Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга      М.Баярмэнд            

улсын яллагч                    Б.

шүүгдэгч                            Ц.*******

түүний өмгөөлөгч             Э.

хохирогч                          М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох 2223001270138 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* баг, ын хэсгийн тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн *******, /регистрийн дугаар: /

 Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 40 минутын орчимд ******* аймгийн ******* сумын баг ******* захын урд замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч М.*******г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

мөн гэмт хэрэг үйлдсэн /осолд холбогдсон/ даруйдаа тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх зэрэг мөн дүрмийн 3.5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, ослын газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг орхиж зугтаасан” гэмт хэрэгт тус тус хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын    багийн нутаг дэвсгэрт ******* захын урд талын замд Соната-5 маркийн УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч М.*******г мөргөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал:

 Осолд орсноо шууд тусган мэдүүлсэн хохирогч М.*******гийн “...Би явган хүний замаар зам хөндлөн гарч явтал нэг машин хүрч ирээд дайрчихсан...Энэ асуудал ... 10 цаг 40-50 минутын хооронд болсон  байх. Осол болсон газар нь ******* захын хажууд байдаг дэлгүүрийн харалдаа урд талын зам дээр явган хүний гарц дээр болсон. Миний биед толгой хавдсан, нуруугаар  өвдөж байна, баруун хөл мэдээгүй байна... Эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна. Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг би өөрөөсөө гаргаад эмчилгээгээ хийлгэсэн. Одоогоор бүрэн эмчлэгдээгүй. Эмчилгээ дуусаагүй байгаа...” гэсэн мэдүүлгээр, /26-31 дэх тал/

Зам тээврийн осол болох үед Ц.*******гийн жолоодож явсан автомашинд зорчиж байсан, ослын талаар шууд тусган мэдүүлсэн гэрч М.ийн “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эмээг эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан. Тэгээд гэрлэн дохион дээр зогсоод гэрлэн дохио асаад явж байснаа нэг тас гээд нэг юмтай мөргөлдөх шиг болсон... Уг осол ******* захын хажуу талын тамхины гийн урд талын зам дээр болсон. Цагийг бол сайн мэдэхгүй байна. Өглөөгүүр болсон. Осол яг ямар байдлаар хэрхэн гарсныг би мэдэхгүй байна. Би жолоочийн арын суудал дээр сууж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Түг хийгээд явсан тэгээд өндийгөөд харсан чинь хүн мөргөчихсөн байсан. Автомашиныг Ц.******* ах жолоодож явсан...” гэсэн мэдүүлгээр,/34-36 дахь тал/

гэрч Н.ийн “...Бид нар гэртээ байж байгаад манайд хөдөөнөөс хөл гар муутай хөгшин хүн хүрээд ирсэн байсан. Тэр хүнийг эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан. Тэгээд төвийн гүүрний хажуу талын гэрлэн дохион дээр зогсож байгаад хөдлөөд цаашаагаа аяархан явж байтал гэнэтхэн түс хийгээд явчихаар нь би араас нь машин мөргөчих шиг боллоо гэж бодоод машинаас буугаад харсан чинь зам дээр хүн хэвтэж байсан. Тэгээд бид нар эмнэлэг рүү аваачаад өгье гээд эмнэлэг дээр аваачиж өгсөн. Би эмнэлэг дээр очоод эмээг үзүүлэх гээд тэд нарыг орхиод эмээг машинаас буулгаад эмнэлэг рүү аваад очсон. Бид нар улсын дугаартай Соната маркийн автомашинаар явсан. Жолооч нь Ц.******* байсан. ...Ц.******* эрүүл байсан...” гэсэн мэдүүлгээр, /37-38 дахь тал/

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд… өөрийн эзэмшлийн улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож аймгийн нэгдсэн эмнэлэг рүү Пицца хаатын урд буюу ******* захын зүүн урд талын хатуу хучилттай зам дээр явж байсан. Тэгтэл эмээ ёолоод өвдөөд байхаар нь “яасан эмээ зүгээр үү” гээд арын суудал буюу эмээгийн сууж явсан суудал руу хараад гэнэт хүн гарч ирэхээр тоормос гишгэсэн боловч зүүн урд талын гэрлээрээ очиж үл таних эмэгтэй хүнийг мөргөсөн...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 140-141 дэх тал/ хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Тухайн зам тээврийн ослын улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 000000343 дугаартай “...Иргэн М.*******гийн биед 2022 оны 06 сарын 22-ны өдөр Бүсэлхийн L3-р нугалмын зүүн хажуу талын хөндлөн сэртэн зөрүү багатай хугаралтай, L4/L5 нугалам хоорондох диск бүтцээ алдан дегенаратив өөрчлөлтөд орсон диск ар хэсэгтээ урагдалтай, дагз, нурууны ар талд зөөлөн эдийн гэмтэл, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд  2022 оны 06 сарын 22-ны өдөр авто ослын үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь автомашинд мөргүүлэх үед үүснэ. 4. Бүсэлхийн L3-р нугалмын зүүн хажуу талын хөндлөн сэртэн зөрүү багатай хугаралтай, L4/L5 нугалам хоорондох диск бүтцээ алдан дегенаратив өөрчлөлтөд орсон диск ар хэсэгтээ урагдалтай, дагз, нурууны ар талд зөөлөн эдийн гэмтэл, 2 өвдөгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ” гэсэн  дүгнэлтээр нотлогдсон байна. /хэргийн 79-81 дэх тал/

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан Ц.******* зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс болсон нь ******* аймаг дахь цагдаагийн хошууч П.ийн гаргасан 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “... Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******гийн ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлд “Явган хүний зохицуулдаггүй  гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гаргахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас, зам тээврийн осол хэрэг гаргахад нөлөөлсөн байх боломжтой” гэсэн магадлагаар тогтоогдсон байна. Н.******* нь В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн жолоочийн мэдээлэл лавлагаагаар тогтоогдсон байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт дүгээр зүйлд “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гаргахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 Шүүгдэгч нь Ц.******* нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээр хохирогчийг хэргийн газраас авч яван эмнэлэгт хүргэсэн боловч буцаж хэргийн газар ирээгүй, гэмт хэрэг үйлдсэнээ нуух зорилгоор шууд гэр лүүгээ явж, тээврийн хэрэгслийн дугаарыг сольсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хэргийн газарт буцаж очоогүй, тээврийн хэрэгслийн дугаарыг сольсон тухай шууд тусган мэдүүлсэн гэрч М.ийн “ ...Тэгээд эмнэлэг дээр авааччихаад эмнэлгээс гарч яваад машин дээрээ очоод эмээ, эгч, дүү хоёрын хамт эмнэлэг рүү явуулчхаад Ц.******* ах бид хоёр машинаа аваачиж гэртээ тавьчхаад ...Ц.******* ах бид хоёр гэртээ үлдээд ... байж байтал гадаа хүн явах шиг болсон. Тэгэхээр нь би ээж ирчихсэн юм байх гэж бодоод гараад харсан чинь манай хашааны урд хаалган дээр хоёр хүн ирчихсэн байсан. Би юун хүн юм болоо гээд буцаж ороод Ц.******* ахад ороод хэлсэн чинь араас нөгөө хоёр хүн ороод ирсэн. Тэгээд тэр хоёр хүн цагдаа байна гэж хэлээд Ц.******* ахыг аваад явсан...Ц.******* ахын машин... улсын дугаартай байсан. Машины номерыг цагдаагаас нуух зорилгоор айж сандарсандаа болоод Ц.******* ах сольсон...” гэсэн мэдүүлгээр,  /34-36 дахь тал/

гэрч Н. ийн “... Ц.******* ...гэртээ очоод машиныхаа дугаарыг солиод нөгөө машинаа үзлэгт оруулна гэж хэлээд явсан. Яагаад цагдаад мэдэгдээгүй талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр, /37-38 дахь тал/

Ц.*******гийн “...Эмнэлэг дээр очоод их гэрэл хагарсан байхаар нь ийм машинтай яваад яахав гэж гэртээ очоод машинаа хашаанд оруулж тавиад улсын дугаарыг задлаад сэлбэг болгоод Соната-5 маркийн машины ЗАН улсын дугаарыг сольж тавьсан...” гэсэн мэдүүлгээр, /140-141 дэх тал/ тус тус тогтоогдож байна.

Автотээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж 27.10 дугаар зүйлд заасан хохирол учруулаад хэргийн газрыг зориуд орхин зугтаах үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор заасан.

Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний онцлог нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн авто тээврийн хэрэгслийн жолооч нь зохих байгууллагад мэдэгдээгүй, хэргийн газрыг зориуд санаатайгаар орхин зугтаасан идэвхтэй үйлдлээр илрэх ба сэдэлтийн хувьд гэмт хэрэг илэрч баригдахаас зайлсхийсэн айж сандарсан зэрэг байж болно.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийн “б”-д зааснаар тээврийн хэрэгслийн жолооч нь “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” үүрэгтэй байна.

Шүүгдэгч Ц.******* дээрх үүргээ зөрчиж зам тээврийн ослын улмаас хохирогч М.*******д эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлгийн байгууллагад хүргэсэн боловч буцаж ослын газар очилгүй шууд гэртээ очиж тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Ц.******* зам тээврийн  осол гаргаснаа нуун далдлах зорилгоор өөрийн шууд санаатай үйлдлээр ослын газрыг орхиж зугтаасан  нь “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан”  гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч М.******* нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд нийт 2.877.273 төгрөгийг гаргуулахаар холбогдох баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн байна. Үүнээс  “хужирт ус болон нойтон салфетка” худалдан  авсан  6.100 төгрөг нь Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсантай холбогдон гарсан хохирогчийг гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарах зардалд хамаарахгүй, хүний өдөр тутмын хэрэгцээний зардал байх тул нэхэмжлэлээс хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хохирогч эмчилгээ асаргаа сувилгаанд нийт 2.871.173 төгрөг зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 2.871.173 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч хохирогчид 300.000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр М.*******гийн эзэмшлийн дугаарын дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул хохирогчид төлөх төлбөрөөс хасаж нийт 2.571.173 төгрөгийг гаргуулж хохирогч М.*******д олгох нь зүйтэй байна.

Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээх нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч байгаа, хохиролд 300.000 төгрөг төлсөн, цаашид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг хүлээж авах боломжгүй байна.  Учир нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нь Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээнд хамаарахгүй байна.

Харин энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан эрх хасах ялын нэг төрөл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг оногдуулна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд эрх хасах ялыг нэмж оногдуулахаар заагаагүй байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзээд 

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7,1.8,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2.Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.*******г 3 сарын хугацаанд ******* аймгийн ******* сумаас гадагш явахыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 3 сарын хугацаанд тус тус хүлээлгэсүгэй.

5.Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******гээс 2.571.173 төгрөгийг гаргуулж хохирогч  М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.100 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

8. Шүүгдэгч Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсаргаж, хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

10. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид оногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

             

             

                 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.НАНДИНЦЭЦЭГ