Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00373

 

2021           04            13                                          001/ХТ2021/00373

 

 

 

“................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01765 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1845 дугаар магадлалтай,

 

“................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“................” ХХК-д холбогдох

 

102,686,363 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 113,457,040.5 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “................” ХХК нь “................” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 226 914 081 төгрөгийн гэрээний үнэ бүхий Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хавсралтуудаар тохирсон барилгын дотор заслын ажлыг талуудын баталсан төлөвлөгөөний дагуу зургийн чанар, стандартын шаардлагад нийцүүлсэн байдлаар хийж гүйцэтгэх, ажлын үр дүнг хүлээлгэн өгч, тохирсон ажлын хөлсийг авахаар харилцан тохиролцсон болно. Захиалагч “................” ХХК нь гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр 40 хувь буюу 90 765 632 төгрөгийг шилжүүлснээр бидний зүгээс дотор заслын ажлыг эхлүүлсэн бөгөөд манай компани гэрээний хавсралтуудад заасан ажил болон нэмэлт ажлуудыг графикийн дагуу цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэн, бүрэн хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу дотор заслын ажлыг гүйцэтгэх үед талууд гэрээний 1.3.4-т Гэрээний 1.1-д буюу Хавсралт 1-д зааснаас гадна нэмэлт ажил гүйцэтгэх шаардлага гарвал талууд нэмэлт ажлын төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож, гэрээнд хавсралтаар нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасны дагуу засварын явцад нэмэлт ажлууд хийгдэхээр болж, нийт 40 484 402 (нэмэлт ажлын төлбөр 25 681 221 төгрөг, эмнэлгийн дотоод засварын ажлын төлбөр 12 699 101 төгрөг, агуулахын засварын ажлын төлбөр 2 104 080 төгрөг) төгрөгөөр гүйцэтгэлийг харилцан тохиролцож, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан бөгөөд эдгээр барилгын засварын ажлуудыг хийж гүйцэтгэн, үр дүнг “................” ХХК-д хүлээлгэн өгсөн билээ. Ингээд талууд дундын тооцоог нийлэхэд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар “................” ХХК нь манай компанид 66 974 243 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх үүрэгтэй болохыг баталгаажуулж, талуудын төлөөлөл гарын үсэг зурж, санхүүгийн тамга тэмдгээ дарсан. Гэвч хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул гэрээний 3.5-д Захиалагч гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу төлбөл зохих алданги нь 33 487 120 төгрөг болсон юм. Үүнээс хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5 500 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн тул ажлын хөлсний үндсэн төлбөрийн үлдэгдэл 41 474 243 төгрөг, алданги 33 487 120 төгрөг, нийт 74 961 363 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэлгүй өнөөдрийг хүрлээ. Түүнчлэн, “................” ХХК нь барилгын засварын ажлын хүрээнд нэмэлт ажлуудыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу Хүүхдийн 100 төвд 70 610 810 төгрөгийн, Шангри-ла салбарт 11 653 989 төгрөгийн засварын ажил хийлгэх захиалга өгсөн ба уг барилга засварын ажлыг манай компани бүрэн хийж хүлээлгэн өгсөн тул эдгээр ажлуудын үлдэгдэл төлбөр тооцоог талууд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийлж, акт үйлдэхэд 27 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл төлөх үүргийг хүлээсэн билээ. Талуудын байгуулсан гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох дээрх 27 000 000 төгрөгийн алдангийг тооцоо нийлсэн өдрөөс хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг төлсөн өдөр хүртэл хоног тутам 0.5 хувийн алдангийг 75 хоногоор тооцоход 10 125 000 төгрөг болж байна. Дээрх нэмэлт барилгын засварын ажлын үлдэгдэл 27 000 000 төгрөгийн үндсэн төлбөрөөс 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 400 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн тул 17 600 000 төгрөгийн үндсэн ажлын үлдэгдэл төлбөр, алданги 10 125 000 төгрөг, нийт 27 725 000 төгрөгийг “................” ХХК нь төлөөгүй байна. “................” ХХК нь урьдчилгаа төлбөр төлснөөс хойш гэрээний санхүүжилтийг графикийн дагуу төлбөрөө тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүйн улмаас бид ажилчдын цалин хөлсийг өөрсдөө санхүүжүүлэх, барилгын материал зээлээр авсан төлбөрийн алдангийг төлөх зэргээр санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон тул хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөө “................” ХХК-аас удаа дараа амаар болон бичгээр шаардаж ирсэн боловч өнөөдрийг хүртэл элдэв шалтаг тоочсоор үлдэгдэл төлбөрийг төлөхгүй манай компанийг хохироосоор ирлээ. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх заалт, 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалт, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтуудыг баримтлан, “................” ХХК болон “................” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан барилгын дотор заслын Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, “................” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 41 474 243 төгрөг, алданги 33 487 120 төгрөг, гэрээний нэмэлт ажлуудын үлдэгдэл төлбөр 17 600 000 төгрөг, алданги 10 250 000 төгрөг нийт 102 686 363 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “................” ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Манай “................” ХХК, түүний холбоотой компани болох ................ Килиник эмнэлэг нь нэхэмжлэгч “................” ХХК-аар 4 тусдаа барилгын заслын ажил гүйцэтгүүлсэн байдаг. Эдгээр дөрвөн ажлаас зөвхөн нэг барилгын ажил буюу 226 914 081 төгрөгийн гэрээний үнэ бүхий барилгын ажлыг хийхэд бичгээр гэрээ байгуулсан байдаг бөгөөд бусад барилгын ажил дээр зөвхөн амаар тохиролцож ажил гүйцэтгүүлсэн байдаг болно. Гэтэл нэхэмжлэгч нь бичгээр гэрээ байгуулаагүй ажилд алданги тооцсон, ................ клиник эмнэлгийн барилгын ажлын хөлсийг “................” ХХК-аас нэхэмжилсэн байна. 1-р ажил буюу 226 914 081 төгрөгийн үнэ бүхий, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн бичгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр манай “................” ХХК-д төмөр карказан хана, тааз, шал хана, шал, үсчний зогсоол тек хийж гүйцэтгэхээр тохирсон. 226 914 081 төгрөгийн үнэ бүхий төсвийг “................” ХХК болон “................” ХХК нь хамтран зөвшилцөж, нийт гэрээний дүнг 221 721 725 төгрөг болгож багасгасан. Энэ гэрээний ажлыг хүлээлгэн өгөх эцсийн хугацаа нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байсан болно. Гэвч гүйцэтгэгч “................” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор гүйцэтгэх хугацаагаа 10 сар буюу 300 хоногоор хэтрүүлж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр акт үйлдэж манай компанид хүргүүлсэн байдаг. Энэхүү ажлын төлбөрт манай компани 2018 оны 3 дугаар сарын 07-ны байдлаар нийт 194 465 632 төгрөгийг мөнгөөр, 766 252 төгрөгийг бартераар төлсөн. Дээрх төлөлтийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актад баталгаажуулсан. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 07-ны байдлаар 221 721 725 төгрөгийн үнэ бүхий гэрээний ажлын үлдэгдэл төлбөрт 26 489 841 төгрөг үлдсэн юм. Энэхүү төлбөрийг 2-р ажлын төлбөр буюу 40 484 402 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн ажлын төлбөртэй нэгтгэн бодож, тооцоо нийлсэн акт хийж нийт дүнг 66 974 243 төгрөг гэж 2018 оны 3 дугаар сарын 07-ны байдлаар 1 болон 2-р ажлын тооцоог гаргасан байдаг. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 221 721 725 төгрөгийн үнэ бүхий гэрээний ажлын үлдэгдэл төлбөрт 26 489 841 төгрөг үлдсэнээс тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5 сая төгрөг (дансаар 1 сая төгрөг, бэлнээр 4 сая төгрөг), 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 5 сая төгрөг (бэлнээр), 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг (дансаар), 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 сая төгрөг (дансаар), 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5 сая төгрөг (дансаар), 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5 сая төгрөг (бэлэн), 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг (дансаар) (жич: энэхүү 1 сая төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ орхигдуулсан байгаа болно) тус тус төлсөн. Нийт тооцоо нийлсний дараа 26 500 000 төгрөг төлсөн байна. Ингээд 221 721 725 төгрөгийн үнэ бүхий гэрээний ажлын төлбөрийг тооцоо нийлэх акт үйлдэх үед 195 231 884 төгрөг, тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа 26 500 000 төгрөг, нийт 221 731 884 төгрөг төлсөн байна. Одоо 1-р ажил буюу бичгээр гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн ажлын төлбөрт манай компани ямар нэг тооцоогүй, бүрэн төлсөн. Гэвч энэхүү ажлыг гүйцэтгэгч “................” ХХК нь Шангри-Ла төв болон манай байгууллагад хүлээлгэж өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй. 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “................” ХХК нь тус ажлыг хийж дуусгалаа хэмээн Гүйцэтгэлийн акт авчирч өгөхөд нь манай байгууллага Шангри-Ла төвийн инженерийн хамтаар хүлээн авах талаар хэлсэн ба түүнээс хойш “................” ХХК нь өнөөдрийг хүртэл тус ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байна. 2-р ажил буюу 40 484 402 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн гэрээт ажил буюу агуулахын засварын ажил 2 104 080 төгрөг, бусад ажил 25 681 221 төгрөг, мөн ................ клиник эмнэлэгт засварын ажил 12 699 101 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. ................ кпиник эмнэлэг нь “................” ХХК-аас тусдаа хуулийн этгээд юм. Энэхүү ажлын төлбөрийг дараах байдлаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2 862 000 төгрөг (бартераар буюу бэлгийн картаар), 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 400 000 төгрөг (дансаар), 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3 500 000 төгрөг (дансаар), 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3 500 000 төгрөг (дансаар), 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 800 000 төгрөг (дансаар) нийт 22 062 000 төгрөг төлсөн байна. 2-р ажил буюу 40 484 402 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн ажлын үлдэгдэл төлбөрт 18 422 402 төгрөг үлдсэн байна. Энэхүү ажлыг гүйцэтгүүлэхэд бичгээр гэрээ байгуулаагүй тул алданги тооцогдохгүй. Энэхүү 2 дугаар ажлын төлбөр буюу 40 484 402 төгрөгийн ажлаас 22 062 000 төгрөг төлж, одоо 18 422 402 төгрөг үлдсэнээс 12 699 101 төгрөгийг ................ клиник эмнэлэг, үлдэгдэл 5 723 301 төгрөгийг “................” ХХК төлөх ёстой юм. 3-р ажил буюу 11 653 989 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн гэрээт ажлаар 2018 оны 11 дүгээр сард манай байгууллагын нойлын өрөө, коридор, хувцас солих өрөөг засварлах ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон. 4-р ажил буюу 70 610 810 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн гэрээт ажлаар 2019 оны 1 дүгээр сард Хүүхдийн 100 дахь манай салбарт барилгын засварын ажил гүйцэтгүүлэхээр тохирсон. Нийт төлөх ёстой төлбөр нь 11 653 989+70 610 810=82 264 799 төгрөг болно. Энэхүү 3, 4-р ажлын төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг (дансаар), 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 500 000 төгрөг (дансаар), 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 500 000 төгрөг (дансаар), 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1 196 585 төгрөг (дансаар), 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 697 085 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 697 085 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 13- ны өдөр 3 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 300 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 400 000 төгрөг (бэлэн), 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг (бэлэн), 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 950 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2 100 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3 350 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1 600 000 төгрөг (дансаар), 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг (дансаар), нийт 3 болон 4-р ажилд 54 290 755 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 27 974 044 төгрөг болсон. Үүнээс “................” ХХК-тай харилцан тохиролцож 974 044 төгрөгийн хөнгөлөлт эдэлж 3 ба 4 дүгээр ажлын тооцоог нийт дүнгээр нь 27 000 000 төгрөг гэж үзсэн болно. Үүнийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байдаг. Энэхүү ажлыг гүйцэтгүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн тул алданги төлөх үндэслэлгүй юм. Нийт тооцооны дүнг гаргавал 1-р ажил буюу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн гэрээт ажлын төлбөрт 221 721 725 төгрөг төлөхөөс221 731 884 төгрөг төлсөн. Одоо 1-р ажилд тооцоогүй ба манай байгууллага 10 159 төгрөг илүү төлсөн. 2-р ажил буюу 40 484 402 төгрөгийн үнэ бүхий бичгээр гэрээ байгуулаагүй гүйцэтгүүлсэн ажлын төлбөрт 22 062 000 төгрөг төлсөн. Одоо 18 422 402 төгрөг үлдсэн. Үүнээс 12 699 101 төгрөгийг ................ клиник эмнэлэг хариуцах ёстой ба үлдэгдэл 5 723 301 төгрөгийг “................” ХХК төлөх ёстой. 3-р ажил болон 4-р ажлын төлбөрт нийт 82 264 799 төгрөг төлөхөөс нийт 54 290 755 төгрөг төлсөн. Үлдэгдэл 27 974 044 төгрөг. Үүнээс 974 044 төгрөгт хөнгөлөлт эдэлж 27 000 000 төгрөг төлөхөөр тохирсон. Нийт 1,2,3, 4-р ажилд нийт 32 723 301 төгрөг төлөхөөр тооцоо байна. Нэхэмжлэгч нь бичгээр гэрээ байгуулаагүй ажилд алданги тооцсоноос үүдэн талуудын гаргасан тооцоо зөрж байгаа юм. Нэхэмжлэгч “................” ХХК нь 2,3,4-р ажлыг гүйцэтгүүлэхэд бичгээр гэрээ байгуулаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.3.4, 4.5 дахь хэсэгт зааснаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд бичгээр харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулах ба талуудын эрх бүхий этгээд гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурахаар заасан. Гэтэл бичгээр тохиролцоогүй, амаар тохирсон ажилд “................” ХХК нь алданги тооцсон нь үндэслэлгүй. Мөн түүнчлэн, “................” ХХК нь манай компани дээр нэхэмжлэл авчирч байгаагүй атлаа алданги нэхэмжилсэн байна. Манай компанийн төлсөн төлбөрийг дандаа алдангиас хассан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт хэд хэдэн үүргийг гүйцэтгэх тохиолдолд илүү хүнд нөхцөлтэй үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэхээр заасан байдаг ба үүний дагуу бидний төлсөн төлбөрүүдийг алданги төлөх тохироотой гэрээний төлбөрт тэргүүн ээлжинд суутгуулах хүсэлтэй байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “................” ХХК нь “................” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар “................” ХХК нь 226 914 081 төгрөгийг “................” ХХК-д төлөх, “................” ХХК нь манай Шангрилла молл төвд барилгын засварын ажил хийхээр тохирсон байдаг. Ажил гүйцэтгэх хугацааг “................” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор хийж дуусгахаар тохирсон. Ингээд “................” ХХК нь гэрээний 1.3.1-д заасны дагуу урьдчилгаа 90 765 632 төгрөгийг гүйцэтгэгч “................” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч “................” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор гүйцэтгэх хугацаагаа бүхэл бүтэн 10 сар гаран буюу 307 хоногоор хугацаа хэтрүүлж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр акт үйлдэж манай компанид хүргүүлсэн байдаг. Гүйцэтгэгч “................” ХХК нь ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас манай байгууллага тус барилгад үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй болж, олох ёстой байсан орлогоо алдсан. Ажилтнууддаа сул цалин өгч, их хэмжээгээр хохирсон билээ. Тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаандаа төслийн ажлыг гүйцэтгэж, ажлыг хүлээлгэн өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг захиалагч “................” ХХК-д төлөхөөр тохирсон. Иймд “................” ХХК нь гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрхтэй байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 226 914 081 төгрөгийн ажлаас 0,5 хувиар алдангийг тооцоолбол өдрийн 1 134 570.4 төгрөг болно. Хугацаа хэтрүүлсэн 307 хоногийн алдангийг тооцоолбол 307 х 1 134 570.4 = 348 313 114.3 төгрөг болох ба үүнийг хуулийн шаардлагад нийцүүлэн хасвал 113 457 040.5 төгрөг болж байна. Иймд “................” ХХК-аас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 07-ны хооронд тооцогдсон 113 457 040.5 төгрөгийн алдангийг гаргуулж, “................” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “................” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “................” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг аргаж байна. “................” ХХК нь “................” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “................” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр ороо, Шангрила төвд түрээслэж буй 1000 м.кв гаруй талбай бүхий Грийс Спа салоны интерьер буюу дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон билээ. Тус гэрээний хавсралт №3-аар талууд ажлыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээлцэхээр харилцан тохиролцож, “................” ХХК нь графикийн дагуу заслын ажлыг хийж эхлүүлж байтал захиалагч “................” ХХК болон туслан гүйцэтгэгч “Нойкрафт” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажлыг тохирсон хугацаанд дуусгах боломжгүй болсон, Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасанчлан дараах шалтгаануудын улмаас “................” ХХК хугацаа хэтрүүлсэн хариуцлага хүлээхгүй юм. Үүнд, “................” ХХК-ийн зүгээс заслын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу явуулж байтал “................” ХХК-ийн хүсэлтээр Шангрила Спа салоны тааз заслын ажил, мөн эмнэлэг, агуулахын өрөөний заслын ажил зэрэг нийт 40 484 402 төгрөгийн үнэлгээтэй нэмэлт ажил хийж гүйцэтгэх шаардлагатай болсонтой холбоотойгоор гэрээгээр тогтоосон хугацаанд ажлыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Эдгээр нэмэлт ажлуудыг “................” ХХК нь бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн болох нь талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн актаар нотлогдоно. “................” ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Шангрила спа салоны ханыг бүрэх 470 метр даавуу (ханын обой), Армстронг ХХК-ийн шалны РVС хавтанг өөрсдөө нийлүүлэх ёстой байсан боловч эдгээр материалуудыг цаг тухайд нь, бүрэн хэмжээнд нийлүүлээгүй, хугацаа алдсан болно. Тухайлбал, “................” ХХК- ийн зүгээс “................” ХХК-д засал хийгдэж буй талбайн ханыг нийт 470 метр даавуугаар бүрэх шаардлагатай талаар хэлсээр байтал “................” ХХК нь тус материалыг гадаад руу захиж авчруулахдаа андууран 47 метрийг захиж авчруулсан тул хана бүрэх ажлыг графикийн дагуу хийж гүйцэтгэхгүй ямар ч боломжгүй болж, эцэстээ тус материалыг Монгол улсаас авч хийх шаардлага гарсан юм. Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт: Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байх тул “................” ХХК хариуцлага хүлээхгүй юм. Мөн “................” ХХК-ийн түрээслэж буй Шангрила Спа төвийн талбайд халаалт, хөргөлт, агаар сэлгэлт, галын хошуу, цэвэр бохир ус цахилгаан хангамж, зарлан мэдээлэх системийн угсралтын ажлыг “Нойкрафт” ХХК хийж гүйцэтгэж байсан бөгөөд тус компани ажлаа цаг хугацаандаа хийж гүйцэтгээгүйн улмаас “................” ХХК-ийн хийж гүйцэтгэх заслын ажил хийгдэхгүй хүлээгдэж хугацаа алдсан. “Нойкрафт” ХХК-ийн Шангрила Спа төвд хийж гүйцэтгэгдэж буй агаар сэлгэлт, сантехник, галын аюулгүй байдлын системүүд, холбоо дохиолол, цахилгааны ажлууд нь бүгд барилгын дотор хана, тааз, шаланд хийх далд ажлууд тул эдгээр ажлуудыг “Нойкрафт” ХХК бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөөгүй байхад “................” ХХК интерьер буюу дотор заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх ямар ч боломжгүй юм. Тухайлбал “Нойкрафт” ХХК-ийн Шангрила төвд хүлээлгэн өгсөн Гүйцэтгэлийн бичиг баримтуудаас үзвэл “Нойкрафт” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт-аар Шангрила төвийн 2 дугаар давхрын ариун цэврийн өрөөнүүд болон хувцас солих өрөөний агааржуулалтын салхивчийн системийг хийж байсан, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт-аар мөн 2 дугаар давхрын үйлчилгээний танхимын агааржуулалтын системийг хийж байсан, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Дотор халаалт, хөргөлтийн системийг угсарсан сорилтоор шалгасан акт-аар Шангрила Спа төвийн халаалт, хөргөлтийн системийг хийж байсан, мөн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Шангри-Ла төвийн түрээслэгч ГРИЙС СПА-д хийсэн дотоод заслын үзлэгийн тайлан-гаар “Нойфкрафт” ХХК нь дотоод заслын ажлыг бүрэн хийж дуусгаагүй, зарим ажлуудыг нэмж хийж гүйцэтгэх шаардлагатай байсан нь тогтоогдоно. “................” ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын санхүүжилтийг графикийн дагуу тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүйн улмаас “................” ХХК нь ажилчдын цалин хөлсийг хоцроох, заслын ажлыг хийх шаардлагатай барилгын материалыг барилгын материалыг авч ажил гүйцэтгэх боломжгүй болох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байсан бөгөөд улмаар материалыг зээлээр авах зэрэг асуудлууд үүсэж байсан. Тухайлбал талуудын хооронд хооронд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.3.1-д заасан урьдчилгаа төлбөрийг “................” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн бөгөөд “................” ХХК нь тус мөнгөөр заслын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах бараа материалын худалдан авалтад зарцуулагдсан юм. “................” ХХК нь мөнгөн төлбөрийн үүргээ удаа дараа зөрчиж байсан, мөн өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан анхан шатны санхүүгийн баримтууд, тооцоо нийлсэн акт болон “................” ХХК-ийн шүүхэд гаргасан тооцооллуудаар тогтоогдоно. Түүнчлэн, “................” ХХК-аас шүүхэд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон Гүйцэтгэл ажлын бичиг баримт-ын тухайд, тус баримт нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн заслын ажлыг хүлээлцэх акт биш бөгөөд “................” ХХК-д талбай түрээслүүлэгч Шангрила төвд “................” ХХК-ийн зүгээс хийж гүйцэтгэсэн интерьер заслын ажлуудаа тайлагнаснаа нөхөж бичиж өгсөн баримт билээ. Мөн тус актын 7-д Ажил эхэлсэн дууссан хугацаа-г 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн талаар дурдсан болно. Иймд “................” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ "...“................” ХХК нь 307 хоногоор хугацаа хэтрүүлж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр акт үйлдэж манай компанид хүргүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байх тул “................” ХХК нь тус “................” ХХК-ийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 07-ны хооронд огт ажил гүйцэтгээгүй мэтээр 113 457 040 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа нь хуульд нийцээгүй байна. Иймээс “................” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01765 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “................” ХХК-аас 75 879 322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “................” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 26 807 041 төгрөгийн шаардлага, хариуцагч “................” ХХК-ийн нэхэмжлэгч “................” ХХК-д холбогдуулан гаргасан 113 457 040.5 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 671 382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “................” ХХК-аас 537 346 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “................” ХХК-д олгож, хариуцагч “................” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 725 236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1845 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725 236 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсгийг буюу 27,564,920 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас хальж, нэхэмжлэлд заагаагүй хугацааны алданги гаргуулсан. Тухайлбал нэхэмжлэгч нь 2017.12.22-ны өдрөөс алданги тооцож нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх 2017.03.07-ны өдрөөс алданги тооцсон нь үндэслэлгүй тухайд: Анхан шатны шүүх 2016 оны 3 сарын 28-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчаас 27,564,920 төгрөгийн алданги гаргуулах тухай дүгнэлт хийхдээ 2017.03.07-ны өдрөөс буюу ажил хүлээлгэн өгсөн хугацаанаас эхлэн алданги тооцсон байдаг. /анхан шатны шүүхийн шийдвэрийн 10-р хуудас/ Гэтэл нэхэмжлэгч ................ ХХК нь нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 3 сарын 28-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний алдангийг 2017.12.22-ны өдрөөс эхлэн тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх алданги гаргуулахдаа нэхэмжлэгч ................ ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас хальж, нэхэмжлэлд заагаагүй хугацааны алдангийг тооцон гаргуулж, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Давж заалдах шатны шүүхэд энэ талаар гомдол гаргасан боловч огт дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч нь 2017.03.07-ны өдрөөс 2017.12.22-ны өдрийг хүртэл хугацааны алданги нэхээгүй байхад шүүх энэ хугацааны алданги гаргуулсан нь үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацааны алдангийг 2017.03.07-ны өдрөөс биш 2017.12.22-ны өдрөөс тооцсон бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 26,800,000 төгрөгөөр багасч, алдангийн хэмжээ төдий чинээ багасах байсан. Тухайлбал: Хариуцагч ................ ХХК нь 2017.03.07-ны өдрөөс 2017.12.22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 26,800,000 төгрөг төлсөн байдаг. Үүнд: 2017.06.07-нд 5,000,000 төгрөг, 2017.07.06-нд 5,000,000 төгрөг, 2017.09.25-нд 5,000,000 төгрөг, 2017.10.19-нд 5,000,000 төгрөг, 2017.10.20-нд 2,700,000 төгрөг, 2017.10.23-нд 3,000,000 төгрөг, 2017.12.22-нд 3,000,000 төгрөг. Эдгээр төлбөр буюу 26,800,000 төгрөгийг 2017.03.07-ны байдлаарх үлдэгдэл болох 55,189,841 төгрөгөөс хасч тооцвол 2017.12.22-ны өдрийн байдлаарх үндсэн төлбөр 28,389,841 төгрөг болно. Өөрөөр хэлбэл 2017.12.22-ны байдлаарх нийт үлдэгдэл 28,389,841 төгрөг бөгөөд энэ дүнгээс алданги тооцвол алдангийн хэмжээ 14,194,920 төгрөг байна. Гэтэл анхан шатны шүүх 2017.03.07-ны өдрийн байдлаарх дүн 55,189,841 төгрөгөөс алданги тооцож хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй. 2. Хоёр шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний 1.3.2 дахь заалтыг үнэлж дүгнээгүй. Хариуцагч ................ ХХК-иас үндэслэлгүй алданги гаргуулсан тухайд: Анхан шатны шүүх 2016 оны 3 сарын 28-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 2.2.11-т заасныг баримтлан алдангид 27,564,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 2.2.11-т “Ажил хүлээлцсэний дараа захиалагч нь дараах баримтуудыг гүйцэтгэгчээс хүлээн авч ажлын 3 хоногт баталгаажуулсны дараа үлдэгдэл төлбөрийг 1.3.2-т заасны дагуу шилжүүлнэ. Мөн гэрээний 1.3.2-т “гэрээний 1.2-т заасан гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг Хавсралт №2 орсон санхүүжилтийн графикийн дагуу гүйцэтгэгчийн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шилжүүлнэ” гэжээ. Гэтэл талууд санхүүжилтийн график гаргаж баталгаажуулаагүй. Мөн өнөөдрийг хүртэл ................ ХХК нь төлбөрийн нэхэмжлэхийг ................ ХХК-нд өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл Ажил гүйцэтгэх гэрээний 1.3.2-т заасны дагуу алданги тооцох нөхцөл, журам бүрдээгүй байхад алданги тооцсонд гомдолтой. Хоёр шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний 1.3.2 дахь заалтыг ойлгож хэрэглэсэнгүй. 3. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг хэзээ төлөх талаарх хугацааг гэрээгээр тохиролцоогүй. Санхүүжилтийн график батлагдаагүй байхад алданги гаргуулсан нь үндэслэлгүй тухайд: Ажил гүйцэтгэх гэрээний 1.3.2-т “гэрээний 1.2-т заасан гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг Хавсралт №2 орсон санхүүжилтийн графикийн дагуу гүйцэтгэгчийн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шилжүүлнэ” гэжээ. Талууд санхүүжилтийн график тусгайлан баталж төлбөр төлөх нарийвчилсан хугацааг тогтоохоор гэрээнд тусгасан боловч санхүүжилтийн график батлагдаагүй бөгөөд төлбөр төлөх хугацаа тодорхойгүй үлдсэн. Гэрээгээр төлбөр төлөх хугацаа тодорхой бус байхад анхан, давж заалдах шатны шүүх алданги тооцсон нь ойлгомжгүй байна. 4. Нэхэмжлэгч ................ ХХК нь төлбөрийн нэхэмжлэл огт ирүүлж байгаагүй байхад алданги гаргуулсан нь үндэслэлгүй тухайд: Ажил гүйцэтгэх гэрээний 1.3.2-т “...санхүүжилтийн графикийн дагуу гүйцэтгэгчийн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шилжүүлнэ” гэж заасан байдаг. Санхүүжилтийн график батлагдаагүй тул гүйцэтгэгч ................ ХХК нь манай компанид төлбөрийн нэхэмжлэл ирүүлж байгаагүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх алданги гаргуулах болсон үндэслэлээ тайлбарлаагүй, Ажил гүйцэтгэх гэрээний 1.3.2 дахь заалтыг хэрхэн дүгнэж буй талаараа шийдвэр, магадлалдаа тусгасангүй. 5. Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Иргэний хуулийн 216.1, 216.2 дахь дахь заалтыг хэрэглээгүй тухайд: Иргэний хуулийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ.” Мөн хуулийн 216.3. “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ.” гэж заажээ. Нийт гүйцэтгүүлсэн ажил болох төлсөн дүнг тооцвол: Нийт 221,721,725 (1-р ажил) + 40,484,402 (2- р ажил) + 11,653,989 (3-р ажил) + 70,610,810 (4-р ажил) = 344,481,085 төгрөгийн ажил хийсэн. Төлсөн дүн: 221,731,884 (1-р ажил) + 22,062,000 (2-р ажил) + 54,290,755 (3, 4 -р ажил) = 298,084,639 төгрөг төлсөн. Үлдэгдэл 344,481,085- 298,084,639 =46,396,446 төгрөг. (үүнээс тооцоо нийлсэн актаар зөвшөөрсөн хөнгөлөлт буюу 974,044 төгрөг хасагдана) хөнгөлөлт хассан дүнгээр 45,422,402 төгрөг байна. Иргэний хуулийн 216.2 дахь хэсэгт хэд хэдэн үүргийг гүйцэтгэх тохиолдолд илүү хүнд нөхцөлтэй үүргийг тэргүүн ээлжид гүйцэтгэхээр заасны дагуу ................ ХХК нь төлсөн төлбөрүүдээ алданги төлөх тохироотой гэрээний төлбөрт тэргүүн ээлжид суутгуулах эрхтэй байна. Иймд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “................” ХХК нь “................” ХХК-д холбогдуулан 102,686, 363 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь 113,457,040 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

 

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

2.1 Нэхэмжлэгч “................” ХХК нь шүүхийн шийдвэр, магадлалын дагуу хариуцагчаас гаргуулах төлбөрөөс 7,379,322 /Долоон сая гурван зуун далан есөн мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Нэхэмжлэгч “................” ХХК нь нийт 68,500,000 /Жаран найман сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч “................” ХХК-иас гаргуулахаар тохиролцсон болно.

2.2 Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшдэг арилжааны банк дахь дансыг битүүмжээс чөлөөлмөгц хариуцагч “................” ХХК нь 68,500,000 /Жаран найман сая таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгчийн “................” ХХК-ийн КАПИТРОН банк дахь 3053001122 тоот дансанд шилжүүлнэ.

2.3 Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нь хариуцагчаас нэхэмжлэхгүй.

2.4 Талууд эвлэрлийн гэрээ байгуулснаар уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.” гэсэн нөхцөлийг зааж, гарын үсэг зуржээ.

 

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд гэрээг байгуулсан байна.

 

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01765 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1845 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч ................ ХХК 7,379,322 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч ................ ХХК 68,500,000 төгрөгийг ................ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Х.СОНИНБАЯР

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД