Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/312

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0293/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхиий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч О.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар О- овогт О-ийн О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218000000341 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, халх, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмээ, өвөө, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О- овогт О-ийн О- РД://,

 

Холбогдсон хэргийн талаар:

О.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.О- нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт таксинд явж байсан хохирогч Л.М-ын автомашины голын хайрцган дээр ил байсан айфоне-11 промакс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдэж, 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 3-7 дугаар тал/,

 

Хохирогч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 20 цаг 40 минутын үед ахынхаа ХХ-ХХ ДАР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад Дархан сумын Хүнсний 4 замын уулзвараас 2 залуу аваад Дархан сумын 5 дугаар баг “ХХХ” төвийн урд бууя гэхээр нь зогссон чинь тэр хоёр залуу миний машинаас буухдаа миний айфоне-11 промакс гар утсыг хулгайлаад буучихсан. Манай аав миний хажуу талын сандал дээр сууж явсан юм тэр 2 залуу хойно суусан. Тэгээд би тэр хоёр залууг буулгачхаад хөдлөх гэж байхад манай аав “саяны хоёр залуу гар утсыг чинь аваад буучихлаа” гэхээр нь аав бид хоёр тэр хоёр залуугийн араас хөөсөн чинь тэр хоёр залуу арбатын гудамж руу зугтаад явсан, тэгээд тэнд явж байсан хоёр цагдаа барьж авсан... Би өөрийн айфоне-11 промакс маркийн гар утсыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны орой О.О-аас хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/,

 

Гэрч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд охин бид хоёр “ХХХ” төвийн гадаа машинтайгаа зогсоод нөгөө нэг залууг буулгах гэтэл тэр хоёр залуугийн нэг болох эрээн өнгийн малгайтай цамцтай өндөр залуу миний охин М-ын гар утас машины голын хайрцаг дээр ил байсныг хулгайлаад авахыг би харсан юм. Тэгсэн тэр хоёр залуу машинаас буугаад гүйгээд явахаар нь би тэр хоёр залуугийн араас нь гүйгээд миний охин машинтай миний араас дагаад явж байхад гудамжинд эргүүл хийж явсан цагдаад би хэлээд тэр хоёр залууг бариулж охин М-ын гар утсыг тэр өндөр, эрээн өнгийн малгайтай цамцтай залуугаас авч тэр хоёр залууг цагдаад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

 

Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Тэгээд О- бид хоёр тэр машинд суугаад хөдлөөд явж байхад О- тэр машин барьж явсан эмэгтэйд “манай найз ХХХ төвийн гадаа бууна” гэж хэлээд О- надад “ХХХ төвийн гадаа байж бай” гэж хэлсэн. Би “ХХХ” төвийн гадаа байж байхад О- нөгөө машинаас буугаад надад “гүйгээрэй” гэж хэлсэн. Тэгээд би О-ыг дагаад гүйсэн. Би бодохдоо О-ыг таксины мөнгө байхгүй зугтааж байна гэж бодоод гүйсэн. Тэгээд бид хоёр арбатын тэнд очоод О-ыг хүний гар утас хулгайлсан гэж мэдээд “буцааж өг” гэж хэлсэн. Би О-ын хамт нөгөө хүний гар утсыг буцааж өгөх гээд арбатын гудамжинд байдаг “Мандах” гээд дэлгүүрийн гадаа ирэх үед нөгөө машинд сууж байсан ах цагдаатай гарч ирээд бид хоёрыг бариад нөгөө ах охиныхоо гар утсыг О-аас аваад явсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

 

Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу Дархан сумын 5, 6 дугаар багт 19 цагаас шөнийн 02 цаг 30 минутын хооронд эргүүлийн 175 дугаар чиглэлд дэд ахлагч Б.Түвшинжаргалын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан... Цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг ах бас эмэгтэй бид хоёрын хажууд ирээд сая Гэгээ дэлгүүрийн гаднаас хоёр залуу суулгаад явж байхад нэг залуу нь машинд байсан миний охин М-ын айфоне-11 маркийн гар утсыг хулгайлаад зугтаачихлаа гээд ирсэн... тэр хавийн байрны орчим үзлэг шалгалт хийж явахад ногоон эрээн хувцастай нэг залуу бид хоёрыг хараад зугтаасан. ...Тэгээд хулгайд алдсан гар утасны ХХХ дугаар руу залгаад үзэхэд утас нь дуудаж байгаад авсан. Тэгээд би өөрийгөө цагдаа байна гэж хэлээд ирээд уулз гэж хэлсэн чинь О- гэх залуу би Арбатын энд байна гээд утсаа тасалсан... Тэгээд нөгөө гар утас хулгайд алдсан утасны эзэн болох М-ыг дуудаад уулзаад энэ хүн мөн байна уу гэж асуухад мөн байна гээд өөрийн гар утсыг аваад кодоо тайлж үзүүлсэн... Тэр орой гар утасны эзэн М- өөрийн гар утсаа хүлээн аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

 

Гэрч Б.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгээд дэд ахлагч Г.Э- бид хоёр М- болон ааваас нь ямар хүмүүс байсан, гадна хувцсыг нь асуугаад тэр хавийн байрны орчим үзлэг шалгалт хийж явахад ногоон эрээн хувцастай нэг залуу бид хоёрыг хараад зугтаасан... Тэгээд дэд ахлагч Г.Э- өөрийгөө цагдаа байна гэж хэлээд ирээд уулз гээд хэлсэн чинь тэр О- гэх залуу би Арбатын энд байна гэж хэлээд утсаа тасалсан... Тэгээд нөгөө гар утас хулгайд алдсан утасны эзэн болох М-ыг дуудаад уулзаад энэ хүн мөн байна уу гэж асуухад мөн байна гээд өөрийн гар утсыг аваад кодоо тайлж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ- 922/4368 дугаартай "... Хуучин хэрэглэж байсан айфоне-11 промакс маркийн гар утас 1,700,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-32 дугаар тал/,

 

Яллагдагч О.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би архи уугаад хэтэрхий согтуу байсан болохоор гар утас хулгайлсан. Миний буруу гэдгээ мэдэж байна. Намайг машин дотроос гар утас хулгайлж байхыг А- хараагүй сүүлд нь мэдээд хүнд нь буцааж өг гэж надад хэлсэн. Миний араас гүйж ирээд таксины мөнгөгүй болоод чамайг зугтаасан гэж бодсон талаараа А- надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу өмчлөгчид мэдэгдэлгүйгээр сэм авахыг ойлгох бөгөөд О.О-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 1,700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

 

Иймд шүүгдэгч О.О-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгосон ял, эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасн зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт түүний эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Л.М-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Борижгон овогт О-ийн О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.О-т 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч О.О-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД