Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Д.М******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М*******д холбогдох эрүүгийн 2215000000215 дугаартай, 163/2022/0211/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Доржпаламын М*******, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд ...... оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн ........... оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 26 настай, эрэгтэй,

урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан /РД: ..../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 5 дугаар багийн нутаг Цагаан толгой гэх газарт оршин суух Ч.Д******* гэрийн гаднаас “Эг тариа” ХХК-ийн эзэмшлийн улбар шар өнгийн, улсын дугааргүй Даюун загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар хууль бусаар хулгайлан авч 2.125.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М******* өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000215 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д .М******* нь өөрийн адуугаа хайж явахдаа 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 5 дугаар багийн нутаг Цагаан толгой гэх газарт оршин суух Ч.Д******* гэрийн гаднаас “Эг тариа” ХХК-ийн эзэмшлийн улбар шар өнгийн, улсын дугааргүй Даюун загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М******* өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

  1. Иргэний нэхэмжлэгч С.Б******* өгсөн “...Би Булган аймгийн Хутаг-Өндөр сум Хонгор 5 дугаар баг Цагаан толгой гэх газарт “Эг тариа” ХХК-д механик ажилтай. 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би Булган аймгийн Сайхан суманд болсон Айрагийн наадамд явсан. Тэгээд тэндээ хоноод маргааш нь 10 цагийн үед манаач Д гэх хүн рүү утсаар ярьсан чинь Энхболд бид хоёр сумын төв орж ирлээ одоо ажил руугаа явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд манаач Д 16 цагийн үед над руу залгаад гэртээ ирсэн чинь манай мотоциклыг маань 2 үл таних залуу аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд би оройхон ажил дээрээ ирээд юу болсон талаар асуухад манаач Дгийн эхнэр М өдөр 2 үл таних залуу ирээд таныг асуугаад бас Э асуугаад тэгээд байхгүй гэж хэлээд гэртээ ороод гараад ирсэн чинь мотоциклыг унаад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би манаач Э******* хамт Тариалан сумын Ар тархи гэдэг газраар яваад сураг гаргах гэсэн боловч сураг нь гараагүй бас Хонгор баг, Хутаг- Өндөр сум гэх газруудаар хайгаад олоогүй. Тэгээд аргаа бараад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр цагдаад өргөдөл өгөөд Хутаг-өндөр сумын экологийн мөрдөгч цагдаагийн дэслэгч О.А******* хамт Хөвсгөл аймгийн Тариалан сум орж мотоциклоо хайхаар явсан. Тэгээд 17 цагийн үед Тариалан сумын төвд манай компанийн мотоциклыг нэг залуу унаад явж байхад нь дэслэгч О.Анхтөмөр зогсоож саатуулаад шалгасан чинь мөн байсан. М******* гэх залууг бол танина. 2022 оны 06 дугаар сараас 08 сар хүртэл ажилласан. Тэр үед танилцсан. Харин А гэх залууг танихгүй. Хулгайд алдсан мотоцикл нь манай хамгаалагч Энхболд гэх хүний мотоцикл бол биш манай “Эг тариа” ХХК-ны өмч байгаа юм. Манай гүйцэтгэх захирал Очирпүрэв нь 2022 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос шинээр нь авч ирээд манай хамгаалагч Энхболдод поолио тойрч харахдаа унаж байхаар хүлээлгэн өгсөн... Би “Эг Тариа” ХХК-ны эзэмшлийн Даюун маркийн мотоциклыг ямар нэгэн эд ангийн эвдрэлгүй бүрэн бүтэн хүлээн авсан. Надад одоо гомдол санал байхгүй. Мотоциклын урд ачаан дээр байсан цув, каск, хадаас, алх зэргийг Тариалан сумын Ар тархи гэх газрын модон дотор орхисон байсныг Мөнх-эрдэнэ нь авчирч өгсөн. Харин М******* гэх залууд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Яагаад гэвэл манай компанийн өмч хөрөнгийг өөрийн дураар нууцаар, хэлэлгүй авч явсан байна лээ... надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
  2. Гэрч Д.Аөгсөн: “2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө нар тусчихсан байсан хэдэн цаг болж байгааг мэдээгүй сэрээд адуундаа буцаад тархи гэдэг газар луу явах гэтэл М******* энд ойрхон миний урьд нь ажиллаж байсан хүн байгаа 2-лаа очъё гэж хэлсэн. Тэхээр нь би 2-лаа чиний адууг хурдан олоод буцъя би харьж өвөлжөөний хашаа барих ёстой гэж хэлсэн. Тэгсэн 2-уулаа тэр газар очоод явъя гээд гуйгаад байсан тэгэхээр нь ойрхон юм бол очоод хурдан явна шүү гэж хэлсэн. Тэгээд тэр газар нь нэг настай эмэгтэй хүн байсан тэгсэн М******* нэг хүний нэр хэлээд тэр хүнээс асуугаад байсан. Тэгсэн нөгөө настай эмэгтэй хүн манай өвгөн поолио харах гээд машинтай явсан гэж хэлсэн. Тэгсэн нэг мотоциклтэй хүн ирээд бид хоёроос адуу асуусан тэгээд тэр хүн урд зүг рүү бид хоёр хойд зүг рүү явж байтал М******* намайг чи буцаад нөгөөг бригад дээрээ очоодох би энэ мотоциклыг аваад явлаа гэсэн тэхээр нь чи яах гээд байгаа юм хүний техникийг болохгүй ш дээ тэгээд ч наад мотоцикл түлхүүргүй юм байна гэж хэлэхэд зүгээрээ би өөрөө кондуктарыг нь салгаад унаад явлаа чи тэр адууны хашааны доор очоод байж бай гэж хэлсэн тэгээд би Мөнх- Эрдэнийн заасан газарт нь очоод байж байхад М******* нөгөө мотоциклыг унаад над дээр ирээд намайг явъя гэж хэлээд бид хоёр явсан. Тэгээд бид хоёр буцаад Тариалан сумын тархи гэх газар луу явж байгаад М******* нөгөө унаж явсан мотоциклын урд гэрлийн дээр байдаг ачаан дээр байсан каск, алх 2-ыг аваад модон дотор хаясан. Тэгээд би гэр лүүгээ яваад М******* адуундаа явлаа гээд үлдсэн... Улбар шар өнгийн, улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
  3. Гэрч Б.А өгсөн: “Одоо би Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд мал маллаж байгаа. Би 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нөхөр Аптаншагайтай хамт гэртээ байж байхад манай нөхрийн найз М******* залгаад 2-лаа хамт адуунд яваад ирье гээд гуйгаад байсан. Тэхээр нь би уурлаад явж яах юм бэ бороо орох гээд байхад чинь гэж хэлэхэд явахгүй бол болохгүй нэг нэгэндээ туслах ёстой гээд миний үгэнд ороогүй яваад өгсөн. Тэгээд маргааш нь 14 цагийн үед Аптаншагай ганцаараа ирсэн. Би М******* ирээгүй юмуу гэж асуухад цаашаа адуугаа хайх гээд явсан гэж хэлсэн... 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Аптаншагай руу залгаад бид хоёрын өвөлжөө барьж байсан газар ирээд өвөлжөөнөөс барилцаж өгсөн. Манай найз Жанчивтай хамт мотоциклтой ирсэн. Улбар шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
  4. Гэрч Б.Э******* өгсөн: “би Булган аймгийн Хутаг-Өндөр сум Хонгор 5 дугаар баг Цагаан толгой гэх газарт “Эг тариа” ХХК-д хамгаалагч ажилтай. Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн үед гэрээсээ гараад поолио тойроод 09 цагийн үед Цагаан толгой бригад дээр ирсэн. Тэгээд намайг Д ах эхнэр Мын хамт байсан. Тэгсэн 10 цагийн үед Д ах Хутаг-Өндөр сумын төв орлоо гэхээр нь би поолио харангаа хамт яваад ирье гэж Д ахын эхнэр М гэх хүнд хэлээд мотоциклоо орхиод машинд суугаад явсан. Тэгээд сумын төв ороод ажлаа амжуулаад 12 цагийн үед буцаад бригад дээрээ ирэхэд Д ахын эхнэр М гэх хүн мотоцикл чинь байхгүй байна намайг гэртээ ороод гараад ирэхэд аваад явсан байна 2 үл таних залуу байсан гэж хэлсэн. Тэгээд би гайхаад хэн юм бол гэж бодоод манай бригадыг хариуцдаг Болдбаатар гэх хүнд хэлээд би ойр орчмоор нь хайсан боловч олдоогүй... 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс очиж цагдаагийн грашаас мотоциклоо унаж ирсэн. М******* гэх залууг бол танина. 2022 оны 06 дугаар сараас 8 сар хүртэл ажилласан... Хулгайд алдсан мотоцикл нь “Эг тариа” ХХК-ийн өмч байгаа юм. Манай захирал Очир-пүрэв нь 2022 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос хайрцагтай нь авчруулан надад поолио тойрч харахдаа унаж байхаар хүлээлгэн өгсөн юм” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
  5. Гэрч Д.Мын өгсөн: “манай нөхөр Д******* Хутаг-Өндөр сум орох ажилтай явах гэтэл Энхболд би поолио харангаа таньтай хамт яваад ирье гэж хэлээд манайд гэрт мотоциклын түлхүүрээ орхиод явсан. Тэгсэн удаагүй 2 үл таних залуу мотоциклтой ирээд Болд ах, Энхболд ах байгаа юу гэж асуусан тэхээр нь би байхгүй байна поолио эргэж яваа байх гэж хэлсэн тэгээд би гэр лүүгээ ороод гэртээ байж байтал мотоцикл дуугараад байсан тэгэхээр нь нөгөө 2 залуучууд явж байгаа юм байна гээд гараад ирсэн чинь манай хашааны гадна байсан поолины хамгаалагч Э******* мотоцикл байхгүй болчихсон байсан... Улбар шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байсан” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 45-46 дахь тал/
  6. Гэрч Т.Ойн өгсөн: “би “Эг Тариа” ХХК-ны менежерээр ажиллаж байна. 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед манай механик С.Болдбаатар нь утасдаад манай мотоцикл хулгайд алдагдсан байна. 2 үл таних залуу ирээд аваад явсан юм шиг байна гэж хэлсэн... Манай “Эг тариа” ХХК-ийн- мотоцикл байгаа юм. 2022 оны 06 дугаар сард шинээр нь Улаанбаатар хотоос “Нарны буман гэрэл” ХХК-аас авч байсан. Поолины манаач Энхболд нь поолио эргэхдээ унадаг юм. 2.850.000 төгрөгөөр авч байсан. Хонгор бригадын хашааны гадна талд байсан гэж хэлсэн. БНХАУ-д үйлдвэрлэсэн улбар шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байсан. М******* гэгч залууд манай “Эг Тариа” ХХК-аас ямар нэгэн мөнгө төгрөгийн өгөө авцаа байхгүй” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 50-51 дэх тал/
  7. Гэрч Ч.Д******* өгсөн: “... эхнэр М залгаад хаана явж байна 2 танихгүй залуу ирээд Э******* мотоциклыг надад хэлэлгүй хулгайлаад аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Энхболд бид хоёр очоод бид нарыг хариуцдаг Болдбаатар гэх хүнтэй холбоо бариад мотоциклоо хайж эхэлсэн тэгээд 3-4 хоног хайгаад олдохгүй болохоор нь сумын цагдаад мэдэгдсэн тэгээд мотоциклоо олж авсан юм.. Манай “Эг тариа” ХХК-ны мотоцикл байгаа юм. 2022 оны 06 дугаар сард шинээр нь авч өгсөн. Поолины манаач Энхболд нь поолио эргэхдээ унадаг юм. Манай хашааны гадна талд байсан. Улбар шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байсан” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 48 дахь тал/
  8. Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээч Д.Отгонцагааны 2022 оны 08 сарын 25-ны өдрийн №22200 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “мотоциклын зах зээлийн үнэлгээ 2.125.000 төгрөг” гэх дүгнэлт, / хавтаст хэргийн 55-59 дэх тал/,
  9. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн 4-13 дахь тал/,
  10. Яллагдагч Д.М******* өгсөн: “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа..Ан хамтаар адуугаа хайх гээд явсан. тэгээд явж байтал тариа бригадын хашааны гадна талд мотоцикл байхыг харсан. Тэгээд адуу хайхад дахиад мотоцикл хэрэгтэй гэж бодоод тухайн мотоциклыг хулгай хийгээд авсан... тэгээд тухайн мотоциклыг Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд унаж хэрэглэж байгаад Хутаг-Өндөр сумын цагдаад баригдаж хураалгасан.. би хохирлоо барагдуулж хулгай хийсэн мотоциклоо эргүүлж өгсөн. Мөн хохирогч талдаа шатахууны мөнгө гэж 260.000 төгрөгийг төлсөн” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч С.Болдбаатар, гэрч Д.А, Б.Аашиймаа, Б.Энхболд, Д.М, Т.Очирпүрэв, Ч.Дорждэрэм нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.М******* мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Д.М******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 5 дугаар багийн нутаг Цагаан толгой гэх газарт оршин суух Ч.Д******* гэрийн гаднаас “Эг тариа” ХХК-ийн эзэмшлийн улбар шар өнгийн, улсын дугааргүй Даюун загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Д.М******* нь “Эг тариа” ХХК-ийн эд хөрөнгө буюу Даюун загварын мотоциклыг бусдын эд хөрөнгө, бусдын өмчлөл эзэмшлийнх гэж мэдсээр атал айлын гэрийн гадна байгаа эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчдэд нь мэдэгдэлгүй нууц далд аргаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, үйлдэл идэвхтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр хор уршигт зориуд хүргэж үйлдсэн үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчдэд нь мэдэгдэлгүй нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.М******* гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч С.Болдбаатарт хохирол төлбөрт 2.125.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь мотоциклыг биет байдлаар буцаан өгч, бензин шатахууны зардалд 260.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.М******* хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 74-80, 81, 83-87 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал сумын Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.М******* нь ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн 5-07 тоотод амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4/111 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.М******* үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан оршин суух газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.М******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 , 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Доржпаламын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.М*******д оршин суух газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.М*******д сануулсугай. 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.М******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч С.Болдбаатар гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ