Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

                                  

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч Г.О... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .........холбогдох эрүүгийн 22330000000...  дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 198.. оны 06 дугар сарын 15-ны өдөр  Баянхонгор аймгийн Б.... сумд төрсөн, 37 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, сэтгүүлч, Монгол хэлний багш мэргэжилтэй,  С......... ажилладаг, ам бүл 4, нөхөр 2 хүүдийн хамт  Сэлэнгэ аймгийн  С..... сумын .........тоотод оршин суух  урьд ял шийтгэлгүй, ............Г.О./РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О  нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундаа  хэрэглэн  шөнийн  23 цаг 30 минутын орчим өөрийн оршин сууж байсан ..........тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр Б.А......... хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн гарын шуу хэсэгт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О.......... нь 2022 оны 06 сарын 17-ны өдөр согтууруулах ундаа  хэрэглэн,шөнийн  23 цаг 30 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 8-19 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр Б.А........... хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн гарын шуу хэсэгт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруул гэх үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О... өгсөн: “ ...2022 оны 06 дугаар сарын 18-ны 23 цаг 30 минутын үед гэртээ орсон. Орохдоо би тухайн үед би пиво уусан байсан. Охин хаалга онгойлгож өгсөн. Гэртээ ороод нөхөртөө хоёулаа ярилцъя гэсэн. Нөхөр нойл орох гэж явж байгаад намайг архи уусан юм уу? гэсэн би юм хэлээгүй нойл орохоор нь араас нь дагаж ороод ярилцъя гэхэд намайг цохиж авсан тэрнээс болж маргаан үүссэн. Зайлаач дээ гэсэн би чамайг ярилцъя гэж байна зодолдъё хэрэлдье гээгүй гэхэд дахиад намайг цохисон. Тэрнээс үүдэж тэр маргаан үүссэн. Ер нь энэ үйл явдал болсноос хойш гэмшиж байна. Нөхрөөсөө уучлалт гуйсан. Дахиж ийм үйлдэл гаргахгүйг хичээж явна...“ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.А..... өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 17-ны орой 17 цагт ажлаа тараад Сэлэнгэ аймгийн тоотод гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд гэрт хүн байхгүй байсан. Хүүхдүүд орой 22 цагийн орчим орж ирсэн. Тэгээд өлсөөд байна гэхээр нь хоол унд хийж өгөөд том өрөөндөө зурагтаа үзээд сууж байсан чинь 23 цаг 30 минутын орчимд гэрийн хаалга хүн нүдээд манай охин гэрийн хаалга онгойлгосон чинь эхнэр Г.О.... гаднаас архи уучихсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгээд орж ирчхээд үүдэн дээр зогсоод байсан харин би явж очоод ойртоод хартал архи үнэртсэн согтуу байхаар нь хэрүүл битгий хийгээрээ өрөөндөө ороод унтчихаарай гэж хэлээд нойлын өрөө рүү ороод тамхи асаагаад хүндрээд сууж байтал Г.О.... араас нойлд ороод ирсэн. Тэгэхээр нь "чи яагаад ороод ирэв" гэсэн чинь "хоёулаа юм ярья" гээд гарахгүй байсан. Тэгснээ миний гар утсыг булааж авах гээд татаад байсан. Бараг гар утас хугарчих гээд байхаар нь би баруун гараараа гар гээд түлхсэн чинь цаашаагаа өнхрөөд уначихсан. Тэгснээ буцаж босож ирээд нойл цэвэрлэдэг шүргүүлээр миний толгой руу цохиод сүүлдээ тэр нь ч хугараад унасан. Харин би өмсөж байсан хувцаснаас нь бариад доош нь дараад цааш нь түлхсэн. Тэгснээ цаашаа гүйгээд явсан. Намайг нойлоос босож байтал Г.О..... гал тогооноос хутга бариад над дээр хүрээд ирсэн. Тэгээд үгийн зөрөөгүй над руу хутгаа далайгаад саваад байсан. Тэгээд сүүлийнх нь нэлээн ойрхон ирэхээр нь баруун гараараа хаагаад зүүн гараараа хутгатай гарыг нь барьж авах хооронд хутганых нь үзүүр миний зүүн гарын шууны дотор хэсгийн булчин руу зоогдчихсон. Тэгээд цус нь годгодоод ирсэн. Би шууд эмнэлэг дуудах гэсэн чинь дугаарыг нь мэдэхгүй болохоор ээж Т.... рүү залгах гэтэл гар цус болчхоод удирдагдахгүй байсан. Тэгэхлээр нь хүүгээд яваад эмээгээ дуудаад ир гэж хэлсэн чинь Г.О.......... хүүг гаргахгүй үүдэн дээр хашчихаад зогсоод байсан. Би очиж Г.О... үүднээс түлхэж холдуулаад хүүгээ гэрээс гаргасан. Тэр хооронд би ээж рүү залгаж амжсан. Тэгээд ээжийг түргэн дуудаарай гзж хэлчхээд утсаа салгасан. Ээжийн гэр яг хажууд байдаг болохоор шууд манай гэрт ороод ирсэн. Тэгээд гараас цус гараад тогтохгүй болохоор шууд эмнэлэг рүү өөрсдөө явсан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/  гэх мэдүүлэг,

Гэрч Г.Т..... өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 18-ны шөнө
ойролцоогоор 23 цаг өнгөрч байхад манай хүү А.... над руу утсаар залгаад "ээжяаралтай түргэн дуудаарай болохоо байлаа" гэхээр нь би тухайн үед эмнэлгийн дугаарыг мэдэхгүй болохоор шууд хүү А.... гэрт гүйгээд орсон чинь А..... зүүн гарын шуу орчим хэсгээс цус их хэмжээгээр гараад гэр дотор их цус асгарчихсан байдалтай байсан. Хажууд нь хүү охин хоёр нь орилчихсон зогсож байсан. Харин манай бэр О...... том өрөөн дотроо согтуу байгаа бололтой сууж байсан. Тухайн үед би шууд хүүгээ аваад эмнэлэг орсон. Манай хүүгийн гараас их хэмжээни цус гоожсон юм. Тэгээд өөрсдөө шууд эмнэлэгт очоод үзүүлэхэд хүүгийн маань царай цайраад шоконд орчихсон байдалтай байсан. Харин эмч нар түргэн шуурхай эм тариа хийгээд анхны тусламж үзүүлсэн. Намайг А..... гэрт орох  үед 2 ач маань бэр О....... манай хүү ..... нар байсан.
Өөр ямар нэгэн гадны хүн байгаагүй юм. Би гэрт орох үед хүүгийн гараас цус олгойдоод их хэмжээгээр гарч байсан болохоор би юу болсон талаар асуугаагүй шууд эмнэлэг рүү хүүгээ аваад явсан. Эмнэлэг дээр очсон хойно цагдаад мэдэгдсэн юм. Тухайн үед эмнэлэг рүү манай ач Б...... 12/эр нь хамт явсан. Тэгээд манай ач надад хэлэхдээ "Бид нар хоол ундаа идээд сууж байсан чинь ээж согтуу орж ирээд аавыг нойлд сууж байхад нь хутгалчихсан " гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд цагдаад мэдэгдсэн юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-р хуудас/

 Гэрч О.Э.... өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч намайг гэртээ байж байхад ажлаас залгаад “хутгалуулсан хүн ирсэн. цус нь тогтохгүй байна" гэхээр нь ажил дээр яваад очтол А...... гэх хүн хүлээн авахын өрөөнд дусал залгуулчихсан зүүн гар нь зүсэгдсэн байдалтай байсан. Тэгээд тухайн хүний зүсэгдсэн гэх шархыг үзтэл суад тасарсан байсан бөгөөд судаснаас цус алдаж байсан учир зориулалтын утсаар боож цус алдалтыг тогтоосон. Тухайн үед А...... зүүн  гарын цус алдсан хэсэгт дотор талд нь нэг оёдол, гадна хэсэгт 3-4 оёдол тавьж боолт хийж өгсөн. Зүүн гарын шууны тодор дунд хэсэгт 2 см урттай, 1 см гүнтэй хөндлөн зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 61-р хуудас/,

Гэрч Ц.Ө...... өгсөн: “...Г.О....... нь нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөртэйгөө суугаад 10 гаруй жил болж байгаа юм. Манай дүү О......... нөхөр А...... өмнө нь удаа дараа миний хажууд О.... зодож байсан удаатай ер нь муухай ааштай хүн байдаг юм. Нөхөр нь үйлдвэрийн О........ гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд 2-3 жил болж байгаа юм энэ асуудлаас болоод хоорондоо ойр ойрхон маргалддаг юм. Одоог хүртэл А....... нь тэр эмэгтэйтэйгээ харилцаатай байдаг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-р хуудас/,

2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Дархан уул аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны  шинжээчийн дүгнэлтийн “1.Б.А....... биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 695 дугаартай дүгнэлтийн хэсэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 03-р хуудас/,гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн 4-р хуудас/, / Багажны заалт 1.53 хувь гэх согтуурал хэмжсэн тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 07-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр Б....эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “ Цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ” гэж зааснаар аюулын зэргийн үнэлгээ ч хийгдээгүй мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээгээр шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлддэг байдал ч тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “нөхөр маань 5 жилийн өмнөөс өөр эмэгтэйтэй харилцаатай болж бид хоорондоо таарамжгүй харилцаатай байсан. Намайг зоддог, цагдаагийн байгууллагад хоёр ч удаа хандаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ө....... “...нөхөр А......... өмнө нь удаа дараа миний хажууд О...... зодож байсан удаатай, ер нь муухай ааштай хүн байдаг юм. Нөхөр нь үйлдвэрийн О гэх эмэгтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд 2-3 жил болж байгаа юм. Энэ асуудлаас болоод хоорондоо ойр ойрхон маргалддаг юм. Одоог хүртэл А нь тэр эмэгтэйтэйгээ харилцаатай байдаг юм...манай дүүд хорт зуршил гэхээр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэргээс шүүгдэгч, хохирогч нар хоорондоо таарамжгүй харилцаатай байсан байдал тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.О нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас нөхөр болох А маргалдан түүний зүүн гарын шуун тус газарт хутгалж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь анх удаа гэмт  хэрэгт холбогдож байгаа болох нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас-/хэргийн 20-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг “ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх,мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох санал гаргаж байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Энэ талаарх прокурорын санал үндэслэлтэй байна.

Хохирогч Б......... нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа болох нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны буюу 10 настай/ хавтаст хэргийн 69-р хуудас/,8 настай / хавтаст хэргийн 68-р хуудас/  2 хүүхдийн хамт амьдарч байгаа,  архи согтууруулах ундааг хязгаарлах хэмжээнд  хэргэлдэг талаар  нотлох баримтгүй зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан эрх хязгаарлах арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О......Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О 600 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш торгуулийн ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг дурдсугай.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй гэснийг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

                                 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА