Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2391

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.П-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Н

Хариуцагч: Н.О нарт  холбогдох

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байшин, түүний доорхи газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П , хариуцагч С.Н , хариуцагчийн өмгөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.П  миний нөхөр болох талийгаач С.Пүрэвжамц нь 2002 онд Н.О ийн ээж С.Н тэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7 дугаар гудамж, 89 тоот хаягт байрлах 245 м.кв газраас 36 м.кв агуулахын зориулалттай байрыг, газрын хамт тасдаж худалдаж авахаар тохиролцож гэрээгээр тохирсон 2.000.000 төгрөгийг түүнд төлсөн. Тухайн үед уг газар нийт 247 м.кв хэмжээгээр С.Н ийн охин Н.О ийн өмчлөлд байсан бөгөөд Н.О  нь Хятад улсад сурч байсан тул ээжтэй нь худалдах, худалдан авах гэрээг байгуулж мөнгийг төлсөн. Түүнээс хойш нөхөр бид 2 эзэмшиж байсан.

Ингээд охин Н.О  нь ирэхгүй байсан, ирсэн ч гэрчилгээ нь барьцаанд байсан гэх үндэслэлээр нөхөр бид 2 өөрсдийн нэр шилжүүлж чадахгүй байж байгаад мөнгөний хэрэг болоод 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр М.Б худалдах, худалдан авах гэрээгээр 12.800.000 төгрөгөөр зарсан.

Н.О  нь Хятад улсаас ирсний дараа буюу 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд М.Б шилжүүлэхээр тодорхойлолтыг хийж нотариатаар гэрчлүүлж өгсөн. Уг тодорхойлолт надад газраа худалдсанаа зөвшөөрсөнөө баталж байна.

Гэтэл нэрийг нь шилжүүлж гаргаж өгч чадахгүй байсан тул М.Б нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, мөнгөө буцаан авсан.

Миний бие газрыг өмчлөх эрхийг хууль ёсоор баталгаажуулахыг хүсч удаа дараа хандсан боловч охин минь урдаас ирэхээр хийе, эсхүл охин нь ирэхээр гэрчилгээ байхгүй гэх зэргээр хойшлуулсаар өдий хүрсэн. Уг байрыг агуулахын зориулалтаар ашиглаж, өөрийн эзэмшилд байлгаж байгаа бөгөөд одоо уг газар болон агуулахын зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамжны 89 А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байр болон газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч Н.О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Наранцэцэг овогтой Оюунгэрэл миний бие эдгээр нэхэмжлэл гаргасан хүмүүсийг таньж мэдэхгүй тул хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү” гэв.

Хариуцагч С.Н  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хүний нөхөр тус газрыг эзэмшиж байсан нь үнэн. Энэ хүний нөхөр 1992 онд худалдаж авсан гэж байна. Би 89А гэх газрыг 1995 онд худалдаж авсан. 3 жилийн дараа худалдаж авч байсан санагдаж байна. Би эд нарыг авснаас хойш худалдаж авсан. Би тэр хүнд зараагүй, өгөөгүй. Энэ хүн хэнээс, хаанаас авсныг мэдэхгүй байна. Энэ хүн намайг Баянгол дүүргийн цагдаагийн газар өгчихсөн байсан. Би сүүлд уулзаж юу болоод байгаа талаар асууж, С.Н гэх хүн байсан чи тэр хүнтэй очиж уулзвал болох байх гэж хэлээд явуулсан. Тэгтэл дахин шүүхэд өгсөн байсан. Энэ хүн анх надтай уулзахдаа миний нөхрийг үхсэнийг далимдуулж энэ газрыг авах гэж байна гэж хэлж байсан.

Кадастрын зурагт миний нэр байгаа ч байж магадгүй. Кадастрын зурагийг миний амаар хийж өгөхгүй байх. Өргөдөл болон гар зураг авч ирээд кадастрын зураг гаргуулдаг. Харин талбайн зурагт байгаа эсэхийг мэдэхгүй байна. Нөхөр нь над дээр ирээд кадастрын зураг дээр байгаа эсэхийг асууж байсан. Би нөхрийг нь ч сайн танихгүй. Байх ёсгүй дээ гэхэд чи надад манай хашаагаар орж гарах зөвшөөрөл хийгээд өгөөч гэхэд нь би хийж өгсөн. Сүүлд намайг Баянгол дүүргийн шүүхээс дуудахад би учраа хэлсэн. Энэ газар минийх гэж би зурж өгөөгүй. Өгөх ч үндэслэл байхгүй. Эднийх тухайн газрыг худалдаж авсны дараа буюу 3, 4 жилийн дараа худалдаж авсан.

С.П-тэй гэрээ байгуулаагүй, байшин газар худалдаагүй, Самбуугийн Наранцэцэг гэж байсан тэр хүнтэй андуурч байгаа байх гэж би хэлж байсан. Үнэхээр манай охины газарт давхцал байгаа бол таслаад өгөхөд татгалзах зүйлгүй” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. н.Наранцэцэг Д.П  гэх хүмүүс худалдах худалдан авах гэрээ хийсэн талаар ямар нэгэн баримт байхгүй. Байсан ч 2002 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгө болон газартай холбоотой асуудлын хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар 6 жил байдаг. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлыг хөндөж ярих хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Мөн маргаж буй газар Н.О  болон н.Наранцэцэгийн нэр дээр байсан ч Газрын албанд өгсөн нотлох баримтаас харахад Н.О  нь 18 насанд хүрсэн иргэн, 2005, 2006 онд тус асуудлаар тухайн үед Газрын албанд өргөдлөө өгч Газрын албанаас нотлох баримтын шаардлага хангасан учир газар эзэмших гэрчилгээг Н.О ийн нэр дээр гаргаж өгсөн байгаа. Тиймээс 274 мкв талбай дотор нэхэмжлэгчийн газар багтсан эсэхээс үл хамааран Н.О  тус газрын хууль ёсны өмчлөгч нь учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Газрын албаны тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулинд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.1-т газар эзэмшигч, өмчлөгч нь тухайн харьяа дүүргийн газрын албанд өргөдөл гаргаж, кадастрын зургийг баталгаажуулснаар тухайн хүнийг өмчлөгч, эзэмшигчээр нь тогтоогоод явдаг. Мөн Иргэний хуулийн 182.1-т тодорхой зааж өгсөн байгаа. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.П  нь хариуцагч Н.О , С.Н  нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байшин, түүний доорхи газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч С.Н   нь С.П-д газар, байшин зараагүй, хэрэв газар нь манай охины газартай давхацсан байвал таслаад өгөхөд бэлэн гэж, хариуцагч Н.О  нь нэхэмжлэл гаргасан хүмүүсийн танихгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89а хаягт байрлах, 36 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 230 дугаар захирамжаар Наранцэцэгийн Оюунгэрэл өмчлилдөг болох нь Сүхбаатар дүүргийн газрын албаны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14/1243 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Д.П  миний нөхөр болох талийгаач С.Пүрэвжамц нь 2002 онд Н.О ийн ээж С.Н тэй С.Н  нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байшин, газрын хамт худалдаж авахаар тохиролцож, 2.000.000 төгрөгийг төлсөн. Нэр шилжүүлэх гэтэл Н.О  гадаадад суралцдаг гэх шалтгаанаар нөхөр бид 2 өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй. Н.О  БНХАУ-аас ирсний дараа 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Н.О  нь худалдаснаа баталж байсан.” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан бол, хариуцагч Н.О  нь “...нэхэмжлэл гаргасан хүмүүсийн танихгүй” гэж, хариуцагч С.Н  нь “С.П-тэй гэрээ байгуулаагүй, байшин газар худалдаагүй, Самбуугийн Наранцэцэг гэж байсан тэр хүнтэй андуурч байгаа байх гэж би хэлж байсан. Үнэхээр манай охины газарт давхцал байгаа бол таслаад өгөхөд татгалзах зүйлгүй.” гэж, хариуцагчийн өмгөөлөгч “Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тус тус тайбарласан.

            Д.П  нь С.Пүрэвжамцтай 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, С.Пүрэвжамц нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий байшин, газарт 005 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг авсан болох нь баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.П ийн нөхөр С.Пүрэвжамц нь хариуцагч С.Н тэй гэрээ хийж, 2.000.000 төгрөгөөр уг байшин, газрын худалдан авсан гэж тайлбарлах боловч талуудын хооронд байгуулсан гэрээ, мөнгө шилжсэн баримт байхгүй, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Гутлын С.Н тэй гэрээ хийж уг байшинг худалдан авсан гэж яридаг байсан” гэх тайлбарт үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй өмчлөгч гэж үзэх боломжгүй юм.

            Гэрч Хандаа шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “С.П манай дэлгүүрт бараагаа тавьж худалддаг байсан. Тэгээд С.Н ээс байшин авлаа гээд 2002 онд нүүсэн. Гэрээ хийж, мөнгө өгч байхыг би хараагүй”, гэрч Цогтбаяр шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “...С.П бид 2 хамт хөөцөлдье гээд очиход Н.О  гэх хүний нэр дээр байна гэж хэлсэн. Н.О ийг ирэхэд нь газрын албан дээр очиж манайх зарсан нь үнэн гээд гарын үсэг зуруулаад гэрчилгээ шилжүүлэх гэсэн боловч банкны барьцаан дээр байна гэж хэлсэн. Тиймээс Н.Б авахаа больчихсон. Уг байшинд 2004 онд н.Пүрэвжамц ах үйл ажиллагаагаа явуулж байсан. С.Н ээс авсан гэж хэлсэн. гэрээ байгуулах үеийн асуудлыг мэдэхгүй” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд гэрч нар нь гэрээ байгуулах, мөнгө шилжсэн эсэхийг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь С.Н , С.П нарын хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байшин, газрыг худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шууд нотлох хэрэгсэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хариуцагч С.Н   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Үнэхээр манай охины газарт давхцал байгаа бол таслаад өгөхөд татгалзах зүйлгүй.” гэж тайлбарласан бөгөөд С.Н   нь маргаан бүхий газрын өмчлөгч биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй хариуцагч гэж үзэхгүй, харин Н.О  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд шүүх зөвшөөрөл батлах боломжтой.

            Нэхэмжлэгч нь “С.П нь Н.Б 15.000.000 төгрөгөөр худалдах гэж байсан. 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ...Булгантамирт 36 м.кв газрын хуваахыг зөвшөөрч байна” гэж тайлбарлах атлаа хх-ийн 13 дэх талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлээгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байшин, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч С.Н , Н.О  нарт холбогдох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 7 дугаар гудамж 89А тоот хаягт байрлах 36 м.кв агуулахын зориулалттай байшин, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.П ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР