Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/900

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Шүүгдэгч Ц.Х , түүний өмгөөлөгч Ж.Буджав,

Шүүгдэгч Ц.О , түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт Ц ий О , Б  овогт Ц ийн Х нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х. аймгийн Ө.. суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...-т зөөгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ДШМ/65 дугаартай магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Б  овогт Ц ийн Х /РД:... /.

2. Монгол Улсын иргэн, 19.. оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х.. аймгийн Ч.. суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг гэх, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял;

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял;

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ял дээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, нийт 30 хоногийн хорих ялыг, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 8 цагийг 1 хоногоор тооцож, 62 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 2 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ДШМ/65 дугаартай магадлалаар 1 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, А  овогт Ц ий О  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О , Ц.Х  нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... амралтад байхдаа хохирогч Б.Д ы “Samsung A8” загварын гар утас, монетан гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Ц.О , Ц.Х  нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... амралтад байхдаа хохирогч Б.Д ы “Samsung A8” загварын гар утас, монетан гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 890.000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Б.Д ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 00 цагийн үед өөрийн найз нарын хамт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд талд байдаг бааранд сууж байгаад 2 эмэгтэйтэй танилцаад хамт ...  амралтад очиж суухаар явсан юм. Тэгээд амралтын газарт ууж байгаад унтаад өгсөн. Тэгсэн өглөө сэрсэн чинь хамт ууж байсан 2 эмэгтэй байгаагүй. Мөн миний Самсунг А8 маркийн гар утас, хүзүүнд байсан монетан гинж байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

-дахин өгсөн: ...Миний гинж мөн байна, би үлдэгдэл гар утасны хохирлоо барагдуулж авах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/,

 

Гэрч Н.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Д   над руу залгаад миний гар утас, гинж хоёрыг харсан уу, алга болсон байна, нөгөө хоёр хүүхэн бас байхгүй байна, чамтай хамт явсан уу гэж хэлсэн...хүзүүнд нь гинж байсан. Дөрвөлжин том гар утас барьсан харагдсан, ямар маркийн гар утас гэдгийг мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр/,

 

 “Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-46 дугаар тал/,

2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26 дугаар тал/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр тал/,

Шүүгдэгч Ц.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...О  цүнхээ үүрчихсэн гарч ирээд явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр модон дотор ороод О  нөгөө залуугийн гинжийг нь авчихлаа, чи монет мөн үү, биш үү гэдгийг нь хараад өгөөч гэж хэлэхээр нь би түүнийг нь үзээд одоо энд мэдэх боломжгүй шүү дээ, хоёулаа явж шалгуулъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрт ирээд байж байтал надтай хамт байсан Н  гэх залуу өдөр 11 цагийн үед залгахаар нь би утсаа аваагүй. Тэгтэл гар утсаа авчихъя, авчраад өгчих гэсэн мессеж бичсэн. Тэгээд дугаарыг нь блок хийсэн. Гинж, гар утас хоёрыг нь гэртээ хоёр хонуулаад ломбардад тавьсан. Гар утсыг нь Хар хорин захын ченжид зарсан. Уг гар утсыг зарсан хүнээ танихгүй. Гар утсыг бас хоёулаа хамт явж зарсан. Гинжийг 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан, харин гар утсыг нь 120.000 төгрөгөөр зарсан. Бид хоёр зарсан мөнгөө тэнцүү хувааж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Х О  чиний танилцсан залуу монетан гинж зүүсэн байна гэж хэлэхээр нь би чи монет гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ гэж асуутал би шалгуулчихна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт буцаж ороод нөгөө залуугийн хажуугаар хэвт гэхээр нь хэвтсэн. Х гинжнийх нь түгжээг тайлаад би гинжийг нь аваад гарч явсан. Хот руу орж ирээд Х  ийн гэрт нөгөө монетан гинж болон гар утсыг нь хоёр хоног байлгаж байгаад 6 дугаар сарын 06, 07-ны үед санаж байна, 1 дүгээр хорооллын Цамбын орчимд байдаг ломбардад гинжийг нь 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Гадаа гараад бичгээ надаа өгч бай гэж хэлээд Х  ээс бичгийг нь аваад хартал өөрийн нэр дээр биш Э  гэдэг хүний нэр дээр барьцаанд тавьсан байсан. Тэгээд Х надад 100.000 төгрөг өгсөн. ...Нөгөө залуугийн гар утас болох А-8 загварын гар утсыг Х цүнхэндээ хийгээд аваад явсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х , Ц.О  нараас: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Б.Д ы “Samsung A8” загварын гар утас, монетан гинж зэргийг хулгайлж авсан, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гар утсыг 190.000 төгрөгөөр, монетан гинжийг 700.000 төгрөгөөр тус тус үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 890.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр санаатай нэгдэж бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан,

Мөн гэмт хэргийг хоёр хүн, үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцож бүлэглэн үйлдсэн байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.О , Ц.Х нарыг Хулгайлах” гэмт хэрг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Д д монетан гинж-ийг хүлээлгэж өгсөн, мөн шүүгдэгч нар нь гар утасны үнэ болох 190.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-19-20/ байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х д 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ц.О т 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна...” гэсэн;

 

Шүүгдэгч Ц.Х ийн өмгөөлөгч Ж.Буджаваас: “...Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх ял нь дуусгавар болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд шүүх 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү. ...” гэсэн;

 

Шүүгдэгч Ц.О ийн өмгөөлөгч Л.Мөнхтуяагаас: ...Миний үйлчлүүлэгч хохирол төлсөн, мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба 7-8 насны хоёр хүүхэдтэй бөгөөд барилгын засал чимэглэлийн ажил хийж амьдралаа авч явдаг. Ажил нь Улаанбаатар хотын бүх дүүрэгт очиж ажиллах шаардлага гардаг тул үүнийг харгалзан шүүх Улаанбаатар хотын бүсээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Х , Ц.О  нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ...хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.О ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73, 89 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар тал/, Налайх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74 дүгээр тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-88 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 92 дугаар тал/,

 

Шүүгдэгч Ц.Х ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, түүний Төрийн банк-нд эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 66-69 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-88 дугаар тал/ зэргээр тэдний хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Ц.Х , Ц.О  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.

 

Шүүгдэгч Ц.Х , Ц.О  нарыг дээрх хугацаанд “Улаанбаатар хот”-ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х , Ц.О  нарт шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

                                                    1. Шүүгдэгч А  овогт Ц ий О , Б  овогт Ц ийн Х нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х , Ц.О  нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х , Ц.О  нарт шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Х , Ц.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.