Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/295

 

 

 

 

 

 

 

 

 

2022      09         26                                          2022/ШЦТ/295

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000321 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар, 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: ЖЬ71060774/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-дүгээр баг Зангиат хорооллын 17-5 тоотод иргэн ******* гэрт нь очиж маргалдан улмаар толгойн тус газар нь шаазан аяга чулуудаж духны зүсэгдсэн шарх, доод уруулын язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, үүдэн дээд 1 шүдний сулрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний орой 01 цагийн үед өөрийн гэртээ эхнэр Оюун-Эрдэнэ болон 3 хүүхдийн хамт амрах гэж байгаад эхнэрийн авга ах болох ******* ах руу утсаар залгаж, эхнэрийн дүү Бат-Эрдэнийг та ямар учраас элдэв янзаар хэлээд байдаг юм бэ гэхэд ******* ах хаана байна гөлөг минь, чамайг очиж ална гэхээр нь би гэртээ байна хүрээд ир гэхэд 01 цаг 30 минутын орчим ******* ах ирээд хаалга балбаад, хаалга тайл гөлөг минь гэж бахирсан. Намайг хаалга тайлахад өөдөөс үгийн зөрүүгүй шаазан аягаар миний толгой хэсэгт цохиж хагалсан. Би ******* ахыг өшиглөж цааш түлхээд хаалга хаагаад түгжсэн. Дахиад хаалга балбаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Хаалга тавихгүй болохоор цонхыг чинь хагална гээд цонхон дээр ирээд тоосгоор гэрийн цонхыг хагалах үед цагдаа нар ирээд ******* ахыг аваад явсан. ******* нь манай байшингийн вакум цонхны шилийг төлж барагдуулсан. Түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/

 

Гэрч Б.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний орой 01 цагийн үед  гэртээ нөхөр Б.Анхбаяр болон 3 хүүхдийн хамт амрах гэж байхдаа авга ах *******г өдөр миний төрсөн дүү Бат-Эрдэнэ рүү элдвийн чат мессеж бичсэн талаар нөхөртөө хэлсэн. Анхбаяр уурлаж ******* ах руу залгаад та ямар учраас Бат-Эрдэнэ рүү элдэв янзын юм бичиж хүүхэд дарамтлаад байгаа юм бэ гэж хэлэхэд ******* ах өөдөөс нь хаана байна гөлөг минь, чамайг гэрт чинь очиж ална гэх зэргээр доромжилж хэлэхээр нь Анхбаяр би гэртээ байна, хүрээд ир гэж хэлэхэд удалгүй ******* ах манайд ирээд хаалга балбаад, хаалга тайл гөлөг минь гэж бахираад байсан. Тэгээд Анхбаяр хаалга тайлахад үгийн зөрүүгүй шаазан аягаар Анхбаярын толгой хэсэгт цохиж хагалахад нөхөр маань уурлаж ******* ахыг нэг удаа өшиглөж цааш түлхээд гэрээс гаргаж хаалга түгжсэн. ******* ах гэрийн хаалга балбаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Шүүгдэгч *******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед амрах гээд орондоо ороод хамаатныхны хоорондоо харьцдаг групп рүү ороод дүүгийн хүү болох Бат-Эрдэнийг өдөр хашаагаа цэвэрлэхэд ирээд тусалсангүй гээд гомдол бичихэд удалгүй 88702395 гэх дугаараас дүүгийн нөхөр болох Анхбаяр залгаад чи юу вэ хулгайч минь гэхээр нь би юу гэж хуцаад байгаа юм бэ амьдарч чадахгүй новш минь гэж хэлэхэд чи чаддаг юм бол манайд хүрээд ир гэхээр нь би  хувцсаа өмсөөд 01 цагийн үед гараад гэрийн гаднаас такси барьж Анхбаярын гэрт очсон. Очоод гэрт нь орох гээд хаалгыг нь тогшиход Анхбаяр хаалгаа тавихаар нь чи надтай үеийн юм шиг харьцдаг хэн бэ гэж хэлээд баруун гараараа Анхбаярын зүүн талын шанаа хэсэгт нь цохиход Анхбаяр зөрүүлээд миний нүүр рүү цохисон. Тэгээд бид хоёр барьцалдан заамдалцахад Анхбаяр намайг түлхэж унагаагаад миний дээрээс өшиглөхөөр нь би газар уначихсан байсан шилэн аягыг аваад Анхбаяр руу чулуудахад толгой хэсэгт нь онож Анхбаярын толгойноос цус гарсан.  Намайг явахад араас Анхбаяр, эхнэр Оюунрдэний хамт элдэв үгээр доромжлоод байхаар нь би уурлаж эргэж гэрт нь орох гэхэд хаалгаа цоожлоод тавихгүй байхаар нь цонхон дээр нь очоод цонхыг нь гараараа цохиж хагалах үед цагдаагийн машинтай хоёр алба хаагч ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 544 тоот дүгнэлтэд:

1. ******* биед духны зүсэгдсэн шарх, доод уруулын язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, үүдэн дээд 1 шүдний сулрал л гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 27-28/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 543 тоот дүгнэлт /хх-ийн 34-35/

- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-48/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/

- Шүүгдэгч *******н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 59-61/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-75/

- Шүүгдэгч *******, хохирогч Б.Анхбаяр нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 80-81/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч *******  нь бүрэн дунд боловсролтой бөгөөд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн орчим согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын 17-5 тоотод иргэн ******* гэрт нь очиж маргалдан улмаар зодолдож толгойн тус газар нь шаазан аяга шийдэж духны зүсэгдсэн шарх, доод уруулын язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, үүдэн дээд 1 шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Б.Анхбаяр, гэрч  Б.Оюун-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 544 тоот  “...******* биед духны зүсэгдсэн шарх, доод уруулын язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, үүдэн дээд 1 шүдний сулрал л гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА