| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/03053/И |
| Дугаар | 184/ШШ2018/02627 |
| Огноо | 2018-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2018/02627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т. ХХК-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн Ш.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Ц би цагаатгах ажлын удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаар тогтоолоор иргэн У.Б-т тус Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байрлах 61 дүгээр байрны16 тоот 32 м.кв нэг өрөө байр олгосон. Дээрх У.Б-ын байрыг Ш.Ц би 25,000,000 төгрөгөөр 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1 м.кв-ийг 782,000 төгрөгөөр худалдаж авсан. Орон байраа худалдан борлуулах, засаж, сайжруулах, захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй өнөөдрийг хүртэл хохирч явна. Иймд Г.Ц миний биеийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 16 тоот 32 м.кв байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байрлах 61 дүгээр байрыг барьж гүйцэтгэсэн нь үнэн бөгөөд нэхэмжлэгч нартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж улмаар нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байрлах 61 дүгээр байрны 16 тоот 32 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ш.Ц тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 16 тоот 32 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч маргаагүй байна.
У.Б-т Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 16 тоот 1 өрөө орон сууцыг улс төрийн хилс хэргээр хилмэгдэгчдийн цагаатгалын нөхөн төлбөрт олгосон байна. /хх-33/
У.Б нь нэхэмжлэгч Ш.Ц нар 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 16 тоот 32 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хх-34/
Хариуцагч Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны барилгыг барьсан байх бөгөөд Ш.Ц, У.Б нарыг гэрээ хийх үед уг барилга ашиглалтад ороогүй байх тул тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрх юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр У.Б нь үл хөдлөх эд хөрөнгө шаардах эрхийг Ш.Ц-д шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ. гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Ц нь орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлагыг хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны, 61 дүгээр байрыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссод хүлээлгэн өгсөн гэж тайлбарласныг хариуцагч маргаагүй болохыг тэмдэглэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.