| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0865/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/903 |
| Огноо | 2022-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Г.Цогтмагнай /томилолтоор/,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б ийн У д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ө... аймгийн Д..д суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б ийн У /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 19:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “’... ” нэртэй дэлгүүрийн орчимд Лексус (Lexus-450) загварын ... улсын дугаартай автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр С.О тай хардалтын улмаас маргалдан, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрийн таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд
Шүүгдэгч Б.У нь “2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 19:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “’... ” нэртэй дэлгүүрийн орчимд Лексус (Lexus-450) загварын ... улсын дугаартай автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр С.О тай хардалтын улмаас маргалдан, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрийн таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч С.О гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн Хандгайтын богино зусланд наадмын өмнөх өдөр гараад одоог хүртэл байж байна. Өнгөрсөн шөнө буюу 17-ны өдөр хүний машинд дайгдаж хот орж хоноод өнөөдөр буцаад лагер явж байсан юм. 32-ын тойрог хүртэл такси бариад тэндээс 19 цагийн үед Б.У ирж авсан. ... дэлгүүрийн гадаа очоод Б.У тэй муудалцсан чинь цонхоо хааж, хаалгаа түгжиж байгаад гараа зангидаж нүүрэнд 5-6 удаа цохисон. Цаашаа хөдлөөд явж байхдаа нэг гараараа жолоогоо барьж, нөгөө гараараа намайг цохиж зодож явсан. Намайг зодоод байхаар нь хаалгаа нээтэл хурдаа багасгахаар нь би тэр үед үсрээд буучихсан юм. Тэгсэн машиндаа буцаж суу гэж орилоод машинаа эргүүлээд намайг дайрах гээд хөөгөөд байсан. Би “туслаарай” гээд орилсон чинь Приус загварын машинтай ах зогсоод буугаад иртэл нөхөр машинаа асаагаад зугтаад явсан. Тухайн үед хамар руу их цохисон учраас цус их гарсан. Өмсөж явсан хувцас цус болсон. Одоо толгой маш их өвдөж байна. Уруул дотор талдаа сэтэрсэн, хавдартай, ярихад их хэцүү байна. Өмнө нь 2020 онд Өмнөговь аймагт намайг зодоод цагдаагаар шалгуулаад торгуулж байсан, ер нь гар хүрч зодож байсан, би цагдаад хандаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10097 дугаартай “...С.О гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.У ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний гар хүрч цохисон нь үнэн боловч С.О гийн өгсөн мэдүүлэг зарим хэсэг нь болсон явдлаас өөр байна. Тухайн үед манай эхнэр С.О уурлаад тийм мэдүүлэг өгсөн байсан. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед ...С.О намайг машин барьж байхад гар утсаараа толгой руу цохиод байхаар нь би гарын ар талаараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. ...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10097 дугаартай дүгнэлтээр “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.У ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбар хэсэгт: “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно...” гэж заажээ.
Хохирогч С.О , шүүгдэгч Б.У нар нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” буюу эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн тайлбар мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.У ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.О нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, мөн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-76/-ийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Б.У ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.У ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У ийг иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугааар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 36 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, “Хаан банк”-нд эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 38-61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Б.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б ийн У ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН