Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 189

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаарЦ.Золзаяа,

улсын яллагч  С.Энхтуул,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам /¹0684/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулин тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавьчуул овогт Мөнхөөгийн Ганзоригт холбогдох 201625031464 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв

 

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Петро-Чайна” ХХК-нд туслах оператор ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй /иргэний үнэмлэхний хаяг Говь-Алтай аймаг, Тонхил сум, 5 дугаар баг, Алтайн-Оргил/, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Тавьчуул овогт Мөнхөөгийн Ганзориг /РД:ДИ85071410/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: М.Ганзориг нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын 1-231 тоотод байрлах “Дөрвөлжин бэл” эсгийний үйлдвэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Батмөнхтэй маргалдан улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

­­­­­­­­­Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ганзоригмэдүүлэхдээ:… 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр би Гандангийн хойд талын буудлаас такси бариад Ар Согоот руу явсан. Урьд нь амралтаараа Ар Согоотод очдог байсан. Намайг очиход Батмөнх, Даваахүү ах нар 0.5 граммын Ерөөл ширээн дээрээ тавиад сууцгааж байсан. Тэгээд бид нар Нэргүй ахынд ороод нөгөө архиа хувааж ууцгаасан. Дахиад бид нар архинд яваад бүгдээрээ голын захад очиж сууя гэж яваад голын зах дээр очиж суусан байсан. Хохирогч манай ажил чанга шүү гэсэн яриа болоод ирсэн чинь Батмөнх ах чи томрох болоогүй шүү, муу гөлчгий минь гэж хэлсэн. Тэгээд би та яагаад байгаа юм бэ гэхэд намайг чулуугаар цохиод авахаар нь та яаж байнаа гээд зууралдаад голын зах дээр очоод бид 2 унацгаасан. Батмөнх ах миний дээр гарсан байхаар нь би доороос нь босох гэж нилээд үзэж байгаад Батмөнх ахын суга руу нь баруун гараараа 2 удаа цохиход хүч нь сулрахаар нь босож ирсэн. Тухайн үед Даваа, Нэргүй ах нар хашаа налаад сууцгааж байсан. Тэгээд би шууд Нэргүй ахын гэр рүү явсан. Намайг Нэргүй ахынд унтаж байхад нөгөө 3 чинь миний араас ирээд яагаад чи хүн зоддог юм, гараад ир, алалцъя гээд байхаар нь хувцасаа өмсөөд гарахад Даваа ах та 2 юунаас болж муудалцаад байгаа юм бэ, дахиад архинд яваад ирээч гэхээр нь би шууд автобусанд суугаад явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батмөнх мэдүүлэхдээ:… 2016 оны 7 дугаар сарын 05-нд би шүүгдэгчид зодуулснаас болж надад гэмтэл учирсан. Тухайн үед Даваадорж бид 2 сууж байхад Ганзориг архи барьж орж ирсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад голын эрэг дээр очсон. Би уусан архиндаа согтох гээд байсан болохоор би жоохон унтлаа гэхэд шүүгдэгч би юм ярьж байна, чи босоод ирээд сууж бай гэж байсан. Тэгээд намайг цохиж, зодоод байсан. Нэг сэрэхэд миний чих усанд далд ортод нь дүрээд миний хоолойг боож байсан. Тэгээд би шүүгдэгчийн гарыг тавиулсан. Би тухайн үед шоконд ороод байсан юм уу, ухаан алдаад байсан юм уу сайн юмаа санахгүй байгаа. Одоо миний биеийн байдал муу байгаа. Хавирга байнга өвддөг. Дархад өвддөг, юм өргөхөд өвддөг, гараа дээшээ сунгах үед өвддөг. Шүүгдэгч миний хохирлыг бүрэн баргадуулаагүй. Шүүгдэгчээс 2.738.000 төгрөгийг авмаар байна гэв.

Хохирогч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын зусланд байдаг "Дөрвөлжин бэл" эсгийний үйлдвэрт засварчнаар ажилладаг юм. 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр би ажил дээрээ ажлынхаа газрын хүмүүстэй байж байтал манайд урьд нь ажиллаж байсан Ганзориг гэдэг залуу нэг шил том архи барьчихсан ажил дээр ирээд тэгээд манай ажлын Даваадорж, Нэргүй бид гурав Ганзоригтой хамт түүний авч ирсэн архийг нь хувааж уухаар голын эрэг дээр очоод тэр архийг нь хувааж уусан. Ганзоригийг манай ажил дээр архи авч ирэхээс өмнө би Даваадоржтой хамт нэг шил 0.33 литрийн хараа архи хувааж уусан гэхдээ бараг эрүүл байсан. Ингээд бид 4 нийлээд голын эрэг дээр очиж нөгөө шил архийг хувааж уусан би нилээд их согтоод ядраад байхаар нь нөгөө гуравтаа хэлээд би ядраад согтох гээд байна жаахан хэвтье гээд арагш хэвттэл Ганзориг нилээд согтчихсон би юм ярьж байхад чи босож суугаад сонсож бай гээд намайг гар болонмөрнөөс татаж босгоод байсан. Тэгээд би нэлэзд их согтуу байсан болохоор зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан гэнэт тас хийгээд Ганзориг миний нүд лүү өшиглөсөн. Тэгээд дараа нь хавирга цээж лүү нилээд их өшиглөөд би ухаан алдсан байсан. Нэг сэргэтэл Ганзориг намайг дээш харуулж хэвтүүлээд дээр гараад суучихсан хоолой боогоод тогтоол усанд толгой дүрсэн. Тэгээд би мөн хэсэг ухаан алдсан байсан. Ингээд мөн нэг ухаан ороход Даваадорж Ганзоригтой хэрэлдээд чи яахаараа хүн ингэж зоддог юм гээд зогсож байсан. Ингээд хэсэг зуур миний ухаан орж гараад байсан ба нэг ухаан ороход би ямар ч байсан манаач Нэргүйгийн гэрт орчихсон хэвтэж байсан. Тухайн үед миний цээж хавирга маш их өвчтэй, нүүр нилэнхүйдээ цус болчихсон байсан. Ингээд намайг манаач Нэргүйгийн гэрт цус нөжтэйгээ холилдоод ганцаараа хэвтэж байхад манай ажлын тогооч Уранбилэг орж ирж хараад утсаараа манай эхнэрийг дуудаад тэгээд удалгүй манай гэрийнхэн ирж 103 дуудсан. 103 ч мөн удалгүй ирж намайг эмч гэмтлийн эмнэлэг хүргэж өг гэсний дагуу манай гэрийхэн намайг гэмтлийн эмнэлэгт авч ирж хэвтүүлсэн. Би гэмтлийн эмнэлгийн хавсарсан гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Миний биед олон хавирганы хугарал болон тархины доргилт, нүүрэнд шарх үүссэн зэрэг гэмтэл учирсан..., ...намайг Нэргүй Даваадорж хоёр бол цохиж зодоогүй. Намайг Ганзориг ганцаараа зодсон, ...Ганзориг бид хоёр архи ууж байгаад хэрэлдэж маргалдсан ба хэрүүл маргааны улмаас л намайг зодсон. Зодохдоо бол нүүр лүү гараараа цохиод хавирга болон бөөр лүү олон удаа өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17х/

Гэрч Д. Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дөрвөлжин бэл" ХХК-д ноос самнах машин баригчаар ажилладаг юм. 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байгаад 12:00 цагийн алдад мөн хамт ажилладаг Батмөнхийн хамт нэг шил архи аваад үйлдвэрийнхээ манаачийн гадаа нөгөө шил архиа уух гээд задлаад сууж байтал урьд нь манай үйлдвэрт ажилладаг байсан Ганзориг гэдэг залуу гаднаас нэг шил 0,75 литрийн архитай мөн нэг савтай сүү барьчихсан орж ирсэн. Ингээд бид гурав нилээд ууж байсан архинаасаа Ганзоригт хийж өгөөд хамт ууцгаасан. Тэгтэл Ганзориг Нэргүй ахынд оръё гээд Батмөнх Ганзориг бид гурав Нэргүйгийн гэрт нь орсон. Нэргүй бол манай үйлдвэрт ажилладаг бөгөөд Ганзоригийн садангийн хүн нь байгаа юм. Ингээд Нэргүйгийн гэрт нь ороод бид дөрөв Ганзоригийн авчирсан архийг хувааж уусан. Архи дуусахаар нь Ганзориг бид хоёр Зунжин худалдааны төв лүү очоод дахин нэг шил 0,75литрийн архи авч ирээд бүгдээрээ горхины эрэг дээр очиж ууя гэж ярилцаад манай ажлаас холгүй байдаг горхины эрэг дээр очоод нөгөө архиа ууцгаасан. Тэгээд нэг мэдэхэд Ганзориг Батмөнх хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн ба би салгах гэхэд дийлдэхгүй байсан. Тухайн үед би нэлээд их согтуу байсан болохоор зарим зүйлийн талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан Батмөнх Ганзориг хоёр хоорондоо барилцаад ноцолдоод ус луу унаад байсан. Тэгээд би нэг хэсэг зуур айлын хашаа налаад унтчихсан байсан ба нэг сэргэхэд Нэргүй мөн миний хажууд-айлын хашаа налчихсан сууж байсан. Тэгээд би сэрээд өөрийн утсаараа хүүхэд лүүгээ залгаад аавыгаа ажил дээр аваадах гэж хэлчихээд Нэргүйг босгох гэж байтал манай хүү ирсэн. Тэгээд босоод хартал бид хоёроос баруун тийш 50 орчим метр зайд Батмөнх сууж байхаар нь Нэргүй болон манай хүү бид 3 очтол Батмөнх малгайныхаа саравчийг доош нь дараад нүүрээ хаачихсан газар завилаад сууж байхаар нь хөөе Батмөнхөө гээд гараас нь татаад малгайг нь дээшлүүлээд хартал Батмөнхийн зүүн талын шанаа нь язраад цус гараад хатчихсан нүүр ам нь хэсэг хэсэг газраа шалбараад улайж хүрэнтчихсэн байсан..., сугадаад өндийлгөх гэхэд Батмөнх хавирга өвдөөд байна гээд босож чадахгүй байсан..., ...Батмөнхийг Ганзориг л зодсон. Угаасаа тэр хоёр согтоод бие биенийхээ үгийг даахгүй маргалдаад байсан. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Гэхдээ би их согтуу байсан болохоор яг яаж зодож цохисоныг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20х/

Гэрч У.Нэргүйн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дөрвөлжин бэл" ХХК-д манаачаар ажилладаг бөгөөд байгууллагынхаа хашаанд амьдардаг юм. Харин Ганзориг бол манай эсгийний үйлдэрт ажиллаж байгаад ажлаасаа гарсан. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байж байтал манай гэрт гаднаас Даваадорж, Батмөнх, Ганзориг гурав нэг шил архи барьчихсан орж ирээд бид нөгөө архийг нь хувааж уусан. Ингээд архи дуусахад Даваадорж Ганзориг хоёр дахин архинд явж мөн нэг шил 0,75литрийн архи авч ирээд тэр архийг нь голын эрэг дээр очиж ууцгаасан. Ингээд горхины эрэг дээр архи уугаад сууж байхад Батмөнх Ганзориг хоёр юунаас ч болсон юм согтуудаа бие биенийхээ үгийг даалгүй маргалдаад зодолдсон. Тэр хоёр бол усан дотор унаад дээр доороо ороод ноцолдоод байсан. Даваадорж бид хоёр салгах гээд их согтуу байсан болохоор хүч хүрэхгүй байсан. Би Ганзориг Батмөнхийг яаж зодож цохихыг нарийн сайн хараагүй Ямар ч байсан Батмөнхийг Ганзориг зодсон. Сүүлд нь Батмөнхийг харахад нүүр ам нь нил цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23х/

Гэрч М.Уртнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд орой болоод ажил тарчихаад гэртээ оролгүй шууд Долоон буудал руу хүнс цуглуулах гээд яваад Долоон буудал дээр дэлгүүрээр явж байтал манай тогооч Урнаа над луу залгаад та гялс хүрээд ир энд зодоон болсон юм шиг байна гэхээр нь би Долоон буудлаас шууд яваад гэртээ очтол манай гэрт Батмөнх ганцаараа ор тэврээд урагшаа сөхрөөд сууж байсан ба харахад хацар нь шалбараад цус болчихсон хувцас нь нил цус болоод норчихсон байсан. Намайг яасан бэ? Батмөнхөө гэж асуухад Батмөнх цээжээр өвдөөд байна гэж хариулж байсан. Тэгээд удалгүй Батмөнхийн эхнэр аав нар нь ирээд түргэн дуудаад эмнэлэг ирж үзээд ар гэрийнхэн нь аваад явсан. Ийм л асуудал болсон юм. Тэр үед бол Батмөнх надад Ганзориг намайг ингээд зодчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26х/

Яллагдагч М.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би урьд нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эсгийний үйлдвэрт ажиллаж байгаад 2014 оны 3 дугаар сард ажлаасаа гарсан. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Гандангаас такси бариад хуучин хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзах санаатай эсгийний үйлдвэрт очсон юм. Тухайн үед би очихдоо шил пиво уусан байсан ба 0,75литрийн Соёрхол архи авч очсон юм. Тэгээд үйлдвэр дээр хуучин надтай хамт ажиллаж байсан Батмөнх ах Даваа ах хоёр нэг шил Ерөөл архи тавьчихсан хуваагаад уугаад сууж байхаар нь мэндлээд нөгөө архинаасаа хийгээд өгөхөөр нь уусан. Ингээд миний авч очсон архийг уухаар Нэргүй ахын гэрт ороод Нэргүй ах Батмөнх ах Даваа ах бид дөрөв миний авч очисон архийг ууж дуусгаад дахин нэг шил архи уухаар болоод би Нэргүй ахтай хамт Зунжин худалдааны төв лүү очиж нэг шил 0,75 литрийн Соёрхол архи нэг ундаатай аваад буцаж ирээд нөгөө архиа горхины эрэгт очиж уухаар болоод бид дөрөв горхины эрэг очиж суугаад авсан архиа задлаад хувааж уусан. Тэгээд бид нар ойр зуурын юм ярилцаад сууж байтал Батмөнх ах жаахан согтчихоод намайг гөлчгий минь томрох болоогүй гээд надруу агсраад эхлэхээр нь би та одоо яагаад байгаа юм бэ гэхэд Батмөнх ах газраас чулуу аваад миний зүүн талын дал руу чулуугаа барьж байгаад нэг удаа цохисон. Тэгээд би босоод Батмөнх ахтай барилцаж аваад зууралдаж байгаад бид хоёр давхралдаж унаад өнхрөөд горхи луу уначихсан. Тэгэхэд бол би доор нь ороод уначихсан ба Батмөнх ах намайг дээрээс заамдаж аваад дараад босгохгүй байсан. Тэгэхээр нь би босох гээд Батмөнх ахын доороос нь баруун гараараа хавирга руу нь 2 удаа цохисон. Ингээд би Батмөнх ахыг хажуу тийш нь түлхээд өөрөө босож ирээд Батмөнх ахыг дөрвөн хөлөлчихсөн байхаар нь гэдэс лүү нь нэг удаа өшиглөчихөөд нөгөө гуравыг орхиод шууд алхаад Нэргүй ахын гэрт нь ороод орон дээр нь хэвтээд өгсөн. Тэгтэл Даваа, Нэргүй, Батмөнх гурав араас ирээд Даваа өөрийнхөө хүүтэй нийлчихээд намайг босоод ир алалцая гээд байсан. Тэгээд би Нэргүй ахын гэрээс гарахад Даваа ах намайг дахиад архи аваад ир гэхээр нь би тэгье гэж хэлээд дэлгүүр лүү алхаж байгаад тэр чигтээ автобусны буудлаас автобусанд суугаад гэртээ харьчихсан. Ийм л асуудал болсон юм. Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан.... Батмөнх ах өөрөө надад агсан тавьж байгаад намайг чулуугаар цохихоор нь уур хүрээд зодчихсон юм. Батмөнх ах бид хоёр урьд нь хэрэлдэж муудалцаж байгаагүй. Бид хоёрын хооронд зүгээр л энгийн харилцаа байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №9492 дугаартай шинжээчийн дүгнэлтэдБатмөнхийн биед зүүн талын 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруунзүүн уушгины эдийн няцрал, зүүн талын цээжний хөндийд бага хэмжээний шингэнхуралдалт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шарх, цээж, баруунөвдөг, зүүн тохойн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 32х/

Гэрч А.Бат-Амгалан /хх-ийн 27х/, Б.Ганбат /хх-ийн 30х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, болон шинээр 300.000 төгрөгийн хохирол төлсөн баримт, ял шалгуулах хуудас /хх-ийн 48х/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ар Согоот”-ын 1-231 тоотын орчим урьд ажиллаж байсан "Дөрвөлжин бэл" эсгийний үйлдвэрийн ажилтанууд болох Б.Батмөнх, Д.Даваадорж, У.Нэргүй нартай архидан согтуурч байх явцдаа хохирогч Б.Батмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан,  улмаар түүнийг зодож бие махбодид нь зүүн талын 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун зүүн уушгины эдийн няцрал, зүүн талын цээжний хөндийд бага хэмжээний шингэн хуралдалт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шарх, цээж, баруун өвдөг, зүүн тохойн цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46х/, хохирогч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-18х/, гэрч Д.Даваадорж /хх-ийн 18-19х/, У.Нэргүй /хх-ийн 21-22х/, М.Уртнасан /хх-ийн 24-25х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9492 дугаартай Б.Батмөнхийн биед үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 32х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд М.Ганзоригт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Б.Батмөнх нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд нийт 2.738.687 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 8-12, 54-56х/ Үүнээс шүүгдэгч М.Ганзориг нь нийт 1.800.000 төгрөг төлж барагдуулсан /хх-ийн 76-77х/ байх ба одоо үлдэх 938.687 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.Ганзоригт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нйигмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролоо сайн дураараа төлж барагдуулж буй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулав.         

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 302 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тавьчуул овогт Мөнхөөгийн Ганзоригийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар М.Ганзоригт 350 /гурван зуун тавь/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар М.Ганзоригийг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольсугай.

 

4.М.Ганзориг цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Батмөнхөд нийт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг төлсөн, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганзоригоос хохиролд нийт 938.687 /есөн зуун гучин найман мянга зургаан зуун наян долоон/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батмөнхөд /РД:ХД73082811/-д олгосугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдаж гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ