Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                       

Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,  

            Хариуцагч: Р.Б

Хариуцагч: Т.Д нарт холбогдох,        

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 28.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.                        

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г , хариуцагч Р.Б , , хариуцагч Т.Д , иргэдийн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Сүхбаатар дүүргийн Шарга морьтийн зусланд байрлах миний хувийн зуслангийн орон сууцыг иргэн Т.Д  болон Р.Б  нар үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар нурааж, ашиглагдах боломжгүй болгосон. Миний бие энэ хэргийн араас 6, 7 жил явж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Д  болон Р.Б  нарын гэм буруутай нь тогтоогдож, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор өршөөлд хамрагдсан. Гэхдээ өршөөрд хамрагдахдаа хариуцагч нар нь гэм хор учруулснаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын задаргааны хувьд 25.000.000 төгрөг нь зуслангийн байшингийн хохирол, үлдэх 3.200.000 төгрөг нь 7 жил байр түрээсэлж амьдарсаны төлбөр юм. Хариуцагч тал нэгэнт гэм хороо хүлээн зөвшөөрч, хохирлыг 100 хувь барагдуулна гэж хэлсэн учир Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүл гэж заасны дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Одоо нэхэмжлэлийн шаардлагаа 17.800.000 төгрөг болгон багасгаж байна” гэв.

 

Хариуцагч Т.Д  шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Тус амбаар нь газрын зөвшөөрөлгүй. Аав нь өвчтэй гэж хэлсэн учир айлын хашаанд оруулж ирээд амбаар барьсан. Тухайн амбаарын мод манай хашаанд байгаа. Гэтэл өөрөө миний амбаарын мод биш байна, чи зарсан гэж хэлсэн.

 Хэрэв зарсан гэж байгаа бол чи гэрчээ аваад ир гэж хэлсэн. 4:5-ын харьцаатай амбаар манай хашаанд байгаа. Тус амбаартаа нэг ч хонож үзээгүй. Хаалга, цонх, дээвэр байхгүй. Гэтэл 20, 30 сая төгрөг нэхэмжлээд 7, 8 сар явж байгаа. Тус байшин 4:5-ын харьцаатай л байх. Би ч өөрөө тийм амбаарт амьдарч байгаа. Миний амбаар шиг л жижиг амбаар байсан” гэв.

Хариуцагч Р.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тайлбарын хувьд Т.Д ийн тайлбартай адил”  гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г  нь хариуцагч Р.Б , Т.Д  нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд буулгасан байшингийн үнэ 25.000.000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 400.000 төгрөг, өөр зуслангийн байшин хөлслөсний төлбөрт төлсөн 2.800.000 төгрөг, нийт 28.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын хохиролд буулгасан байшингийн үнэ 15.000.000 төгрөг, өөр зуслангийн байшин хөлсөлсөн төлбөрт төлсөн 2.800.000 төгрөг, нийт 17.800.00 төгрөг болгож багасгав.

Хариуцагч нар нь Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээгээр тогтоогдсон 7.410.400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

Р.Б , Т.Д  нар нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байсан Г.Г ын зуслангийн байшинг буулгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч нар гэмт хэрэг үйлдсэнээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Их хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр Р.Б , Т.Д  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн зуслангийн байшинг буулгасан гэм бурууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэм хорын хохирол шаардах эрхтэй.

Зуслангийн байшинг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Үнийн комисс 25.000.000 төгрөгөөр, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний шинжээч “Ашид Билгүүн” ХХК 20.144.400 төгрөгөөр, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК  нь 8.092.100 төгрөгөөр, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ 7.410.400 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 140 дугаар захирамжаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон бөгөөд уг холбооноос “...амины орон сууц барих жишиг үнэлгээг 500.000 төгрөгөөр тооцож, нийт 45 м.кв зуслангийн байшинг 26.430.800 төгрөг гэж” нэхэмжлэгчийн зуслангийн байшинг үнэлсэн байна.

Талууд зуслангийн байшингийн талбайн хэмжээнд маргадаг бөгөөд “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ нь уг байшингийн хэмжээг газар дээр нь очиж гаргасан бөгөөд уг хэмжээгээр 7*5 харьцаатай нийт 35 м.кв тайбайтай гэж үзсэнийг барилгын бодит хэмжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн 35 м.кв талбайтай зуслангийн байшин Барилгын төсөвчдийн холбооны амьны орон сууц барих жишиг үнэлгээ 500.000 төгрөгөөр тооцоход 17.500.000 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 15.000.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувиар гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч нараас зуслангийн байшингийн үнэд 15.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Харин зуслангийн байшинг буулгасны улмаас өөр зуслангийн байшин хөлсөлж төлбөрт нь 2.800.000 төгрөг төлсөн гэх Г.Г ын нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, мөн бусдын зуслангийн байшинг хөлслөх зайлшгүй шаардлага байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул зуслангийн байшин хөлсөлж төлбөрт нь 2.800.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Д , Р.Б  нараас нийт нийт 15.000.000 төгрөгийг хариуцагч Р.Б ээс 7.500.000 төгрөг, хариуцагч Т.Д оос 7.500.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Г од олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 2.800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 140 дугаар захирамжаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон бөгөөд уг шинжээчийн зардал нь 350.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Г  нь төлсөн бөгөөд уг мөнгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Б ээс 7.500.000 төгрөг, хариуцагч Т.Д оос 7.500.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Г од олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 2.800.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардалын 350.000 төгрөгийг хариуцагч Р.Б ээс 175.000 төгрөг, хариуцагч Т.Д оос 175.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Г од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар Г.Г ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Р.Б , Т.Д  нараас улсын тэмдэгтийн хураамжид 232.950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.ЭНХБАЯР

ШҮҮГЧ                                                           О.ОДГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                            Б.УУГАНБАЯР