| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00815/И |
| Дугаар | 142/ШШ2018/00906 |
| Огноо | 2018-09-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2018/00906
| 2018 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 142/ШШ2018/00906 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Жаргалант сум, Жаргалант баг, 14-р байр 11 тоотод оршин суух Г овогт Д-н М -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг Найрамдал талбайд байрлах Э ХХК-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 48 272 914 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.М Э ХХК-ний ерөнхий захирал Х.Б-гийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00877 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар магадлал, МУ-ын Дээд Шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 001/хт2018/00286 дугаар тогтоолоор урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Ингээд Э ХХК-нийерөнхий захирал Х.Б-гийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар тус үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын машины жолоочоор эгүүлэн авах тушаал гарсан. Иймд ажилгүй байсан 1 жил 2 сар 17 хоногийн цалин хөлс болох 48 272 914 төгрөг нэхэмжилж байна. /2017 оны 01 дүгээр сард 2 459 469 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 4 513 706 төгрөг, 2017 оны 3 дугаар сард 2 829 940 төгрөгний цалин хөлс тус тус авч байсан бөгөөд сүүлийн 3 сарын цалин хөлс бүгд 9 803 115 төгрөг буюу нэг сарын дундаж цалин хөлс 3 267 705 төгрөг. Нэг өдрийн цалин хөлс 3 267 705:22=148 532 төгрөг. Иймээс миний ажилгүй байсан хугацааны мөнгө болох 48 272 914 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д.М-ын нэхэмжлэлтэй Э ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 48 272 914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Д.М нь нэхэмжлэлдээ нэг өдрийн цалинг 148 532 төгрөг гэж нэхэмжилсэн бөгөөд Монгол Улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өөрийн биеэр ажиллаагүй бөгөөд түүний нэхэмжилсэн нэг өдрийн цалинд үндсэн цалин, нэмэгдэл хөлсийг хамтатган бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь Э ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 48 272 914 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Э ХХК-ний ерөнхий захирлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 дүгээр тушаалаар ажилтан Д.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд Д.М нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00877 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00286 дугаартай тогтоолоор Д.М-ыг Э ХХК-ний Автотээврийн байгууллагын хүнд даацын белазын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон байна.
Дээрхи шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, Д.М-ын өргөдлийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Э ХХК-ний ерөнхий захирлын Б/694 дугаар тушаал гарч Д.М-ыг Автотээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын машины 6 дугаар зэргийн жолоочоор 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эгүүлэн авч ажиллуулахаар болжээ.
Нэхэмжлэгч Д.М 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 48 272 914 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан нь хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан тул түүнийг хуулийн хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.М ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг Э ХХК-аас шаардах эрхтэй гэж үзнэ.
Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 45 595 800 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Харин илүү нэхэмжилсэн 2 677 114 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндэслэл нь: Нэхэмжлэгч Д.М-ын ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн гэрээгээр түүний үндсэн цалин цагт 7 489.35 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 2 459 469 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 4 513 706 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 2 829 940 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого орж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Э ХХК-д ажиллах тухай хөдөлмөрийн гэрээ болон 0174722 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин 9 803 115 төгрөг, нэг сарын дундаж цалин 3 267 705 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 151 986 төгрөг /3 267 705:21,5/ болох бөгөөд ажилгүй байсан хугацаа 300 хоног тул нийт 45 595 800 төгрөгийн олговорыг хариуцагч Э ХХК-аас гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.М улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн тул хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 385 929 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 45 595 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-толгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 677 114 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар Д.М-ын цалинтай тэнцэх олговор 45 595 800 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Э ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э ХХК-иас 385 929 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ