Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 112/ШШ2021/0028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ч.З, Н.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох аймгийн Засаг даргын 2007 оны 11 сарын 21-ний 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгч Ч.З, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г /онлайнаар/, гуравдагч этгээд Д.Э, Д.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гэрч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д, Ч.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Д би 1995 онд Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 399 м.кв талбай бүхий газрыг тухайн үед Хоршоодын холбооны дарга байсан Б.Маас 170.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо миний эзэмшлийн 15 м.кв талбай бүхий газрын үргэлжлэл үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл 2017 оны 09 дүгээр сард тэр байрыг нэг шөнө Д.Э нь буулгаад ачиж явсан. Энэ үед миний өмчлөлийн газар дээр 189 м.кв талбай бүхий газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсныг мэдээ 3 жил орчим газрын алба мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага гээд хандсан болно. Н.Д миний өмчлөлийн газар дээр Д.Э барилга барих зөвшөөрөлгүй атлаа хууль бусаар барилга барилга барьж суурийг нь ухаж миний эрх ашгийг зөрчиж байна. Учир нь 000103031 дугаартай үл хөдлөх эд гэрчилгээнд дурдсан 399 м.кв талбай бүхий газар байхгүй байхад үндэслэлгүйгээр гэрчилгээ авсан байх тул Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 000103031 гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ч.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ч.З Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Хаш үйлчилгээний төвийн газрыг өмчилдөг. Энэ газрыг 2002 оны 1 дүгээр сарын 17-нд миний бие Есөнбулаг сумын газрын даамал Б.О газар эзэмших гэрээ хийж 1155 м.кв талбай бүхий газрыг эзэмшихээр болсон. Гэтэл Д.Э нь 2017 онд миний эзэмшлийн газрын үргэлжлэл болох Хаш үйлчилгээний төвийн газар дээр кадастрын зураглал хийж, уг зургийг ашиглан газар эзэзмших эрхийн гэрчилгээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Д.Э гэрчилгээ авсныг 2017 оны 09 дүгээр сард байшин нураахаар нь мэдээд 3 жил гаруй хугацаанд олон байгууллагад хандсан боловч доривтой хариу өгөөгүй болно. Мөн газар эзэмших гэрээнд газрын байршил, хэмжээ, хилийн зааг, кадастрын зураг нь зөрүүтэй байхад 414 м.кв талбай бүхий газар байхгүй байршил зөрүүтэй газар дээр 3 төрлийн эзэмших гэрээ авсан нь ойлгомжгүй байна.

Иймд Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 000103031 гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.З шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие нь Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Хаш үйлчилгээний төвийн эзэн. 1998-1999 оны үед зах хажууд нь байхад Оросхүү гэх хүнээс худалдаж авсан. Худалдаж авахад Н.Д, Л.Б болон гутал хийдэг хүмүүс хойд өрөөнд нь суудаг байсан. 2000 он гэхэд анхны караоке баарыг нээж үйл ажиллагаа явуулсан. 1155м2 гэсэн цагаан гэрчилгээг гаргуулж авсан. 4-р багийн нутаг дэвсгэрт нэгдсэн захын баруун талд замын дээд талд Хаш үйлчилгээний төв гэсэн газрыг 15 жилийн хугацаатайгаар газрын даамал Б.О Газар эзэмших гэрээ хийж авсан. Ц.Р гэж хүнийг би танихгүй, үйл ажиллагаа явуулаагүй. Л.Б, Н.Д нар хүндэтгэн үзэх шалтгаантай, хүүхэд гаргасан гээд хэсэг ирээгүй. Байшин нь хоосон байдаг байсан. 2000 оны үед Д.Эийн эхнэр зүүн талд нь хаалга гаргаж махны худалдаа явуулж байсан. Залгаатай хоёр байшин байдаг байсан. Тэнд 414м2, болон 399м2 талбай бүхий газар огт байгаагүй. Газрын шинэчилсэн хуулийн дагуу цагаан гэрчилгээг өөрчилж байгаа гээд хундамаар нь хэмжиж үзээд байгаа үл хөдлөхөд нь тааруулж гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Миний нэр дээр байдаг 1155м2 талбайг яах юм гэхэд таны нэр дээр Хаш үйлчилгээний төв гээд байж байна гэж хэлсэн. Хаш үйлчилгээний төв дээр чинь газар болон үл хөдлөхийн хамт гэрчилгээг нь өгнө гэсэн. Цааш нь өргөтгөхөд энэ гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээрээ гэж хэлсэн. Хаш үйлчилгээний төв цаанаа газартай үл хөдлөх байсан. 2017 онд нөхөр нас бараад би Улаанбаатар хот руу хэсэг явсан. Нэг өдөр Л.Б яриад чиний байшингийн хундамыг ухаад хажуу талыг нь нураачихлаа гэж хэлсэн. Миний эрх зөрчигдөж, байшин нурахад бэлэн болсон. Шүүхээс очиж үзсэн байх цонх таглаад байшин барьсан. Барилга барих зөвшөөрөлгүй байж хууль бусаар барилга барьсан. Заргалдаад явж байх үед Хаш үйлчилгээний төв гэсэн кадастрын зураг гаргасан байсан. Хаш үйлчилгээний төв чинь миний эзэмшлийнх. Д.Э ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээр миний цагаан гэрчилгээг луйвардаж, хуурамчаар бий болгосон. Тухайн үеийн дарга нар мэдээгүй байх гэж би боддог. Миний байшин одоо нураад уналаа. Би яаж үйлчилгээ явуулах юм. 399м2 талбай гэж миний кадастрын зургийг ашиглан гэрчилгээ гаргаж авсан байна лээ. Би олон удаа өргөдөл өгсөн. Хуурамч баримт бүрдүүлэн миний гэрчилгээг ашигласан. Би хохирч байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Н.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 1995 онд Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 187 м2 талбай бүхий газрыг Хоршооллын холбооны дарга байсан Б.Маас 170.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гутал засвар үйлчилгээ явуулж байгаа жижиг 15м2 талбайн үргэлжлэл 187м2 үл хөдлөх хөрөнгө байсан юм. Би нөхрийн хамт худалдааны агуулахад ажиллаж байсан. Худалдаа 1992-1993 онуудыг дамнуулан тарсан. Хэсэг ажилгүй байж байгаад малчин гэсэн хувиараа эрхлэх аж ахуй байгуулаад, хоршооны холбооны давуу эрхээрээ үл хөдлөх хөрөнгийг авсан. 1995 оны үед гуталчин мэргэжлээр багш даган суралцахаар шийдсэн. Суралцаж байх хооронд хоршоонд ажиллаж байсан Ц.Р гуанз гаргаад ажиллаж байя гэхээр нь итгээд үлдээсэн. Тэр хооронд нь би гутал хийж сурч байсан. Гутлыг ганц өдөр хийгээд сурдаггүй юм, хэдэн жил хийж байж сурдаг. Миний багш ахуй үйлчилгээнд өдийг хүртэл ажилладаг н.Ундармаа гэж хүн байгаа. Ц.Р манай тэнд гуанз гарган, дэлгүүр нээгээд хэдэн хүн ажиллуулж байсан. 1997 онд манай бага хүү төрсөн. 1995-1997 оны хооронд гутал сурч, хүүхэд төрүүлсэн. Мөн хоёр ээжийн бие муу байсан учраас харж хандаж байсан. Амьдралын шаардлагаар үл хөдлөх хөрөнгөө Ц.Рд даалгаж өгөөд явсан хойгуур ийм асуудал үүссэн. Миний суудаг өрөө зайтай байсан. Дамнаж урдуураа ордог хаалгатай, дундуураа тасалгаа коридортой тав таван өрөөтэй байсан. Өрөөн дундуур яваад хүмүүс ордог. Зах ойрхон учраас баас шээсээр дүүрээд болохгүй байхаар нь таглуулсан. Миний сууж байсан өрөөг таглаж тусгаарласан хүн нь гэрчээр оролцуулж байгаа М.М байгаа юм. 2000 онд манай ээж нас барсан. Ирээд түлхүүрээ авах гэтэл өргөтгөл хийсэн өрөөнүүдийнхээ түлхүүрийг өгчихөөд наад хэдэн өрөөний түлхүүрийг өгөөгүй алга болсон. Сураг гаргахад Улаанбаатар хот руу шилжсэн байсан. Хэдэн өрөөнийхөө түлхүүрийг авах гэтэл Д.Э гэдэг хүн ирээд миний юм, таны юм гэж юу байдаг юм гэж хэлсэн. Би ямар үндэслэлээр яагаад авсныг нь мэдэхгүй байсаар байгаад 2017 оны 09 дүгээр сард нэг шөнө ирэхэд Д.Э байрны дээврийг хуулан ачсан. Ч.З бид хоёрын эрх зөрчигдөөд байна. Ч.Зын газрын хундамыг ухаад, манай гутлын өрөөний хажуу талыг бөөрнөөс нь ухаж авсан. Яаж байгаа юм гэхэд би танд буцааж барьж өгнө гэж хэлсэн. Одоо хүн доромжилж байгаа юм шиг хэдэн тоосгоор таглаж өгсөн. Одоо дээвэр нь далий. Ийм байр барилгад бид өдийг хүртэл ажиллаж байна. Би өөрийнхөө хөрөнгийг хамгаалж 2017 оноос хойш заргалдаж байна. Үүнээс хойш хэдэн янзын хулхи бичиг баримт гарч ирсэн. Жишээлбэл 187 м2 үл хөдлөх газар дээр 399 м2 үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авсан. Манай тэнд яагаад ч 399м2 болон 414м2 газар байхгүй, багтах ч үгүй. 414 м2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж авсан байна. Нэгдсэн захын хажуу талд байшин гэж бичүүлж авсан байгаа юм. Он, сар өдөр юу ч заагаагүй байхгүй. Ард талын хуудсанд Ц.Р гэсэн Есөнбулаг сум 3-р баг 6 тоот гэсэн байгаа. Татварын албанаас хаанаас юун хүн гарч ирээд газар эзэмшээд авчхав гэж асуусан. Тухайн үеийн багийн *******ас 3-р баг гэж хаана байдаг юм гэж асуухад одоогийн Жаргалантын хороо, төвийн хэсгийг 4-р баг гэж явдаг байсан гэж хэлсэн. 2 янзын өөр гэрчилгээтэй. Үл хөдлөх нь байхгүй 189,06м2 газрын гэрчилгээг хуурамчаар гаргаж хулхи бичиг баримтыг бүрдүүлсэн. Шүүхэд миний жижиг өрөөг авна гэж хэсэг заргалдсан. Жинст Цахир хоршоо гэж хаана байгаа хэний өмч болохыг судлахад Ц.Н гэж хүн байсан. Би тийм хүн танихгүй, дуулаач үгүй. 187 м2 талбай бүхий үл хөдлөх байсан газар дээр 399м2 газрын гэрчилгээ гаргаж өгч байгаа хүн нь ямар санаатай, ямар учиртай эсэхийг мэдэхгүй байна. Шалгуулъя гэхээр Д.Эт кадастрын зураг байхгүй байхад Хаш үйлчилгээний төвийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хавсаргасан байна. Ц.Н гэж хүн хаана байсан, хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Гэрчилгээнд байшин гэж бичсэн байна. Хаана байгаа байшин юм. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж, үл хөдлөх хөрөнгийн 000103031 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулж, Ц.Н-ийн байгуулсан Жинст Цахир хоршоог авлигатай тэмцэх газарт өгөх бодолтой байна. Ийм зүйлүүдэд үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Жинст Цахир хоршооны 399м2 талбай манай тэнд огт байгаагүй. 414м2 газар байшин тэнд байхгүй. Жинст Цахир хоршоо нь 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр татан буугдсан. Н.Д бид хоёр хувиараа эрхлэх мал аж ахуй гэж байгуулсан, тамга нь хүртэл надад байна. Тухайн үед гутал хийж сурахаар шийдсэн. Энэ үед аж ахуй ашиг муутай байна гэж хэлээд 1995 оны 09 дүгээр сарын 23-нд татан буугдсан. Татан буугдсан хоршооны бичиг баримтыг ашигласан. Ц.Н татан буугдсан хоршооны бичиг баримтыг ашиглаж худлаа баримт үйлдсэн. Бэлэглэлийн гэрээ хийгээд манай хүнд өгсөн гэдэг. Нарангэрэлийг би танихгүй, мэдэхгүй. Манай хүн бага боловсролтой. Би 10 дугаар анги төгссөн худалдааны мэргэжлийн хүн учраас хэдэн тоо нэмж хасаж чадна. 2000 оноос эхлэн гэрчилгээжүүлсэн. Тухайн үед гэрчилгээ гэж байгаагүй. Бичиг баримт байхгүй байсан учраас хүний юмыг өөрийнхөө нэрээр бүртгүүлээд авчихсан. Гэрчилгээнд 187м2 үл хөдлөх хөрөнгө гэж гарсан. Байршил нь зөрүүтэй. Хаа байгаа 3-р баг Жаргалантын хороонд байгаа хашаа байшингийн гэрчилгээг болон татан буугдсан хоршооны гэрчилгээг ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байгаа юм. Тухайн үед нарийн ширийн баримт үйлддэггүй байсан байх. Манай газрыг булааж авснаа мэдэж байна уу? гэж Д.Э, Д.З нарт байнга хэлж сануулдаг байсан. Тэгэхээр танай юм гэж юу байсан юм би худалдаж авсан гэж хэлдэг байсан. Ц.Р Улаанбаатар яваад алга болсон. Чандмань сумын хүмүүс. Тийм учраас би шүүхэд хандаж байна. Хуурамч бичиг баримт ашиглан газар авсан. Бидэнд хүнтэй адилхан худлаа хэлж луйвар хийх сэтгэл, сэтгэхүй байхгүй. Ч.Зыг ирэхэд нь байшингийн нураагаад ухаад авчихсан байсан. Хулхи бичиг баримт ашигласан. Татан буугдсан гэсэн баримтыг би улсын бүртгэлийн газраас авсан. Ч.Зын гэрээнд 2002 он гэсэн байна, 2010 онд авсан гээд худлаа хэлээд байх юм. Ийм учраас бид шүүхэд хандаж байна. Үүний учрыг олж газрын гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2007 оны 11 дүгээр сарын 21-ний 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 1995 оноос хойш Н.Д тус газарт үйл ажиллагаа явуулж байгаад 187м2 талбайг худалдаж авсан байдаг. Иргэн Ц.Ргаар харж хандуулж байсан. Кадастрын зураггүй 3 өөр төрлийн газрын гэрчилгээнд байна. Байхгүй газар дээр 414 м2 гэсэн гэрчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь 2 үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г тайлбарлахдаа нэг өдөр бүртгүүлж хоёр өмчлөгчид шилжсэн гэж байна. Мөн улсын байцаагч А.О Ц.Ргийн эзэмшиж байсан 414м2 талбай кадастрын зураггүй учраас гэрчилгээ гаргах боломжгүй гэж хэлсэн. Боломжгүй зүйл дээр бүртгэлийн гэрчилгээ гаргасан нь ойлгомжгүй байна. Үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан 187.01м2 газар нь давхцалгүй гэдэг нь мэдээллийн санд харагддаг гэж байна. Кадастрын зураггүй газрыг мэдээллийн санд бүртгэгдээд байгаа нь ойлгомжгүй байна. Мэдээллийн сангаас харсан гэж тайлбар өгдөг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 399м2 объект гэсэн байдаг Засаг даргын захирамжид 189.01м2 эзэмшүүлэх тухай гэсэн нь өөр хоорондоо зөрүүтэй байна. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс эд хөрөнгийг бүртгэлд бүртгэхдээ татгалзах эрх үүссэн байхад яагаад үргэлжлүүлээд өмчлөл олгоод байсныг ойлгохгүй байна. Мэдээллийн санд оруулахдаа хэн ч нотлох баримтыг үндэслээгүй оруулсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйл 9.11 зааснаар мэдээллийн санд давхцалгүй мэт харагдаж байгаа ч шүүхэд цугларсан нотлох баримтаар зөрүүтэй харагдаж байна. Дээрх эрх зүйн актууд нь анхнаасаа үнэн зөв байгаагүй мөн утга агуулгын хувьд зөрүүтэй байгаа нь хоёр үйлчлүүлэгчийн эрх ашиг зөрчиж байна. Хуулийн дагуу хийгдсэн бол эрх ашиг зөрчигдөхгүй байсан. Д.Эт зөвшөөрөгдсөн 189м2 талбай байхад ухсан нь 389м2 байгаа юм. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин илүү хэмжээнд газар ухсан гэсэн үг. Энэ 2 хүнийг харахаар шаардах эрх байгаа юм уу? гэх боловч манай үйлчлүүлэгчдийн газраас аваад ухсан учраас эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Эрхийн актуудыг шүүхээр шалгуулахаар хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын хувьд зөрүүтэй байгаа юм. Эх сурвалжаараа хууль зөрчсөн үйлдлүүд харагдаж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээнд зөрүү байгаа. Засаг даргын 307 тоот захирамжид газар эзэмших эрх шилжүүлэхдээ 189м2 олгосон. Сүүлд улсын бүртгэлийн гэрчилгээнд Харзат багт байршилтай 399м2 8 өрөө гэсэн байгаа. 8 өрөө байсан эсэх нь тодорхойгүй. Байсан эсэхийг нь шүүх тогтооно. Эх сурвалжаараа гэрчилгээнүүд нь хууль бус үйлдэгдсэн. 189м2 хэвээр байсан бол энэ хүмүүс өнөөдөр шүүхэд хандахгүй байсан байх. Газрын тухай хуулийн 34 дугаар зүйлд зааснаар газрын зааг хэмжээ байршил кадастрын зургийг тодорхой заана гэсэн байдаг. Кадастрын зураг байхгүй байхад улсын бүртгэлд бүртгээд гэрчилгээ олгоод байгаа нь утга агуулгаараа хууль зөрчөөд байна. Ямар хэмжигдэхүүнээр хэмжээд байгаа нь тодорхойгүй. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2,3 дахин их газар ухаад байгаа нь бидний эрхийг зөрчиж байна. Иймд 2007 оны 11 дүгээр сарын 21-ний 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Д.Э, Ч.З нарын Хаш үйлчилгээний төвийн орчмын барилга эзэмшил газрууд нь ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байгаа болох нь тус газрын мэдээллийн сангаар нотлогдож байна. Иргэн Н.Д нь уг барилгын орчимд газар эзэмшиж байсан мэдээлэл байхгүй. 2002 оны Есөнбулаг сумын Засаг даргын эзэмшүүлсэн 414м2 газрыг Д.Э нь Ц.Ргаас эрх шилжүүлж авсан. Үүнийг үндэслэж гэрээ, гэрчилгээг олгосон. Захирамжийн хавсралт зурагт Хаш үйлчилгээний төв, Д.Эийн газар давхцалгүй байгаа.

 

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

Эхлээд нэг өмчлөгчтэй байсан. Ц.Р, Ц.Н, Жинст Цахир хоршоо гэсэн гурван өмчлөгчтэй 414 м2 үл хөдлөх хөрөнгө байснаас 2002 онд бүртгэл салаад бэлэглэлийн гэрээгээр Н.Дд 15м2, Д.Эт 399м2 шилжсэн гэсэн архивын баримт байдаг. 187м2 үл хөдлөх газар байсан гэж нэхэмжлэгч ярьж байна. 187м2 хэмжээтэй бүртгүүлсэн үл хөдлөхийн гэрчилгээ байсан юм болов уу? гэж асуумаар байна. Хувийн хэрэгт байгаа материалд анхны эзэмшигчийн бүртгэлд байж байгаад Н.Д, Д.Э нарт бүртгэл салаад хоёр эзэмшигчтэй болсон гэсэн баримт архивд байгаа. Тэрнээс өмнөх баримт архивд байхгүй байна.

Үл хөдлөхийн хууль тогтоомжоор тухайн үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэхээр ирсэн өмчлөгчийн хүсэлтээр бүртгэдэг. Хэмжээ өөрчилж байгаа тохиолдолд хэмжилтийн байгууллагаар хэмжилт хийлгэж хэмжээг нь өөрчилдөг. Энэ хоёр бүртгэлийн тухайд 2000 онд анх удаа үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн. Эрх шилжүүлэх гэрээгээр 2 өмчлөгчийн нэр дээр шилжсэн байдаг. Архивд байгаа хувийн хэрэгт уг материалууд байсан. Уг объектыг 2000 онд улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байдаг. Есөнбулаг сумын *******, газрын даамлын хийсэн газар эзэмшүүлэх гэрээг үндэслэж бүртгэл хийсэн байдаг. Тухайн үеийн мөрдөгдөж байсан хуулиар кадастрын зураг шаарддаггүй байсан. 414м2 газар эзэмшүүлэх гэрээнд үндэслэж уг үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байдаг. 2007 онд Д.Э 189м2 газрыг авсан гэж байна. Энийг мэдэхгүй. Өмнө нь хэрэгжиж байсан багц хуулиуд 2017 онд өөрчлөгдсөн. 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс шинэ хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар нотлох баримт шаардлага хангахгүй байгаа тохиолдолд буцаадаг, мэдүүлэг авахаас татгалздаг болсон. Энэ маргааны тухайд 2000 оны хуулиар буюу кадастрын зураг шаарддаггүй байсан үеийн газар эзэмших гэрээнд үндэслэж хийгдсэн бүртгэл байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Д.Эийн тухайд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байгаа 399 м2 талбай бүхий газартай объектыг 2002 онд Жинст Цахир хоршооноос бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, эзэмшсэн байдаг. Дээрх объектыг 2007 онд улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан. Нэхэмжлэгч талаас Ц.Р, Ц.Н нараас 15м2 талбайг аваагүй гэж хэлж байна. Жинст Цахир хоршоо анх 1996 онд байгуулагдсан, 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулан анхны өмчлөгчөөр Ц.Р нэр дээрээ бүртгүүлсэн байдаг. 2014 онд 414м2 объектыг хоёр салгаж 15м2 үл хөдлөхийг Н.Дд шилжүүлж өгсөн. Л.Б гэх хүнтэй эрх зүйн харилцаа үүсээгүй. Үлдсэн 399м2 талбай бүхий газартай объектыг тухайн өдрөө Д.Эт бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Хаш үйлчилгээний төвийн эзэмшигчийн гэрчилгээ нь 2010 онд эрх нь үүссэн. 2 хүний нэр дээр байгаа. Жинст Цахир хоршооны хөрөнгийг хоёр хувааж хоёр хүнд олгосон нь ямар нэгэн байдлаар Хаш үйлчилгээний төвтэй хамааралгүй, эрхийг нь зөрчөөгүй. Гуравдагч этгээд нарын зүгээс нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. 2000 онд анхны өмчлөгч буюу Жинст Цахир хоршоог гэрчилгээжүүл эхэлсэн байдаг. Тухайн үед Газрын алба, Улсын бүртгэлийн хэлтэс нэг дор, нэг байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. 414м2 бүхий газартай үл хөдлөхийг Ц.Р, Ц.Н, А.Н гэх гурван хүн байгуулан 2000 онд гэрчилгээжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэн авсан байдаг. Ц.Р нь 2000 онд өөрийн нэр дээр анхны өмчлөгчийн гэрчилгээг гаргуулж авсны дараа Н.Дд 15м2 газаргүй объектыг, Д.Этэд 399м2 үл хөдлөх газрыг шилжүүлж өгсөн. 8 өрөө бүхий үйл ажиллагаа явуулдаг объект байсан. 2017 онд шинэчлэх зориулалтаар буулгасан. Одоо газар ухагдсан, барилга байхгүй байгаа. 189м2 бүхий объект байсан. Одоо нураасан. Уг объектын хойд талд 399м2 объектын газартай нийлээд 399м2 бүхий газар Д.Эийн нэр дээр байсан. Д.Э өөрийн нэр дээр байсан учраас өөрийн эзэмшлийн газраа ухсан, таны объект руу халдаж орсон зүйл байхгүй. 2007 онд газрын гэрчилгээг шилжүүлж авахдаа 399м2 тухайн байгаа объектын хэмжээгээр буюу 189м2 болгож авсан байдаг. Өнөөдөр 2021 оны 07 дугаар сар. Уг маргаан бүхий газар дээр анхны өмчлөл үүссэнээс хойш 21 жил болсон байна. Үл хөдлөх хөрөнгийг газрын хамт Жинст Цахир хоршооноос бэлэглэлийн гэрээгээр авсан. Үүнд талууд маргахгүй байна. 3 жилийн дараа 2001 онд нэг эзэмшигч нь хасагдсан. 2003 онд бэлэглэлийн гэрээгээр Н.Д 15м2 талбайг авсан гэдэг дээр маргахгүй байна. Д.Э нь 399м2 8 өрөө бүхий үл хөдлөх газартай. Объект бол биш. Тухайн үеийн улсын бүртгэгчийн үг үсгийн алдаанаас болж маргаан үүссэн гэж үзэж байна. 2007 онд газрын харилцаа геодези зураг зүйн газраас объектын хэмжээнд гэрчилгээг олгоно гэсэн байдаг. Үүний дагуу газрын гэрчилгээг гаргуулж авсан.

Нэхэмжлэгч Н.Д, Ч.З нар уг газрыг одоог хүртэл ашиглаж байгаа дээр аль, аль тал нь маргахгүй байна. Д.Эийн тухайд газартай, үл хөдлөхийн хамтаар ашиглаж байна. Объектыг 2017 оноос ашиглах боломжгүй болсон учраас барилгыг нурааж эхэлсэн. Тус газрууд кадастрын зургийн хувьд давхцалгүй. Энэ нь үнэн. 2007 онд эзэмших эрх шилжиж засвар үйлчилгээ хийж эхэлсэн. Засвар үйлчилгээ хийе гэж Д.Эээс асуугаад байгаа нь Д.Эийн эзэмшил, ашиглалтад байсныг нь мэдэж байсан болов уу гэж бодож байна. Мэдсэн атлаа 10 гаруй жилийн дараа яагаад миний эрх зөрчигдөж байна гээд байгаа юм. Мэдээгүй байж болно. 2017 онд барилга нураасныг мэдсэн. Мэдсээр байж өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд эрх бүхий байгууллагад яагаад хандаагүй юм. Дулааны улирал эхлэхэд барилга байгууламжийн зөвшөөрөл хөөцөлдөж шүүх, цагдаагийн байгууллагад ханддаг. Ч.З нь О-ээс авсан, Жинст Цахир хоршооноос аваагүй гэдгээ хэлдэг. О гэдэг хүний газар зааг, ялгаа, кадастрын зургаараа өөр, хоёр өөр өмчлөгчтэй газар. Д.Эийн тухайд О гэх хүнээс хөрөнгө салгаж авсан зүйл байхгүй. О-ээс зөвхөн Ч.З л авсан гэдэг. Жинст Цахир хоршооноос 15м2 талбайг Н.Д авсан гэдэг нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна. Удаа дараа олон кадастрын зураг гарсан. 2018 оноос хойш кадастрын зураг шаардаж эхэлсэн. Хэмжилтийн газрыг хийхэд харагдаж байгаа. Ухсан гэх газар нь 354м2 газар байгаа. Өөрөөр хэлбэл 399м2 газар байсан гэдэг нь кадастрын зургаар харагдаж байгаа. Ч.З миний эрх ашиг зөрчигдөөд байна гэдэг. С.Б гэх хүний эрх ашиг хөндөгдөхгүй байгаа юм уу? Объект маань хоёр эзэмшигчтэй. Үнэхээр таны эрх ашиг зөрчигдөөд байгаа юм бол яагаад С.Б-ийн эрх ашиг хөндөгдөхгүй байгаа юм, эрх ашиг хөндөгдөж байна гээд цуг нэхэмжлэл гаргахгүй яасан юм. Ямар нэгэн байдлаар Н.Д, Ч.З нарын эрх ашиг нь зөрчигдөөгүй, хууль бусаар өмчлөлийн газарт нь халдаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч М.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Н.Д бид хоёр худалдааны трестэд олон жил хамт ажилласан. Одоо Н.Д, Л.Б нарын байгаа жижиг өрөөний урд тал нь худалдааны контор байсан. 10 гаруй өрөөтэй, нягтлангууд суудаг байсан. Олон нягтлантай байсан. Тэрийг сайн мэдэж байна. Одоо гутал хийдэг өрөөг өргөтгөл хийнэ чи янзлаад өгөөч гэж Н.Д гуйсан учраас би янзалж өгсөн. Н.Д, Л.Б нар хоёулаа трестэд ажилладаг байсан. Н.Д давуу эрхээрээ л авч байсан. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй гэв. Хоршоо гэж мэдэхгүй. Худалдааны трест гэж л мэднэ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Н-ийн Д, Ч-ын З-т нар Говь-Алтай аймгийн *******, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 3асаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

1. Маргаан бүхий бүртгэл болох гуравдагч этгээд Д.Э, Д.З нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар:

Нэхэмжлэгч Н-ийн Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт байрлах, 1 өрөө, 15м2 талбайтай, гутал засварын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчилдөг.

Жинст Цахир хоршооны эзэн Ц.Р нь Худалдаа бэлтгэлийн удирдах газрын конторын барилгын хойд хэсгийг хувьчлан авч, 15 м2 талбайтай нэг өрөөг өргөтгөн барьж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд тусад нь бүртгүүлэн гэрчилгээ авч, 2003 онд нэхэмжлэгч Н.Дд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Ч-ын З-т нь Худалдаа бэлтгэлийн удирдах газрын конторын үндсэн барилгыг иргэн Д.О-ээс худалдан авч Хаш үйлчилгээний төв гэсэн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээ нь гуравдагч этгээд Д.Э, Д.З нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт байршилтай 8 өрөө, 399м2 талбайтай дэлгүүр, үйлчилгээний барилгад 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр олгогдсон байна.

Энэ үл хөдлөх эд хөрөнгийг Жинст Цахир хоршооны эзэн Ц.Р, гишүүн Ц.Н, А.Н нар хамтран өмчлөгчөөр анх 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 0013629 дугаартай гэрчилгээ авсан байдаг.

2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Жинст Цахир хоршооны эзэн Ц.Р, гишүүн Ц.Н, А.Н  нар, иргэн Д.Э, Д.З нартай Бэлэглэлийн гэрээ байгуулан 8 өрөө, 399м2 талбайтай дэлгүүр, үйлчилгээний барилгыг шилжүүлжээ.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг баримтлан Бэлэглэлийн гэрээ, 0013629 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, Жинст Цахир хоршооны барилгын байршил схем план зураг, тухайн барилгын гадаах фото зураг, үйлчилгээний хөлс төлсөн баримт, өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг үндэслэн иргэн Д.Э, Д.З нарт 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 000103031 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосныг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх-ээр заасны дагуу нэхэмжлэгч Н.Д болон гуравдагч этгээдийн хэн аль нь хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийг 2003 онд тус тус Бэлэглэлийн гэрээ-гээр шилжүүлэн авч, 2004 оны 2 дугаар сард улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх нь баталгаажсан байх тул гуравдагч этгээдийн бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм.

Гуравдагч этгээд Д.Э, Д.З нарын үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийн дунд байрлаж байсан байх ба нэхэмжлэгч Ч.Зын барилгаас тусдаа барилга байсан байна.

Улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан үл хөдлөх хөрөнгөө гуравдагч этгээд 2017 онд буулгаж, бодитоор оршин байхгүй болжээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.7-д зааснаар өмчлөгч одоо тухайн эд хөрөнгийн бүртгэлийг хаалгахаас өөр эрх зүйн үр дагаваргүй болсон байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Д.Э, Д.З нарын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Харин гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгөө буулгаж, барилгын фундаментыг гаргаснаас болж хөрш залгаа хөрөнгөд нөлөөлөл үүсэж үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу ашиглахад хүндрэлтэй байгаа гэсэн нэхэмжлэгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус шүүх харьяалан хянан хэлэлцэхгүй болно. Учир нь иргэн хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө иргэний эд хөрөнгөд хохирол учирсан, хөрш залгаа хөрөнгөд ямарваа нэг нөлөөлөл үүссэн бол иргэний хэргийн шүүхэд хандах нь зүйтэй.

2. Маргаан бүхий газар болох гуравдагч этгээд Д.Эийн эзэмшил газрын талаар:

Гуравдагч этгээд Д.Эт Говь-Алтай аймгийн 3асаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамжаар 189.06м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч Ч.З, түүний хүү С.Б  нарт Говь-Алтай аймгийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар захирамжаар 274м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэрийг аймгийн ******* гаргасан тул газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх, газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулах ажлыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гүйцэтгэжээ.

Хариуцагчаас дээрх ажлыг гүйцэтгэхдээ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна., Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-т газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн эдлэн газар бүр түүнийг бусад газраас заагласан ерөнхий хилтэй байх гэснийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... бид 1995 онд Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 187м2 талбай бүхий газрыг тухайн үед Хоршоодын холбооны дарга байсан Б.Маас 170 000 төгрөгөөр авч байсан. Одоо миний эзэмшлийн 15м2 талбай бүхий газрын үргэлжлэл үл хөдлөх хөрөнгө юм гэж маргаж байх боловч тухайн байршилд газар эзэмшдэггүйгээс гадна 2003 онд Жинст Цахир хоршооноос нэхэмжлэгч Н.Д, гуравдагч этгээд нар бэлэглэлийн гэрээгээр тус тусын үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан нь улсын бүртгэлийн баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.Дгийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Жинст Цахир хоршооны эзэн Ц.Р өргөтгөн барьж, 2000 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Н.Д тухайн газар, үл хөдлөх хөрөнгийг 1995 онд худалдан авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.З ... Д.Э нь 2007 онд миний эзэмшлийн газрын үргэлжлэл болох Хаш үйлчилгээний төвийн газар дээр кадастрын зураглал хийлгэж уг зургийг ашиглан газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар хоорондоо ямар нэг хэмжээгээр давхцалгүй, хөрш залгаа нэгж талбарууд болох нь хариуцагчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт, шүүхээс газар дээр хийсэн үзлэгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.З хүү С.Б-хээ хамт Говь-Алтай аймгийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар захирамжаар Хаш үйлчилгээний төв байрлах 274м2 газрыг эзэмших болсон байна. Харин гуравдагч этгээд үл хөдлөх эд хөрөнгөө 2003 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, харин газраа 2007 оноос эзэмшжээ.

Нэхэмжлэгч нар ... манай энд 414м2 талбай байхгүй байхад үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан тул хүчингүй болгож өгнө үү. гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн анхны баримтад байшин 414м2 гэсэн бичвэр бүхий иргэн Ц.Ргийн Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн гэрээ байх боловч газрын байршил, эргэлтийн цэг тодорхойгүй тул түүнийг нөхөн тогтоох боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч Н.Д, гуравдагч этгээд Д.Э нартай байгуулсан бэлэглэлийн гэрээнд газар эзэмших эрхийг шилжүүлсэн талаар тусгаагүй болно. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Д, гуравдагч этгээд Д.Э хоёрын өмчлөлийн барилгын нийт хэмжээ 414м2 байдаг. Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г тухайн үед барилгыг гадна хаяавчийг оролцуулан хэмжсэн байх магадлалтай гэх тайлбар гаргасан. Гэвч газар эзэмших эрх аль алинд нь шилжээгүй ба гуравдагч этгээд тухайн байршилд 189.06м2 талбай бүхий газар эзэмшиж, нэхэмжлэгч Н.Д өөрийн өмчлөлийн байшингийн доорх газрыг эзэмших эрх өнөөг болтол аваагүй байдаг.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын ..миний эд хөрөнгийн залгаа газрыг авсан, миний эзэмшил газрыг хуурамч баримт бүрдүүлэн авсан гэх тайлбар нотлогдохгүй байна.

Шүүхээс газар дээр хийсэн үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд нь 189.06м2 газар эзэмшдэг боловч түүний эд хөрөнгөө буулгаж ухсан талбай нь 354м2 байгаа нь тогтоогддог. Гуравдагч этгээд эзэмшлээсээ хэтрүүлэн газар ухсан нь газар эзэмших гэрээнд заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзэх нөхцөлтэй боловч нэхэмжлэгч нарын газар, үл хөдлөх хөрөнгийн доорхи газрын хил, заагийг хөндөөгүй байна.

Нэгэнт нэхэмжлэгч Н.Д, Ч.З, гуравдагч этгээд Д.Э нарын эзэмшлүүд давхцалгүй, нэхэмжлэгч нарыг үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгон орц, гарцыг хаасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрээс үүдэн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Мөн гуравдагч этгээд Д.Эийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарт тухайн газрыг эзэмших эрх үүсэхгүй.

Иймд гуравдагч этгээд Д.Э, Д.З нарын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээ, Д.Эт газар эзэмших эрх олгосон 3асаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Н.Д, Ч.З нараас Говь-Алтай аймгийн *******, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан 3асаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОЮУНСҮРЭН