Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 701

 

                                                       

 

 

 

 

 

2019         7              09                                            2019/ДШМ/701

                                                       

Д.Хт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Т.Жавхлантөгс,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Хт холбогдох эрүүгийн 201625013558 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Дашзэгвийн Х, 1964 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, группт гарсан, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 10 дугаар гудамжны 01 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн  тоотод тур оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙС6/;

 

Д.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-436 тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Дыг онц харгис хэрцгийгээр буюу биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Дашзэгвийн Хыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Хт 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй боловч дуудлагын лавлагааны хамт хавсаргагдсан 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хаас 11.200.731 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнэд олгож, өмгөөллийн хөлстэй холбоотой зардлыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний  өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Амь хохирогч бид эхнэр, нөхөр болж нэгэндээ дэм болж явсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Нас өндөр, группэд байдаг, эм тариа өгөх, эргэж тойрох хүнгүй байдал зэргийг харгалзан дэглэм болон хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 17 цагт Д.Хын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-436 тоот хаягт байх гэрээсээ гарч дэлгүүрээс “Их монгол” нэртэй 1 шил архи авч ундааны саванд хийж уугаад автобусанд сууж 1000 нэрийн барааны дэлгүүрийн орчимд хүүхдүүдтэйгээ уулзаад Хаас салж явсан. Энэ өдрөө Баянгол дүүрэгт байх охин Сараагийнхаа гэрт хүүхдийг нь харж өнжсөн. Орой нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити-д байх охин Занабазарындаа очиж хоносон, маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед 103-т дуудлага өгч Нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэж улмаар Гэмтлийн эмнэлэгт хэвтэж мэс засалд орж  10 дугаар сарын 26-ны өглөө нас барсан. Д.Х нь Б.Дыг хүүхдүүдтэй нь уулзуулаад салж явснаас хойш дахиж уулзаагүй болох нь тогтоогдсон.

Хохирогчид зүүн талын чамархай ясны босоо хэлбэрийн шугаман хугарал чамархай хэсгийн болон бага тархины аалзан бүрхүүлийн доорх цусан хураа гэмтлээс болж амь хохирсон болох нь шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, цогцост хийсэн үзлэг задлан шинжилгээний актаар хохирогчийн биеийн ар өвөр мөчидийн хэсэгт олон тооны хөхрөлт, цус хуралт гэмтлүүд үүссэн энэ нь үхэлд нөлөөлөхгүй хөнгөн гэмтэлд хамаарах гэмтэл гэдэг нь тогтоогдсон.

Хохирогчид учирсан хөнгөн гэмтлүүд, үхэлд хүргэсэн гэмтэл хэдийд юунаас болж үүсэв гэдэг асуудлыг шүүх хурлаар хэлэлцээд Д.Хт тохож, тухайлбал түүнийг 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой архи уусан согтуу үедээ хамтран амьдрагч Б.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж онц харгис хэрцгий аргаар зодож алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 , 2.8-д зааснаар 17 жил хорьж ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр тогтоосныг өмгөөлөгч би үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.

Шүүхийн буруутгаж байгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж онц харгис хэрцгий арга хэрэглэж зодож алсан гэх үйлдэл холбогдол шүүхийн хэлэлцүүлгээр, мөрдөн байцаалтаар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ч нотлогдоогүй. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болж тусгагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнэ, гэрч Батхуяг, М.Саранцэцэг, Б.Соёл-Эрдэнэ, О.Алтансувд, Б.Сэвжид, М.Түвшинжаргал, М.Занабазар, Д.Адилбиш, Ц.Соёлоо, А.Баатаржав, Г.Туул нарын мэдүүлэг нь хохирогчийг Д.Х зодож алсан гэдгийг гэрчилж нотолсон зүйл байхгүй. Хохирогчийн биеийн гадна үүссэн болон үхэлд хүргэсэн гэмтлүүдийг яг хэдийд, юунаас болж учирсан, хэн учруулсан зэргийг яг таг тогтоосон баримт нотолгоо хэрэгт огт байхгүй болох нь ойлгомжтой байдаг. Ийм хэрэг дээр цагдаа 2 удаа харвалт авсан 55 настай, 2 удаа аваарт орж 2 хөл нь 4 газар хугарсан бэртэлтэй, байнгын өндөр даралттай, бичиг үсэг огт мэдэхгүй 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай Д.Хыг 2018 оны 10 дугаар сарын 25-нд Толгойтоос /аавын нь гэрээс/ барьж авч ирээд өмгөөлөгчөө олж авах эрхийг нь зөрчиж гэрчээр болон сэжигтнээр мэдүүлэг авсан байдаг. Түүний өгсөн 4 удаагийн мэдүүлэг агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Шүүх хуралд нэг бүрчлэн тогтож асуусан асуултаар, “10 дугаар сарын 21-ний орой “Их монгол” нэртэй 1 шил архи хувааж уусан. ...согтоод намайг гэрээсээ хөөж босч ирэхээр нь түлхэхэд зуухны араар унасан, 2 удаа өшиглөсөн. Тэгээд орон дээр гаргаж унтуулсан, өглөө 10 цагт босч ирээд архи нэхсэн, хамт дэлгүүр орж 1 шил “Их монгол” архи авч түүнээсээ уугаад үлдсэнийг нь ундааны саванд хийж бариад Бэлхийн автобусанд сууж 3 дугаар хороололд буугаад 1000 нэрийн барааны дэлгүүрийн үзүүрт 2 охинтойгоо уулзаад намайг “яв” гэснээр би салж явсан” гэж мэдүүлдэг. Шүүх шүүгдэгчийн өгсөн энэ мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийг өөрийн нь эсрэг ашиглаж буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэснийг зөрчсөн хууль бус ажиллагаа боллоо гэж үзэж байна.

Нөгөө талаар ийнхүү түлхүүлж унаснаас уг гэмтлүүд учирсан уу, уг үйлдэл үхэлд хүргэсэн хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо бий юу Хаас салж явснаас хойш хохирогч ямар байдалтай байв, хүүхдүүдтэйгээ муудалцсан асуудал бий эсэх зэрэг асуудал эргэлзээтэй байдаг. Мөн түүнчлэн өөрийн нь хүлээн зөвшөөрч байгаа түлхсэн, баруун бөөр орчимд нь 2 удаа өшгилөсөн гэх мэдүүлгийн хүрээнд уг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.

Шинжээч эмч Даваасүрэнгээс “хохирогчид учирсан уг гэмтэл хэрэг болсон гэх 10 дугаар сарын 21-ний орой үүссэн байх боломжтой, уг гэмтлийг аваад тодорхой хугацаанд үйлдэл хийгээд ярьж хөөрөөд, цус алдаад, дарагдал үүсэх хүртэл яваад байх боломжтой” гэж мэдүүлсэн нь шинжилгээ судалгаа шалгуураар нотлогдоогүй таамгийн шинжтэй, хэргийн өнгө аяс шалгагчийн мэдээлэлд нийцүүлсэн шинжтэй нь тодорхой харагддаг. Ийм таамаг мэдүүлгийг шүүх яллах, буруутгах нотлох баримт болгож ашигласан нь үндэслэлтэй болж чадаагүй.

Ийм учраас шүүх онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдыг алсан гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтыг хэрэглэснийг хууль буруу хэрэглэсэн, тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл мөн гэж үзэж байна.

Иймд хэргийг хянаж хүндрүүлсэн зүйлчлэлүүдийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хөл, гар өвддөг. Бие муутай. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, мөн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү...” гэв.

 

Прокурор Т.Жавхлантөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан гэрч Бямбаренчин, шинжээч эмч Б.Даваасүрэн нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост үзлэг хийсэн 2384 дугаартай дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас зэргээр хүнийг санаатай алсан болох нь хангалттай нотлогддог. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан болох нь цогцост үзлэг хийсэн 2384 дугаартай дүгнэлтээр тогтоогддог. Мөн гэрч Адилбиш, Саранцэцэг, Соёл-Эрдэнэ нарын мэдүүлэг, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны тодорхойлолтоор гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэгддэг байсан гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогддог. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн үйлдэлд зохих эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн. Хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Д.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-436 тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Дыг онц харгис хэрцгийгээр буюу биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан болох нь:

шүүгдэгч Д.Хын: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бид хоёр гэртээ байж байгаад 0.75 литрийн архи авчирч талийгаач Дуламжав бид хоёр хувааж уусан. Архи ууж байхад талийгаач намайг “чи зайл, чамд өгөх юм юу ч байхгүй, чи ядуу, би баян мөнгөтэй” гэх зэргээр над руу дайрч намайг хөөж эхэлсэн. Талийгаач миний өөдөөс босоод ирэхээр нь би талийгаачийг гараараа түлхтэл талийгаач зуухны араар унаад өгөхөөр нь би баруун талын бөөр хэсэгт нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Талийгаач тэгэхэд босож ирэхгүй босож чадахгүй байхаар нь би талийгаачийг татаж босгоод орондоо оруулаад бид 2 хамт унтсан. ...талийгаач өөрөө согтчихоод намайг хөөгөөд байхаар нь би “харанхуй орой би хаачих юм” гээд зодсон. ...маргааш өглөө нь босоод надад “толгой жаахан өвдөөд байна” гэж хэлээд хамраас нь цус шүүрээд байсан..." /1хх 145-150/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнийн: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд дүү Занабазар залгаад “ээж газар унаад амнаас нь хөөс сахраад царай нь хөхрөөд байна, хурдан ирээч, миний утаснаас 103 руу дуудлага гарахгүй байна, хүүхэд айгаад байна, хурдан ир” гэж хэлсэн. Манай гэр дүү Занабазарын гэртэй ойрхон байдаг учраас хүргэний машиныг аваад дуудлага ирснээс хойш 7 минутын дараа гэхэд дүү Занабазарын амьдардаг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива хорооллын 12 байрны 6 тоотод очсон. Мөн замдаа яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн. Тэгээд дүү Занабазарын гэрт очиход ээж Дуламжав ширээ түшээд сандал дээр ухаангүй байдалтай байхаар нь харвалт өгсөн юм байх гээд гар, хөлийг нь хөдөлгөж үзсэн. Тэгээд би түшиж босгоод орон дээр хэвтүүлэхэд ээж Дуламжав зүүн талын чихээ бариад маш чангаар өвдөлт өгч орилж байсан. Тэр үед яаралтай түргэн тусламжийн эмч ирээд үзлэг хийгээд тавцан орон дээр хэвтүүлээд түргэн тусламжаар Нэгдүгээр эмнэлэг рүү хүргэгдэн очиж эмчилгээ хийлгэсэн. Тэнд нэг цаг гаран болж байгаад жижүүр эмч, туслах эмч нарын хамт Гэмтлийн эмнэлэг рүү яаралтайгаар хүргэгдэж, 23 цагаас шөнийн 02 цагийн хооронд хагалгаанаас гарсан. Тэгээд ухаангүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 22 минутанд нас барсан...” /1хх 55-60/,

 

гэрч М.Саранцэцэгийн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай эх Дуламжав над руу залгаад “ээжийнх нь бөөр гацчихлаа ээж нь очиж чадахгүй байна” гэж утсаар ярьсан. Би тэр өдрөө буцаагаад залгаад бие нь яаж байгааг асуутал сая эм уугаад арай гайгүй болчихлоо гэж хэлсэн. ...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим манай дүү Занабазар ...утсаар залгаад “ээж сонин болоод байна. Гэр дотор хойшоо татаад уначихлаа, би айгаад байна” гэхээр нь би 103 тусгай дугаар луу дүүгийнхээ хаягаар дуудлага өгсөн. Гэтэл түргэн тусламжийн эмч нар манай ээжийг Нэгдүгээр эмнэлэг рүү авч явсан. ...Тухайн үед ээжийнхээ хөнжлийг сөхтөл бие нь хөхөрсөн шарх ихтэй байхаар нь эмчээс асуутал “энэ хүн битүү хөхрөл болсон нуруундаа хүртэл хөхрөлттэй байна. Гадны нөлөөтэй гэмтлийн шарх байх магадлалтай яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай учир Гэмтлийн эмнэлэг рүү авч явна” гэж хэлээд Гэмтэл рүү эмнэлгийн машинаар авч ирээд тархины хагалгаанд орсон. ...бөөр өвдөөд байна гэж хэлж байсан ямар учраас өвдөөд байгааг нь хэлээгүй. ...3аримдаа ээж над руу залгаад “ээжийгээ ирээд аваач энэ Х намайг зодоод байх юм” гэж хэлдэг байсан. Хааяа уулзахаар нүүр нь хөхөрсөн байдаг байсан. “Яагаад хөхөрсөн юм бэ” гэж асуухаар “юм руу уначихлаа” гэдэг байсан... “ээжийнх нь толгой, бөөр 2 өвдөөд байх юм” гэж хэлээд цай ч уухгүй байсан. Царай зүс нь тааруухан харагдаж байсан бөгөөд зүүн талын хөлөө чирээд сонин яваад байсан... Нэгдүгээр эмнэлэгт намайг очиход манайхан бүгд цугласан байсан бөгөөд тэнд байсан эмч нар бид нарт “ээж чинь зодуулчихсан байна” гээд биеийг нь харуулахад битүү хөх эрээн болсон байсан...” /1хх 64-67, 87-89/,

 

гэрч Ө.Бямбаринчингийн: “...Манай Гэмтэл согог судлалын төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны 21 цаг 20 минутанд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас хүргэгдэн ирсэн. Тээвэрлэгдэж ирэхдээ амьсгалын аппаратанд холбосон ухаан санааны байдал 3%-тай биеийн гадна ил харагдах хэсгүүдэд хөхрөлт няцралттай өндөр халуунтай байсныг яаралтай мэс засалд бэлдэн тархины хатуу хальсны доорх хурсан цусыг авч тархи дарагдалтыг чөлөөлөх мэс засал хийсэн боловч өвчтөний биеийн байдал маш хүнд хэвээр эмийн болон мэс заслын эмчилгээний үр дүн өгөхгүй гүн комын байдалтай амьсгалын аппараттай хэвтэн эмчлэгдэж байсан. ...Б.Дын биеийн байдал маш хүнд, амьсгал зүрх судасны уйл ажиллагааг дэмжлэгтэй эмчилгээг үргэлжлүүлж байна...” /1хх 68-69/,

 

гэрч Д.Батхуягийн: “...Дуламжав, Х 2 байнга хоорондоо хэрэлдэж, зодолддог байсан. Би хөрш байхдаа орж салгадаг байсан. Цагдаад огт дуудлага өгч байгаагүй. Хамгийн сүүлд надтай таарахдаа “Дуламжавтай хэрэлдээд бөөр лүү нь өшиглөсөн чинь охин нь ирээд аваад явсан” гэж хэлж байсан. ...3аримдаа Дуламжав эгчийн бие нь хэсэг газраа хөхөрчихсөн байдаг байсан. Асуухаар “Х намайг зодчихлоо эгч нь зовж явнаа” гэж хэлдэг байсан...” /1хх 70-71/,

 

гэрч Б.Сэвжидийн: “...Манай хажуугийн хашааны айлыг танихгүй. Ямар ч байсан 60 орчим насны өвөө, эмээ хоёр орж гарч байгаа харагддаг. Уг хоёр хүн архи согтууруулах ундаа хэрэглэдэг шинжтэй согтуу явж харагддаг. Би зодсон талаар мэдэхгүй. Маргаж байгаа бололтой байдаг хоёулахнаа уудаг шинжтэй санагддаг...” /1хх 77-78/,

 

гэрч М.Түвшинжаргалын: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ээж Дуламжав нь “ээжийнх нь бөөр татаад босож чадахгүй байна, миний охин эгчтэйгээ яриад очоорой, ээж нь цаашаагаа утсаар яриад очиж чадахгүй бие өвдөөд байна” гэж хэлнэ гэсэн. Өмнөх өдөр надтай ээж утсаар ярихдаа надад лав “бие өвдөөд байна гэж” хэлээгүй. ...надтай ээж Дуламжав уулзах гээд ирэхдээ зүүн талын хөлөө чирээд явсан, зүүн нүдний дээд хэсэг нь хөхөрсөн байдалтай явж байхаар нь би “нүдээ яасан юм бэ” гэхэд “ээж нь юм мөргөсөн юм харин ээжийнх нь бөөр өвдөөд явж чадахгүй байгаа юм” гээд хүн сугадаж, тонгойж яваад байхаар нь би “Х ахыг Толгойт руу явуулчихлаа хэдүүлээ хоолонд ороод гадуур явж байгаад дүүгийн гэрт очиж усанд орчих цааш эмнэлгээр явья” гэхэд ээж Дуламжав нь “би эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхгүй бол миний биеийн байдал хүнд ядраад байна, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэе” гээд байсан. Ээж бид нар хоолонд ороход ээж би ерөөсөө хоол идэж чадахгүй байгаа, миний охин л ид гээд байсан. ...тэр шөнө ээж сайн унтаж амраагүй яагаад гэвэл ээж “толгой өвдөөд байна” гэж босож ирээд эм уугаад хэвтсэн. Дахин “ам цангаад байна” гээд 2-3 удаа босож ирсэн. Тэр үед ээж надад “миний нойр хүрэхгүй байна” гээд байсан. ...тэгээд маргааш өглөө нь ...боссон байхад ээж Дуламжав босож ирээд “ээж нь шөнө ерөөсөө унтаж чадсангүй” гэж хэлсэн. Намайг дүүгийн гэрээс гараагүй байхад ээж 00 өрөөнд бөөлжиж, огиулаад байхаар нь очиж харахад идсэн хоолоороо бөөлжсөн байхаар нь даралт нь ихсээд дотор нь муухай оргисон юм болов уу гэж бодсон. ...Занабазар залгаад уйлаад “ээжийн гар хөл нь татаад ухаан алдаад уначихлаа, аниа гээд ярихаар нь би түргэн дуудаарай” гэхэд “за аниа” гэхээр нь би сургалтаасаа чөлөө авч гараад шууд дүү Занабазарын гэрт очиход тэдний гэрт дүү Атар-Эрдэнэ түргэн тусламжийн эмч нар ирчихсэн байсан. Намайг очиход ээж ухаантай, орон дээр хэвтсэн байдалтай толгойгоо бариад ээж “миний толгой задарлаа” гээд хашхираад байсан. Мөн зүүн талын гар, хөл, чих нь хүртэл таталт өгөөд байсан. ...анхан шатны тусламж үзүүлж байхад ээж Дуламжав нь 1 удаа бөөлжөөд шууд таталт өгч байгаад ухаан алдсан. ...Нэгдүгээр эмнэлгийн хүлээн авах дээр очоод яаралтай түргэн тусламж үзүүлэхэд тархины томографикийн зураг авахуулахад зургаар нь “тархины гэмтэлтэй байна, яаралтай Гэмтлийн эмнэлэг орж хагалгаанд орохгүй бол болохгүй” гээд эмч нь өөрөө түргэн тусламжийн машинаар Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд шууд тархины хагалгаанд орсон. “Хагалгаа амжилттай боллоо одоо өвчний биеийн байдал мэднэ ер нь найдваргүй байна шүү” гэж хэлсэн. Хагалгаанаас гараад 2 хоногийн дараа ухаан орохгүй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 09 цаг 12 минутанд нас барсан. ...хагалгаанд орсон эмч нь “манай ээжийн гавал тархины гэмтэл нь 2-3 хоногийн өмнө авсан шинэ гэмтэл байна шүү, цус нь хатаагүй, бүлэгнэсэн, шинэ цус хуралт байсан, мөн зүүн чихний ар хэсгээс доош чиглэсэн хаа хүрэх нь мэдэгдэхгүй цууралт үүссэн байна гэж хэлсэн...” /1хх 83-86/,

 

гэрч М.Занабазарын: “...Тэр үед манай ээж унтаж чадахгүй, хоол идэж чадахгүй, биеийн байдал хэцүү хүнд байсан. ...11-12 цагийн орчимд ээж “ээжийнх нь бөөр татаад толгой өвдөөд байна, өвчин намдаах эм авчирч өгөөч, ээж нь эмнэлэгт хэвтэхгүй бол миний бие их муу байна” гэж хэлэхээр нь гэрээсээ гараад эмийн сан орж өвчин намдаах эм аваад гэртээ орж ирээд ээж Дуламжавт өгсөн. Ээж ерөөсөө хоол идэж чадахгүй 00 өрөөнд бөөлжөөд, хүчтэй алхаж явж чадахгүй байсан. Надад толгой дайвалзаад байна гэхээр нь би “үсийг нь угаагаад өгөх үү” гэхэд ээж “үгүй” гээд байсан. ...ээж Дуламжавын нүүр нь хөхөрсөн байдалтай бүх бие нь таталт өгч байгаад хойшоо унаад амнаас нь хөөс сахарч амнаас нь бага хэмжээний цус гарсан. ...Түргэн тусламж ирэх хооронд ээж Дуламжав нь сэргээд ямар ч орон зайн баримжаагүй 00 өрөө хайж ороод цусаар бөөлжсөн. Удаагүй бага ах Атар-Эрдэнэ орж ирээд ээжийг орон дээр өргөж хэвтүүлсэн. ...тэгээд Гэмтлийн эмнэлэг ороод тархины хагалгаанд ороод 2 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 09 цагийн үед ухаан орохгүй байсаар байгаад нас барсан...” /1хх 87-89/,

 

гэрч Д.Адилбишийн: “...Манай урд талын хашаанд талийгаач, Х хоёр амьдардаг байсан. Талийгаач, Х 2 хамт их архи уудаг байсан. Хоёулаа өдөр, шөнөгүй архидаж байнга хоорондоо зодолддог байсан. Хааяа гэрээр нь ороход талийгаачийн нүүр ам, бие нь хөх няц болсон байдаг бөгөөд талийгаач “Хатанаа намайг зодсон” гэж хэлдэг байсан. ...Талийгаач нэг удаа надад хандан “Адилаа миний дүү Хатанаа дандаа миний тархи, толгой руу цохих юм” гэж хэлж байсан. ...Харин талийгаач Дуламжав эгч байнга нүд ам, эрүү нь хөх няц болчихсон юм явж байдаг байсан. Хааяа цус нөжтэйгөө хутгалдчихсан манайд ороод ирдэг байсан. Ноднин жил шиг санагдаж байна талийгаач, Х ах хоёр хоёулаа согтуу орж ирсэн бөгөөд талийгаач нь надад хандан “Хатанаа миний дух руу алхаар цохичихлоо” гэхэд Х ах “наадах чинь өөрөө цохь гэхээр нь би цохьсон” гэж байсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр санагдаж байна ...талийгаач над руу залгаад байхаар нь би гэрт нь ороход талийгаач ганцаараа сандал дээр сууж байсан бөгөөд “Х намайг зодоод бие өвдөөд байна” гэж хэлж байсан...” /1хх 91-92/,

 

гэрч Ц.Соёлоогийн “...манайхан залгаад “ээж бие нь муудаад эмнэлэгт хүргэгдсэн байна” гээд би эхнэрийгээ аваад Нэгдүгээр эмнэлэгт очсон. Тэгээд ээжийг харахад зүүн мөрөн дээр нь нэлээн том хэмжээтэй хөхрөлттэй байсан. “Энэ яагаад ингэсэн юм бэ” гэж би асуухад дүү нар “сая л харж байна бүх бие нь хөх няц болчихсон байна” гэж байсан. ...хамт байх үед бид нартай огт юм ярьдаггүй, ярианд огт оролцдоггүй юм. Талийгаач хааяа шөнө орой унтаж байхад хүртэл Саранцэцэг бид хоёр луу залгаад “Х намайг зодоод байна, ирээд аваадах” гэж хэлдэг байсан. Талийгаач нэг удаа 2 хавирга нь хугарсан ирж байсан бөгөөд “яасан юм” гэхэд “ээж нь унаад хавиргаа гэмтээчихсэн” гэж хэлж байсан. Ер нь нүд ам нь хөхөрсөн няцарсан шинжтэй ирдэг байсан. Яасан юм гэхээр дандаа унасан, мөргөсөн өөрөө бэртсэн гэж хариулдаг байсан. Тэр бол Х зодоод тийм болгосныг нь талийгаач бид нараас нуудаг байсан гэж бодож байна...” /1хх 97-98/,

 

гэрч А.Баатаржавын: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шиг санагдаж байна. талийгаачтай тааралдаад мэнд мэдэх гэхэд надад “Баатараа ахаа нөгөө Хатнаа чинь ийшээ өшиглөсөн чинь бөөр өвдөөд байна” гээд бөөрний хэсгээ гараараа хувцасны араас зааж үзүүлсэн. Тэгэхээр нь би “яагаад та хоёр муудаад байдаг юм бэ” гэсэн. Талийгаач тэгэхэд “хүүхдийнх рүүгээ явлаа” гээд явсан бөгөөд намайг гудамжаар өгсөхөд Х нь талийгаачийн араас явж байгаа бололтой явж байсан. Өөрөөр талийгаач надад Хт зодууллаа гэж хэлж байгаагүй...” /1хх 100/,

 

гэрч Г.Туулын “...55 настай эмэгтэй хүн таталт өгөөд ухаангүй байдалтай байна гэсэн утгатай дуудлага ирсний дагуу уг дуудлагад очиход уг тоотод бага насны хүүхэдтэй нэг эмэгтэй хүн уйлж сандарсан байдалтай байсан. Тэр эмэгтэй “манай ээж сая таталт өгөөд ухаан алдаад унасан, одоо ухаан орж байх шиг байна” гэсэн бөгөөд гэрийн орон дээр нь 55 орчим насны эмэгтэй хүн хэвтэж байсан. Уг эмэгтэйд үзлэг хийхэд даралт маш өндөр байхаар нь би даралт бууруулах тариа хийх явцад шууд огиод “бөөлжихөөр нь би бөөлжилтийн эсрэг тариа хийтэл уг эмэгтэй таталт өгсөн. Бүх бие нь маш хүчтэй таталт өгсөн тул би таталтын эсрэг тариа хийгээд жолоочоо дуудаж насилкаар уг эмэгтэйг машинд зөөж суулгаад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нь хүлээлгэж өгсөн...” /1хх 140/,

 

гэрч О.Алтансувдын: “...Сүүлийн хоёр гурван жил талийгаач над руу шөнө оройн цагаар их утасддаг болсон бөгөөд ялангуяа 2018 оны зун над руу нэлээн их утасдаж байсан, уйлаад ярьдаг байсан бөгөөд “миний бие өвдөөд байна та хүрээд ирж чадах уу” гэдэг байсан. Би тэгэхэд нь “чиний бие яагаад өвддөг юм. Х чамайг зодоо биз” гэхэд “та манай хүүхдүүдэд битгий хэлээрэй” гэдэг байсан. Нэг удаа Дуламжавыг дуудахаар нь очиход талийгаач ганцаараа гэрийнхээ үүдэнд сууж байсан. “Х намайг зодчихоод яваад өгсөн” гэж байсан. 2017 оны 12 дугаар сарын эхээр би Улсын нэгдүгээр эмнэлэгт хүн сахиж байгаад талийгаачтай тааралдсан. Тэгэхэд талийгаачийн царай зүс нь цонхийчихсон явж байсан бөгөөд “яасан юм бэ” гэхэд “миний бие өвдөөд байна” гэхээр нь би “чи бас нөгөөдөхдөө зодуулаа биз” гэхэд “Х миний элэг рүү өшиглөсөн хамраас цус гоожоод тогтохгүй байна. Та манай хүүхдүүдэд битгий хэлээрэй” гэж гуйсан. ...Х нь талийгаачийг байнга зоддог байсан бөгөөд талийгаач энэ талаар хэнд ч хэлдэггүй байнга Хыг өмөөрч хамгаалдаг байсан...” /1хх 241-242/,

 

гэрч Б.Соёл-Эрдэнийн: “...намайг хамт байх үед талийгаач Х хоёрын хоорондын харилцаанд янз бүрийн таарамжгүй зүйл анзаарагддаггүй байсан. Харин байнга шахуу талийгаачийн нүүр, нүд, бие, гар хөл нь хөхөрч гэмтсэн, эсвэл хөл гар нь зовиуртай байдаг байсан. Хөл гар нь шархлаад эдгэхгүй буглачихлаа гээд надаар цэвэрлүүлэх гээд ирдэг байсан. Би асуухаар эгч “би өөрөө халтираад уначихсан мод хагалж байгаад мод үсрээд нүд рүү оночихсон” гэх зэргээр хэлдэг байсан. ...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эгч над руу залгаад эгч нь “хүнд зодуулаад биений зүүн тал татчихлаа эгч нь ажил явдалд очиж чадахгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан юм бэ нөгөө хүн чинь дахиад зодсон юм уу” гэхэд эхлээд хэлэхгүй байж байгаад сүүлдээ “Х намайг зодсон” гэж хэлж байсан. Үүнээс хойш би эгчтэй дахиж холбогдоогүй бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр талийгаачийн том охин Саранцэцэг над руу уйлж залгаад “ээжийн бие муудаад бид нар Нэгдүгээр эмнэлэг рүү түргэнээр явж байна та хүрээд ирээч” гэхээр нь би Нэгдүгээр эмнэлэгт очиход эгч ухаангүй сэхээнд байсан бөгөөд эмч нар тархины зураг аваад “тархиндаа гэмтэлтэй байна Гэмтлийн эмнэлэг рүү явуулъя” гээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэсэн...” /1хх 243-244/,

 

гэрч Б.Хосбаярын: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байтал 18 цаг 40 минутад яаралтай тусламжийн тасагт 103-аар Б.Д гэх 55 настай эмэгтэй хүн хүргэгдэн ирсэн. Өвчтөнд үзлэг хийхэд биеийн байдал маш хүнд хариу урвалгүй, хүүхэн хараа хоёр талд өргөн, гэрлийн урвалгүй байсан бөгөөд мөр, бугалга, хэвлий, хоёр хөл гуянд олон тооны хөхрөлттэй байсан. Өвчтөн ямар ч ухаангүй байсан тул цагаан мөөгөрсөн хоолойд гуурс байршуулж амьсгалын аппарат холбоод компьютер томографт оруулахад тархины зүүн талд субдурель геметоми буюу цусны хураа үүссэн байсан. Үзлэг хийх явцад өвчтөн хоёр удаа таталт өгч байсан. Субдурель геметоми нь гэмтлийн гаралтай үүсдэг. Мөн манай эмнэлэгт тухайн мөчид хагалгаа хийх эмч байхгүй байсан тул эмнэлгийн тоноглогдсон автомашинаар миний бие өөрөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн юм. Уг өвчтөнийг харгалзан ирсэн охин нь гэх Түвшинжаргалаас асуулт авахад орой 17 цагийн үед цустай бөөлжиж таталт өгч, ухаангүй болсон гэх зүйлийг ярьж байсан...” /1хх 245-246/,

 

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн: “...Амь хохирогчийн биед учирсан зүүн чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн яснаас чулуулаг яс руу чиглэсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн хэсгийн аалзан бүрүүл доорх цус хуралт, бага тархины аалзан бүрхүүл доорх цусан хураа гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд гэмтэл бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэмтэл авсан даруйд цаг алдалгүй үзүүлсэн ч гэсэн амь нас аврагдах боломж багатай байсан. ...Гэмтэл согог үндэсний төвийн эмч нарын өвчний түүхээс харахад амь хохирогчийн зүүн зулай чамархай ясанд 7x8 орчим см цооног гаргаж хатуу хальсан дээрх 150-180 мл цус, нөжийг соруулж авсан ба хатуу хальсны судаснаас цус алдаж байсныг тогтоох мэс засал хийсэн байна. Энэ нь тухайн өвчтөний гавал тархины гэмтлийн үед зайлшгүй шаардлагатай мэс засал байсан байна. Эмчлэгч эмч нар өвчтөнд үзүүлэх шаардлагатай арга хэмжээг авсан байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл тул амь нас аврагдах боломж бага байсан байна...” /1хх 247/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шинжээчийн 2384 дугаартай дүгнэлт /1хх 102-104/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6200, 11394, 6199, 11393 дугаартай дүгнэлтүүд /1хх 115-119, 121, 124-128/,

Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 62 дугаартай дүгнэлт /1хх 18-30/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 31/, Цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 32-41/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 42-46/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Хыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Д.Хын “...дэглэм болон хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан “...шүүх онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдыг алсан гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. ...ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, шүүгдэгч Д.Хын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцсэн болно.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Шүүгдэгч Д.Х хохирогч Б.Дыг зодсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд амь хохирогч нас барсантай шалтгаант холбоотой байна.

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүд өөр өөр ойлголт, шалгууртай бөгөөд тухайн зүйлд заасан хоёр ба түүнээс дээш хүндрүүлэх шинжүүдийг нэгэн зэрэг агуулж байвал аль тохирох заалтуудыг давхар хэрэглэдэг учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим түүний эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно” гэж тус тус заажээ.  

 

 Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж заасан байна.

 

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнийн “...Х нь нүүр болон гар луу гараараа цохиод байхаар нь хаалгыг нь тогшиж онгойлгоод Хыг хөөгөөд ээжийг аваад цагдаад хандаж байсан. ...2018 оны 6 сард ирсэн болохоор ээж, Х нарын амьдралыг сайн мэдэхгүй, ер нь яаж шуухан амьдардаг юм бол гэж бодоод цонхоор нь харсан. Тэгтэл Х гэгч нь талийгаачтай орон дээр зэрэгцэж сууж байснаа хэд хэдэн удаа тохойгоороо тохойлдож, нүүр лүү нь цохисон. ...Ээж ер нь байнгын бэртэл гэмтэлтэй байдаг байсан юм. Хт л зодуулж бэртэж байснаа бид нараас нуудаг байсан юм байна...”  /1хх 57, 59/,

 

 гэрч М.Саранцэцэгийн “...Заримдаа ээж над руу залгаад “ээжийгээ ирээд аваач энэ Х намайг зодоод байх юм” гэж хэлдэг байсан. ...2010 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Нилээд хэдэн удаа “ээжийгээ ирээд аваач, Х зодоод байна” гэж хэлж байсан. Заримдаа ирэхдээ хөл гар болон нүүр ам нь хөхөрсөн байдаг юм...” /1хх 65/,

 

гэрч Д.Батхуягийн “...Дуламжав Х хоёр нь байнга хоорондоо хэрэлдэж зодолддог байсан. Би хөрш байхдаа орж салгадаг байсан. Цагдаад огт дуудлага өгч байгаагүй...” /1хх 71/,

 

гэрч Д.Нэргүйгийн “...2010 аад онд ах маань Дуламжав гэх хүнтэй хамтран амьдрах болсон...” /1хх 75/,

 

гэрч Б.Сэвжидийн “...хаяа нэг хашаандаа маргалдаж байгаа бололтой чанга, чанга дуу гарч байдаг юм...” /1хх 78/,

 

гэрч Д.Адилбишийн “...Хоёулаа өдөр шөнөгүй архидаж, байнга хоорондоо зодолддог байсан. Хааяа гэрээр нь ороход талийгаачийн нүүр ам, бие нь хөх няц болсон байдаг бөгөөд талийгаач “Хатанаа намайг зодсон” гэж хэлдэг байсан. ...Талийгаач нэг удаа надад хандан “Адилаа миний дүү Хатанаа дандаа миний тархи толгой руу цохих юм” гэж хэлж байсан...” /1хх 91/,

 

гэрч Ц.Соёлоогийн “...Урьд нь манайд Х, талийгаач хоёр ирээд байж байхад ажиглаж байхад Х талийгаачийг маш их загнадаг байсан...” /1хх 97/,

 

 гэрч А.Баатаржавын “...Би талийгаач Дуламжав, түүний нөхөр Х нарыг танина. ...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шиг санаж байна. Бэлхийн Цэргийн байрны доохно талд харих гээд явж байгаад талийгаачтай тааралдаад мэнд мэдэхэд надад “Баатараа ахаа нөгөө Хатанаа чинь ийшээ өшиглөчихсөн чинь бөөр унаж өвдөөд байна” гээд бөөрний хэсгээ гараараа хувцасны араас зааж үзүүлсэн юм...” /1хх 100/,

 

шүүгдэгч Д.Хын “...талийгаач бид хоёр хамтран амьдрагчид юм. Аль аль нь гэр бүлгүй болохоор нэг гэрт орж нэг нэгэндээ тус дэм болох санаатай л хамт амьдарч байсан юм...” /1хх 149/ гэх мэдүүлгүүд авагджээ.

 

Эдгээр мэдүүлгүүдийг болон дээр дурдсан хууль, хуулийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл амь хохирогч Б.Д, шүүгдэгч Д.Х нар 2010 оноос хамтран амьдарч байгаа бөгөөд шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдож байна.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэсэн хүндрүүлэх шинж, шалгуурыг бүрэн хангаж байна.   

 

Үүнээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 2384 дугаартай дүгнэлтэд “...Зүүн эгэмд 7х7 см, зүүн бугалга 9х6 см, баруун хөхний дээд хэсэгт 4х2 см, хэвлийн баруун хэсэгт 3х2 см, 4х2 см, 2х2 см, хэвлийн баруун хэсэгт 2х1 см, зүүн сарвууны ар хэсэгт 7х2 см, баруун зүүн шилбэний урд хэсэгт хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. ...талийгаачийн зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн яснаас чулуулаг яс руу чиглэсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, бага тархины аалзан бүрхүүл доорх цусан хураа, зүүн эгэм, бугалга, цээж, хэвлий, зүүн сарвуу, баруун зүүн шилбэнд цусан хуралт гэмтэл үүсчээ...” гэсэн бичилт, фото зурагууд /1хх 104-106/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...олон удаагийн цохих үед үүсэх боломжтой гэмтлүүд юм...” /1хх 108, 247/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атар-Эрдэнийн “...ээж Дуламжав нь зүүн талын чихээ бариад маш чангаар өвдөлт өгч орилж байсан...” /1хх 57/, гэрч М.Саранцэцэгийн “...тухайн үед би бөөрний эм, өвчин намдаах эм хоёр уулгасан...” /1хх 80/, гэрч М.Занабазарын “...ээжийнх бөөр татаад, толгой өвдөөд байна, өвчин намдаах эм авчирч өгөөч, ээж нь эмнэлэгт хэвтэхгүй бол миний бие их муу байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад эмийн сан орж өвчин намдаах эм аваад гэртээ орж ирээд ээж Дуламжавд өгсөн...” /1хх 89/ гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.Х амь хохирогч Б.Дт олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасныг онц харгис хэрцийгээр хүнийг алсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Хыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53-436 тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Дыг онц харгис хэрцгийгээр буюу биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож алсан гэж анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүнгэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл шүүгдэгч Д.Хын гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул хорих ялыг хөнгөрүүлэх, ял эдлэх байгууллагыг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Д.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.