| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0689/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/758 |
| Огноо | 2022-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/758
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч О.Нандинцэцэг,
хохирогч М.Намжим,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Соддалайгийн Бд холбогдох эрүүгийн 2211000001311 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Соддалайгийн Б, /РД: ./,
Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, 8/8-29 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
Урьд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 178 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 400 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж байсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анд” нэртэй кузов засварын газарт М.Намжимын эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас зүүн хөмсөгт шарх, баруун хөмсөг, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 582 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Б нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анд” нэртэй кузов засварын газарт М.Намжимын эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас зүүн хөмсөгт шарх, баруун хөмсөг, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч М.Намжим мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өглөө ажил дээр нь 12 цагийн орчимд ирсэн юм. Гэтэл ажил дээрээ ирээгүй байсан бөгөөд би Бгийн 99769698 гэсэн дугаар луу залгаад загнасан юм. Зассан ч бай засаагүй ч бай ирээд уулз гэж хэлэхэд би одоо хүрээд ирье гэсэн юм. Тэгээд нээх удалгүй хүрээд ирсэн, тэгэхээр нь би уурлаад чи одоо хаашаа юм хүний цаг хугацаа ажил төрөл алаад хүнд ажил удлаа гэж хэлээд тэр залууг энгэрээс нь заамдаж аваад зүүн гараараа нэг удаа алгадсан. Тэр залуу уурлаад цаад талынхаа өрөөнд ороод суучихсан. Өрөөндөө ороод суухаар нь би дахиж араас нь явж ороод бас хүнд ажил удлаа гэдэг байдлаар хэлээд уурласан. Гэтэл Б хүнтэй утсаар ярьж байгаад гарах гэхээр нь манай эхнэр хоёр машины голоор ороод хаасан. Тэгээд би явж очоод чи мөнгөө өг, үгүй бол машин засаж өг гэж хэлсэн. Тэгээд энгэрээс нь заамдалцаж аваад намайг боохоор нь би баруун гараараа нэг удаа цохсон бөгөөд тэр залуу миний баруун гарыг бариад авсан. Намайг боох үед би сандраад зүүн гараа нүүр лүү нь түлхээд тэгж байх үедээ нүүрийг нь бага зэрэг маажчихсан юм. Гэтэл тэр залуу намайг зөрж орж ирээд миний зүүн нүдний хөмсөг хэсэг рүү мөргөчихсөн. Одоо миний хөмсөг сэтэрчихсэн байдалтай байна...” гэх /хавтаст хэргийн 6 дугаар тал/,
Хохирогч М.Намжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний машиныг засаж өгнө гээд бид 2 анх 2,000,000 төгрөгөөр тохирсон. Гэтэл энэ хүн машиныг маань засаагүй юу ч хийгээгүй байсан. Анх хэлэхдээ 7 хоног болно гэж хэлсэн. Тэгээд 45 хоног болсон. Би одоо 50 гарсан болохоор нас заагаад надад ажил олдоггүй, машинаараа л мөнгө олж өдрийнхөө хоолыг олж байна гэтэл энэ хүн намайг бүтэн сар ажилгүй байлгачхаад “наад сэгээ аваад зайл, үгүй бол намайг мөнгөтэй болохоор ирж мөнгөө ав, би ингэж загнуулан байж засдаг хүн биш” гэж хэлэхээр нь би уурлаад алгадсан, тэгээд бид 2 заамдалцсаны дараа энэ хүн өрөөндөө орж суусан. Тэгээд би бүтэн сар ажилгүй байсан чи миний тэвчээрийг барсан талаар хэлэхэд хүнтэй утсаар яриад гараад явах гэхээр нь манай эхнэр хаасан, тэгээд би урдуур нь очоод нэг алгадсан тэгсэн намайг боосон тэгээд би сандраад зүүн гараараа маажсан тэгээд намайг зөрүүлээд мөргөсөн тэгээд би цагдаа дуудсан. Хэрэг болсноос хойш 2 сар гаруй болж байхад энэ хүн надтай нэг ч удаа холбоо барьж уучлалт гуйгаагүй. Би энэ хүнийг энэ хэрэгт огт гэмшиж байна гэж үзэхгүй байгаа. Томографын зураг авхуулсан 120,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх,
Гэрч Г.Сарангарав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд манай нөхөр машиндаа засвар хийлгэж байсан гэх залуу руу залгасан. Тэгээд чи ирж уулз гэж хэлсэн бөгөөд тэр залуу нээх удалгүй хүрээд ирсэн. Орж ирэхэд нь манай нөхөр тэр залууд хандаж чи хүний ажил төрөл, цаг хугацаа алаад ажлаа хийхгүй яагаад яваад байгаа талаар загнаад тэр залууг энгэрээс нь заамдаад авсан бөгөөд тэр үедээ нэг удаа алгадчихсан юм. Би тэр хоёрыг салгасан бөгөөд тухайн үед тэр залуу ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд цаашаа өрөөр үүгээ орчихоор нь манай нөхөр араас нь очоод дахиад чи цаг хугацаа алдуулаад ажил төрлөө зохицуулахад хэцүү байгаа талаараа хэлээд загнасан юм. Нөгөө залуу нь өөр хүнтэй утсаар яриад тоохгүй байсан бөгөөд, утсаар ярьж байгаад шууд гарах гэхээр нь би урдуур нь ороод хаагаад зогссон. Гэтэл манай хүрч ирээ л чи мөнгө өг, үгүй бол машин засаж өгчхөөд яв гэж хэлээд энгэрээс нь заамдаад авчихсан. Дахиад зодолдохоор нь би боль боль гэж хэлсэн боловч нөгөө залуу нь мөргөчихсөн юм...” гэх /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8463 дугаартай дүгнэлтэд:
М.Намжимын биед зүүн хөмсөгт шарх, баруун хөмсөг, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/
шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Намайг заамдаад цохиод байхаар нь би яваад өрөөндөө орчихсон тэгээд өрөөнөөсөө гарах гэсэн гаргахгүй байсан. Тэгээд бид 2 дахин маргалдаад би мөргөчихсөн гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч С.Б хохирол төлбөр барагдуулахаар 5 хоногийн завсарлага авч хохирогч М.Намжинд 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөг,
Эрүүл мэндийн даатгалын сан буюу Төрийн санд 214,000 /хоёр зуун арван дөрөв/ мянган төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Соддалайгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД