Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0895/З |
Дугаар | 152 |
Огноо | 2017-05-24 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 152
Ч.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ч.Цогзолмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Д.Үржинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0137 дугаар магадлалтай, Ч.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Цогзолмаагийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Цогзолмаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0137 дугаар магадлалаар: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийг 1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Цогзолмаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Цогзолмааг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Цогзолмаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.858.302 /гурван сая найман зуун тавин найман мянга гурван зуун хоёр/ төгрөгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай. гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3, 3 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үржинсүрэн, Т.Наранцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 211/МА2017/0137 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн тул дараах гомдлыг гаргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;”
Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолоор “...орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.
Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1.... “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгуулалтын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасны дагуу Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдсан тул газрын даргаар ажиллаж байсан Ч.Цогзолмаад 5.224.602 /таван сая хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун хоёр/ төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг олгосон ажлаас чөлөөлсөн.
Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь нөхцөл байдлыг бодитой дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “...Ч.Цогзолмааг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө газрын даргын албан тушаалын орон тоо хасагдсан тухай урьдчилан мэдэгдэж, хуулийн дагуу өөр ажлын байр санал болгосон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Цогзолмааг ажил албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчжээ” гэсэн дүгнэлт нь магадлалыг тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Цогзолмаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох” гэсэнтэй зөрчилдөж байна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Цогзолмааг ажил албан тушаалаас чөлөөлөхдөө давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дээрх үндэслэлийг баримтлаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон учир анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Цогзолмаагийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн явдал юм.
2. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Засгийн газрын 2015 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай 501 дүгээр тогтоолын Хууль зүйн сайдын хүрээнд Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газар болон нэршил, үйл ажиллагааны чиглэлийн хувьд өөрчлөгдсөн.
Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/304 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 3.1-д “Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын болон Орон нутгийн нэгжийн зохион байгуулалтын бүтцийн тогтолцоог баталсан. Энд дурдснаар аймгийн бүртгэл, статистикийн газар нь улсын бүртгэл, статистикийн хэлтэс гэсэн зохион байгуулалттай байсан. Дээрх актуудын хүрээнд “Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын албан тушаалын орон тоо, ангилал зэрэглэл”-ийг Б/68 дугаар тушаалаар баталсан.
“Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалыг “Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын төрийн захиргааны албан хаагчид, тэдгээрийн цалин нэмэгдлийг баталсан 2 дугаар хавсралтаар Ч.Цогзолмаа нь аймгийн “Улсын бүртгэл статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ТЗ-10 зэрэглэлээр цалинжиж байсан.
Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хүрээнд “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон нэршил, үйл ажиллагааны чиглэлийн хувьд өөрчлөгдсөн.
Хууль зүйн сайдын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалын 1-р хавсралтын 4.11-д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, түүний чиг үүргийг баталсан байна.
Аймгийн бүртгэл, статистикийн газрын дарга, статистикийн хэлтсийн даргын орон тоо хасагдаж, Улсын бүртгэлийн хэлтэс үйл ажиллагааны чиглэлээрээ даргын орон тоо нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын үндсэн чиг үүргийнхээ болон албан тушаалын зэрэглэлийн /ТЗ-9/ хувьд хэвээр хадгалан үлдсэн.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу Ч.Цогзолмааг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст цалин хөлс бууруулахгүйгээр ажил албан тушаалд томилох орон тоо байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27.4.4-д зааснаар утсаар санал солилцох ажиллагааг хийж, өөрийнх нь хүсэлтээр Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д зааснаар Дорноговь аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын даргын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт 5,224,602 төгрөг олгосон.
Мөн хэрэгт Ч.Цогзолмаа нь Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн тухай тодорхойлолт ирүүлсэн байгаа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22-р тогтоолоор батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажлаас чөлөөлөгдснөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй тооцоо хийж дууссан тухай тодорхойлолтыг авч ажилгүйдлийн тэтгэмж авсан. Ч.Цогзолмаа нь байгууллагатай тохиролцсон ёсоор төрийн албаны харилцаа дуусгавар болгосноо хүлээн зөвшөөрснийг илтгэж байгаа үйлдэл юм.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтаар Ч.Цогзолмааг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “...албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих...” гэж хуульчилж өгсөн байхад Ч.Цогзолмаагийн ажил албан тушаалын цалин хөлс буурсан албан тушаалд томилохыг даалгасан нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Цогзолмаагийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 3,858,302 төгрөгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, Ч.Цогзолмаад олгуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хуульд цалин хөлсийг нь бууруулахгүй, нөхөн олговор нь ажил албан тушаал эрхэлж байсан үеийн цалин хөлстэй тэнцэх гэсэн заалт байхад хүчингүй болсон тушаалыг үндэслэж, нэхэмжлэлийн 2 дахь заалтыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Ч.Цогзолмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцжээ.
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон өөрчлөгдөн зохион байгуулагдснаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн, үүнд Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ч.Цогзолмаа хамрагджээ.
Маргаан бүхий 2016 оны Б/36 дугаар тушаал нь Улсын Их хурлын тогтоол Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалд нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг магадлалд тодорхой дүгнэж, уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, хэргийн оролцогчид энэ талаар гомдол гаргаагүй байна.
Харин 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар шинээр байгуулагдсан бүтцийн дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нийт 29 орон тоотой, үүнд хэлтсийн даргатай байхаар батлагдсан, хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг нь өмнөх аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын чиг үүргээс өөрчлөгдөөгүй, ажлын байр хэвээр хадгалагдан үлджээ.
Гэтэл хариуцагчаас ажлын байрны орон тоо хасагдсан хэмээн нэхэмжлэгч Ч.Цогзолмааг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажилд томилоогүй атлаа тухайн бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаагүй Ц.Тэгшжаргалыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,...” гэж заасантай нийцээгүй байна.
Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчид 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй.
Мөн аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан тушаалын зэрэглэл ТЗ-10, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалын зэрэглэл ТЗ-9 байх боловч уг албан тушаалуудын чиг үүрэг адил, нэхэмжлэгчээс хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах саналаа гаргаж байсан, энэ албан тушаалд томилогдон ажиллах боломжтой байжээ.
Иймд “...шүүх зэрэглэл буурсан албан тушаалд томилохыг даалгасан нь хууль зөрчсөн...” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүйгээс гадна “... Ч.Цогзолмаа нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн...” хэмээн гомдолдоо дурдсан нь нэхэмжлэгчийг ажилд томилоогүй хариуцагчийн хууль бус үйлдлийг Ч.Цогзолмаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0137 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ