Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Б-д  холбогдох

10.966.720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ С.Х миний бие Нарантуул захын лангуу түрээслэн бөс, даавуу, материал зардаг. Г.Б  нь 2016 оноос хойш манай лангуунаас давуу материал авч эхэлсэн бөгөөд одоог хүртэл автомашины суудлыг бүрээс хийж бизнес эрхэлдэг. Хариуцагч Г.Б  2017 оны 01 дүгээр сард надаас автомашины суудлын бүрээс хийх зоирилгоор 8.230.000 төгрөгийн материал зээлээр худалдан авсан. Г.Б-ээс уг төлбөрөө төлөхийг шаардсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөнгөө удахгүй төлнө гэдгээ илэрхийлж, гарын үсгээ зурж тооцоо нийлсэн.

Гэтэл өр төлбөрөө удаахгүй өгнө гэсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй бөгөөд гэрийн хаягаа худал зааж өгсөний дагуу 2018 оны 03 дугаар сард тус хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй байсан учир нэхэмжлэл буцаагдсан байдаг. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагч Г.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлах захирамж гарсан.

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэсээс Бат-Эрдэнийн хаягийг олж эрэн сурвалжлах ажиллагаа дуусгавар болсон. Бат-Эрдэнэтэй уулзсан боловч удахгүй төлнө гэж ахин худал хэлж намайг хохироосоор байна. Учир нь Хишигсүрэн миний бие банкнаас зээл авч үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд Бат-Эрдэнийн өмнөөс өдрийг хүртэл банкинд хүү төлсөөр байна.

Мөн хариуцагч Г.Б-ийн хойноос зээлсэн барааны үнээ олж авах гэж цаг заваа гарздан өдий олон сарын турш явсаар төлбөр мөнгө надаас гарсаар байан.

Хариуцагч Г.Б эс даваа материалын үнэ болох 8.230.000 төгрөг, эрэн сурвалжлах тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөг, гэрийн хаягаа худал хэлж төлбөрөө төлөлгүй хугацаа хожиж байгаагаас хохирсон банкинд төлж байгаа хүү болох 1.8 хувиар бодож 18 сар буюу 2.666.520 төгрөг нийт 10.966.720 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                    

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Х  хариуцагч Г.Б д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.230.000 төгрөг, эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хохирол банкны хүүгээр тооцож 2.666.250 төгрөг, нийт 10.966.720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2.666.250 төгрөгөөр багасгасан болохыг дурдах нь зүйтэй.

            Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Талуудын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр худалдах худалдан авах гэрээ аман хэлбэлээр байгуулагдаж, нийт 8.230.000 төгрөгийн үнэ бүхий даавуу худалдан авсан, түүний үнийг шаардаж байгаа” гэж тайлбарласан.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Х  худалдсан давууны мөнгийг шаардах эрхтэй байна.

            Хариуцагч Г.Б  нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “...8. 230.000 төгрөг өгнө” гэж бичиж, түүнд гарын үсэг зурсан баримтаар нэхэмжлэгч С.Х д 8.230.000 төгрөгийн төлбөртэй болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.Х гийн хүсэлтээр хариуцагч Г.Б  нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1332 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлжээ.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар харуицагч Г.Б-ийг эрэн сурвалжилхад гарсан зардал нь хариуцагч гэрээний үүргээ зөрчисний улмаас зайлшгүй гарах зардалд хамаарах тул харуцагч Г.Б эс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулах нь зүйтэй.

            Иймд хариуцагч Г.Б эс 8.300.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Х д олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад зарлагдсан хуралдааны товыг хариуцагч Г.Б-ийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар болон түүний 9905-8622 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн захирамжаар хариуцагч Г.Б-ийг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэж,  2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Г.Б-ийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Г.Б эс 8.300.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Х д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б эс 147.753 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Х д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР