “...Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 148 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолыг үндэслэн...” гэж дурдсан бөгөөд Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 1 дэх заалтад “Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд Төрийн өмчийн бус, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн барилга байгууламжид суурилуулсан төвлөрсөн дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг шилжүүлэх асуудлыг доорхи байдлаар шийдвэрлэхийг “УБДС ” төрийн өмчит хувьцаат компани /Д.Бямба Очир/-д зөвшөөрсүгэй” гээд тогтоолын 1.а-д “Нийслэлийн өмчлөлд 2.883.706.233 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хамт нэгдүгээр хавсралт ёсоор шилжүүлэх” гэж тус тус заажээ.

 

Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад “...13-д Ивэн Эх ХХК-д ТК-415 дугаар шугамыг балансын үнэ 85.514.920 төгрөг” гэж шийдвэрлэсэн байна.

 

Уг тогтоолд зааснаар хариуцагч УБДС  ТӨХК нь тогтоолд заасан Төрийн өмчийн бус, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн барилга байгууламжид суурилуулсан төвлөрсөн дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.

 

Гэтэл, УБДС  ТӨХК нь тогтоолын нэгдүгээр хавсралтад заагаагүй төрийн өмчийн бус хуулийн этгээд буюу ПИ ХХК-д ТК 415 шугамыг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “төрийн өмчит хуулийн этгээдийн өөрт олгогдсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг энэ хуульд нийцүүлэн тогтоох” гэж заажээ.

 

Засгийн газраас эрх олгогдож, Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/ төрийн өмчийн захиран зарцуулах хөрөнгө, төрийн өмчийн олж авах этгээдийн тодорхой заасан байхад УБДС  ТӨХК нь ПИ ХХК-д ТК 415 шугамыг шилжүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар УБДС  ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №2012/03 тоот “Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах” гэрээг УБДС  ТӨХК нь нь зохих этгээдийн буюу Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/-ны зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар  УБДС  ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №2012/03 тоот “Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах” гэрээний үр дагаврыг шүүх шийдэх боломжгүй байна.

 

ТК 415 дугаар шугамыг Нийслэлийн өмчлөлд шилжүүлэлгүй шууд ПИ ХХК-д шилжүүлсэн бөгөөд цаашид уг шугам хэний өмчлөлд шилжих, хэрхэн үр дагавар арилгах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар шийдвэрлэх, эсхүл Нийслэлийн өмчид нөхөн бүртгэх асуудлыг шийдвэрлэх боломжтой.

 

ПИ ХХК нь уг хэлцлийн үр дагаврыг арилгуулах мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох хариуцагч УБДС  ТӨХК-иас  учирсан хохирлыг шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин, УБДС  ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №2012/03 тоот “Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах” гэрээ хүчин төгөлдөр бус болсноор нэхэмжлэгч МУЭИС  нь шууд дулаанаар хангагдах боломжгүй бөгөөд Эрчим хүчний тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл авч, түүнд заасан шаардлагад нийцүүлэн дулаанаар хангагдах хуулийн зохицуулалттай тул дулааны шугам сүлжээгээр зохих журмын дагуу хангахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар УБДС  ТӨХК болон ПИ ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №2012/03 тоот “Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас МУЭИС ийг дулааны шугам сүлжээгээр зохих журмын дагуу хангахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ПИ ХХК болон УБДС  ТӨХК-иас 472.511 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР