Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 112/ШШ2021/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Н.Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Ч.Дд холбогдох Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаартай захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Ч.Д, гэрч С.Б нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Мөнхшүр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр Б овогтой Бадам нь Говь-Алтай аймгийн ******* суманд төрсөн. Монгол улсын зөвлөх инженер, ус сувгийн салбарын ахмад ажилтан. Говь-Алтай аймгийн Ардын Депутатуудын хурлын барилга захиалагчийн товчооны хяналтын ахлах инженер, Ус сувгийн удирдах газрын дарга, 2000 оноос хойш сантехник барилга угсралт үйлчилгээг үзүүлдэг хүн байсан. Говь-Алтай аймгийн ******* сумын Бижийн ам, Хөх хошуу гэх газар тариалангийн зориулалтаар 060400160 нэгж талбарын дугаар бүхий 10га газрыг ******* сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 41 тоот шийдвэрээр 40 жилийн хугацаатай эзэмших шийдвэр гарсан байгаа.

Нөхөр маань амьд байх үедээ энэ газрыг эргэж тойрч, хөрөнгө оруулалт хийж эзэмшиж, ашиглаж ирсэн. 10 сая төгрөгөөр хашаа хатгаж, өөрийн хамаатан Ш.Бтой хамтарч 500.000 төгрөгийн 100 гаруй ширхэг чацарганын мод тарьж байсан гэж ярьдаг. ******* сумын Бижийн аманд оршин суух нутгийн уугуул иргэн аавын хамаатан болох Ш.Б, Ш.Б нартай хамтран хадлан тэжээл болон хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж үр шимийг нь өдийг хүртэл хүртсээр ирсэн. 2016 оноос нөхрийн маань зүрх, уушги өвдөж, онош тодорхойгүйн улмаас 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зуурдаар нас барсан. 2016 онд бие нь өвдөхөөсөө өмнө тухайн газар дээр Б.Б гэх хүнтэй хамт хашаа хатгана гэж байнга ярьж байсан. Нөхөр маань энэ газарт өөрийн хүч хөдөлмөрийг гаргаж зарцуулдаг байсан.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* сумын Засаг даргын А/03 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар зүйлд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил газрыг ашиглаагүй гэсэн үндэслэлээр тухайн газрыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд иргэн бидний эрхийг зөрчиж байна. Учир нь: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 зааснаар захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах боломж олгоно гэсэн байхад энэ талаар мэдэгдэл тайлбарыг гаргаагүй. Нас барсан хүн гэх мэтээр харьцаж сонсох ажиллагааг явуулаагүй учраас тус захирамжийг хууль бус гэж үзэж байна. 2 жил дараалан газрыг эзэмшиж, ашиглаагүй гэж байна.

Ашиглаагүй өнжөөсөн зүйл байхгүй. Ш.Б, Ш.Бтэй хамтраад өөрсдийнхөө боломжоор ашиглаж байсан. Цалин хөлс өгч ногоо, гурил, будаа тарьж газраа ашиглан хамтын ажиллагаатай байсан. Ойролцоогоор 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. 2016 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй гэж байна. 2га газарт ногоо тарьсныг нь ашиглаагүй гэж үзэх үү? Б-ийн газраас эхлээд хамт хашаа хатгаад явж байсан юм байна лээ. Иймд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Газар эзэмшигч Б.Б нь ******* сумын Бижийн Хөх ам, хөх хошуу гэх газарт газар тариалангийн зориулалттай 10га газрыг ******* сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 18-ны 41 тоот шийдвэрээр 40 жилийн хугацаанд эзэмшиж байсан. Газар эзэмшигч нь амьд ахуйдаа тухайн талбайд арван сая төгрөгөөр хашаа хатгаж, өөрийн хамаатан Б-ээр дамжуулж чацарганын мод тарьж газар тариалангийн үйл ажиллагааг эрхэлдэг байсан. Мөн одоог хүртэл талбайгаа Б, Б нар хамтран ажиллаж үр шимийг нь хүртсээр байна. Гэтэл ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Газар эзэмшигч нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барснаас хойш түүний хамаатан болох Б, Б нараар дамжуулан үр тариа, хүнсний ногоог өдийг хүртэл хүртэж ирсэн. Энэ нь гэрчийн мэдүүлгүүд, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. 2018 оноос хойш үндсэн газар эзэмшигч нас барсан учраас зарим тохиолдолд талбай дээрх газар тариалангийн ажил цалгардсан боловч энэ нь эхнэр хүүхдүүдийнх нь тухайд хүндэтгэн үзэх шалгаан болно гэж үзэж байна. Иргэний хуулийн дагуу өв залгамжлагч нь тухайн газрыг нэр дээрээ шилжүүлэн авах, газар эзэмшигч нас барснаас шалтгаалан цаашид уг газрыг хэн удирдан авч явах зэргийг шийдвэрлэх үйл явц энэ хугацаанд явагдсан учир хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж байна. Эзэмшигч нас барсан учраас гэр бүлд нь хүндэтгэн үзэх нөхцөл байдал үссэн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 зааснаар гэрээнд заасан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй юм.

Мөн ******* сумын ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл заасан сонсох ажиллагааг явуулаагүй нь эрх ашгаа хамгаалах эрхийг нь ноцтой зөрчиж байна. Газар эзэмшигч нь заавал өөрөө газраа ашиглах учиргүй, мөн өөрийн хамаатнаар дамжуулан газраа ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн кадастрт зааж өгсөн газар нь зөрж байгаа асуудал нь иргэн бидний буруу биш. Төрийн албан хаагчийн хариуцлагын асуудал. 2га газрыг Б, Б нараар дамжуулан ашиглаж байгаа гэдгийг ******* хэлж байна. 8га газрыг ашиглаагүй гэж байсан. Ашиглаагүйгээр газрыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй, хууль зөрчиж байна. Өөрөө хүртэл 2га газрыг ашиглаж байна гэж ярьсан.

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаартай захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ч.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тус сум нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Газар тариалан, алим жимс хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахын тулд тус сумд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдийн судалгааг гарган хянан үзэхэд иргэн Б.Б нь 2004 онд 10 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр сумын *******д хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн боловч уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй олон нийтийн сүлжээнд уг газрыг зарах зар тавьсан зэрэг зөрчлүүд илэрсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. ******* өөрийн бүрэн эрхийн хэмжээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтыг тус тус үндэслэсэн болно.

Би 2016 оноос хойш төрийн албанд ажиллаж байна. 2016 оноос сумын Хурлын дарга хийсэн. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш Засаг даргын үүргийг гүйцэтгэж байна. Б.Б нь 2004 онд 10га газар авсан гэрчилгээ байгаа нь үнэн. Сүүлийн хэдэн жил зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж ашиглаагүй. Ш.Б, Ш.Б гэх хоёр иргэн 2га газарт хадлан байгаа. Би энэ нутагт ажиллаж амьдарч байгаагийн хувьд сайн мэдэж байна. 2га газраас бусдыг нь зориулалтын дагуу ашиглаагүй. Газрын даамлыг дуудаж энэ газрыг ашиглаж байгаа эсэхийг асуухад ашиглаагүй гэж хэлсэн. 2га газарт нь Б, Б нар үр тариа тарьж ашигладаг гэж хэлсэн. 11 дүгээр сард ажилдаа ороход Б гэх хүнийг 10га газрыг асуудал яригдсан. Газрын даамлаас асуухад сүүлийн 3 жил ашиглаагүй гэсэн. Харин Б-ын газар дээр Б, Б нар 2 га газарт хадлан тарьсан. Би үнэндээ очиж хэмжилт хийгээгүй. Б гэх хүн энэ газарт хашаа барьж ногоо тариагүй. Иймд Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаартай захирамжийг хүчинтэй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Н.Агаас Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Ч.Дд холбогдуулан Сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

1. Нэхэмжлэгч Н.А-гийн нөхөр Б-ийн Б 2004 онд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 41 дүгээр захирамжаар ******* сумын Биж баг, Хөх хошууны аманд тариалангийн зориулалтаар 10 га газар эзэмших эрх авч, 00440564 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Газар эзэмшигч Б.Б 2018 онд нас баржээ.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д газар эзэмшигч нас барсан тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж болох талаар заасан боловч нэхэмжлэгч Н.А нь газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй байна.

******* сумын Биж багийн, Хөх хошууны аманд 2004 онд нэхэмжлэгч Н.Агийн нөхөр Б.Б-д 10 га, 2008 онд иргэн Д.Б-д 10 га газар тус тус тариалангийн зориулалтаар олгосон байна.

Ийнхүү олгохдоо Б.Б-тай 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, нэгж талбарын 060400160 гэсэн дугаараар газрын улсын бүртгэлд бүртгэжээ. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна., Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Газрын улсын бүртгэлийн мэдээллийн үндсэн нэгж нь эдлэн газар байна., 16.7-д Эдлэн газар болон нэгж талбар бүр дугаартай байна., 16.8-т газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн эдлэн газар бүр түүнийг бусад газраас заагласан ерөнхий хилтэй байх гэснийг зөрчөөгүй байна.

Хариуцагч ******* сумын ******* Б.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь бүх шатны Засаг даргын захирамж гаргах нийтлэг бүрэн эрхийг илэрхийлсэн заалт байна.

******* нь тухайн сумын нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох бусад хууль тогтоомжийг чанд баримтлах, тухайлбал, энэхүү тохиолдолд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэх үүрэгтэй.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ ... манай нөхөр өөрийн хамаатан дүү нарын хамт хашаа хатгаж, чацарганын мод тарьж байсан. 2 жил дараалан газрыг эзэмшиж, ашиглаагүй гэж байна. Ашиглаагүй өнжөөсөн зүйл байхгүй. Ш.Б, Ш.Бтэй хамтраад өөрсдийнхөө боломжийн хэрээр ашиглаж байсан. Ойролцоогоор 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. гэж тайлбарладаг. Гэвч газраа жил бүр ашиглаж байсан гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй.

Нэхэмжлэгч газар дээрээ тариалан эрхлээгүй, зориулалтын дагуу эзэмшээгүй гэх хариуцагчийн тайлбар, шүүхээс газар дээр нь хийсэн үзлэгээр нотлогдож байна. Б.Б-ын эзэмшлийн 10 га газар нь огт тариалалт эрхлээгүй байгалийн унаган төрхөөрөө байх бөгөөд мөн түүний хашаалсан гэх газар өөрийнх нь эзэмшлийн газраас өөр байршилд байгаа, хашаалсан газартаа чацарганын мод тариалсан гэх боловч ургаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Газрын даамал хэлж байна эргэлтийн цэгийг хүлээлгэн өгөөгүй гэж энэ нь төрийн албаны хариуцлагагүй байдлаас болж байна гэж харж байгаа. Төрийн албаны хариуцлагагүй байдал. Иргэдийнхээ төлөө ажил хийдэггүй хаана нь ямар газар байгааг мэдэхгүй. Хэний газар хаана байгааг нь тодорхой болгоогүй хэнэггүй. Тухайн үед кадастрын зургийг явган метрээр хэмжсэн гэж байна. Ийм байхад ажил нь яаж явагддаг байсан юм мэдэхгүй юм гэж маргадаг.

******* сумын газрын даамал С.Б: газрын байршлыг би хэмжиж өгөөгүй учир мэдэхгүй. Кадастрын зурагт одоогийн байгаа хэмжээгээр л орсон. Тухайн үед модон метрээр хэмждэг байсан, гэрч Д.Б: ...манай газар өргөн нь 200, урт нь 500 метр газар. Б.Б-ын газар манай газартай зэргэлдээ байдаг. Мөн адил өргөн нь 200, урт нь 500 метр. Бид 2 хамтран тариалан эрхлэхээр 2010 онд ярилцаж байсан. Би газрынхаа 120 метр газарт тор татсан. Торноосоо болоод эхэлж ингэж манай газартай зэрэгцүүлж хашсан. Тэднийх манай хажууд тор татсан боловч юм тариагүй.Тухайн үед ажиллаж байсан газрын даамал Н.У   /нас барсан/ газрыг алхаа метрээр хэмжиж өгсөн. Дараа нь би 2013 билүү 2014 онд газартаа кадастрын зураг хийлгүүлж авсан., гэрч Ш.Б: 20 га газрыг Д.Б-той хувааж авсан. Д.Б-ийн газрын урд заагийн 1 га газарт ногоо, хадлан авч байгаа гэсэн мэдүүлгүүдээс харахад газар эзэмшигч Б.Б /талийгч/ өөрийн газраасаа өөр байршилд тор татаж байгаагаа мэдэж байсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж заасныг зөрчсөн байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын байршил буруу байна, өөрийн газар дээрээ л хашаалсан байх гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Хариуцагч сумын ******* газрын байршлыг яг тодорхой мэдэхгүй нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог, гэвч үүнд хариуцагчийг шууд буруутгах нь зүйд нийцэхгүй юм. Учир нь бодит байдалд хариуцагч ******* сумын нутаг дэвсгэр дэх газар эзэмшигчдийн бүгдийнх нь газрын байршлыг мэддэг байх боломжгүй. Харин нэхэмжлэгч, тэр тусмаа газрыг нь ашиглаж тариалан эрхэлдэг гэх хүмүүс нь газрын байршлыг тодорхой мэдэхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмшиж, ашиглах, 52 дугаар зүйлийн 54.2-т Тариалангийн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээд хөрсийг хамгаалах, түүний үржил шимийг бууруулахгүй байх арга хэмжээ байнга авч, хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу тухайн газарт агрохимийн шинжилгээ хийлгүүлнэ., Б.Б-ай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т газрын зориулалт, хэмжээг дур мэдэн өөрчлөхгүй байх гэсэнтэй нийцэхгүй байна. Тухайн үед алхаа метрээр хэмжиж газар олгосныг буруутгах боломжгүй. Учир нь хэдийгээр кадастрын зургийг X, Y тэнхлэг бүхий координатын хавтгайд зураглаагүй ч газрын хил хязгаарыг хэмжин зааж өгсөн гэж дүгнэхээр байна.

Аливаа аж ахуйн үйл ажиллагааг зохих эрх, зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрх тул түүний хүсэл зоригоос үүдэлтэй. Иймээс газар эзэмшигч Б.Бадам өөр байршилд газрыг хашаалсан, өөрийн эзэмшил газраа зориулалтаар ашиглаагүй зэрэг байдалд дан ганц төрийн байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... ******* сумын Бижийн аманд оршин суух нутгийн уугуул иргэн аавын хамаатан болох Ш.Б, Ш.Б нартай хамтран хадлан тэжээл болон хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж үр шимийг нь өдийг хүртэл хүртсээр ирсэн. 2016 оноос аавын зүрх, уушги өвдөж, онош тодорхойгүйн улмаас 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зуурдаар нас барсан. 2016 онд бие нь өвдөхөөсөө өмнө тухайн газар дээр Д.Б гэх хүнтэй хамт хашаа хатгана гэж байнга ярьж байсан. Нарийн ширийн зүйлийг надад ярьж хэлж байгаагүй. Аав маань энэ газарт өөрийн хүч хөдөлмөрийг гаргаж зарцуулдаг байсан. гэж тайлбар гаргадаг. Хамтран ажиллаж байгаа Ш.Б 2015 онд чацарганы мод тариад ургаагүй, Б ахыг өнгөрснөөс хойш хадлан авч байгаа гэж мэдүүлдэг.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. бол эрх бүхий ******* газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан энэхүү заалтыг Монгол Улсын Дээд Шүүхээс дараах байдлаар тайлбарласан байдаг.

Монгол Улсын Дээд Шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. гэж заасан бөгөөд ийм нөхцөл байдал Б.Б-ын эзэмшил газарт үүсээгүй.

Мөн зүйл, хэсэгт зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэжээ.

Б.Б-ыг газар эзэмших эрхээ авах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Тариалангийн тухай хууль /2004 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан ургамал бүхий тариалангийн талбайг хамааруулна. 9.2.-т Дор дурдсан таримал ургамал бүхий талбайг тариалсан газарт хамааруулахгүй: 9.2.1. байгалийн хадлан, бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор нэг ба олон наст ургамлын үр цацах, услах, бордох зэргээр сайжруулж тордсон бэлчээр, хадлангийн талбай; гэж тус тус заасан байна. 2016 онд шинэчлэн батлагдсан Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна., 7.2-т Доор дурдсан таримал ургамал бүхий талбайг тариалсан газарт хамааруулахгүй: 7.2.1.үр цацах, услах, бордох зэргээр сайжруулж тордсон бэлчээр, хадлангийн талбай; гэж өмнөх хуулийн нэгэн адил тусгагдсан байна.

Иймээс Б.Б-ын зөвшөөрөлгүй хашсан талбайгаас Ш.Б, Ш.Б нар байгалийн хадлан авч байгаа гэх нөхцөл байдлыг газар эзэмшигч газраа зориулалтын дагуу эзэмшиж байсан гэж дүгнэх боломжгүй.

 

5. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэснийг зөрчиж нэхэмжлэгчээс тайлбар, санал аваагүй байна.

Гэвч тухайлсан харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. гэж заасан байна. Иймээс газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргахын өмнө сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч тухайн сумд оршин суудаггүй нь нотлогдож байгаа боловч Монгол Улсын иргэн өөрийн оршин суудаг газраас өөр газарт газар эзэмших эрхтэй. Газрын эзэмшигч болон эрх бүхий ******* нар газар эзэмших гэрээг дүгнэж байгаагүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ. гэж заасныг зөрчсөн байх боловч талууд энэ талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. 520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.А нь хууль ёсны өвлөгч мөн боловч өвлөх эрхийн гэрчилгээг аваагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Н.Агаас Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдуулан гаргасан ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ОЮУНСҮРЭН