Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0897/Э |
Дугаар | 2022/ШЦТ/934 |
Огноо | 2022-10-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/934
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Г.Түвшинбаяр,
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б ийн П т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 3 дугаар сарын 08-ны өдөр .. аймгийн.. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б ийн П /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ш-” худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талын гэрлэн дохиотой уулзвар замд таксигаар үйлчлүүлж байхдаа “Тоёота Приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З тай “...хөгжмөө чангалсангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар цохих, гарыг нь мушгих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны зүүн дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;
-Улмаар үүссэн маргааны явцад Б.З ын унаж явсан Ц.М ын эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн, баруун талын гадна толь, баруун урд хаалганы борооны хаалт, баруун урд хаалга зэргийг устгаж, гэмтээсний улмаас Б.З д бага хэмжээнээс дээш буюу 900.400 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан санал, дүгнэлт болон мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүх шүүгдэгч Т овогт Б ийн П /РД:... / нь:
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ш-” худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талын гэрлэн дохиотой уулзвар замд таксигаар үйлчлүүлж байхдаа “Тоёота Приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З тай “...хөгжмөө чангалсангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар цохих, гарыг нь мушгих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны зүүн дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;
-Улмаар үүссэн маргааны явцад Б.З ын унаж явсан Ц.М ын эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн, баруун талын гадна толь, баруун урд хаалганы борооны хаалт, баруун урд хаалга зэргийг устгаж, гэмтээсний улмаас Б.З д бага хэмжээнээс дээш буюу 900.400 төгрөгийн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Б.З ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний биед ...учирсан гэмтлийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр таксинд сууж үйлчлүүлсэн П гэх залуу учруулсан юм. Миний хамарт учирсан гэмтлийг П нь баруун гараараа нэг удаа цохиж, толгой руу нэг удаа мөргөж учруулсан. Миний зүүн гарын долоовор хурууг бариад мушгичихсан бөгөөд энэ үед энэ гэмтэл үүссэн гэж үзэж байна. ...Би машинаа янзлуулах, хамрын эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Энэ зардлыг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/,
Гэрч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн үед нөхөр П , найз З нарын хамт такси барьж саарал өнгийн Приус-30 маркийн автомашинд суусан. Ингээд төв замаар явж найз З ыг буулгасан бөгөөд нөхрийн хамт Ш-ын уулзвар дээр явж байхад манай нөхөр таксины жолоочид хандаж “хөгжмөө жаахан чангалчих” гэж хэлэхэд жолооч залуу нь уурлаж, арын хаалгаа онгойлгон манай нөхрийг заамдаж гаргаж ирээд цохиж, хоолойг нь боосон. Тэгээд би жолоочид хандаж “боль” гэхэд манай нөхөр рүү дайраад байсан тул манай нөхөр уурлаад машиныг нь цохиж, толийг нь хугалсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,
Гэрч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Б.З нь 2022 оны 7 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед гэрээсээ таксинд явахаар гарсан бөгөөд намайг унтсаны дараа шөнө ирсэн байсан. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед сэрээд харахад манай нөхрийн гар нь тулчихсан, хамар нь битүүрчихсэн, амьсгалж чадахгүй, хүрэхээр өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад таксинд явж байхад нэг залуу зодсон гэж хэлсэн. Тэр залуугийн бичлэгийг гар утсаараа хийсэн байсан бөгөөд үзэхэд нэг согтуу эрэгтэй хүн агсам тавьж байгаа бичлэг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/,
Яллагдагч Б.П ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Харин тухайн үед тэр жолооч намайг боосон учраас би гарыг нь тавиулсан бөгөөд тэр үед би нүүрэн хэсэгт нь гараа зангидаж цохисон зүйлгүй. Бусдын биед санаатайгааар халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлын мөнгө өгөөгүй байгаа, прокурор, шүүхийн шатанд хохирлын мөнгийн төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10351 дугаартай: “...Б.З ын биед зүүн гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны зүүн дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 дугаар тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.П нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “..Хохирогч эхлээд намайг машинаас чирч гаргаад миний хоолойг боосон. Би хурууг нь гэмтээгээгүй ба намайг боож байхдаа хуруугаа гэмтээсэн гэж бодож байна. Тухайн үед ямар ч цус гараагүй, анхны тусламж аваагүй. Би тухайн үед хохирогчийг зодоогүй, машиныг нь сүйтгэсэн. Би тухайн үеийн бичлэгийг үзэх хүсэлтийг байцаагчид гаргаж өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй бөгөөд зам дээр камер байхгүй гэж хэлсэн...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10351 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.З ын биед “хөнгөн” зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.П ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээг “...бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж диспозицыг заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэх заасан ба “Дамно” ХХК нь хохирогч Б.З ын эд зүйлийг нийт 900.000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг хохирлын үнэлгээ нь бага хэмжээнээ дээш хохирлын хэмжээнд хамаарч байна.
Шүүхээс тогтоосон хэргийн дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Б.П ын согтуурсан байдал, нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, бусдыг үл хүндэтгэсэн харилцаа хандлага зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх үзлээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.П ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
“Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Б.П нь хохирогч Б.З д 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх хүсэлтийг хохирогчоос шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.350.000 төгрөгөөр тогтоох саналтай байна....” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.П нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Б.П т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.П ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Б.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б ийн П ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
“Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1100 /нэг мянга нэг зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.З нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эрүүл мэндтэй холбоотой зардлын нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.П т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН