Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/02544

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 11 сарын 15 өдөр

           Дугаар 183/ШШ2018/02544

                    Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо оршин суух/

 

Хариуцагч: Г.Д-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр 2 хд гудамж **********оотод оршин суух/

 

            Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч Г.Д, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Дтэй 2009 оны зун танилцсан. Ингээд гэр бүл болж хамт амьдраагүй ч 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Ч.И-г төрүүлсэн. Одоо 7 настай эрүүл саруул өсөн бойжиж байна. Хүүгээ 1 настай байхад нь хүүгийн эцэг болох Г.Дгийн хуучин оршин сууж байсан хаягийн дагуу Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож миний нэхэмжлэл буцаагдсан. Түүнээс хойш ажил төрөл ихтэйн улмаас цаашид дахин 2017 оны 8 дугаар сард шүүхийн байгууллагад хандаж эцэг тогтоолгосон боловч Г.Д эцгийнхээ үүргийг биелүүлэн хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлнэ гэж амласнаар би нэхэмжлэлээсээ татгалзсан. Одоогийн байдлаар эцэг Г.Д нь хүүтэйгээ 4 удаа уулзсан боловч эцгийнхээ үүргийг биелүүлэн хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй байсаар өдийг хүрсэн. Иймд Г.Дгээс хүү Ирээдүйд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн хүүхдийн тэтгэлгийг нөхөж гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ш.Чтай 2010 оны намар танилцсан. 2011 оны хавар 3 сар гарантай байхад жирэмсэн болсон гэж хэлсэн. Ш.Чандманийг жирэмсэн байхад би эхнэртэй байсан. Түүнтэй эхнэрийнхээ ажлын газарт танилцаж байсан. Би одоо ажилгүй байгаа ч боломжтой болох үедээ хуульд заасан журмын дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй. Миний хүүхэд мөн гэдгийг мэдсэн учраас хүүхдийн тэтгэлгийн талаар бодож байгаа. Ажил төрөл маань бүтчихвэл хүүхдээ бүх талаас нь тусалж дэмжих, сургууль соёлд суралцахад нь туслах бодолтой байгаа. Харин хүүхдийн тэтгэлэг нөхөж өгөх боломжгүй гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй, Г.Д-д холбогдох, хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш.Ч “хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Д хүлээн зөвшөөрчээ.

 

Ш.Ч, Г.Д нар 2010 онд танилцаж, тэдний дундаас 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Ч.Итөрсөн болох нь талуудын тайлбар, хүү Ч.И-ийн 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэлийн .... дугаартай Төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хүү Ч.И эрүүл бойжиж байгаа болох нь “Оцелосэргэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолтоор нотлогджээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Бүргэд овогтой Чандманийн Ирээдүйн эцэг нь Сан овогтой, Гонгоржавын Дуламсүрэн болохыг тогтоов.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ч.И-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Дгээс тэтгэлэг гаргуулах зүйтэй болно.

 

Харин нэхэмжлэгч Ш.Ч-ийн “...хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах” тухай тайлбар нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар талууд харилцан тохиролцоогүй байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасантай нийцэхгүй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү И-ийн эцэг нь Г.Д болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ч.И-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Дгээс тэтгэлэг гаргуулсугай.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ж.СЭМЖИД